Н.Цэрэнбат: Ойн нөөцөө хамгаалах, нэмэгдүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын санаачилгаар “Ойн доройтол, хомсдлыг бууруулах замаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах Үндэсний хөтөлбөрийг боловсруулах шаардлага, хөрөнгө оруулалтын боломжууд” сэдэвт уулзалт боллоо. Уулзалтад БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Ойн бодлого зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг, Цэвэр технологи, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ц.Уранчимэг, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Баттөмөр, Г.Тэмүүлэн, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга болон Д.Пүрэвдаваа, НҮБ-ын суурин төлөөлөгч Биата Транкман, UN-REDD+ төслийн техникийн ахлах зөвлөх Рэд Диккинсон болон албаны бусад хүн оролцлоо.
Энэхүү уулзалт нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг үүсгэн байгуулсны 30 жилийн ойн хүрээнд REDD+-ийн хөтөлбөрийн талаар талуудад ойлголт өгөх, уг хөтөлбөр Монгол Улсын хөгжлийн зорилтуудад хэрхэн хувь нэмэр оруулах боломжтой, хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулах болон батлуулах шатуудад дэмжлэг хүлээх, санал зөвлөмж авах үндсэн зорилготой байсан юм.
БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга дарга Ц.Цэнгэл уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “БОАЖЯ байгуулагдсаны 30 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож байна. Энэхүү ойг угтан Н.Цэрэнбат сайдын санаачилгаар Монгол орны ойн санг хэрхэн нэмэгдүүлэх, үүний тулд ямар ажил хийх вэ гэдгийг тодорхойлох уулзалт хэлэлцүүлэг зохиож байгаад баяртай байна” хэмээсэн юм. Түүний дараа НҮБ-ын суурин төлөөлөгч Биата Транкман UN-REDD төсөл Монгол Улсад амжилттай хэрэгжиж, Монгол Улс уг хөтөлбөрийн ахисан түвшнийн буюу REDD+ хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаад баяртай байна” хэмээлээ.
Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга М.Тунгалагийн тавьсан илтгэл олон хүний анхаарлыг татсан бөгөөд тэрбээр “Монгол орны ой жилд 20 сая тонн хүлэмжийн хийг шингээдэг. Энэ нь бүх салбараас гаргаж байгаа нийт хүлэмжийн хийний багахан хувь учир цаашид ойн сангаа тэлэх бодлого баримталж, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх бодлогыг Монгол Улс баримтлах ёстой. Үүний тулд бидэнд үндэсний хөтөлбөр, хөрөнгө оруулалтын хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөө гэсэн 3 бодлогын баримт бичиг зайлшгүй хэрэгтэй байна. Ингэж байж манай ой хамгаалагдахын зэрэгцээ тэлэх боломж нэмэгдэнэ. Тиймээс өнөөдрийн уулзалт, хэлэлцүүлгийг Н.Цэрэнбат сайд шийдвэр гаргагчдын түвшинд хийх ёстой гэж үзсэн юм” гэлээ.
Уулзалт, хэлэлцүүлгийн явцад хүрэлцэн ирсэн хүмүүс асуулт асууж, санал хэлж байсан ба Сангийн дэд сайд Х.Булгантуяагийн “Ногоон хөгжлийн зээлийн сан байгуулах ажил дуусах шатанд ороод байна. Энэ сантай уг хөтөлбөрийг хэрхэн уялдуулах вэ” гэсэн асуултад БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Бүгд найрамдах Африк улсын Найроби хотноо болсон НҮБ-ын III ассамблейн хуралдаанаар НҮБ-ын гишүүн орны Засгийн газрууд ногоон эдийн засагт тулгуурласан бизнесийн үйл ажиллагааг дэмжих үүрэг хүлээсэн. Энэ дагуу Засгийн газраас Ногоон хөгжлийн зээлийн санг байгуулах ажлыг түргэвчлүүлэхийг ч даалгаад байна. Бид байгальд ээлтэй техник, технологийг дэмжих зорилгоор аж ахуйн нэгжүүдээ урамшуулах бодлого баримтлан ажиллана” хэмээсэн. Харин Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянгын “Уул уурхайгаас болж сүйдэж байгаа ойг хэрхэх вэ” гэсэн асуултад “Байгалийн нөөц ашигласны төлбөрийг Монгол Улс зориулалтын дагуу ашигладаггүйгээс болж уул уурхайн нөхөн сэргээлтийн асуудал хурцаар тавигдсаар өнөөдрийг хүрсэн. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн 75 хувь нь өнөөдрийн байдлаар зориулалтын бусаар ашиглагдаж байна. БОАЖГ-ын дарга нарт үйл ажиллагааных нь үнэлгээг гаргахдаа байгалийн нөөц ашигласны төлбөрөө зориулалтын бусаар ашигласан байна уу, аль эсвэл төсвийн бүрдүүлэлтэд оруулсан байна уу гэдгийг нь харгалзана гэдэг мэдээллийг хүргүүлсэн. Нөгөөтэйгүүр, уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын мэдээллийн санг УУХҮЯ-тай хамтран гаргахаар тохиролцож, ажлаа эхлүүлээд байна. Энэ мэдээллийн сан ашиглалтад орчихвол ямар уул уурхайн компани Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаагаас эхлээд хэдий хэрийн татвар төлдөг зэргээс эхлээд бүх мэдээлэл нь ил болох юм. Урилгыг маань хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Бид ойн нөөцөө хамгаалах, нэмэгдүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга замыг эрэлхийлэн шийдвэр гаргах түвшнийн хүмүүсийг энэ уулзалт хэлэлцүүлэгт урьсан юм. Бидний цаашдын зорилт амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.
REDD+ хөтөлбөрийн талаар товчхон мэдээллийг хүргэж байна
REDD+ хөтөлбөр гэж юу вэ? Ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах (REDD+), ойн санг хамгаалах, ойн тогтвортой менежмент болон ойн нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хөгжиж буй орнуудын оруулах хувь нэмрийг нь урамшуулах зорилгоор Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь Конвенцийн хүрээнд бий болсон механизм юм. Энэ механизмыг хэрэгжүүлэхэд хөгжиж буй орнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор НҮБ-ын гурван агентлагаас санаачлан UN-REDD хөтөлбөрийг 2008 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Монгол улс 2011 онд UN-REDD хөтөлбөрийн түнш орон болсон.
Монгол орны ой нь:
- - Монгол улс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг орнуудын нэг юм. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд Монгол орны уур амьсгал дэлхийн дулаарлын дундаж хэмжээтэй харьцуулахад гурав дахин өсөж, улмаар ган гачиг, гал түймэр, цэвдэг хайлахад нөлөөлснөөр уламжлалт нүүдлийн аж ахуйг эрсдэлд оруулж байна.
- - Биологийн олон янз байдлыг хамгаалах, мөнх цэвдгийг хадгалах, нутгийн иргэдийн амьжиргааг тэтгэж, мод модон материалын эх үүсвэр болох зэрэг экосистемийн, эдийн засгийн нийгмийн олон төрлийн үйлчилгээг үзүүлэлдэг бөгөөд жилд ойролцоогоор 300 сая орчим ам.доллараар үнэлэгдэхүйц экосистемийн үйлчилгээг үзүүлдэг гэсэн тооцоо байдаг (2013).
- - Орон нутгийн иргэдийн амьжиргааг тэтгэж, хувийн хэвшилд түшиглэсэн хөрөнгө оруулалтыг босгох бүрэн боломжтой салбар юм.
- - Урьдчилсан тооцоогоор жилд дунджаар 137,000 орчим га ой доройтолд өртдөг.
- - Монгол улс REDD+-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй цорын ганц бореал буюу умардын тайгын ой бүхий орон бөгөөд REDD+-ийн хүрээнд бореал ойн цоо шинэ туршлага/загвар болох боломжтой
REDD+ Үндэсний хөтөлбөр боловсруулах хэрэгцээ, шаардлага нь:
- - Монгол улс нь REDD+-ийн үндсэн 4-н бүрэлдэхүүн хэсгийг боловсруулж, бий болгох үүрэгтэй. Үүнд хүлэмжийн хийн тооллого, REDD+ Үндэсний хөтөлбөр багтдаг, энэ нь Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх нэг төрлийн дэмжлэг юм.
- - Ойн салбар нь ирээдүйд хөрөнгө оруулалт татах бүрэн боломжтой ба REDD+ Үндэсний хөтөлбөр нь энэхүү санхүүгийн, хөрөнгө оруулалтын боломжийг нэгтгэж өгөх, олон улсын донорууд болон хувийн хэвшлийнхэнд зориулсан баримт бичиг болох юм. Үүний тулд донор, хандивлагчдын шаардлагад нийцэхүйц REDD+ Үндэсний хөтөлбөртэй байх шаардлагатай.