Шадар сайд Ө.Энхтүвшин Шадар сайдын мэдэлд харьяалагддаг дөрвөн газрын нэг болох Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын ажил байдалтай танилцаж, үүрэг даалгавар өгсөн байна.
Тэрээр “ШӨХТГ нь энгийнээр хэлбэл, хүмүүст тусалж зөвлөдөг байгууллага юм. Урьдчилан сануулж, мэргэжлийн зөвлөгөө өгсөөр байтал удаа дараа хууль зөрчин хэрэглэгчдийг чирэгдүүлсэн байгууллагуудад хариуцлага тооцох нь зөв. Гэхдээ ШӨХТГ давын өмнө дарамталдаг, торгодог газар биш, туслан зөвлөдөг, залруулдаг байгууллагын зарчмаар ажиллаж байгааг дэмжиж байна. ШӨХТГ-ын ажлын эцсийн үнэлгээг хэрэглэгчид өгнө. Ажилтан албан хаагчиддаа болон аж ахуйн нэгж, байгууллагуудад өндөр шаардлага тавихын тулд эхлээд өөрсдөө хууль биелүүлж, сахилга бат, ёс зүйг чанд сахиж ажиллах ёстой. Эс бөгөөс ШӨХТГ-ын үйл ажиллагаа хүмүүст эргэлзээтэй санагдана” гэж хэлсэн юм.
Дашрамд дурдахад, ШӨХТГ-ын байгуулсан “Хэрэглэгчийн төв” нь Засгийн газрын 11 дүгээр байрны нэгдүгээр давхарт байрладаг бөгөөд 1800-1284 дугаарын утсаар хэрэглэгчдийн гомдол, саналыг хүлээн авдаг болжээ. Өдөрт 140 орчим дуудлага тус дугаарт ирдэг байна. ШӨХТГ-ын дарга Б.Лхагвын хэлснээр, нийт дуудлагын тал хувь нь оршин суугчдаас ирдэг бөгөөд тэд Сууц өмчлөгчдийн холбооныхоо үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлдэг байна.