Монгол орны ой, хээрийн түймрийн эрсдэлийн орон зайн тархалтын газрын зураг зохиогдон гарчээ
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны санаачлага, дэмжлэгтэйгээр мэргэжлийн судлаач, эрдэмтэд хамтран ажилласны үр дүнд Монгол орны ой, хээрийн түймрийн эрсдэлийн орон зайн тархалтын 1:1,500,000 масштабтай зураг, түймрийн эрсдэлийн бүсэд байрлах аймаг тус бүрийн 1:500,000 масштабтай сэдэвчилсэн зургийн эх зохиогдож анх удаа хэвлэгдэн гарчээ.
Өргөн уудам газар нутагтай манай орны хувьд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түймрийг эрт илрүүлэх, унтраах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхэд геомэдээллийн технологийг ашиглах нь хамгийн оновчтой шийдэл болж байна. Одоогийн байдлаар зайнаас тандан судлалын аргыг түймрийн илрүүлэлтэд өргөнөөр ашиглаж байгаа бөгөөд геомэдээллийн системийг ашиглан ой, хээрийн түймрийн эрсдэлтэй бүсийг тодорхойлох ажил эхлэл төдий байна.
Иймд шинээр хэвлэгдэн гарч буй эдгээр зургуудыг ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, түймэртэй тэмцэх ажлын менежментийг боловсронгуй болгох, түймэрт шатсан талбайн тархалт, түймрээс учирсан хохирлыг тогтоох, тооцох зэрэг үйл ажиллагаанд ашиглах боломжтой болж байна.