А.Туул: Монголбанк санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалахад анхаарна
Монголбанкны ХЭЗГ-ын Эрх зүйн хэрэгжилт, хяналтын хэлтсийн захирал А.Туултай ярилцлаа
- Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах асуудлыг төв банкнаас хөндөж байна. Сая төв банкны тухай хуулин оруулсан өөрчлөлтөөр энэ боломж төв банкинд нээлттэй болсон. Энэ талаар тодруулах уу?
- Монгол Улс хоёр шатлалт банкны системд шилжсэнээс хойш санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлийн эрх зүйн зохицуулалт тодорхой хийгдээгүй байсан. 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралаас хойш дэлхий дахин санхүүгийн хэрэглэгчийг мэдлэг, мэдээлэлтэйгээр бараа, бүтээгдэхүүн худалдан авдаг болгох нь улс орны санхүүгийн салбарын болон эдийн засгийн тогтвортой байдлыг хангах хамгийн чухал хүчин зүйл гэдгийг ойлгож, төв банкууд энэ чиглэл рүү анхаарч эхэлсэн. Манай улсын хувьд 2012 оноос хойш Дэлхийн банк зөвлөмжүүд өгсөөр ирсэн. Тодруулбал, Дэлхийн банкны зүгээс манай улсад санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлийн тогтолцоог бүрдүүлэх, энэ чиглэлийн эрх зүйн зохицуулалтыг төв банкны хуулиндаа тусгах шаардлагатай гэдэг зөвлөмжийг өгч байгаа. Өнгөрсөн жилээс Монголбанк Азийн хөгжлийн банктай хамтраад санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлд томоохон ажлууд хийж эхэлсэн. Энэ хүрээнд гурван томоохон ажлыг зохион байгуулсан. Эхнийх нь санхүү, эдийн засгийн бодлого боловсруулж байгаа бүх байгууллагуудыг оролцуулсан олон улсын шилдэг туршлагуудыг судлах сургалт, семинар хийсэн. Хоёрдугаарт, үндэсний чуулган зохион байгуулсан. Хамгийн сүүлд өнгөрсөн оны аравдугаар сард дэлхийн есөн орны төлөөлөл оролцсон олон улсын бага хурлыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. 2018 онд ч бас бид энэ чиглэлийн ажлуудаа үргэлжлүүлнэ. Төв банкны зүгээс банк, санхүүгийн салбарын 10 гаруй хуулинд өөрчлөлт оруулж, олон улсын түвшинд хүргэхийг зорьж ажиллаж байгаа. Үүний эхлэл болж, гурван томоохон хууль батлагдсаны нэг нь Төв банкны тухай хууль болсон. Төв банкны тухай хуулийн өөрчлөлтөөр санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрх, үүргийг Төв банкны үйл ажиллагаанд хамааруулж өгсөн. Хуулийн энэ заалтыг хэрэгжүүлэхийн тулд Төв банкин дээр банкны зохистой харьцааг хангуулах хяналт, шалгалтын нэгжээс гадна санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хяналт, шалгалтыг хийх нэгжийг байгуулах юм. Мөн энэ хүрээндээ санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбоотой тодорхой дүрэм, журмуудаа боловсруулж, ажиллана.
- Хуульд энэ чиглэлийн тодорхой зохицуулалт байгаагүйгээс хэрэглэгчид хэрхэн хохирч байна вэ?
- Тэгэхээр санхүүгийн хэрэглэгч гэдэг нь өөрийнхөө болон гэр бүлийнхээ хэрэгцээнд зориулж санхүүгийн үйлчилгээ авч байгаа хувь хүнийг хэлдэг. Зарим улс оронд жижиг аж ахуйн нэгжийг хамруулах тохиолдол байдаг. Монгол Улсын хувьд 18 нас хүрсэн иргэнээс гадна жижиг аж ахуйн нэгжүүдийг хамруулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Жишээлбэл, ипотекийн зээл гэхэд иргэн хүн л авна. Урт хугацаатай учраас ихэнх тохиолдолд иргэн хүн амьдралдаа нэг удаа ч юм уу л авдаг. Өөрөөр хэлбэл, яг энэ чиглэлээрээ өмнө нь банк, санхүүгийн байгууллагатай харилцаанд орж үзээгүй, туршлага, мэдлэггүй байдаг. Гэтэл үүний нөгөө талд банк, санхүүгийн байгууллагад хуульчид, эдийн засагчид, маркетинг гээд маш том баг ажиллаж, маш олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг иргэдэд санал болгож байгаа. Тэгэхээр санхүүгийн харилцаанд орж байгаа энэ хоёр талд тэгш бус байдал бий болдог. Нэг талдаа маш сайн хуульчдын баг бүхий банк, санхүүгийн байгууллага. Нөгөө талд иргэн маань бүтээгдэхүүн авахдаа ямар эрх, үүрэг хүлээж байна вэ гэдгээ мэдэхгүйгээр гэрээнд гарын үсэг зураад, харилцаа үүсгэснээр дараа нь эрсдэлд орох магадлалтай. Энэ байдлыг л багасгахын тулд эрх зүйн зохицуулалт хэрэгтэй болсон. Өмнө нь зохицуулалт байхгүй учраас төв банк иргэний эрхийг хамгаалсан үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан.
- Мэдлэгийн зөрүүтэй байдлаас болж зээл олгогч байгууллагын зүгээс манипуляци хийх ч юм уу, ёс зүйгүй үйл ажиллагаа явуулж байсан тохиолдол байна уу?
- Санхүүгийн байгууллагууд тусгай зөвшөөрөлтэй, төв банкны хяналтанд үйл ажиллагаа явуулдаг учраас ёс зүйн хувьд тийм үйлдэл гарах нь түгээмэл биш. Гол нь иргэд зээл авахдаа мэдлэг мэдээлэл маш дутмаг. Зээл авч л байвал боллоо гэх байдлаар хандаж, гэрээгээ уншиж, танилцахгүйгээр гарын үсэг зурдаг. Эргээд зээлээ төлж чадахгүй бол ямар хариуцлага хүлээх вэ, гэрээний дагуу ямар үүрэг хүлээж байна вэ гэдгээ уншиж танилцахгүйгээр гэрээ байгуулчихдаг. Нөгөөтэйгүүр иргэд маань өөрийнхөө мөнгөн урсгалыг ч бас сайн тооцоолж чадахгүйгээр, орлогоосоо давсан зээл аваад, эргээд төлж чадахгүй хүнд байдалд орох тохиолдол ч бий. 2007, 2008 оны үед төв банк маш том үйл ажиллагаа хийж, Монголбанкин дээр буй зээлийн мэдээллийн сангийн мэдээллийг ашиглаад, хөдөө орон нутагт тооцоо судалгаагүйгээр, маш ихээр олгогдож байсан зээлийг хязгаарлаж чадсан байдаг. Томоохон дөрвөн банктайгаа хамтраад, иргэдийн бодит боломжоос давсан зээлийг давхардуулан олгохыг хязгаарлаж чадсан. Одоо миний харж байгаагаар хэрэглээний зээлийн өсөлт маш өндөр байна. Ерөнхийдөө банкууд томоохон бизнесийн зээл гаргахгүй байгаа. Гэтэл үүний нөгөө талд эх үүсвэр байгаа учраас хэрэглээний зээл түлхүү олгоод эхэлсэн. Иргэд ч бас их дуртайгаар авах хандлага ажиглагдаж байна. Тэгэхээр Монголбанкны зүгээс иргэдийг цалингийн зээл гэх зэрэг олон зээлийг давхардуулан авахаас сэргийлэхийг хүсч байгаа. Тийм учраас санхүүгийн байгууллагууд, банкууд болон бусад бүх оролцогч талуудтайгаа хамтраад иргэдэд мэдээлэл хүргэхийг зорьж, санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах 5 сарын аяныг эхлүүлээд байна.
- Ярилцсанд баярлалаа.