Америкийн сэтгүүлч Энн Бэйлигийн сурвалжлага
Хүүхэд уйлсан ч түүний ээж цай чанаж, зуухаа эргүүлдэнэ. Хүнд эсгийгээр хучсан гэр дотор ааруул, утааны үнэр холилдон үнэртэнэ. Гэрт уйлж буй хүүхдээс арай том хоёр хүү гадаа тоглоно.
Энэ бол нүүдэлчин амьдралтай Монголын тал нутагт олон зууны өмнөөс байсаар ирсэн дүр зураг.
Харин одоо Монголд юмс хурдан өөрчлөгдөж байна. Нүүдэлчид зөөврийн сууц /гэр/-аа авч нийслэл Улаанбаатарт ирж, хашаа хатгаж, нийслэлийн шороон замуудтай гэр хорооллыг тэлж байна.
Хэдэн жилийн өмнө зуднаар малаа алдсан энэ айл Улаанбаатарт ирсэн.
Тэднийх ганцаархнаа биш бөгөөд тухайн үед Ж.Эрдэнэбаярынх шиг олон айл малаа алдаж Улаанбаатарт иржээ. Малчдын Улаанбаатар уруу нүүх энэ явдал одоо ч гэсэн болсоор байгаа.
Одоогийн байдлаар Улаанбаатарт 200 мянга гаруй малчин өрх ирж суурьшаад байна
Зуд Монголд хэдэн жилийн хугацаатай болдог байсан ч цаг уурын өөрчлөлтийн улмаас давтамж нь улам бүр ойртжээ. Үүний улмаас уламжлалт мал аж ахуй эрхлэх хүмүүсийн тоо буурч, шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, утааны асуудал хурцаар тавигдах боллоо. Ялангуяа өвөл энэ байдал улам бүр нэмэгддэг. Өвлийн улиралд Улаанбаатарын хотын дээр саарал өнгөтэй утаан бүрхүүл үүсдэг. Энэ бүрхүүл айл өрхүүд дулаацахын тулд гал түлснээс бий болдог. Мэдээж тэдний ихэнх нь нүүрс түлдэг. Харин цөөн хэсэг нь дугуй, хуванцар гэх мэт зүйлс түлдэг.
Зуухны хажууд суух энэ хүүг М гэдэг, найман сартай. Ийм зуух мод, аргал түлэх зориулалттай ч айлууд үүнд гол төлөв нүүрс /агаарын бохирдол хамгийн ихээр бий болгодог түлш/ түлдэг
Зөвхөн мод, аргал л түлэх зориулалтаар бүтээгдсэн ийм уламжлалт зууханд нүүрс түлэх нь үр ашиг муутайгаас гадна маш их бохирдол үүсгэдэг. Үүн дээр автомашинуудын утаа, цахилгаан станцын утаа, аж үйлдвэрүүдийн утаа нэмэгдээд уулсаар хүрээлэгдсэн Улаанбаатарыг өвлийн хүйтэн агаарт дээш хөөрөх боломжгүйгээр дарагдан иргэдийг нь хордуулж байна. Эдгээр шалтгаануудын улмаас 1.4-хэн сая иргэнтэй Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийд толгой цохидог Бээжин, Мумбайгаас илүү бохир агаартай байна.
Эрдэнэбаярын гэр бүл өвлийн улиралд ганцаархнаа гурван тонн нүүрс түлдэг. Тэр гэрээ дулаацуулж буй энэ аргыг эрүүл бус гэдгийг мэдэх ч түүнд үүнээс өөр арга байхгүй.
Ж.Эрдэнэбаяр Улаанбаатар дахь гэртээ найман сартай М хүүгийнхээ хамт. Тэр зуднаар хамаг малаа алдсаны улмаас Улаанбаатарт ирж ажил хайхаас өөр аргагүй болжээ
“Нүүрс түлэх л ганц сонголт байна. Монголд хийн халаалт байхгүй, цахилгаанаар халаая гэхээр хэтэрхий өндөр үнэтэй” гэж Эрдэнэбаяр хэллээ.
Монголын Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах ажилд багагүй хөрөнгө зарж гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч энэ үйл явц удаашралтай байна.
Энэ зуур Монголд дэлхийн дулаарлын нөлөөгөөр цөлжилт хурдацтай явагдаж, мал идэх өвсгүй болж, хоргодож байгаагаас малчид Улаанбаатар уруу нүүдэллэж байна. Үүний улмаас Улаанбаатар хотын ачаалал улам бүр нэмэгдэж, агаарын бохирдлын түвшин асар хурдан дээшилсээр байна.
Мөн хотод шилжин ирэгсэд хогоо хууль бусаар хаяж, агаарын бохирдолд чамгүй хувь нэмрээ оруулж байна. Хэдийгээр Монголын Засгийн газар утаа бага гаргадаг зуух үйлдвэрлэгчдийг татвараас чөлөөлж, цахилгааны хөнгөлөлт үзүүлж байгаа ч Улаанбаатарын агаарын бохирдол буурахгүй байна.
Эрдэнэбаяр “Агаарын бохирдол том асуудал болоод байна. Улаанбаатарт амьдрах маш аюултай болсон. Би гэр бүлийнхээ хамт хөдөөнөө буцаж очиж амьдрахыг хүсдэг. Тэнд цэвэр агаартай. Би мал маллах дуртай” гэсэн юм.