Энэ удаагийн “Аврагчийн хөрөг” буландаа Орхон аймгийн Онцгой байдлын газрын бичиг хэрэг, архивын эрхлэгч, ахлагч С.Саруулыг урьлаа. Тэрээр хөнгөн атлетикийн спортын мастер цолтой тамирчин. Багаасаа цэргийн хүн болно гэж мөрөөдөн, мөрөөдлийнхөө төлөө үйлчлэгчийн ажлыг гололгүй хийж, хоёр ч их сургуулийг дүүргэсэн гээд түүнийг тодотгох зүйл олон. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
- Онцгой байдлын албанд хэзээнээс эхэлж үүрэг гүйцэтгэж байгаа вэ?
- Анх дуудлага хүлээн авагчаар ажилд ороод гурван жил болж байна. Арван жилд байхдаа цэргийн хүн болно гэж мөрөөдөж, төгсөх жил цагдаагийн академид шалгалт өгөх гэтэл хүйс заагаад орж чадаагүй. Элсэлтийн шалгалтын хуваарийн дагуу ХААИС-ийн санхүүгийн анги авч байсан ч өөрөө сонирхолгүй учраас хоёр жил сураад орхиж байлаа. Түүнээс хойш хувиараа ажил эрхэлж байтал Булган аймгийн цагдаагийн газарт ажилд орох боломж олдсон. Гэхдээ тэр нь үйлчлэгчийн ажил. Цэргийн хүн болох мөрөөдөлтэй байсан болохоор ажил голоогүй ээ. Харин тухайн үеийн Булган аймгийн цагдаагийн газрын дарга, “Залуу хүн насаараа ийм ажил хийнэ гэж байхгүй. Элсэлтийн шалгалт өгөөд үз. Хэрвээ тэнцвэл би чамайг сургуульд явуулж өгнө” гэсэн. Арван жилээ төгсөөд зургаан жил гаруй болчихсон учраас орж чадах болов уу яах бол гээд их л эмээж байлаа. Шалгалт өгөх 14 хүний хамгийн ахмад нь би. Бусад нь дөнгөж сургуулиа төгссөн сурагчид байсан. Гэтэл шалгалтын дүнгээр нэгдүгээр байранд жагсаж, 2005-2009 онд Цагдаагийн академид суралцан, эрхзүйч мэргэжил эзэмшсэн дээ.
- Сургуулиа төгсөөд л цэргийн хүн болох мөрөөдлөө биелүүлсэн үү?
- Цагдаагийн академид байхдаа нөхөртэйгөө танилцаж байсан. Манай хүн Онцгой байдлын албанд ажилладаг. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст 2006 онд томилогдоход нь нөхрийгөө дагаад Багануурт очсон. Ар гэрээ төвхнүүлэх, үр хүүхдээ өсгөх гээд мэргэжлээрээ ажлаагүй. Мэргэжлээсээ өөр цэцэрлэгийн багшаар ажиллаж байгаад 2014 онд МУБИС-ийг багш мэргэжлээр төгсөж, давхар мэргэжилтэй болсон. Гэтэл хань минь автомашины ослын улмаас харамсалтайгаар 2014 онд амь насаа алдсан. Багануурт түшиж тулах хамаатан садан байгаагүй учраас аав ээжээ бараадан Орхон аймаг руу шилжин очиж, энэ албанд ажилд орсон. Нөхөр маань 1995 онд аравдугаар ангиа төгсөөд Онцгой байдлын байгууллагад ажилд орсноос хойш гал сөнөөгч, аврагчаас эхлээд Багануур дүүргийн Онцгой байдлын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч хүртэлх албан тушаалыг хашиж байсан.
- Таны хувьд ханьтайгаа танилцснаасаа хойш энэ албаны хүн болсон гэхэд буруудахгүй байх аа?
- Тийм шүү. Хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах хүнд хэрнээ хүндтэй үүрэг гүйцэтгэдэг Онцгой байдлын алба хаагчдаар үргэлж бахархаж явдаг. Хань минь ч гэсэн энэ албаны төлөө л ажиллаж байсан. Хэдийгээр хүнд хэцүү ажил ч гэсэн бусдын сайн сайхны төлөө гэж бодохоор сэтгэл их уужирдаг. Өнөөдөр би өөрөө нэг эд эс нь болоод тодорхой хэмжээгээр үүрэг гүйцэтгээд явж байгаа минь бахархал юм даа.
- Таныг тодогтох бас нэг зүйл нь хөнгөн атлетикийн тамирчин. Хэзээнээс энэ спортоор хичээллэж эхэлсэн бэ?
- Гуравдугаар ангид байхаасаа хөнгөн атлетикийн спортоор хичээллэсэн. Хичээллэх хугацаандаа 1995 онд улсын аварга шалгаруулах дөрвөн төрөлтийн тэмцээнээс мөнгөн медаль, 1996 оны улсын аваргаас өндрийн харайлтын төрөлд алтан медаль, уртын харайлтын төрөлд мөнгөн медалийг хүртэж байсан. Мөн онд спортын мастерын болзол хангаж, Монгол Улсын шигшээ багт багтан, Бүгд найрамдах Саха улсад зохион байгуулагдах Дэлхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэл хийж байгаад улс орны эдийн засгийн нөхцөл байдлаас болоод оролцож чадаагүй. Түүнээс хойш хэсэг завсарлаж байгаад Онцгой байдлынхаа албанд орсноосоо хойш дахин энэ спортоороо хичээллэж, албаныхаа тэмцээн уралдаанд оролцож байна даа.
- Албанд орсноосоо хойш ямар ямар тэмцээнд оролцов?
- 2016 онд Багахангай дүүрэгт зохиогдсон хөнгөн атлетикийн хэт холын марафон гүйлтийн улсын аварга шалгаруулах тэмцээний 5*10 км-ийн төрөлд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооноос оролцож, мөнгөн медаль, 2017 онд мөн тэмцээнд оролцож хүрэл медаль хүртсэн амжилттай.
- Тамирчин хүний онцлогийг тодорхойлбол?
- Хөнгөн атлетикийн спорт хүнээс тэвчээр, хурд хүч, сэтгэлзүйн бэлтгэл гээд бүхнийг шаарддаг. Тийм учраас байнгын бэлтгэл сургуулилт шаардлагатай. Зун, хавар, намартаа өглөө, оройдоо гүйнэ. Өвөл нь зааланд бэлтгэл хийдэг. Гэхдээ ажил, ар гэр гээд тэр бүр бэлтгэл хийгээд байх боломжгүй л дээ. Манай алба хаагчид гуравдахь, тав дахь өдөр зааланд тоглодог юм. Зааланд тоглохдоо хүүхдүүдтэйгээ хамт очно. Том хүү маань сагс, волейбал тоглох дуртай. Хоёр бага маань ч гэсэн ер нь спорт, урлагт дуртай шүү.
- Ажлын амтыг та юунаас их мэдэрдэг вэ?
- Ажлыг хэзээ ч хүнд, хэцүү гэж хүлээж авдаггүй. Намайг чадна гэж итгэсэн болохоор оногдсон байх гэж бодож чадах бүхнээ дайчилдаг. Чин сэтгэлээсээ хийсэн ажлын үр дүнг амталж, түүнээсээ эрч хүчийг их авдаг. Түүнчлэн үр хүүхдүүддээ аль болох цаг зав гаргахыг хичээдэг. Тэднийхээ баяр баясал, инээд хөөрөөс амьдралын амтыг мэдрэх бас сайхан.
- Баярлалаа. Таны цаашдын ажилд өндөр амжилтыг хүсэн ерөөе?
- Олон сайхан хүмүүстэй мөр зэрэгцэн ажиллаж, Онцгой бүсгүй хэмээн дуудуулах үнэхээр сайхан. Энэ их айлаар овоглодог бүх алба хаагчдадаа ажлын амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Б.Цэнд
“Онцгой мэдээ” сонин