Хойд Солонгост тогтоосон хориг арга хэмжээ Монголын нүүрсний экспортыг өсгөв
Хойд Солонгост тавьсан олон улсын хориг арга хэмжээний улмаас Хятад Улс Пхеньяний эрх баригчдаас нүүрс импортлон авах боломжгүй болж, энэ нь Хятадын Монгол болон ОХУ-аас авах нүүрсний хэмжээг өсгөв
Хятад Улс Хойд Солонгосоос авдаг байсан нүүрсний импортоо Монгол болон ОХУ-аас нөхөж, энэ нь өнгөрөгч 2017 онд ОХУ-аас авах нүүрсний хэмжээг 36 хувиар, Монголоос авах нүүрсний хэмжээг 27 хувиар тус тус өсгөсөн юм. Гэвч одоог хүртэл Хятадын гаднаас авч буй нүүрсний гол ханган нийлүүлэгч нь Австрали Улс байсаар байна.
Пхеньяний эрх баригчдын удаа дараалсан пуужингийн туршилтын улмаас олон улс Хойд Солонгост оногдуулсан хориг арга хэмжээгээ улам чангатгасан. Шинэ багц хориг арга хэмжээнд цөөнгүй зүйл заалт тусгасны нэг нь Хойд Солонгост орох гаднын мөнгөн урсгалыг зогсоох зорилгоор тус улсын нүүрсний импортыг өөр улс орнууд худалдан авахыг хориглосон явдал юм. Ингээд Хятад Улсын ОХУ-аас өнгөрөгч онд авсан нүүрсний импорт өмнөх оныхоос 36.3 хувиар өсчээ. Хятадын Гаалийн ерөнхий газрын тайланд дурдсанаар Хятад Улс 2016 онд ОХУ-аас 25.3 сая тонн нүүрс импортложээ.
Харин Монгол Улсаас импортлосон нүүрсний хэмжээ 2016 оныхоос даруй 27.6 хувиар өсч, 33.58 сая тоннд хүрсэн байна.
Тэгвэл Хятад Улсын хувьд 2016 онд Хойд Солонгосоос 20 гаруй сая тонн нүүрс импортлосон байдаг аж. Үүгээрээ Хойд Солонгос Улс Австрали, Индонез, Монгол Улсын дараа Хятадын дөрөв дэх том нүүрсний ханган нийлүүлэгч орон болсон юм. Хэдийгээр Хятад Улс агаарын бохирдлыг бууруулах чиглэлд анхаарч байгаа ч гаднаас авах нүүрсний хэмжээгээ бууруулахгүй байгаа юм. Тийм ч учраас 2017 онд Австрали Улс зургаа дахь жилдээ дараалан Хятадад хамгийн их нүүрс нийлүүлэгч орноор тодорсон. Австралийн хувьд 2017 онд Хятадад 79.91 сая тонн нүүрс нийлүүлсэн бөгөөд энэ нь 2016 оныхоос 13.4 хувиар өссөн үзүүлэлт. Харин Индонезоос авсан нүүрсний импорт өнгөрөгч онд 2016 оныхоос 9.7 хувиар өсч, 35.28 сая тоннд хүрчээ.