Татварын нэмэгдлийг хүчингүй болгохтой холбоотой хуулийн төслийг өргөн барина
Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдах бусад хууль, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
Цалин, хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдуулах татварын хэмжээг хуучнаар нь буюу нэг шатлалтай, 10 хувь болгохоор хуулийн төсөлд тусгасан байна.
Төсөл батлагдсанаар иргэд, аж ахуйн нэгжийн татварын дарамт буурч, татвараа шударгаар төлөх идэвх дээшлэх бөгөөд бизнесийн салбарыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр шинээр бий болох давуу талтай гэж Засгийн газар үзлээ.
УИХ-ын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний хуралдаанаар хувь хүний орлогын албан татварыг дөрвөн шатлалтай байхаар тооцон энэ оны нэгдүгээр сарын нэгнээс мөрдөж эхэлсэн юм.