Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар ахмадуудын амар мэндийг айлтган золгов
XVII жарны “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний энэ өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар ахмад буурлуудаа хүндэтгэн амар мэндийг нь айлтган, алд цэнхэр хадаг дэлгэн золгож, хөөрөг зөрүүлэв.
Төр, засгийн удирдлагуудын хүндэтгэл үзүүлж золгосон ахмадууд 79-106 настай, малчин, токарьчин, оёдолчин, нягтлан бодогч, АИХ-ын депутат зэрэг салбар бүрийн төлөөллүүд байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ахмадуудтай золгосны дараа Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд дурсгалын зураг татуулж, гарын бэлгээ гардуулав.
Төрийн золголтод оролцсон ахмадууд:
- Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, малчин, 106 настай Ренчингийн Лхасүрэн
- Баянхонгор аймгийн Галуут сумын харьяат, 92 настай Цагааны Должинсүрэн
- Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, 89 настай Гомбожавын Очирбат
- Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат, 80 настай Гончигийн Дан-Аа
- Архангай аймгийн Цэцэрлэг сумын харьяат, 86 настай Осорын Гүндэгмаа
- Дунговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, 86 настай Бүрэлшинчийн Гомбо
- Хөвсгөл аймгийн Жаргалант сумын харьяат, 82 настай Банзрагчийн Товуу
- Завхан аймгийн Цагаанхайрхан сумын харьяат, 97 настай Гомбожавын Цэндхүү
- Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат, 79 настай Баагуулийн Нацагбадам