Хөгжлийн бэрхшээлтэй иргэд “Миний туслах-104” тусгай дугаарт яаралтай тусламжийн дуудлага өгөх бол
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо болон “Юнител” групп хамтран Монгол Улсад анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Миний туслах-104” үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна.
Тус ажлын хүрээнд 101, 105, 102, 103, 104 тусгай дугааруудын ач холбогдол, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан яаралтай тусламжийн үйлчилгээг олон нийтэд танилцуулах үүднээс Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төв дээр төрийн болон, төрийн бус байгууллагууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хамтран нээлттэй хаалганы өдөрлөгийг 2018.01.25-ны өдөр зохион байгуулж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд “Минийн туслах 104” үйлчилгээг нэвтрүүлснээр 104 тусгай дугаарт дүрст болон ярианы дуудлагаар холбогдон бусдын тусламжгүйгээр хүссэн үедээ өөрсдийн хэрэгцээт мэдээ мэдээлэл, зар мэдээ, үзвэр үйлчилгээ, дуудлагын үйлчилгээнүүд, гомдол, санал хүсэлтээ холбогдох газруудад хүргэх зэрэг үйлчилгээг авч, нийгмийн амьдралд шууд оролцож байх давуу талтай.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй айл өрхийн хувьд ч тэдэнд болон гэр бүл, ахуйн орчинд тулгардаг асуудлуудыг хөнгөвчлөх бүрэн боломжтой үйлчилгээ юм.
МЭДЭЭЛЭЛ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВ