Манайхан харийн оронд хулгайн хэрэг их үйлддэг. Соёлтой, ард иргэд нь орлоготой, орлого нь амьдралд хүрэлцээтэй оронд хулгайн хэргийн гаралт бага байдаг. Гэтэл тийм оронд мэр сэрхэн гарч буй хулгайн хэргийг монголчууд үйлдэж байна.
Нэгэн жишээ татахад, Тайваньд хулгайн хэргээр саатуулагдсан С.Анхбаяр хэмээх монгол залууд Тайпей хотын Дээд шүүх 19 сарын хорих ял оноолоо.
Монгол залуу шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа хэлсэн. Магадгүй тэр метрон дотор зорчигчийн түрийвч суйлах гэмт үйлдлээ Монголд хийсэн бол 19 сарын хорих ял авахгүй байсан байх. Манайд автобусан дотор хүний түрийвч хулгайлаад баригдахаараа "Ах аа уучлаарай" гээд л зүгээр өнгөрч байна. Яг энэ сэтгэхүйгээр харийн нутагт хандаж, гэмт хэрэг хийж байна. Тэгээд түүндээ тохирсон шийтгэл авахаараа хэлмэгдсэн хүн шиг аашилцгааж байна. Үнэндээ хулгайлсан мөнгөө буцааж өгсөн ч хулгайлуулсан хүн хохирч үлддэг.
Цаг хугацаа, сэтгэл санаа, ажил төрөл гэх мэт олон зүйлээрээ хохирдог. Монгол залуу Анхбаяр Тайваньд жуулчны визээр очиж, нийслэл Тайпей хотын метронд зорчигчийн түрийвч хулгайлснаас нийтдээ 50 мянга гаруй ам.долларын хохирол учирсан гэж тооцжээ. Тиймээс түүнд 1 жил 7 сарын хорих ял оноолоо.