Олон улсын олимпийн хороо авлигатай тэмцэх ажлын хэсэг байгуулна
Олон улсын олимпийн хороо, спорт дахь авлигатай тэмцэх олон улсын түншлэлтэй хамтран авлигатай тэмцэх 3 ажлын хэсэг байгуулахаар болсон тухайгаа мэдээлжээ.
Уг ажлын хэсгийн чиг үүрэгт спортын арга хэмжээний зохион байгуулалт, дэд бүтэц зэрэгтэй холбоотой худалдан авах ажиллагааны авлигын эрсдэлийг бууруулах, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах ажлууд багтах юм байна.
Авлигатай тэмцэх ажлын хэсгийн ач холбогдлыг Олон улсын олимпийн хорооны Ёс зүйн зөвлөлийн дарга Пакеретт Жирар өндрөөр үнэлж, ийм нэгж байгуулснаар олон улсын спортын байгууллагад тулгарч буй асуудлуудыг шийдэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж хэлжээ.
Эдгээр ажлын хэсгүүд төслүүдээ 2018 оны 6 дугаар сард болох “Спорт дахь авлигатай тэмцэх олон улсын түншлэл”-ийн уулзалт дээр танилцуулна. Спорт дахь авлигатай тэмцэх олон улсын түншлэл нь энэ оны 2 дугаар сард байгуулагдсан юм байна.