Японы “Чукёо” телевизийг “баздаг” Монгол эмэгтэй
О.Хонгорзул хэмээх энэ эмэгтэй Японы “Чукёо” /Chukyo/ телевизийн мэдээллийн хөтөлбөрийн даргаар ажилладаг юм.
Өнөөдөр дэлхийн даяар 200 мянга гаруй монгол хүний “гадаад хүн” гэсэн нэр зүүн амьдарч байна. Харийн оронд ажиллаж, амьдарч, сурч буй монголчууд нэгэн цагт эх орондоо ирж, Монгол Улсын эдийн засаг, цаашдын хөгжилд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулах нь зайлшгүй.
Хүний нутагт амжилт, хөдөлмөрөөрөө ялгарч буй монгол хүн олон бий. Тэднээс О.Хонгорзул хэмээх “Наран ургах орон”-д ажиллаж байгаа нэгэн эмэгтэй талаар хүргэе. Түүний ажиллаж буй “Чукёо” телевизийн суваг нь ирэх онд 50-н жилийнхээ ойтой золгох бөгөөд 11 сая гаруй үзэгчтэй. О.Хонгорзул энэ телевизэд хариуцлагатай албан тушаал хашиж, тус телевизийн 11 сая гаруй үзэгчийн юу үзэхийг шийдэж байна.
Тэр телевизийнхээ өдөр тутмын мэдээ мэдээллийг хариуцах хэмжээнд хүртлээ багагүй зам туулжээ. Анх сурвалжлагчаар ажилд орж мэдээ бичих, засах, бэлдэхээс өгсүүлээд бүхнийг анхнаас нь хийж сурчээ. О.Хонгорзул Японы Очаномизугийн их сургуулийг төгсч ирээд МУИС-д мастерт сурчээ. Гэсэн ч тэрбээр Японыг дахин зорьж, “Чукёо” телевизэд шалгалт өгч тэнцэж, гурван жил хагас цагаар ажиллажээ. Харин 2008 оноос тус телевизийн мэдээллийн хөтөлбөрийн даргаар ажиллаж байгаа юм.