Монголчууд олон улсын мөсөн баримлын тэмцээнээс алтан медаль хүртлээ
Брекенрижийн мөсөн баримлын аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг түрүүлж алтан медаль хүртжээ. Уг тэмцээн нь АНУ-ын Колорадо мужийн Брекенриж хотноо жил бүр уламжлал болон зохиогддог бөгөөд 28 дахь удаагийн тэмцээнд Монголоос оролцсон баг өрсөлдөгч 14 багаа ялж түрүүлсэн байна. Тэгвэл хоёрдугаар байранд Хятадын баг тамирчид, гуравдугаар байранд эзэн орон буюу АНУ-ын баг тамирчид орж хүрэл медаль хүртсэн аж. Брекенрижийн мөсөн баримлын аварга шалгаруулах тэмцээн нь оюун ухаан шаардсан тэмцээн агаад зүгээр нэг мөсөөр гоё сайхан зүйлс урлахаас илүү утга санаа илэрхийлсэн, ухаалаг хийгээд оюунлаг бүтээлийг үнэлдэг гэнэ. Монголын баг тамирчид 5 өдрийн турш 65 цаг ажиллаж өөрсдийн бүтээлийн цуглуулгаа хийжээ.
Монголын баг тамирчдын хувьд уг тэмцээнд 6 дахь жилдээ оролцож байгаа юм байна. Тэмцээний дүрэм нь ямар нэгэн цахилгаан хэрэгсэл, туслах багаж болон өнгө оруулагч ашиглахыг хориглодог учраас уран бүтээлчдээс ихээхэн авьяас чадвар шаарддаг. Ямартай ч, Монголын уран бүтээлчид XIII зууны үеийн Монголын баатруудыг дүрсэлсэн бүтээлээрээ шилдгээр шалгарч, үзэгчдээс хамгийн өндөр үнэлгээг авчээ.