“Саусгоби сэндс” компани улсад төлөх 35 тэрбумын төлбөрөө бүрэн барагдуулжээ
“Саусгоби сэндс” компанийн гүйцэтгэх захирал Ч.Мөнхбат өнөөдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэнтэй уулзахдаа “Саусгоби сэндс” компани шүүхийн шийдвэрийн дагуу 35.3 тэрбум төгрөгийн өрөө бүрэн төлж барагдуулсан тухайгаа танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газраас 2016 онд “Саусгоби сэндс” ХХК-ийн улсын төсөвт төлөх 35.5 тэрбум төгрөгийн талаар авах арга хэмжээний тухай тогтоол гаргасан. Энэ тогтоолд улсад төлөх 35.3 тэрбум төгрөгөөс 15 тэрбум төгрөгийг 2016 болон 2017 онд тэнцүү хуваан төлөх, үлдэх 20.3 тэрбум төгрөгийг Тавантолгой уурхайд ажил гүйцэтгэх замаар төлж барагдуулах үүргийг манай компанид өгсөн. Шүүхийн шийдвэр болоод Засгийн газрын тогтоолыг товлосон хугацаанд нь бүрэн биелүүллээ гэж тус компанийн гүйцэтгэх захирал хэллээ. Компани дампуурлын ирмэгт тулсан хүнд хэцүү үед хувийн хэвшлээ дэмжих шийдвэр гаргасан Засгийн газартаа талархаж байна. Бид 400 гаруй ажилчдаа цалин, орлоготой нь авч үлдэж чадлаа гэлээ.
Татвар төлөгч томоохон аж ахуйн нэгжийн нэг “Саусгоби сэндс” компани үйл ажиллагаагаа хэвийн явуулах чадвартай болж, хүнд үеэ давж гараад улсын төсөв болон орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг нийгмийн хариуцлагатай компани хэвээр үлдсэнд талархаж байгаагаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга У.Бямбасүрэн хэлж байлаа.
Тус компани 2018 онд 5.5 сая тн нүүрс экспортод гаргах, 800 мянган тн-ыг нь баяжуулж гаргахаар төлөвлөжээ. Оюутны сургалтын тэтгэлэг олгох, жижиг, дунд аж ахуйн нэгжийг дэмжих, байгаль орчны нөхөн сэргээлт хийх зэргээр орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа юм байна.