Монголчуудын ноён зан хүний нутагт боолын хөдөлмөр эрхлэхээр арилдаг
Яах гэж, юуны тулд хүний нутагт жорлон угааж яваагаа бодлоо. Өдөр шөнөгүй цаг наргүй ажиллахад би сард монгол төгрөгөөр дөрвөн сая, амраад цаг нартай ажиллахад 3 сая 500 орчим мянган төгрөгийн цалин авч байна. Гэтэл энэ цалин надад, миний хэрэгцээнд өнөөдрийг хүртэл хангалттай хүрэлцдэггүй байж. Яагаад гэвэл би сар болгон үнэтэй ямар нэг брэндийн зүйл өөртөө авдаг. Тэр нь 500-1500 доллар байх жишээний. Үлдсэн хэдэн төгрөгийг цааш нь хийхдээ хийгээд, идэж уухдаа уугаад дуусдаг аж. Гэтэл би Монголд сард 500-700 мянган төгрөгийн цалинтай ажиллаж байхад надад хангалттай хүрдэг байж. Би идэж уугаад, үр хүүхдээ хооллож, хувцаслаад хажуугаар нь өр ширээ дараад яаж ийгээд болгодог байжээ.
Би өнгөрсөн наймдугаар сард л гэхэд өөртөө "Оогий" брэндийн могойн арьсан пүүз 450 доллараар авсан байна. Тэр нь монгол мөнгөөр 1.107.000 төгрөг. Гэтэл энэ сард "Canada Goose" брэндийн өвлийн куртик авна гээд төлөвлөчихсөн байж байдаг. Энэ нь 980 доллар×2460=2.410.800 төгрөг байх жишээний.
Өөрийгөө харлаа. Би өмсөх гуталгүй, өвөл өмсөх куртикгүй хүн юм уу гэж. Гэтэл надад бусад брэндүүдийн таван ширхэг кет, гурван пүүз, өвлийн гурав, хавар намрын дөрвөн гутал байна. Шунан дурлан байж авсан эдгээр гутлаа би жилд ганц хоёр л өмсдөг, бүгд шинээрээ шахуу. Би ноднин гоншигонон байж 500 мянгаар өвлийн куртик ханиараа авахуулсан. Ноднин өвөл гэртээ голдуу байсан учир бас л шинээрээ. Тийм байхад одоо би 980 доллараар дахиад куртик авна гээд бодоод сууж байгаа маань сэтгэлгээний асар том доройтол. Нэг ёсондоо би уг куртикийг авахын тулд, бусдад сайхан харагдахын тулд хүний нутагт жорлон угааж байна аа гэсэн үг. Яагаад би, яагаад бид, яагаад монголчууд хүнд таалагдах гэж хувцасладаг, хүнд магтуулах гэж гоё ярьдаг юм бэ? Яагаад???
Чи, би хэний өмнөөс амьдраад байгаа юм бэ? Хэнд таалагдаж, таалуулах гээд байгаан бэ. Бодох л зүйл. Анх би Солонгост ирээд гайхдаг байсан. Энэ хүмүүс ямар арчаагүй юм бэ, энэ яайжийсан гутлаа сольж болдоггүй юм байх даа, энэ цамцнаас өөр цамцгүй юм болов уу гэхчилэн солонгосчуудыг хараад боддог байлаа. Гэтэл арчаагүйдээ биш юм байна гэдгийг ойлгосон. Тэр яайжгий гутал тэр хүний хэрэгцээг хангаж чадаж байна. Түүний хэрэглээнээс гарах болоогүй учраас тэр залуу, тэр бүсгүй тэр хувцастай, тэр л гуталтайгаа явж болоод байна. Амьдарч чадаад байна.
Гэтэл яагаад бид өдөр болгон үдэшлэгт явж байгаа юм шиг хувцаслаад, тэгсэн хэрнээ түүндээ ханаж цаддаггүй, шунадаг юм бэ. Тийм байж яагаад надад юу ч байхгүй гэж хоосон ам, шалдан гуя царайлдаг юм бэ???
Та бүхэн бодоод үзээрэй. Магадгүй яг одоо, эсвэл маргааш үнэтэй цайтай зүйлд мөнгө үрэх гэж байгаа бол "Энэ надад үнэхээр хэрэгтэй юү, тийм чухал уу" гэж өөрөөсөө асуу. Эргээд харахад өмсөж зүүхгүй, эдлэж хэрэглэхгүй новш цуглуулчихсан байх вий.
Би өөр дээрээ жишээ авч бичиж байгаа учир дахин нэг зүйл хэлмээр санагдлаа. Манай хүн өчигдөр надтай ярьж байна.
- Хань аа, хайр нь машины үнэ ханш судалж байя. Нөгөө ахын яриад байсан 100-г авах уу, эсвэл 570 зүгээр үү?.
Тэгэхээр нь би "Миний хань яагаад заавал ийм үнэтэй машин авах гээд байгаа юм бэ" гэхэд манай хүн "Юу гэсэн үг юм бэ хань аа. Олон жил гадаад, дотоодод байж байгаад ирсэн юм чинь найз нөхөд ах дүүгээс эхлээд ямар машин унаж, юу өмсөж зүүж гээд харна ш дээ гэлээ.
Тийм ээ, ингэж хэлэх нь миний ханийн зөв. Хэн бүхэн ингэж л боддог. Энэ нь чухамдаа хүнээс дутуу явахгүй гэсэн л санаа. Гэхдээ би ханьдаа ингэж хэлсэн юм.
- Миний хайр сонс доо. Ингэж ярих нь миний ханийн зөв өө. Гэхдээ 100 саяар машин авах, 10 саяар машин авах хоёрт асар их ялгаа бий шүү. Чи бид хоёр хүний өмнөөс амьдраагүй, хэн юу гэж хэлэх нь чухал биш шүү дээ. Гол нь манай гэр бүл бүтэн, дүүрэн амьдрах л чухал. Тийм болохоор хайраа бид хоёр бусдад таалагдах биш, харин бусдын сайн сайхны төлөө ямар нэг зүйл хийж явбал өгөөжтэй шүү дээ гэсэн. Манай хүн за тэгвэл чамайгаа ирэхээр болъё доо гэлээ.
Би юу гэж бодож байна гэхээр, яагаад бид хүний нутагт хөлс хөдөлмөрөө шавхан байж олсон мөнгөө үнэтэй машин, үнэтэй хаус, булган шубанд өгөөд дуусгах ёстой юм бэ. 100 саяын машин унах биш, 10 саяар "Приус" авахад, 90 саяар жишээ нь 10 хүний ажлын байр бэлдэж болно. Тэр 10 хүний цаана хэчнээн хүүхэд, хэчнээн өвчтэй хүн, хэдэн эхнэр халуун хоолтой, дулаан хувцастай явах бол. Энэ л надад чухал болохоос биш өнөөдөр би л тансаг амьдарч байвал миний хөрш өлсөж үхэх нь надад хамаагүй гэсэн аминчхан бодол тээх ч эрхгүйгээ ухаарлаа.
Эцэст нь эрхэм хүмүүн та аливаа зүйлийг өөртөө авахдаа энэ үнэхээр надад чухал уу, хэрэгтэй юу гэж өөрөөсөө заавал асууж байгаарай. Ноднин, эсвэл гурван жилийн өмнө, магад долоон жилийн өмнө авсан гутал чинь, эсвэл цүнх чинь ч юм уу таны хэрэгцээг одоо хэр нь хангаад болоод байвал заавал солих шаардлага байна уу, өөрөөсөө асуу. Үхэхдээ үнэтэй брэндээ аваад үхэх бил үү бид?