Стив Морел: Би Монголд хайртай

Стив Морел: Би Монголд хайртай

Монголд юу ч байхгүй, тэмээ ямаа л байгаа. Тог усгүй газар руу явдаг ямар тэнэг хүн бэ!!!

“Эх орны манаа” сонины дугаарын зочин буланд анх удаа Францын нэгэн уран бүтээлч уригдан оролцлоо. Тэрбээр монголчуудад морин хуур хөгжмийг чадварлаг тоглон танигдаж, усыг нь уувал ёсыг нь дага гэх уриа үгтэйгээр монгол оюутнуудтай хамт эрдэм суралцаж явна. 

 

-Сайн байна уу. Эхлээд хоёулаа хилчидтэйгээ танилцъя. Бас таны Монголд хэрхэн амьдарч буй талаар ярилцлагаа эхлүүлье?

-Сайн байцгаана уу. Би Франц хүн байгаа юм. Одоо 31 настай. Гурван жилийн өмнө буюу 2014 оны аравдугаар сарын 5-ны өдөр Монголд ирсэн. Өмнө нь би гэрэл зурагчин, кино найруулагч хийдэг байсан. Францад энэ мэргэжлээрээ бараг 15 жил ажилласан. Морин хуур хөгжимд дурлаад Монголд ирсэн. Морин хуурыг, жинхэнэ монгол хөгжмийг үзмээр байсан юм. Монгол соёл маш аугаа. Монгол бичиг, уламжлал, үндэсний хувцас, хөөмий, уртын дуу, морин хуур гээд нүүдэлчдийн соёл маш баялаг учраас би Монголыг сонгосон. Монголд ирээд гэрэл зурагчин, зураглаач, хөгжимчин, морин хуурч гэх мэт өөрийн сонирхлоороо маш олон ажил хийж байна. Калиграф буюу уран бичлэгээр хүртэл бүтээл хийж байгаа. Бас ном бичиж байна.

 

-Юуны талаар ном бичиж байна вэ?

-Монгол крилл, Монгол бичиг, англи, франц хэлээр зүйр цэцэн үг, шүлэг, уртын дуу, ардын дуу орчуулж байна. Мэдээж надтай хамт мундаг багш нар ажиллаж байгаа.

 

-Францад байхдаа өөр улс орноор аялж байсан уу?

-Монголд ирэхээс өмнө өөр улс руу бараг явж байгаагүй. Герман руу нэг өдрөөр, Итали руу дөрвөн хоног явж байсан.  Өөр хаашаа ч явж үзээгүй байж байгаад анх удаа онгоцонд сууж Монголд ирсэн. Танай эх оронд ирээд анхны гэх тодотголтой маш олон зүйлийг үзэж хараад байна. 

 

-Францад байхдаа урлагийн чиглэлээр сургуульд сурч байсан уу?

-Би 18 настайдаа сургуулиа хаяж юу ч сурахгүй явж байгаад гэрэл зурагчин, кино найруулагч мэргэжлээр их оройтож сурсан. Ингэхдээ сургуульд сураагүй бие дааж өөрөө сурсан юм. Яагаад гэхээр манай аав, ээж тийм ч баян байгаагүй. Тиймээс урлагийн сургуулийн төлбөрийг төлж чадаагүй. Ингээд өөр сонголтгүй электроникийн сургуульд сурсан. Гэхдээ би урлагийн хүн болмоор байсан ч аав, ээж маань дэмжээгүй. Чи хэзээ ч урлагийн хүн болж чадахгүй, өөр юм хий гэдэг байсан. 

 

-Монгол руу ирнэ гэхэд аав, ээж тань дэмжсэн үү?

-Мэдээж үгүй. Монголд эхний хоёр жил маш хэцүү байсан шүү. Монголд ирэхээс нэг жилийн өмнө би их өөрчлөгдсөн. Бурхны шашин судалж, иогоор хичээллэж эхэлсэн. Өөрийн амьдралын тухай, өөрийнхөө тухай маш их бодсон. Арван жилийн турш өдөр бүр багадаа 20 цаг компьютерийн ард суусан байсан. Ажил гэж явсаар бие муудаж зүрх зогсоод эмнэлэгт хүргэгдсэн. Тэр үед би бодсон. Байнга ажиллаж байгаа хэрнээ эргээд харахад надад найз нөхөд, гэр бүл, эрүүл мэнд байхгүй байсныг олж харсан. Энэ бол амьдрал биш шүү дээ. Ингээд өөрчлөхийг хүсэж ажлаасаа гарсан. Энэ үед манай аав, ээж “Стив чи хэн болчихов, чи манай хүү биш ээ” гэж гайхаж байсан. Дараа нь Монгол руу явсан бүр их уурласан. “Чи яагаад тийм хол явж байгаа юм бэ, аав ээжээсээ ингэж холдох хэрэг байна уу. Монголд юу ч байхгүй, тэмээ ямаа л байгаа. Тог усгүй газар руу явдаг ямар тэнэг хүн бэ” гээд миний сонголтыг хүлээж аваагүй. /Инээв/

Одоо гайгүй холбоотой байгаа. Монголд машин байна, тог байна. Би зурагтаар жоохон гарсан. Миний зорилго одоо бодит болж байна. Өмнө нь өөрөө юу хийхээ ч сайн мэдэхгүй байсан. Одоо бага багаар тодорхой болж байна. Дээрээс нь мөнгөний асуудалтай байсан. Яагаад гэхээр надад ажил байхгүй, морин хуур сайн тоглож чадахгүй. Тиймээс сургуулийн төлбөр, байрны түрээсийн төлбөр гээд эхний хоёр жил үнэхээр хэцүү байсан. Харин аав ээж маань одоо бараг л дэмжиж байгаа. /Инээв/

 

-Монголыг зорих санаа хаанаас төрсөн юм бол?

-Нэг хүн надад хөгжмийн цомог өгсөн юм. Энэ цомогт Тува хөгжим байсан. Гэхдээ хөөмийтэй, морин хуур шиг икэлтэй байсан. Анх удаа хөөмий сонсоод маш сонин мэдрэмж төрж гайхсан. Дараа нь интернэтээс нэг том биетэй Монгол залуу уулан дээр морин хуур тоглож байхыг харсан. Бөх эсвэл баатар шиг л харагдсан. Уламжлал гэж мэдэхгүй ч харагдах байдал нь намайг маш их татсан. 

 

-Энд ирэхэд чинь тоссон хүн бий юу. Хөлөө олох гэж хэр их удсан бэ?

-Би нэг монгол хүнтэй хамт ирсэн. Тэр хүн надад хөтөч болохоор тохирсон л доо. Би ч мөнгө төлсөн. Гэтэл онгоцноос буугаад л алга болсон доо. Надад ийм явдал зөндөө тохиолдсон.

 

-Одоо хэнтэйгээ амьдардаг вэ?

-Ганцаараа амьдарна. Найз нөхөд, гэр бүл байхгүй учир бүгдийг ганцаараа хийж байгаа. Гэхдээ надад морин хуур бий.

 

-Сургуульд сурч байгаа гэсэн шүү дээ. Хаана сурч байгаа вэ?

-Монгол Улсын гавьяат багш, их эрдэмтэн, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Чой.Лувсанжавын Хэл иргэншлийн дээд сургуульд уран зохиол монгол хэлний багшийн мэргэжлээр сурч байгаа. Бас монгол бичиг заалгаж байна.

 

-Одоо хэддүгээр дамжаанд сурч байна вэ? 

-Хоёр жил хагасын өмнө би сургуульд элссэн. Гадаад хүн учраас хэлний бэлтгэл гэж нэг жил, тэгээд дөрвөн жил сураад төгсөнө байх гэж бодож байна. Одоо би нэгдүгээр курсэд сурч байна. 2020 онд сургуулиа төгсч магадгүй. Хэрвээ надад дахиад эхлэх боломж байвал би өөр сонголт хийх болно. Магадгүй нэг жил зөвхөн монгол хэлний сургалтын төвд сурч, дараа нь энэ сургуульд суралцах байсан юм билээ. Гэхдээ одоо энэ сургалтын төвд давхар суралцаж байгаа.

 

-Монголд байх хугацаандаа эрүүл мэнддээ хэрхэн анхаарч байна вэ?

-Би ууланд алхаж байгаа. Маш дуртай. Иогоор бага зэрэг хичээллэдэг. Хаашаа ч явсан үүргэвчээ үүрээд тэмээ шиг алхаад л явна даа. Долоо хоногийн гурваас дөрвөн өдөрт цагаан хоол идэж байна. Ингэж л эрүүл мэнддээ анхаарч байгаа. 

-“Би Монголд хайртай” нэвтрүүлгээр таныг монголчууд мэддэг болсон байх. Энэ нэвтрүүлэгт орохоос өмнө болон хойно ямар нэг ялгаа гарсан уу?

-MNC телевизийн энэ нэвтрүүлэгт орсноор би жоохон алдартай болсон. Хүмүүс мэндэлж, хамт зургаа авхуулахаас өөр ямар нэгэн өөрчлөлт миний амьдралд гараагүй. Нэг хэцүү зүйл нь надад одоо хүнтэй найзлах маш хэцүү байгаа. Яагаад гэхээр хүмүүс намайг алдартай бас завгүй гэж боддог. Олон хүмүүс чи мундаг шүү гэх зэргээр бичдэг ч тэрнээс цаашилдаггүй. Мэдээж би найзтай болмоор байна. Гурван жил монголд амьдарлаа. Кино үзмээр байна, биллъяард тогломоор байна. Гэтэл дотны найз нэг ч байхгүй шүү.

 

-Хамт суралцаж байгаа оюутнуудаасаа найзтай болоогүй юу?

-Надтай хамт суралцаж байгаа хүүхдүүд 16, 17 насныхан, харин би 31 настай. Надад тэд жоохон хүүхдүүд шиг санагддаг. Гэхдээ сургууль дээр бол ганцаардах нь гайгүй. 

 

-Улаанбаатарт амьдрах танд ямар санагдаж байна вэ?

-Би хүнд амархан итгэдэг. Энэ зангаасаа болж маш олон хүнд хууртагдсан. Олон хүн надад ажил бүтээж өгнө гээд надаас мөнгө аваад алга болсон. Зарим нь гадаад хүн болохоор баян гэж боддог юм шиг байна билээ. Фэйсбүүкээр мөнгө зээлээч, туслаач гэсэн мэссеж их ирдэг. Таксинд суухад хүртэл хэцүү байдаг. Сансарын автобусны буудлаас Сүхбаатарын талбай ороход угтаа 1000-1500 төгрөг төлнө. Гэтэл анх би 10 мянга төгрөг төлсөн. Бас нэг удаа би Рамада зочид буудалд тоглолтонд оролцчихоод их дэлгүүр хүртэл такси барьсан. Маш ойрхон газар шүү дээ. Гэтэл надаас таван мянган төгрөг нэхсэн. Энэ саяхан болсон явдал юм. Юу гэж таван мянга гарах юм бэ, би монголд амьдардаг, хэд гарч байгааг мэднэ шүү дээ гэтэл “За тэгвэл гурван мянгыг өгчих” гэхээр нь км-ын хараад хоёр мянга гарах юм байна шүү дээ гэтэл “За за, чиний зөв. Хоёр мянгыг өгчих” гэж байсан. Иймэрхүү зүйл гадаад хүмүүст байнга тохиолдоно. Миний монгол хэл мэдээж сайн биш ч би монголд амьдарч байгаа учраас хэлээ бага багаар сайжруулна гэж боддог. Монгол соёл уламжлалыг би маш их хүндэлдэг. Гэхдээ монголчууд биднийг хүндэлдэггүй. Миний царай мэдээж өөр л дөө. Тэгэхээр хүн шиг хүлээж авдаггүй. Үүнд би сэтгэлээр их унасан. 

 

-Ингэхэд морин хуурыг хэнээр заалгав?

-Морин хуурыг хэд хэдэн багшаар заалгаж байсан. Бүжигмаа сантаро бол миний анхны багш. Тэр СУИС-ийг төгссөн юм билээ. Одоо Францад амьдарч байгаа. Би Францад амьдарч байхдаа түүнтэй уулзаж морин хуурын үндэс буюу анхны мэдлэгийг заалгаж байсан. Монголд ирсэний дараа хүмүүс надад морин хуур зааж өгнө гээд мөнгө аваад бас л зааж өгөөгүй. Тэгээд байж байтал Жонон хамтлагийн Д.Мөнхсайхан надад хамгийн анх тусалж, дэмжсэн. Ямар ч төлбөр авахгүй зааж өгсөн. Тогтмол хичээллээгүй ч олон зөвлөгөө өгч тусалсан. Дараа нь би Домог хамтлагийн Д.Шинэцогтой нэг жил хичээллэсэн. Ингээд онол сурмаар байсан ч Д.Шинэцог надад онол зааж өгөх сонирхол байгаагүй учраас би СУИС-ийн багш О.Баттөгсөөр бараг хагас жил заалгасан. Одоо надад багш байхгүй. Хоёр сургуульд сурч байгаа болохоор зав жоохон муу байна. Гэхдээ бас хоосонгүй цуур, хөөмий сурч эхэлж байгаа.

 

-Интернэтэд таны хичээлүүд байхыг харсан. Та өөрөө бараг морин хуурын багш болчихсон юм биш үү?

-Би бараг дөрвөн жил морин хуур сурч байгаа. Мундаг хүмүүсээр зөв заалгаж сурсан. Тиймээс сайн давтаж, цааш сурч, судлах хэрэгтэй. Яагаад гэхээр гадаад хүмүүс морин хуурыг буруу, маш муу тоглодог. Гадагшаа Монголын тухай мэдээлэл ховор шүү дээ. Хэрвээ мэдээлэл байвал зөв тоглох байх. Дээрээс нь монгол хэлийг гадаад хүн мэдэхгүй. Тиймээс багш байхгүй, мэдээлэл байхгүйгээсээ болж буруу сурдаг. Зарим хүмүүс надаас хэрхэн тоглох тухай нарийвчлан асууж байсан. Тэгэхэд нь би видео хийхээр болсон юм. Миний видео 1500 орчим үзэгчтэй. Хүмүүст бага зэрэг тус хүргэж байгаа гэж бодож байна. Морин хуур гэдэг үнэхээр гайхалтай. Хэрвээ бүх хүмүүс буруу сурвал хэсэг хугацааны дараа нь тэр жинхэнэ морин хуур шиг болох болно гэж боддог. Тиймээс би өөрөө сайн судалж мэдсэн байх ёстой. Гэхдээ би зааж өгөөгүй. Зөвхөн сурсанаа өөр хүмүүст үзүүлж байгаа хэрэг. Энэ маш чухал. Яагаад гэвэл би морин хуурч биш, багш ч биш. Ямар ч сургууль төгсөөгүй байж багш гэж хэлж болохгүй. Гэхдээ би дөрвөн жилийн хугацаанд монголд олон зүйл сурсан.

 

-Морин хуураар хэдэн аялгуу эгшиглүүлж байна вэ?

-60-аад ая сурсан. Гэхдээ сайн давтаж байхгүй бол мартчихна.

 

-Монгол бол аугаа түүхтэй орон. Тиймээс ард иргэд нь үргэлж л түүхээрээ бахархаж, омогшиж байдаг. Франц ч бас дэлхийн соёлын төв болсон, хүн төрөлхтөнд олон зүйлийг таниулж мэдүүлсэн гайхамшигтай улс шүү дээ. Манайхан шиг бахархдаг уу?

-Үгүй. Бид даруухан. Гэхдээ их нээлттэй. Манай соёл дэлхийд магадгүй хамгийн сайн урлагийн соёл. Гэхдээ бид өөрсөддөө бардаж ярьдаггүй. Өөрсдийнхөө хийж байгаа зүйлд үргэлж шүүмжлэлтэй хандаж илүү сайныг хийхийг хүсдэг. Харин монголчууд надад жоохон бүдүүлэг санагддаг. Саяхан би Морин хуурын чуулгын тоглолтыг үзсэн юм. Тоглолт цагтаа эхэлж бүх дуугаралт цэвэр чанартай сонсогдох ёстой гэж бодож байлаа. Морин хуурын чуулга бол мэдээж мундаг. Гэхдээ энэ тоглолтон дээр би морин хуур сонсож чадаагүй. Яагаад гэвэл дууны инженер маш муу. Төгөлдөр хуур, бөмбөр хоёр нь чанга сонсогдоод байгаа хэрнээ морин хуур байхгүй шүү. Нэг төгөлдөр хуур, 20 морин хуурч байгаа шүү дээ. /Инээв/ Эхний хэсэг дээр микрофон байхгүйгээс дуу байгаагүй. Гэтэл монголчууд заза хамаагүй гэж хүлээж авсан. Тэгээд сууж байтал тоглолтон дундуур нэг үзэгч “Байна уу, сонин сайхан юу байна” гээд арван минут найзтайгаа утсаар ярьж эхэлсэн. Тийм бүдүүлэг авир уг нь гаргаж болохгүй шүү дээ. Яагаад гэвэл энэ чинь соёл, урлаг байхгүй юу. Манай Францад төрөөс урлагийг дэмжиж маш их мөнгө өгч байсан. Харин Монгол эсрэгээрээ төрөөс урлагийг дэмждэггүй. Энэ жоохон харамсалтай санагддаг.

 

-Монголд хичнээн Францын иргэн амьдарч байгаа бол. Тэд нартай холбоотой байдаг уу?

-Монголд амьдардаг 150 орчим франц байдаг юм билээ. Холбоотой байсан найзууд маань Монголоос явчихсан. Францчууд монголд зөвхөн бизнес хийхээр эсвэл уул уурхайн чиглэлээр ажиллахаар ирдэг. Би тийм хүмүүстэй уулзмааргүй байна. Яагаад гэвэл би Монголд хайртай. Тэр хүмүүс Монголыг сүйтгэж байна. Тиймээс би холбоо тогтоохыг хүсэхгүй байна. Дээрээс нь тэд их баян болохоор надтай холбоо тогтоохыг ч хүсэхгүй.

 

-Хөдөөгөөр мэдээж явж үзсэн биз дээ. Монголын хөдөө танд ямар санагдсан бэ?

-Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Увс, Ховд гээд аймгуудаар аялсан. Хөдөө ёстой гайхалтай. Хөдөө намайг хүн шиг хүндэлж харьцаж байсан. Хөдөөнийхөн хотынхоос илүү соёлтой. Гадаад хүмүүсийг таван минут ажаад л гэр бүлийнхээ нэг гишүүн болгочихдог. Үнэхээр гайхалтай. Гэхдээ мэдээж хотод муу хүн, хөдөө сайн хүн байдаг гэсэн үг биш. Надад ажиглагдсан нийтлэг зүйлээ л хэлж байгаа юм шүү. Би хөдөөний хүмүүсийг их хүндэлдэг. Тэд нар хосгүй мундаг бас хөдөлмөрч. Энэ хүмүүсээс би урам зориг их авсан.

-Франц улсад цэргийн албыг эрчүүд нь хэрхэн хаадаг вэ?

-Манайх их хөгжилтэй. Цэргийн албыг эрчүүд хоёр өдөр хаадаг. Өмнө нь нэг, хоёр, гурван жил гээд байсан. Нэг Ерөнхийлөгч гарч ирээд нэг жилийг хоёр өдөр болгочихсон. Эхний өдөр нь танилцуулга хийж, хоёр дахь өдөр нь анхан шатны тусламж хэрхэн үзүүлэхийг заадаг. Тэгээд та цэрэгт явмаар байна уу, үгүй юу гэж саналыг нь асуугаад явах хүсэлтэй нь үргэлжлүүлээд нэг жил алба хааж, хүсээгүй нь халагдана. Ингэхдээ аав ээжийн зөвшөөрөл бас хэрэг болно. Би үргэлжлүүлээд алба хаахыг хүссэн ч аав ээж зөвшөөрөөгүй учир явж чадаагүй. Ингээд хоёр өдрийн алба хаагаад дуусмагц дүн тавьсан цаас өгөөд хална даа. /инээв/

 

-Францын цэрэг, цагдаагийн хүчнийхэн монголоос хэр өөр байдаг вэ?

-Францынх том буу үүрсэн, хүмүүст дарамт үзүүлсэн хүмүүс байдаг. Монголын цэргийнхэнийг би наадмаар жагсаж байхыг харсан. Их гоё харагдсан. Морьтой цэргүүд надад сонирхолтой санагдсан. Өөр нарийн зүйлсийг сайн хэлж мэдэхгүй байна.

 

-Та хүмүүст нутгийнхаа тухай ярих дуртай юу?

-Би франц хоолны тухай, урлаг, экологийн тухай хүмүүст ярьдаг. Энэ гурван сэдвээр л хүмүүстэй ярилцдаг. Гэхдээ би Монголын тухай ярих л их дуртай. 

 

-Франц хоол хийх урлагаас та интернэтээр бас хуваалцсан байсан. Хоол хийх дуртай юу?

-Францаас ирээд удаагүй байхад манай гэрт зочид ирсэн юм. Би гарын хоолоо бэлтгээд өгтөл маш амттай болсон байна. Хоолны газар нээ, эсвэл багшил гээд байсан. Тэгэхээр нь хоол хийх тухай фэйсбүүк хуудас нээгээд хуваалцсан чинь хүмүүс сонирхоогүй. Одоо би франц хоолоо мартаад ногоотой шөл, банштай шөл хийж байгаа даа. /Инээв/

 

-Та Монголд хэр удаан амьдрахаар төлөвлөж байна вэ?

-Уран зохиолын багшийн дипломоо гардан авсны дараа Хөгжим бүжгийн консерватурт ормоор байна. Эндээс морин хуурын дипломтой болмоор байна. Энэ бол миний монголд амьдарч байгаа зорилго. 

 

-Мөрөөдлийг тань сонирхож болох уу?

-Морин хуурын чуулгад ажилламаар байна. Дараа нь дэлхийгээр аялмаар байна. Өөрийнхөө хуурцаг, номыг гаргаж, морин хуур болон монголын соёлын тухай олон хүнд таниулах лекц хиймээр санагддаг. Яагаад гэхээр монголын соёлын тухай буруу мэдээлэл түгээгчид их олон байна. Гадаадад  ардын хөгжмийн хамтлаг гэсэн хэрнээ гитар, модерн хөгжмийг ардын хөгжимтэй хослуулан тоглочихоод бид ардын хөгжмийн хамтлаг гэдэг. Би ийм зүйлд үнэхээр дургүй. Ардын хөгжимд гитар байхгүй шүү дээ. Ардын хамтлаг гэхээр мөнгө өгдөг болохоор хүмүүс худал хэлдэг. Үнэн байх ёстой биз дээ. 

 

-Ингэхэд хүмүүс танаар гадаад хэл заалгая гэж ханддаг уу?

-Өдөр бүр тийм санал ирнэ. Би хэлний багш биш шүү дээ. Энэ бол мэргэжил. Би онгоц жолоодож чадахгүй шүү дээ. Үүнтэй адил хэлний багш хийж чадахгүй. Хэл бол маш чухал. Би эхний нэг жил монгол хэлийг буруу сурсан. Миний хэлийг одоо засах маш хэцүү.

 

-Одоо танд хэдэн морин хуур байдаг вэ?

-Надад долоон морин хуур бий. Анхны морин хуураа анхны багшаасаа авсан. Энэ нь сувинерэн морин хуур байсан. Ширэн цартай, ямааны толгойтой морин хуурыг би францаас авч байсан. Гэхдээ монгол урлаач хийсэн байсан. Дараа нь монголд ирээд модон цартай нэг морин хуур авсан. Бас би өөрөө нэгийг хийсэн. Үүний дараагаар нь нэг урлаачаас дахиад нэгийг авсан. Ширэн цартайг авчихаад надад тохиромжгүй байсан болохоор буцаагаад зарсан. Би нэг урлаачтай хамтраад хоёрыг хийсэн. Сүүлд хийсэн хоёр нь одоо миний хэрэглэдэг хөгжим юм. Үнэхээр гайхалтай болсон. Энэ хоёр морин хуур миний “гэргий” шиг л байдаг. Одоо өөр хөгжим ч хэрэггүй болсон. /Инээв/

 

-Модон болон ширэн цартай хоёр “гэргийтэй” болсон байна шүү дээ?

-Тийм ээ, сонгодог хөгжимд модон цар хэрэгтэй. Дууны чадвар нь өөр байдаг. Уртын дуу, татлага зэрэгт ширэн цар тохиромжтой байдаг. Хөгжийн зохиолч Б.Шарав, Н.Жанцанноров, Ш.Өлзийбаяр нарын аялгуу бол гайхалтай шинэ монгол зохиол. Гэвч ширэн цартай хуур дээр тохиромжгүй. Тиймээс хоёр өөр хууртай байгаа юм.

 

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Мундаг уран бүтээлч болчихсон шинэ уран бүтээлүүдээрээ эргээд уулзахыг ерөөе.

-Баярлалаа. Монголд амьдрах хэцүү санагдаж шантрах үе байсан ч морин хуур тоглох чин хүслээ санаж өдийг хүртэл явлаа. Би морин хууранд үнэхээр их хайртай. Морин хуураа тоглоод нулимс унагаж байсан өдөр ч бий.  Гэхдээ би их өөдрөг хүн. Таны ерөөл биелэнэ гэдэгт итгэж байна.

 

Ярилцсан С.Отгонцэцэг

62
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,053

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419