Гудамжинд амьдардаг 614 хүний хурууны хээг авч, эрүүл мэндийн үзлэгт хамруулжээ
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар Цагдаагийн байгууллагад даалгасан ажлыг хэрэгжүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас “Гэр оронгүй, тэнэмэл иргэд болон хараа хяналтгүй хүүхдүүдийг бүртгэлжүүлэх, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулах нэгдсэн ажиллагааны төлөвлөгөө” гарган ажиллалаа.
Дээрх ажлын хүрээнд гэр оронгүй, тэнэмэл иргэд болон хараа хяналтгүй хүүхдүүдийг илрүүлэх, бүртгэл судалгаанд авах, эмнэлгийн үзлэгт хамруулан анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх эцэг эх, асран хамгаалагчийг олж тогтоох, хүлээлгэж өгөх, нийгэмшүүлэх, нийгмийн хамгааллын төв болон төрийн бус байгууллага, халамжийн төвд хүлээлгэж өгөх, эрх зүйн зөвлөгөө өгөх зэрэг ажлыг Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төв, Улаанбаатар нийгэмлэг, Гэр бүл, хүүхэд хөгжлийн газар, "Энэрэл" эмнэлэгтэй хамтран зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд нийслэлийн хэмжээнд тэнэмэл байдлаар амьдардаг 614 хүнийг олж тогтоон гарын хээг санд бүртгэн эрүүл мэндийн үзлэгт хамруулж, сүрьеэгийн тандалт шинжилгээнд 250 хүн, ДОХ-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд 38 хүнийг хамруулж, амь нас эрүүл мэнд, аюулгүй байдлыг нь хангах зорилгоор архины эмчилгээнд 61 хүн, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвд 152 хүн, Хан богд төрийн бус байгууллагад 10 хүн, Шинэ амьдрал төрийн бус байгууллагад 10 хүнийг тус тус байршуулан ажиллав.