Ерөнхийлөгч Х.Баттулга Оросын төмөр замууд НХН-ийн ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ОХУ-ын Оросын төмөр замууд нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Ерөнхийлөгч Олег Валентинович Белозёровыг хүлээн авч уулзлаа. Монгол Улсад богино хугацаанд ажиллахаар ирсэн Олег Валентинович Белозёров нь 2015 оноос “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхийлөгч, Ерөнхий захирлаар томилогдсоноосоо хойш хоёр улсын төмөр замын тээврийн салбарын хамтын ажиллагаанд биечлэн оролцож байгаа юм.
Уулзалтын үеэр О.В.Белозёров нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг хүлээн авч уулзаж байгаад талархаад ОХУ-ын төмөр зам сайн ажиллаж байгаа. Үүнээс илүүтэй УБТЗ ХНН илүү сайн ажиллаж байгаа гэж хэлсэн юм. Мөн одоо хийгдэж буй төмөр замын шинэчлэлийг илүү хурдан явуулах бүрэн боломж байгаа, энэ ажилд Төрийн тэргүүнийг анхаарч, туслахыг хүсэв.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төмөр зам нь Монголын эдийн засгийн хөгжилд чухал нөлөөтэй салбар болохыг дурдаад, УБТЗ-ын шинэчлэлийн асуудлаар яриа, хэлэлцээр хийж, шинэчлэлийн ажлыг түргэсгэх хүсэлтэй байгаагаа хэлэв. Тэд УБТЗ-ыг шинэчлэх боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцсон юм.