Гэр бүл, хүүхдийн асуудлаар сэтгэлзүйн болон хууль зүйн зөвлөгөө авах хүсэлтэй иргэн бүрт нээлттэй “Шидэт толь” төв Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 102 тоотод ажиллаж байгаа билээ.
Энэхүү төв нь гурван өрөөтэй бөгөөд хүүхдийн тоглоомын өрөө, ганцаарчилсан ярилцлагын өрөө, ажилалтын өрөөнөөс бүрдэнэ. Тоглоомын өрөө нь бүх насны хүүхэд тоглох тоглоом болон сэтгэл зүйн сорил, хүүхдийг тайвшруулан сэтгэл зүйн байдлыг тодорхойлох боломжтой юм.
“Шидэт толь” төвийн үйл ажиллагаа эхэлснээс хойш иргэд тус төвөөр үйлчлүүлж өөрт хэрэгтэй зөвлөгөө мэдээлэл авах болжээ. Уг төвийн үйл ажиллагааг цаашид тогтвортой явуулахын тулд Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон дүүрэг дэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд тодорхой цагийн хуваарийн дагуу ажиллаж байна.
Манай сурвалжлах багийг очих үед Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд хуваарийн дагуу иргэдэд сэтгэлзүйн болон хууль зүйн зөвлөгөө өгч байлаа. Энэ үеэр бид тус дүүргийн гэр бүл, хүүхэд хамгааллын мэргэжилтэн Ж.Бадамцэцэгтэй цөөн хором ярилцсан.
- Чингэлтэй дүүрэг хүн ам ихтэй онцлог дүүргүүдийн нэг шүү дээ. Сүүлийн үед гэр бүл салалт ихэсч байна гэж мэргэжлийн хүмүүс ярих болсон. Чингэлтэй дүүргийн хувьд гэр бүл салах тохиолдол хэр их байна вэ?
- Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар 3000 гэр бүл салж байна гэх судалгаа байдаг. Манай дүүргийн хувьд 2017 оны байдлаар гэхэд 232 өрх шүүхэд өргөдөл гаргасны 292 нь эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ авсан. Үүнээс 22 нь эргээд эвлэрсэн. Уг баримтаас харахад гэр бүл салалт их байна. Энэ нь залуучуудын дунд гэр бүл төлөвлөлтийн талаархи ойлголт бага байгаатай холбоотой.
- Одоогийн байдлаар энэхүү төвийг зориод ирсэн иргэдэд ямар үйлчилгээ үзүүлж байна вэ?
- Монголчууд ажлын ачаалал, машины түгжрэл гэх мэт стрессээс шалтгаалаад гэр бүлдээ зарцуулах цаг бага байдаг. Сүүлийн үед техник технологи хөгжихийн хэрээр хүмүүс ажлаа тараад гэртээ очсон ч зурагт, гар утаснаас салахаа больсон байна. Энэ төв нээгдсэн нь маш чухал ач холбогдолтой. Салах эрсдэлтэй гэр бүлийг заавал салсных нь дараа биш салахаас нь өмнө урьдчилж авчраад нэг өдрийг гэр бүлтэй нь хамт байлгаж, хууль зүйн болон сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлбэл тэдний гаргах шийдвэрт тодорхой хэмжээгээр нөлөөлөх болов уу гэж харж байна. Ядаж л салахаар шийдсэн хүмүүс маань бие биенээ ойлгож эвлэрэх магадлал ихэснэ шүү дээ. “Шидэт толь” төвөөс иргэд хуульзүйн болон сэтгэлзүйн үйлчилгээг авах боломжтой. Төв маань хүүхдийн тоглоомын өрөөтэй учраас тоглоомын аргаар хүүхдийг тайвшруулан сэтгэл зүйн байдлыг тодорхойлох боломжтой. Энэ хугацаанд эцэг, эхчүүд өөрсдөө сэтгэлзүйчээс ганцаарчилсан зөвлөгөө өгч, ярилцаж болно. “Шидэт толь” төв Даваа-Баасан гарагт 09:00-13:00, 14:00-17:00 цагт ажиллаж байна.