Ерөнхий сайд У.Хүрэлсүх Д.Сүхбаатар жанжны ач, гуч болон төрөл төрөгсдийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойн энэ өдөр жанжны ач, гуч болон гэр бүлийнхний төлөөллийг урьж, хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Д.Сүхбаатар жанжны түүх Монгол Улсын түүх юм. Идэр залуу насандаа нөхөдтөйгөө эр зориг гарган тусгаар тогтнолоо авч үлдэх их үйлийг бүтээж байж. Тэдний энэ баатарлаг үйлсийн тухай “Долоон бурхан харвадаггүй” гэдэг уран сайхны түүхэн кино ч бүтээгдсэн. Хувьсгал хийж, тусгаар улсаа зарлан тунхагласан тэдний тухай бид түүхийн хуудас, ном зохиолоос мэдэж ирсэн билээ.
Өнөөдөр бидний энэ Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө халуун амь бүлээн цусаа өргөж, нэртэй, төртөй, хилтэй, хуультай улс орон бий болгож өгсөн өвөг эцэгт тань талархаж байна. Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс та бүгдийн гэр бүл, үр хүүхдүүдэд тань аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе гэв.
Уулзалтад жанжин Д.Сүхбаатарын төрөл төрөгсдөөс гуч Д.Сүхжаргалмаа, З.Хайдар, Д.Сүх-Эрдэнэ, С.Уянга, О.Намуундаваа, О.Баяр, С.Нямдолгор Ц.Хүрэлсүх болон бусад хүмүүс байлцлаа.
Жанжин Д.Сүхбаатарын гуч охин Д.Сүхжаргалмаа ерөнхий сайдад талархал илэрхийлээд Засгийн газрын тэргүүн нь биднийг хүлээн авч уулзаж байгаа нь Монголчуудын төрөө дээдлэх өв соёлын илэрхийлэл, эх оронч хүмүүжил гэж бодож байна.
Ерөнхий сайд та Засгийн газрын тэргүүний хувьд, МАН-ын даргын хувьд Тусгаар тогтносон улсаа нэр хүндтэй авч явах их үүрэг хүлээж байна. Харин иргэд бидний хувьд иргэн бүр иргэнийхээ үүргийг иргэн шиг биелүүлж чадвал том гавъяа юм. Миний өвөг эцгийн алтан амиа өргөж хамгаалсан энэ улсыг Ерөнхий сайд, МАН-ын даргын хувиар авч явах үүргээ нэр төртөй биелүүлж чадна гэдэгт тань эргэлзэхгүй байна гэсэн юм.