Монголын гар аргаар алт олборлогчдод Засгийн газрын тусламж хэрэгтэй байна
Монголын зарим алт олборлогчийн ашиглаж буй усан технологи хүдрээс алтны 80 хувийг ялгадаг бөгөөд энэ арга мөнгөн ус, цианид ашиглахаас хамаагүй аюулгүй
Монголын нийслэл Улаанбаатараас хойд зүгт хоёр цаг орчим яваад 20 гаруй метр гүн шороон аманд ирлээ. Амны ёроол нарийхан, харанхуй байх бөгөөд дотор нь зогсч болохооргүй тийм жижиг хэмжээтэй. Гэсэн ч энд гурван эр алтны төлөө толгойн гэрэл ашиглан чулуулгийн үе харан шороо ухсаар.
Ингэж ажиллах нь тун хүнд ч гэсэн энэ нь ажлын байр бий болж, Монгол Улсад чухал үр өгөөж өгч байна. Монголын жижиг, том алтны уурхай нийлээд жил бүр 10 орчим тонн алт олборлож, уул уурхай дээр түшиглэсэн Монголын эдийн засгийн хөгжилд том хувь нэмэр оруулж байна. Гэвч эдгээр алтны ихэнх буюу гар аргаар алт олборлогчдын олсон алт татваргүй байдаг. 10-аад жилийн өмнө Монголд алтыг чулуулгаас ялгахад мөнгөн усыг ихээр ашигладаг байсан. Үүнээс болж ноцтой асуудал үүсч байв. “Мөнгөн ус хүний биед маш хортой, хүнсний бүтээгдэхүүнд хүртэл шингэж, түүгээр дамжин хүнд хор учруулж чаддаг” гэж Монголын уул уурхайн талаар судалдаг Австралийн Квинсленд их сургуулийн эрчим хүч, байгалийн профессор Салеем Али ярьсан юм.
Гурван уурхайчин 20 метрийн гүнд алтны хайн шороо ухахдаа гар багаж ашиглаж байна. Тэд хамтран жижиг үйлдвэр байгуулсан бөгөөд энэ үйлдвэр мөнгөн ус ашигладаггүй
Мөнгөн ус байгаль орчин, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байгааг Монгол Улсын Засгийн газар ойлгож 10 жилийн өмнө алтны уурхайнуудыг мөнгөн ус ашиглахыг хориглож, алт боловсруулалтанд үүнээс хор багатай арга ашиглахыг шаардах болсон. Харин бичил уурхайнууд буюу гар аргаар алт олборлогчид ямар нэгэн өөрчлөлт гараагүй, нөөц бололцоогүйгээр өөрсдийнхөөрөө ажиллаж байна.
“Бид эхлээд юу хийх гэж байгаагаа үнэхээр мэддэггүй байсан” гэж хувиараа алт олборлогч Н.Бэлхүү хэлэв. Түүн шиг хувиараа алт олборлодог олон хүн Монголд бий бөгөөд тэдэн дунд хортойг нь мэддэг ч мөнгөн ус ашигладаг хүмүүс цөөнгүй бий. Гэсэн хэдий ч Бэлхүү болон өөр 20 гаруй хүн Швейцарийн Засгийн газрын агентлагийн тусламжтайгаар Монголд анхны мөнгөн ус ашигладаггүй жижиг үйлдвэр нээн ажилладаг.
Өдгөө энэ үйлдвэр Борнуур хотноо амжилттай ажиллаж, алтыг чулуулгаас салгахад мөнгөн ус, ус ашиглах аргын оронд ус, хүндийн хүч ашиглах аргаар ажиллаж байна. Энд хүдэр, чулуулаг буталж, тээрэмддэг хэсэг рүү орж жижгэрээд тэндээсээ “сэгсрэгч ширээ” рүү очиж алт, шороогоороо ялгардаг байна.
Профессор Салеем Али энэ аргыг жаахан удаан л болохоос мөнгөн ус ашиглахаас хамаагүй аюулгүй, цэвэр арга гэжээ. Мөн мөнгөн ус ашиглахгүй ингэж ажиллах нь эцэст нь ямар нэгэн хортой үр дагаваргүй гэдгийг онцлов.
Али гуай цааш нь, зөвхөн ус ашиглах аргаар алтны өндөр агууламжтай ордуудад амжилттай ажиллаж болно. Харин алтны агууламж муутай ордуудад амжилттай ажиллах боломжгүй гэв.
Өнөөдрийн байдлаар Монголд томоохон алтны уурхайнуудын дийлэнх болон зарим гар аргаар алт олборлогчид үйл ажиллагаандаа цианид ашиглаж байна. Цианид нь мөнгөн уснаас хор багатай, агууламж доогуур ордуудад илүү сайн ажиллах боломж өгдөг байна. Гэсэн ч цианид нь хүний биед хортой. Харин аюулгүй аргаар ажиллаж зөвхөн ус, хүндийн хүчний ашиглан чулуулгаас алтыг 80 гаруй хувийн гарцтайгаар гарган авч байгаадаа Бэлхүү баяртай байсан юм.
Борнуурын алт угаах үйлдвэр. Энд алтыг ялгахад мөнгөн усны оронд ус, хүснэгтэн хонхорхойтой сэгсрэгч тавцан ашигладаг
Түүний хамтран ажиллагч Д.Товчиннамжаргал ч санал нэг байсан юм.
Товчиннамжаргал “Заримдаа бид эндээс юу ч олдоггүй. Гэхдээ алт олох бүртээ овоо мөнгөтэй болдог” гэж уурхайн гүнд шороо ухангаа хэлсэн юм.
Профессор Салеем Али “Амьдрах олон арга байхгүй оронд ингэж алт ухах нь амин чухал орлого болж байна” гэжээ.
“Монгол эрдэс баялгийн асар их нөөцтэй орон ч тэдэнд үүнээс өөр зүйл байхгүй. Тиймээс эрдэс баялгаа ашиглан хувь нэмэр болохуйц өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Гэхдээ үүнийг маш болгоомжтой хийх хэрэгтэй” гэж Али хэлжээ.
Харин Монгол Улсын Засгийн газар Борнуурынх шиг аюулгүй аргаар ажилладаг үйлдвэрүүдэд хөрөнгө оруулж, олон болгох замаар хувиараа алт олборлогчдод туслахаас зайлсхийж, энэ тал дээр хойрго хандаж байна.
Алигийн хэлснээр, Монголын Засгийн газар олон зохицуулалтгүй үйлдвэр бий болно гэж харж байгаа учраас дэмжлэг үзүүлэх дургүй байна.
Зүүн талаас Н.Бэлхүү. Тэр 2009 онд Монголын анхны мөнгөн ус ашигладаггүй алт угаах үйлдвэр нээгдэхэд өөрийн хувь нэмрээ оруулсан. Одоо ийм үйлдвэр гурав болсон
Гэвч Бэлхүү “Засгийн газрын дэмжлэгтэй, дэмжлэггүй, мөнгөн устай, усгүй хүмүүс алт ухасаар байх болно. Бидний хийхээр хичээж буй зүйлийг тэд одоог хүртэл ойлгохгүй байгаа. Засгийн газар ард иргэд, байгаль орчноо боддог бол гар аргаар алт олборлогчдод тусалж, үйлдвэр байгуулахад нь хөрөнгө оруулах ёстой. Жишээ нь манай үйлдвэр шиг. Би гар аргаар алт олборлогчдод Засгийн газар дэмжлэг үзүүлж үйл ажиллагааг нь сайжруулна гэдэгт итгэдэг. Энэ бол миний итгэл” гэж хэлжээ.