Ирэх оноос цалинтай ээж хөтөлбөр хэрэгжинэ
Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хуулиудыг баталсантай холбогдуулан үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын 2018 оны төсвийн төслийг хуульд заасан хугацаанд нь багтаан баталж байна. Засгийн газраас хоёр долоо хоногийн өмнө өргөн барьсан төсвийн төслийг хугацаанд нь багтааж УИХ, Байнгын хороод, Ажлын хэсэг, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо, намын бүлгүүд олон талаас нь авч үзэж, хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгч, ирэх оны төсвийг баталж байна.
2018 оны дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийг 4.2 хувьд хүргэж, 2016 оны гүйцэтгэлээс даруй 3 пунктээр өсгөхөөр тооцсон. 2016 онтой харьцуулахад нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг ирэх онд 1.4 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, 7.2 их наяд төгрөгт хүргэх, төсвийн нийт зарлагыг 156,6 сая төгрөгөөр өсгөж, 9.6 их наяд төгрөгт байхаар тооцож, УИХ баталж байна. Мөн төсвийн алдагдлыг 2018 онд 2,4 их наяд төгрөг байхаар баталлаа. Үүнийг хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад 1,2 их наяд төгрөгөөр буюу 34 хувиар буурсан үзүүлэлт гарч байгааг дурдав.
Мөн тэрбээр, Өнгөрсөн хугацаанд бид эдийн засгийг өсгөж, орлогоо нэмэгдүүлэх, алдагдлаа багасгах талаар чармайн ажиллаж, тодорхой үр дүн гарч байна. Тэр хэмжээгээр Монгол Улсын нийгэм, эдийн засаг, ард иргэдийн өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэж байна гэж үзэж байна. "Хүүхэд бүр цэцэрлэгт" хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэгийн 75 барилга шинээр барих, 15 цэцэрлэгийн барилгад өргөлтгөл хийхэд зориулж 64,2 тэрбум төгрөгийн төсөвт тусгахаар Засгийн газраас санал оруулж ирсэн. УИХ үүн дээр нэмж 11 цэцэрлэг шинээр барих, нэг цэцэрлэгийн барилгад өргөтгөл хийх, 12 цэцэрлэгийн өргөтгөлийн санхүүжилтийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, нийтдээ 11 тэрбум төгрөгийн төсвийг нэмж баталсан.
Ингэснээр ирэх 2018 онд 73.4 тэрбум төгрөгөөр 86 цэцэрлэгийн барилгыг шинээр барих, 16 цэцэрлэгийн барилгад өргөтгөл хийх боломж, бололцоо бүрдэж байгаа юм. Боловсролын үйлчилгээг тэгш хүртээмжтэй болгох, хөтөлбөрийн хэрэгжилтийг хэрэгжүүлэхэд 79.9 тэрбум төгрөг зарцуулах саналыг Засгийн газраас ирүүлснийг таван тэрбумаар нэмэгдүүлж, 84.5 тэрбум төгрөг болголоо. Энэ хөрөнгөөр 29 сургууль, гурван бага сургуулийн барилга шинээр барих ажлыг эхлүүлнэ. Мөн 29 сургуулийн барилгыг өргөтгөх, 15 сургуулийн дотуур байр, 11 сургуулийн спортын зал, нэг сургуульд номын сан шинээр барих асуудал энэ хөрөнгөд багтан шийдэгдэж байна. Мөн ирэх оноос цалинтай ээж хөтөлбөр хэрэгжинэ, 2018 оны 01 дүгээр сарын 1-нээс 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр 50,000 төгрөг олгоно гэдгийг онцоллоо.