Хүүхдүүд РС тоглоомын газарт ихэнх цагаа өнгөрөөж байгаад төр анхаарч эхлэв
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, ЦЕГ, Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ, “Сайн ирээдүйн төлөө” төрийн бус байгууллага хамтран Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангахад аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллалааг өргөжүүлэх зорилгоор “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал ба хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт зохион байгуулжээ.
Тус уулзалтад Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт PC тоглоомын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллага, харъяа хорооны хэсгийн байцаагчид, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож, цахим орчин дахь хүүхэд хамгаалал болон төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны талаар хэлэлцүүлэг хийсэн байна.
Уулзалтын эхэнд холбогдох газрын дарга болон мэргэжилтнүүд тодорхой сэдвээр илтгэл тавьж, РС тоглоомын үйл ажиллагаа явуулдаг иргэдэд мэдээлэл өгсөн аж.
Тодруулбал, “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал ба хамтын ажиллагаа”, “Хүүхэд хамгааллын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ”, “Цахим тоглоомын журам, түүний хэрэгжилт”, “Цахим тоглоомонд донтсон хүүхдүүдийн өнөөгийн байдал”, “РС тоглоомын орчин - хүүхдэд нөлөөлөх үр дагавар” зэрэг сэдвээр илтгэл тавьж, цаашдын хамтын үйл ажиллагааны талаар хэлэцүүлэг хийжээ.