Өчигдөр орой МАХН-ын II их чуулган болж төлөөлөгчид намын дарга Н.Энхбаярыг улираан сонголоо. Яг энэ үйл явдалтай зэрэгцээд шахуу хоёр том намын дарга, удирдлагууд экс Ерөнхийлөгч Н.Энхбаярт баяр хүргэлээ. Манайхны хэлдгээр ёстой яаж явснаа мартаад пялдагадав.
Улстөр гэдэг угаасаа ийм тоглоом болохоор дотор нь байдаггүй хүмүүс ингэж харах нь ойлгомжтой. Саяхан л МАХН-ын УИХ дахь ганц гишүүн О.Баасанхүүг араас нь “сумлаж”, санхүүжүүлэн Н.Энхбаярыг нэгмөсөн нухчин дарахыг хүсч байсан АН, МАН-ынхан МАХН-ын II их чуулган нүсэр болж байгааг “нүд, чих”-ээрээ дамжуулан харж, Н.Энхбаярыг намын даргаар 100 хувь сонгогдсоныг дуулаад баяр хүргэцгээв.
МАХН-ын II их чуулган хоёр өдөр дамнан болж, чуулганд оролцсон 1044 төлөөлөгчид бүгдээрээ намын дарга Н.Энхбаярыг дэмжсэн нь АН, МАН-д маш том анхааруулга боллоо. МАН, АН 2020 оны УИХ-ын сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг өөрийн болгочих гээд бодож л байгаа. Гэтэл олон жил янз бүрийн шалтгаанаар улстөрийн сонгуулиас хасуулж ирсэн Н.Энхбаярт сонгуульд оролцох боломж бүрдсэний дараа намын даргын албан тушаалд улирч байгаа нь ирэх хоёр сонгуульд хүчтэй өрсөлдөгч болох боломжийг нээж өгсөн үйл явдал боллоо.
Тэгээд ч АН, МАН-ын нэр хүнд шалан дээр навс унаж, ард түмэн гуравдагч хүчнийг үгүйлж байгаа энэ нөхцөлд Н.Энхбаярт том шаанс гарч ирж байна. Одоогийн нөхцөл байдлаас харахад Н.Энхбаяр намаа толгойлон 2020 оны УИХ-ын сонгуулиас цөөнгүй суудал авах нь тодорхой байна. Цаашлаад 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоод ялах магадлал ч бий. Тэгтэл Х.Баттулгад улирчих, АН-д угшил нэг Ерөнхийлөгчөө суудалд нь үлдээчих, МАН-д өөрийн хүнийг төрийн тэргүүнээр тавьчих гэсэн өөр өөрсдийн хүсэл бий.
Энэ бүгдтэй Н.Энхбаяр “арцалдаж” байгаа учраас л үйл тамаа үзэж байна. Угаасаа МАНАН өөрсдийнхөө дундуур хэн нэгнийг оруулах тун дургүй бөгөөд чадамж муутай ч чаддагт нь зайгаа тавьж өгөх хүсэлгүй ээлжлэн төр барьсаар байдаг. Үүний харгайгаар Монголын нийгэм МАНАНтаж, ард иргэдийн амьдрал улам доройтсоор. Сүүлдээ 30-иад жилийн хугацаанд парламентын засаглалд төлөвшөөгүй байж Ерөнхийлөгчийн засаглалтай болно, болгохгүй гээд хоёр намын удирдлага орон нутгаар явж ард түмнээс дэмжлэг хүсцгээж байна. Угтаа бол манайх шиг ийм улстөрийн соёлгүй оронд Ерөнхийлөгчийн засаглал нэрийн дор нэг хүний хаанчлал болон түүнийг тойрсон хортонгууд бүхий “ардчилсан хаант засаг” л үүснэ. Үүнийг л хүсч, өрсөлдөгчөө бас айлгахаар цаазын ялыг сэргээхээр тархи угааж, улайрцгааж байна.
Ямартаа ч энэ завсарт олон жил дуншсан МАХН-ын их чуулган Н.Энхбаярыг сонгосон нь энэ нам нэг хүний нам гэдгийг баталж, АН, МАН-ын санхүүжилтээр Төрийн ордонд 200-иад сая төгрөгөөр МАХН-ын их хурал гэгчийг хийж, өөрийгөө намын дарга болгох гэсэн О.Баасанхүүг нам дарж, МАХН-ын даргын албан тушаал зөвхөн Н.Энхбаяр гэдэг хүнийх болохыг тодотголоо.
Нэг ёсондоо Н.Энхбаяр улстөрд эргэн ирснээ тод зарлаж, өөрийн хүчээ харуулсан нь АН, МАН-ыг ингэж хөл алдахад хүргэлээ.