Төмөр замын хэрэгт нэр холбогдогчид Интерполийн жагсаалтаас хасагджээ
Интерполын хар жагсаалтанд багтаж олон улсад эрэн сурвалжлагдаж байсан хүмүүс энэ жагсаалтаас хасагджээ. Засаг төр солигдоход олон тэрбум төгрөг завшсан цагаан захтнууд ял мултрах хэвийн үзэгдэл болсон. Монголын улстөрчид болон тэдгээрийн "гар хөл" бологчдын хувьд төрд албан тушаал хаших болохоороо эх орондоо байдаг бол бусад үед харийн оронд амьдардаг.
Мэдээж албан тушаалд байх хугацаандаа ажил гэхээсээ илүү мөнгө хийх ажилд ханцуй шамлан ордог бөгөөд албан тушаал, эрх мэдэлгүй болсон үедээ гадаадын орныг зорьдог нь нууц биш . Монголын төр, ард түмнээс хулгай хийсэн нөхдүүд харийн оронд бүгж, сонгууль юм уу албан тушаалын сургаар ичээнээсээ гарч буй амьтад шиг үзэгдэх болжээ.
Иймээс тэднийг "ичигсэд" гэж ч хэлж болохоор. Түүнчлэн харийн орноос иргэншил авч, Монголын төрд албан тушаал хаших маягтай болжээ. Уг нь Монгол Улсын хуулиар давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэр ч битгий хэл давхар иргэншилтэй хүнийг төрд ажиллуулахыг хориглодог. Гэвч давхар иргэншилтэнгүүд төрд албан тушаал хашиж, улсын хөрөнгөнөөс завшсан хэрэгт холбогдохоороо гадагшаа зугтаан, Монгол төрийн өөдөөс нулимцгааж байна.
Саяхан л олныг чих сортойлгож байсан "Төмөр замын хэрэг" өдгөө сураг алдарчээ. Нэр холбогдсон хүмүүс нь өндөр албан тушаалд томилогдож, Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан хүмүүс энэ жагсаалтаас хасагджээ. Олон улсын цагдаа буюу Интерпол нь тухайн улс орны хүсэлтээр өөрийнхөө жагсаалтад хүмүүсийг оруулж бас гаргадаг ба засаг төр солигдохтой зэрэгцэн тус жагсаалтанд багтаж байсан хэд хэдэн хүний нэр хасагдсан байна. Тухайлбал, экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа болон Ухаа худаг - Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын төслөөс олон тэрбум төгрөг завшсан гэх хэрэгт нэр холбогдсон "Либерти Партнерс" компанийн захирал Ч.Ганбат, "Монголын төмөр зам" ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарын нэр хасагджээ.
Ухаа худаг - Гашуун сухайт чиглэлд 267 км төмөр зам барихаар улсын төсвөөс олон зуун сая ам.доллар гаргуулан авсан ч ганц ч км төмөр зам бариагүй энэ хэрэгт дотоодын нэр нөлөө бүхий хүмүүсээс гадна гаднын компани ч нэр холбогдсон. Мөн энэ хэрэгт нэр холбогдсон хүмүүсийг улсын төсвөөс Солонгосын компанийн гадаад данс руу мөнгө гуйвуулж, тэндээс эргүүлэн хэд хэд хуваан оруулж ирэн мөнгө угаасан байж болзошгүй хэмээн ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн шалгаж байсан удаатай.
Ямартай ч, энэ хэрэг шийдэгдэлгүй үлдэж, нэр холбогдсон хүмүүс нь Интерполын хар жагсаалтаас хасагдаж, гадаад эрх чөлөөтэй алхахаар болжээ. Магадгүй тун удахгүй ичээнээсээ гарч сонгуульд нэр дэвших биз ээ.