Хүүхэд өсвөр насанд хүрэхэд тэдний бие физиологи, сэтгэл санаа, нийгэмшил, бие хүний төлөвшил зан үйлд олон өөрчлөлт бий болж, зарим нь өөртөө сэтгэл хангалуун байхад, зарим нь сэтгэл дундуур, өөрчлөлтөө хүлээн зөвшөөрөхгүй байх нь элбэг тохиолддог нь “түр зуурын хямрал” юм.
Хамгийн гол нь энэ үед өсвөр насныханд гэр бүл, сургууль хамт олон, үе тэнгийнхний зүгээс өөрийг нь ойлгож, дэмждэг тогтвортой, найдвартай, итгэлтэй харилцаа чухал байдаг. Өсвөр насныхны голлох хэрэгцээ нь үе тэнгийнхэн дотроо өөрийнхөө баттай байр суурийг эзлэх, найз нөхдийн бие биенээ дэмжсэн харилцааг мэдрэх, түүгээрээ бахархах явдал байдаг.
Мөн бэлгийн гормоны хөгжил эрчимжиж, бэлгийн чиг баримжаагаа мэдрэх, улмаар хэн нэгэнд сэтгэл татагдах, хайрлах, дурлах, шохоорхох, үерхэхийг хүсэх, сэтгэлээ хуваалцах зэрэг урьд өмнө нь хэзээ ч өөрт тохиолдож байгаагүй асуудал тулгарахад хэрхэн шийдвэрлэх аргаа мэдэхгүй, бусадтай ярилцаж зөвлөлдөхөөс ичиж эмээх, өөрийнхөөрөө шийдвэрлэх гэх мэт буруу зөрүү алхам хийх гэдэг. Нийгмийн зүгээс чи том болсон, хэдий болтол жаахан хүүхдээрээ байх гэсэн юм гэх шаардлага ч тэднийг өөрийгөө “том хүн шиг” бодож сэтгэхэд хүргэдэг тал байдаг. Томчуудад бол үг авахгүй, хэдэр зантай нэгэн болж дүгнэх нь бий. Иймд өсвөр насны хүүхдийн нас сэтгэхүйн онцлог, хэрэгцээг ойлгож, байнга ярилцаж, санал бодлыг нь сонсож байх нь чухал юм. Тэд нас сэтгэхүйн онцлог, өвөрмөц хэрэгцээ сонирхол, мэдээлэл хүлээн авч буй байдал, эцэг эхийн анхаарал халамж, найз нөхдийн харилцаа зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан асуудалд өөр өөрийн өнцгөөс хандаж, тулгамдсан асуудлаа нуух эсвэл өөрийнхөөрөө шийдэх тохиолдол цөөнгүй гардаг. Иймд эцэг эхчүүд хүүхэдтэйгээ байнга ярилцаж, тулгамдсан асуудлаа зөв шийдвэрлэхэд нь тусалж, найз шиг нь байж анхаарал халамж тавьж байх хэрэгтэй. Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй... Хүүхдийн эрхийн тухай хуулиар ...эцэг эх,асран хамгаалагчийн хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлагыг хуульчлан өгсөн байгаа. Иймд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, хүүхэдтэй ажилладаг бид тэдэнтэй ярилцаж, зөв зөвлөгөө мэдээллээр хангаж,асуудлаа зөв шийдвэрлэхэд нь тусалж, хүүхдээ сонсож байхыг хичээнгүйлэн хүсье.
Өсвөр насны охид хөвгүүдтэй эцэг эх болон багш нарт зөвлөх зөвлөгөө:
- Түүний анд нөхөр, дотны найз, зөвлөгч нь бай.
- Тэдэнд дэмжлэг үзүүлэн, тусламж, урам, сайшаал үзүүлж бай.
- Шаардлагаа ойлгуулж, хүндлэх харилцаатай хослуулах.
- Тэдэнтэй бүтээлч, илүү сонирхолтой хэлбэрээр ажиллаж анхаарлыг нь өөртөө хандуул.
- Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олго.
- Тэдний сөрөг үзэгдлүүдэд /мансууруулах бодисын хэрэглээ, залуусын сөрөг зан үйл гэх мэт/ шүүмжлэлтэй хандахдаа тоглоом, сэтгэл зүйн дасгалын аргыг ашигла.
- Тэдний хүсэл сонирхлыг хөгжүүлэх, бие даасан байдлыг нь дэмж.