"Зэмлээд өгөөч аав аа"
Аргасан нулимстай зүүд сэмэртэл
Ааваа та хүүдээ нэг ирээч гуйя
Нялх багад минь эрхлүүсэний хариу болгож
Намайг нэг ухаартал загнаад буцалдаа
* * *
Эрийн цээнд хүрсэнийг минь хараад
Элгэндээ үрээ ганцхан тэврээ ч аав аа
Эндүү андуу гишгэснийг минь тэгширтэл
Эрдэнийн үгсээрэй тархийг минь нэг шилбүүрдээд явалдаа
* * *
Өсөхөд минь зандарч чадаагүйгээ нөхөөд
Өрцөндөө мэгштэл минь зэмлээд өгөөч аав аа
Толгодын оройд сар хоноглож унттал
Тогтож суугаад зандраад өгөөч намайг
* * *
Түмэн оддыг буйр сэлгэж үүртэй золготол
Томоогүй үрдээ шөнжин зүүдлэгдээч ааваа
Таныхаа үгээр дутаж яваа хүүгээ
Тэнцэж ухаартал минь хатуурхаад өгөөч аав аа
* * *
Зүүдийг минь биш бурууг минь саринааж
Зүрхийг минь бус зөвийг минь саашааж
Аав аа та ганцхан удаа л намайг зэмлээд өг
Амьдралдаа би ганцхан удаа л загнуулж үзмээр байна танаарай
* * *
Загнуулах аавгүй амьдрал минь
Залуургүй завь мэт урсгал дагаад байна
Зүүдэнд минь ирээд ганцхан загнаад буцалдаа аав аа
Зүрхэндээ хүү нь ганцхан загнуулаад үлдье
* * *
Нүд дүүрэн нулимсаа мэлмэрч асгартал
Нэгхэн удаа зэмлүүлмээр байна үр нь
Одоо л ирээд зэмлээд өгөлдөө ааваа
Орчлонд аавтай байснаа мэдэрмээр байна
* * *
Үг даах нуруутай эр хүн болсон хүү нь
Үнэгэн харанхуйг сэрээж зүүдэнд минь нэг ирээд
Үнэн худлыг минь цэгцэртч ухаан суутал минь
Үрдээ нэг хатуурахад буцалдаа ааваа гуйя
Хиргис Цогоо Отгонбаатар