Хятад Улс шинэ систем хэрэглэнэ
Улс бүрийн иргэдийн итгэл даах түвшин өөр өөр байдаг билээ. Хойд Европын иргэдэд хамгийн их итгэж болмоор боловч АНУ, Бразил, Перу улсын иргэдэд итгэхэд бэрх гэж үздэг. Итгэл нь нийгэмд нэгэнт тогтсон бол удаан хугацаанд хадгалагдан оршсоор байдаг байна.
Хятадад сүүлийн жилүүдэд гарч буй өргөн хүрээнд тархсан, өндөр түвшний авлигын хэргүүд нь иргэдийн итгэл даах чадварын асуудлыг авч үзэхэд хүргэж байгаа юм. Энэ асуудлыг үр дүнтэй шийдвэрлэх үүднээс тус улсын удирдагч нар өндөр түвшний мэдээллийн сан, алгоритмыг ашиглан орчин үеийн аргаар 1.3 тэрбум иргэдийнхээ дунд “чин сэтгэлийн соёл”-ийг дэлгэрүүлэхээр төлөвлөж байна.
Хятадын Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй шинэ систем нь “Нийгмийн итгэл” нэртэй байх бөгөөд одоогоор боловсруулалтын шатанд байгаа аж. Уг систем иргэн бүр хэр итгэл даах чадвартайг нь тогтоон оноо өгөх юм байна. Өндөр оноо авсан иргэдийг урамшуулж, бага оноотойг хар жагсаалтад оруулах, эрхийг нь хязгаарлах зэргээр шийтгэл ногдуулна. Хятадын Засгийн газар 2020 он гэхэд тус системээр дамжуулан итгэл даах чадвар нь өндөр байсаар байгаа иргэдээ бүхий л талаар дэмжиж, харин итгэл эвдсэн бага оноотой иргэдийг дэмжихгүй аж.
Одоогийн байдлаар хүний ямар зан чанар, үйлдэл итгэл даах чадварыг нь тодорхойлохыг тогтоох боломжгүй байгаа хэдий ч Засгийн газрын зүгээс иргэдийн татвар төлөлт, банкны мэдээлэл, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байдал зэрэг бүх төрлийн мэдээлэл цуглуулж нэгтгэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.