Бөхийн гурван төрлөөр дэлхийн аварга болсон цор ганц Монгол тамирчин
Дэлхийн аварга Мөнхбатын Уранцэцэг. Энэ нэрийг сонсоход яагаад ч юм Монгол хүн миний бахархал, омогшил төрдөг. Одоогоос 5 жилийн өмнө буюу 2013 оны наймдугаар сарын 27.
Энэ өдөр Бразилийн Рио-де-Жанейро хотноо эхэлсэн жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн -48 кг-ийн жинд тэр аваргалж байлаа. Жүдогийн эх орон Япон Улсын бөх Харуна Асамиг гарт нь өчих мэхээр цэвэр ялж бид дэлхийн аваргатай болж байсан цаг саяхан мэт.
Энэ мөчөөс эхлэн тэр олон улсад данслагдаж, чамгүй олон амжилтыг Монгол түмэндээ өргөн барьж, -48 кг-ийн жинд сүүлийн жилүүдэд дэлхийн чансааг тэргүүлсээр байна. Монголын жүдогийн түүхэнд эмэгтэй тамирчдын анхны алт, насанд хүрэгчдийн дэлхийн аваргын хоёр дахь алтан медалийг энгэртээ гялалзуулж, алтан соёмбот далбаагаа Рио-гийн тэнгэрт мандуулан төрийн дууллаа эгшиглүүлсэн. Мөн тэрээр тухайн жил дэлхийн медалиа ихэрлүүлж, эх орныхоо төрийн далбааг Будапештийн тэнгэрт өргөсөн билээ.
Ийнхүү М.Уранцэцэг ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй жүдоч болсон юм. Түүнчлэн 2007 онд кураш, 2010 онд самбо, 2013 онд жүдо гээд бөхийн гурван төрлөөр дэлхийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн хосгүй амжилттай тамирчин болов. Монголд түүн шиг 3 дэлхийн аварга цолтон байхгүй биз ээ. Одоо түүнд олимпийн медаль л үлдэж... Энэ жилийн ДАШТ-ий хагас шигшээд мөнхийн өрсөлдөгч гэж тодотгож болох олимпийн хүрэл, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт Японы жүдоч А.Кондог тэр ялсан.
Рио-2016 олимпийн дэвжээнд хүрэл медалийн төлөө түүнд ялагдаж байсан тул даагаа нэхэх хүндхэн барилдаан болсныг спортын хорхойтнууд бүгд мэднэ. Кондо бол хөнгөн жингийнхий гаргууд хийдэг хөмрөх мэхийг маш даацтай хийдэг ба 2015 оны дэлхийн аварга тамирчин юм. МУГТ М.Уранцэцэгийн боловруулсан тактик, уралдуулсан ухаан, шийдсэн мэх, дасгалжуулагчийн зөвлөмж хавь илүү байсан тул энэ өдөр тэр түүнийг ялж чадсан нь юутай бахдам бэ...
Урнаа багадаа боксчин болохыг хүсдэг байсан гэдэг. Баянхонгор нутгаас нийслэлд шилжин ирж боксын секцэнд бүртгүүлэхээр спортын төв ордонд хэд хэдэн удаа ирэхдээ жүдоч хүүхдүүдийг харснаар барилдах хүсэл төрж ингэснээр самбо бөхийн дасгалжуулагч Ж.Баярсайханд шавь орсон түүхтэй.
3-р ангийн бяцхан охин спортын төв ордон дээр ирээд тамирчдын бэлтгэлийг хаалгаар шагайн шимтэн харж зогсдог байсан бол өнөөдөр түүний барилдаан, арга барил, техникийг дэлхий нүдээ бүлтийлгэн, чихээ соотойлгон ажиглан харж, судалдаг болжээ. Хэвтээ барилдааны уран яруу гайхамшигтай барилдаантай, ямар ч хүнтэй, ямар ч бөхтэй хүч үзвэл хэвтээд бол илүүрхэн хэмээн монголчууд ярилцдаг нь үнэний ортой. Чадна гэсэн бол чадахын төлөө уйгагүй хөдөлмөрлөдөг нь түүний давуу тал. Олимпийн аварга М.Уранцэцэг хэмээн алдраа дуудуулна гэдэгт би, бид, монголчууд итгэдэг.
М.Тамир