З.Цэцэн: Төр ганцаараа утааг арилгаж чадахгүй. Бидэнтэй хамтар...
Утааны эсрэг САЙН шийдлийг гэр хорооллыг орон сууцжуулах гэж мэргэжилтнүүд хэлж байна. Харин манай дарга нар зуух тарааж утааг бууруулах үлгэрээ ярьсаар. Утааг бууруулах шийдлийг төр, иргэдийн түвшинд олон янзаар эрж хайхын зэрэгцээ энэ асуудлаар элдэв хэлэлцүүлэг өрнүүлсээр л байна. Харин хувийн хэвшлүүд утааг бууруулах аргыг юу гэх бол. Энэ асуудлаар “Тэлмэн констракшн” ХХК-ийн ерөнхий захирал З.Цэцэнтэй ярилцлаа. Монголын өнөөдрийн бизнесийн орчинд бусдын адил жаргал, зовлон, уналт, сэргэлтийг туулж яваа тэрбээр “Шинэ Налайх” төслийг эхлүүлээд 1000 айлыг байртай болгожээ. Дахин 5000 айлыг орон сууцанд оруулах шаардлагатай гэнэ. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авч уншина уу.
- Утааны зовлон Улаанбаатар хотод амьдарч буй иргэн бүрт тулгарч байна. Засгийн газраас утааг бууруулах янз бүрийн аргыг хайж байгаа гэсэн. Харин та хувийн хэвшлийг нуруундаа үүрч яваа хүнийхээ хувьд утааг бууруулах зөв аргыг юу гэж боддог вэ?
- Ер нь бол гэр хорооллыг барилгажуулж, дагуул хотуудыг бий болгох, Улаанбаатарыг цэгцтэй, зөв системээр хөгжүүлэх юм. Төв аймаг, Налайхыг дагуул хот болгон хөгжүүлэх бүрэн боломжтой. Богд уулаа тойруулаад дагуул хот байгуулж тэднийгээ хурдны замаар холбочихвол Улаанбаатар жинхэнэ утгаараа мегаполис хот болох юм. Түүнээс иргэдийг хөдөө, орон нутгаас хотод ирэхийг нь хориглоод шийдэгдэх асуудал биш. Гэр хорооллын айлуудыг орон сууцжуулах ёстой. Тодруулбал, гэр хорооллын айлуудад түрээсээр эсвэл урт хугацаатай зээлээр байр өгөх хэрэгтэй юм. Айлуудын хашаа байшинг нь орон сууцаар сольсон бол төр газрыг нь хурааж авах ёстой. Аль нэгэн айл орон сууцтай болохдоо амьдарч байсан хашаа байшингаа хэн нэгэнд зарах эсвэл түрээслүүлбэл утаанаас хэзээ ч салахгүй . Тэр хашаа байшинд бас нэг айл очиж гал түлнэ шүү дээ. Түүний оронд төр газрыг нь хурааж аваад цэцэрлэгжүүлэлт хийх эсвэл сургууль, цэцэрлэг, номын сан, спорт цогцолбор зэргийг бий болгож болно. Утааг бууруулахад хамгийн чухал зүйл нь төрийн нэгдсэн системтэй бодлого юм.
- Улаанбаатарын гэр хороолол дахь айлуудыг орон сууцжуулахад асар их хөрөнгө хэрэгтэй. Гэтэл манай улсад тийм төлөвлөгөө, төсөв байхгүй. Түүний оронд гэр хорооллын айлуудын халаалтыг тогоор шийдэх ёстой гэж үзэх хүмүүс байдаг. Танд алийг нь илүү үр дүнтэй арга гэж үзэх вэ?
- Одоо л зоригтой хөдөл. Солонгосоос 500 сая доллар зээлээр авахаар болсон. Энэ мөнгийг агаар, орчны бохирдлыг бууруулахад зарцуулна гэсэн шүү дээ. Тэгвэл энэ мөнгөөрөө дагуул хотуудаа байгуул. Дагуул хотууд руугаа яам, тамгын газраа нүүлгэ. Налайх, Төв аймагт дагуул хот байгуулахын тулд дулааны станц гэх мэт дэд бүтцээ байгуулах шаардлагатай. Налайхад л гэхэд суурьшил алга. Суурьшлыг бүрдүүлэхийн тулд энэ олон утгагүй яам, тамгын газрыг Налайх руу нүүлгэх ёстой юм. Тухайлбал, Барилгын яамыг нүүлгэж болно шүү дээ. Төв аймагт нь Сангийн яамыг байршуулж болж байна. Ингэж чадвал Улаанбаатар тэлж хөгжинө. Ингэж нэг дор байлгаж болохгүй гэдгийг л ойлгох хэрэгтэй. Google газрын зургаар Улаанбаатарыг дээрээс нь харахад Улаанбаатар урт нарийн зураас л харагддаг. Улаанбаатар жижигхэн хот. Бидэнд харагдаж буй зураасны дагуу л орон сууц байна. Түүнээс хойшхи нь тэр чигээрээ гэр хороолол шүү дээ. Энэ бүх ажлыг хийхэд хувийн хэвшилтэйгээ хамтарч болно шүү дээ.
Манай компани л гэхэд Налайхад 6000 айлын “Шинэ Налайх” орон сууцны төслийг эхлүүлчихээд явж байна. 1000 айлын орон сууцыг нь ашиглалтад оруулаад айлуудаа оруулчихсан байна. Энэ бол дагуул хот байгуулах хүрээнд хийсэн ажил. Манай компани 2013 онд зориг шулуудаад “Шинэ Налайх” төслийг хэрэгжүүлсэн. Тухайн үед нийслэлийн бодлого Улаанбаатарыг тэлэх, дагуул хотыг хөгжүүлэхэд чиглэж байсан юм. Тэр бодлогод нь манай энэ төсөл нийцэж байсан гэсэн үг. Үндсэндээ 40 тэрбум төгрөгийг тус төсөл рүү оруулчихсан. Энэ нь компанийн хувьд ашиггүй ажил шүү дээ. Гэхдээ манай компани иргэд, олон нийтийн өмнө их том хариуцлагатай ажлыг хийсэн гэж би ойлгож байгаа.
6000 бол их айл. Гэр хорооллоос ийм хэмжээний айлыг нүүлгэвэл ойролцоогоор 500-600 га газрыг хашаанаас чөлөөлөх хэмжээний ажил хийж байна гэсэн үг. Уг төслийг хэрэгжүүлсэн бидний зорилго бол ердөө л Улаанбаатарыг тэлэх, утаанаас нь салгах, гэр хорооллыг орон сууцжуулах байсан. Ашиг олохоосоо илүү нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажил. Хэрвээ ашиг хайсан бол Зайсанд чихэж байгаад хоёр, гурван орцтой барилга барьж болох л байсан. Нэг орцтой 16 давхар орон сууц барихад л “Шинэ Налайх” төслөөс илүү ашигтай . Гэвч нийгэмд хэрэгтэй, үлгэр дууриалал болох ажил хийсэндээ би баяртай байгаа. Гэхдээ засаг төртэйгөө уялдаж ажиллахгүй бол энэ ажил цааш явахгүй юм байна.
- Яагаад цааш явахгүй юм байна гэж?
- Нийслэлийн өмнөх удирдлагууд “Дэд бүтцийнх нь мөнгийг нь манайх гаргаж өгье. Танайх зөвхөн орон сууцандаа хөрөнгө оруул. Хороолол доторх бүх тохижилтыг улсаас гаргана. Хол газар хороолол барьж буй хүмүүсийг сайн дэмжинэ” гэж амлаж байсан. Гэхдээ тэр яриа биелэлээ олоогүй. Борлуулахад нь мөн дэмжинэ гэж байсан. Ахмадын орон сууц, Түрээсийн орон сууцны зориулалтаар төр худалдаж авна гэж байсан. Гэхдээ бас л замхарсан. Төр амалсандаа хүрэх ёстой. Өнөөдрийн байдлаар тус хорооллын дэд бүтэц, бохир, цахилгаан, дулаан гэсэн зүйлд зургаан тэрбум төгрөг зарцуулчихаад байна.
Налайх өөрөө төвийн бохиргүй байсан. Налайхын бохирын цэвэршүүлэх станц нь 20-30 хувьтай ажилладаг байсан. Тийм болохоор Налайхаас урсаж буй бохир нь тэр аяараа Туул гол руу ордог байсан. Яг тэр бохиртой усанд нь манай залуус сэлдэг байлаа шүү дээ. Ургах наран хорооллын бохир нь мөн хальж зам руу урсаад л тэрүүгээр явахын аргагүй байсан. Харин бид тэр бүгдийг холбосон бохирын шугамыг холбосон юм. Өмнө нь өөр компани тендерт ялаад ажлыг нь авсан ч ашиглалтад оруулаагүй хаяад явсан байсан. Манай компани орон сууцны хороолол барьж буй учраас ажил хаяж явсан компанийг нь олж авчирж ажлыг нь хийлгүүлсэн.
Мөн өөрсдөө Налайхаас шугам татсан. Ер нь бол Налайхыг төвийн бохиртой болгосон юм. Мөн хүчин чадал сайтай под станц барьж тог цахилгаанаа 12 км –ийн зайнаас татсан. 6000 айлынхаа дэд бүтцийг ерөнхийдөө шийдчихсэн гэсэн үг. Нэг асуудалтай зүйл нь дулаан байна. Налайхын дулааны цахилгаан станцын хүчин чадал нь хүрэхгүй байна. Шугам нь хуучирсан учраас хэт даралттай дулаан явуулж чадахгүй байгаа юм. Одоо амьдарч буй айлуудаа халааж л байна. Гэхдээ 6000 айл гэвэл халааж дийлэхээргүй болчихоод байгаа юм. Ийм л жижиг асуудлуудыг шийдэхэд төр дэмжчихвэл энэ цаашаа явах төсөл юм.
- Өөрөөр хэлбэл төр бүгдийг шинээр эхлүүлэх гэж зүтгэх бус одоо байгаа бааз сууриндаа үндэслэн хувийн хэвшилтэйгээ хамтраад ажиллах ёстой гэсэн санааг та хэлээд байна уу. Таньтай адил ийм төсөл хэрэгжүүлээд явж байгаа олон л компани байгаа байх. Гурван жилийн өмнө газраа орон сууцаар солих дахин төлөвлөлтийн ажлыг улсаас хэрэгжүүлээд явж байсан. Гэтэл тэр ажил өнөөдөр үр дүнгээ өгөөгүй л байна шүү дээ?
- Утааг бууруулахад манай компани төртэй хамтарч ажиллахад бэлэн. Бид дахин төлөвлөлтийн ажилд оролцож гэрчилгээгээ авч байсан. Гэхдээ төр уялдаагүй ажилладаг гэдгийг тэгэхэд мэдсэн. Гэр хороолол дахин төлөвлөлтийг зохицуулах хоёр, гурван газрыг байгуулчихсан. Гэтэл нөгөө хэд нь хоорондоо уялдаагүй ажилладаг. Дахин төлөвлөлтийн ажлын хувьд санхүүжилтгүй болоод зогссон. Мөн дахин төлөвлөлт явуулах гэж буй хүмүүс нь ч уг ажлаа бүрэн ойлгоогүй байгаа юм. Та бүхэн Эрээн хотыг хардаа. Яаж дахин төлөвлөлт хийж байна. Шинэ хотыг хэрхэн барьж, яаж хотыг тэлж хөгжүүлдэг гэдгийг Эрээний жишээнээс харж болно. Тэнд төр засаг нь хот төлөвлөлтийн нэгдсэн зургаа хийхээс гадна замаа тавьж, дэд бүтцээ хийдэг. Барилгын компаниудаараа яг тэр зургийнхаа дагуу барилгаа бариулж байна. Барилгын компаниуддаа зураг төслөө зардаг гэсэн үг. Хэрвээ Улаанбаатарт энэ ажлыг хэрэгжүүлбэл бид зургаа худалдаж аваад байшингаа барина. Хоёр өөр компани төлөвлөгөөгүй хоёр өөр барилга бариад байж болохгүй. Үүнээс л болж машин тавих зайгүй, явган хүний замгүй хоттой болж байна шүү дээ. Хотын дарга үүнд маш их анхаарч ажиллах ёстой. Олны эрх ашгийг улс төржүүлж, бизнесжүүлэхээ болиоч ээ. Энэ хотод олуулаа амьдаръя гэвэл хууль, дүрэмтэй байцгаая. Зөв амьдаръя. Манай барьсан байшинг төр худалдаж аваад иргэддээ түрээслэх эсвэл удаан хугацаагаар зээлэх юм бол бид 6000 айлын орон сууцыг 2020 онд барьж дуусгана. Үр дүнд нь 600 га газрыг чөлөөлчихнө. Монголд газар хаа сайгүй байна. Яагаад заавал Улаанбаатарт бөөгнөрөх ёстой юм. 20 км зайд машинаар ажилдаа явахад асуудалгүй шүү дээ. Москвад хотын төвөөс гэр рүү гээ 4 цаг явж хүрдэг хүмүүс байна шүү дээ. 150-200 км явдаг гэсэн үг.
- Манай иргэд газраа чөлөөлөхгүй гэж гэдийдэг эсвэл зах зээлийн ханшнаас хэт өндөр үнээр зарна гэж зүтгэдэг нь өнгөрсөн удаагийн ажилд маш их саад учруулсан. Ер нь утаанаас салахад иргэд бидний оролцоо, идэвх бас их чухал юм шиг санагддаг?
- Газраа чөлөөлөх ёстой хорооллын иргэдийн 80 хувь нь дахин төлөвлөлтөд хамрагдаж газраа өгье гэдэг. Харин 10 хувь нь яахаа мэдэхгүй суудаг бол үлдсэн таван хувь нь газраа зарахгүй гэж гүрийдэг. Энэ бол хувь хүний ухамсарын л асуудал юм. Олон хүн амтай, том зах зээлтэй нийслэл хотдоо амьдрахаар ирсэн юм бол олныхоо эрхийг хүндэтгэж, хүлээн зөвшөөрч амьдрах ёстой юм. Ядаж л айлууд нь газраа чөлөөлөөд өгчих хэрэгтэй. Улс нь хуулиа, үнэлгээтэйгээ гаргаад айлуудынхаа газрыг зөв үнэлээд авчих ёстой юм. Түүнээс биш нэгэнд нь 100, нөгөөд нь 50 ийг өгч болохгүй.
- Өнгөрсөн жилүүдэд 400 орчим тэрбум төгрөгийг утааг бууруулахад зарцуулсан байна. Гэтэл өнөөдөр үр дүн огт гараагүй. Хэрвээ энэ мөнгөөр орон сууц барьсан бол өнөөдөр ямар үр дүнтэй сууж байх байсан бол. Түүгээр “Шинэ налайх” шиг хэдэн хороолол барих байсан бэ?
- 15 мянган айлыг байртай болгох боломжтой байсан. 1500 га газрыг чөлөөлөх нь. Тэр газарт нь цэцэрлэгжүүлэлт хийгээд сургууль барьж болох байж. Зогсоолгүй, цэцэрлэгт хүрээлэнгүй, сургууль, цэцэрлэггүй улс манайхаас өөр байхгүй. Би хотын уугуул иргэн. Тийм ч учраас хотоо бодож “Шинэ Налайх” хорооллын төслийг зоригтойгоор эхлүүлсэн юм. 2013 онд хэд, хэдэн төсөл харж байсан ч “Шинэ Налайх” хорооллыг барих ажлыг сонгосон. Өндөр ашиг бодоогүй. Гэхдээ хүмүүс хүнийг ажил хийсний дараа сайнаар ярьдаггүй юм байна лээ.
- Ер нь төр засгийн түвшинд хувийн секторуудаа яг яаж дэмжээсэй гэж хүсдэг вэ?
- Утаанаас салах арга хотжилт юм. Тиймээс Улаанбаатарыг тойрсон аймаг, дүүргүүдийг дагуул хот болгохын тулд л төр хувийн хэвшилтэйгээ уялдаа холбоотой ажилламаар байгаа юм. Утааг бууруулах ажлыг төр ганцаараа хийж чадахгүй. Төр шахааны зуух, түлш л нийлүүлж чадах байх. Хэрвээ зуух, түлш тараасаар байвал иргэдийг бүр л илүү бэлэнчлэх сэтгэлгээнд сургана. Иргэн дуртайдаа эсвэл түлэх түлээтэйдээ машины дугуй түлээгүй юм. Түлшээ авч чадахгүй учраас л машины дугуй түлээд байна шүү дээ. Тэгэхээр иргэнээ орлоготой байлгах хэрэгтэй. Иргэнийг орлоготой байлгахын тулд компаниудыг ажилтай байлгах ёстой юм. Компаниудыг ажилтай байлгах нь боломжгүй зүйл биш шүү дээ. Монголд санхүүгийн нэг л үүсвэр байна. Бүх компаниуд ажил эхлүүлэхдээ банкнаас ломбардийнх шиг хүүтэй мөнгө зээлдэг. Дэлхийн хаана ч байхгүй 25-30 хувийн хүү төлдөг . Тэгэхээр бид бүтээгдэхүүнээ илүү үнээр зарж байж ашиг олно. Монголд бүх зүйл үнэтэй байдгийн гол зангилаа энэ.Тэгэхээр хоёрдагч санхүүгийн эх үүсвэртэй байх ёстой. Компаниуд өөрсдөө хөрөнгийн зах зээлд бүртгүүлж IPO гаргах ёстой юм. Хувьцаагаа хөрөнгийн биржид гаргасан компани хамгийн эхэнд шилэн данстай болж татвараа үнэн зөвөөр төлдөг. Тэгэхээр гуйлга гуйхаа болчихно. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гадаадад очоод мөнгө гуйгаад явж байна. Тэд компаниудын хийх ёстой ажлыг хийгээд явдаг. Тухайлбал, Казакстаны Ерөнхийлөгчийг гадны улсад очоод мөнгө гуйгаад явж байна гэж би сонсоогүй. Манайхан л гуйх юм. Би үүнийг огт ойлгодоггүй. Бизнесмэнүүдийн ажлыг төр хийгээд байна шүү дээ. Төр бол ард иргэд, аж ахуй нэгж, компаниуддаа хуулиа ээлтэйгээр батлаад татвар төлөгчдөдөө зөв үйлчлээд татвараа авахад л болно. Гэхдээ төр төмөр нүүр гаргахдаа гаргах ёстой.
- Тухайлбал, яг юунд төмөр нүүрээ гаргах ёстой юм бол?
- Тухайлбал, гэр хорооллын газрыг чөлөөлөх гэх мэт. Нэгэн жишээ хэлэхэд, Налайх руу хурдны зам барина гэж маш олон жил ярьсаны эцэст Хятадуудаар тавиулахаар болсон. Хятадын компани өөрийн улсын хөрөнгөөр манайд зам тавьж өгчихөөд биднийг өртэй үлдээх гэж байна шүү дээ. Монголд нэг ч доллар оруулахгүй. За тэр нь дүүрч. Зүүн тийш гарсан хурдны замгүй бол манай Улаанбаатар нийслэл биш болох учраас замаа барих нь чухал . Гэтэл дүүргийн засаг дарга нь төрийнхөө эсрэг ажил хийж байгаа юм. Яг зам барих газарт нь газар олгосон байна. Тэр газарт нь баригдсан ШТС-ыг мэргэжлийн хяналт нь ашиглалтад хүлээж аваад байж байна. Ийм л уялдаагүй байна шүү дээ. Төр төмөр нүүртэй, хуультай, зөв бодлоготой байх хэрэгтэй. Би төрөөс ийм л зүйл хүсч байна. Төр хуулиа биелүүлэх ёстой. Хуулийг хамгийн их зөрчдөг хүмүүс чинь улс төрчид шүү дээ. Хууль зохиогоод өөрсдөө зөрчдөг. Үүнийгээ л болих хэрэгтэй.
- Та барилга барьдаг хүн. Салбар яамныхаа ажлыг хэрхэн дүгнэх вэ?
- Барилгын яам жижиг агентлагийн ажлыг л хийдэг. Барилгын компаниудын тусгай зөвшөөрлийг гурван жилд нэг удаа сунгах гэж хуралддаг. Мөн шинэ барилгатай танилцсан зургаа фэйсбүүкт тавьдаг. Мөн гадны барилгын яамдуудтай уулзаж шинэ технологи ярьдаг. Гэтэл түүнийгээ хөрсөндөө буулгадаггүй. Барилгын яамнаасаа хамаардаг барилгын компани байдаггүй юм. Барилгын яам Монголд байх шаардлагагүй. Төрийн мөнгийг үй олноор нь салхинд хийсгэдэг утгаа алдчихсан яам л байна шүү дээ.
- Манайд орон сууцны үнэ бусад улсынхтай харьцуулахад өндөр байдаг. Цаашдаа байрны үнэ буурах боломжтой юу?
- Яг энэ асуудлыг зохицуулах саналыг би Барилгын сайд нарт удаа дараа танилцуулж байсан. Гэхдээ өнөөдөр ажил хэрэг болоогүй л байна.
Тодруулбал, манай хоёр хөршийн улсын комисс нь шинэ орон сууцыг дотор засалгүйгээр хүлээж авдаг. Хаалгагүй, жорлонгүй саарал ханаар нь хүлээж авдаг гэсэн үг. Айл нь хүссэн цагтаа засвараа хийгээд амьдардаг. Манай улс яагаад тэгэж болдоггүй юм. Хэрвээ миний ярьж буй шиг байрыг засалгүйгээр борлуулвал ямар өөрчлөлт гарахыг би хэлье.
Нэгдүгээрт, барилга барих хугацаа 30 хувиар багасна. Тэр хэрээр барилгын компанийн банкинд төлөх зээлийн хүү нь багасна. Барилгын өөрийн өртөг хямдарна. Барилгын компани 500 айлын том цогцолбор барьсан гэж бодъё. Тэгвэл 5000 айлынхаа байрны дотор заслыг Хятадын компаниар хийлгэж байна. Олон байрны заслыг хийх учраас материалыг нь урдаас бөөндчихдөг. Ингээд Хятадын компаниар засуулаад худалдаанд гаргаж байна. Худалдан авагч өөрт нь таалагдахгүй обой наасан байвал сольдог. Энэ мэт хий зардал их гардаг. Хэрвээ байруудыг дотор засалгүй зарвал 100 айлын барилгын захуудын орлого сайжирна. Иргэн хүн байр авчихаад Эрээнээс бус 100 айлын захаас материалаа татна биз дээ. Ганц байрны засварын материалыг Эрээнээс татахгүй нь мэдээж. Тэгээд Монголын барилгын бригадаар заслаа хийлгэнэ. Мөн л монгол хүн орлоготой болно. 500 айлын байрны засварыг хийвэл маш олон иргэн ажил, орлоготой болж байгаа биз дээ. Үр дүнд нь барилгын үнэ 30 хувиар хямдарна. Тэгэхээр иргэн хямд байр авах бололцоотой болж байна.
- Энд хүртэл ярилцсанд баярлалаа. Та ярилцлагын төгсгөлд юу гэж хэлмээр байна?
- Гэр хороолол жил ирэх бүр тэлж байна. Тэгэхээр нэн тэргүүнд замбараагүй газар олголтыг бүр мөсөн зогсоох ёстой. Дагуул хотуудаа байгуулж, хотоо хөгжүүлж, утаанаасаа бүрэн салсаны дараа нэмж газар олгох асуудлыг эргэж харж болно шүү дээ.
- Ярилцсанд баярлалаа
Т.Хулан