Цас цэцгийн мөрөөр

Цас цэцгийн мөрөөр

-Баяртай хонгорхон бүсгүй минь гэж хэлээд би гарыг нь атгаснаа “эр хүний гар шиг арай эвгүй чанга атгачихвуу даа” гэж дотроо зовсхийв.
Бүсгүй дүрлэгэр нүдээрээ намайг тогтоосхийн хараад: 
- Баяртай, ажил хэргээ түргэн бүтээгээрэй гэж ичимтгий зөөлөн хэлээд хөөрхөн нь аргагүй инээмсэглэв. Чухам ямар ажил хэргээр явааг минь тэр бүсгүй яаж мэдэх вэ дээ. 
Намхан цагаан онгоцны богинохон шатны хэдхэн гишгүүрээр бууж явахад сайхь үйлчлэгч бүсгүйн бүлээхэн харц шилэн хүзүү төөнөж байлаа. “Аятайхан хүүхэн юм аа, хөөрхий” гэсэн юм бодсоноо “би ер нь хэрээ мэдэхгүй хүүхэнсэг амьтан байх шүү” гэж өөрийгөө егөөдөж бодоод авлаа. 
Газар гишгэмэгц тэр бүсгүйн сэрүүхэн тансаг үнэр тааны халуун эхүүн үнэрээр солигдон агшин зуур толгой мансууран хүзүү хөших шиг боллоо. “Таана шиг аагтай өвс дэлхийд ер байдаг бол уу” гэж бодон эрт ургасан нялх таана нялц нялц гишгэн явсаар буудлын байшинд ойртон ирвэл нэгэн эрхэм амьсгаадсаар биднийг угтан ирж над дээгүүр давуулан харц сунгаад: 
- Удирдах газрын Ухнаа гуай гэдэг хүн та юу? гэж хэн нэгнийг их л дорд намуун дуугаар асуув. 
Хэрэгт дурлан эргэж харвал гадаад хийцийн, сайн чанарын саарал даавуу костчоомтай хижээл эр хэдийгээр хариу хэлээгүй ч бүх л бие цогц царай зүс хамаг байдгаараа “би байна” гэж байв. Угтагч эрийг хальт харвал нүд халууцам тас хар зузаан даавуу костчоомтай, хүрэн бүрх малгайтай, дөч эргэм насны бөгтөрдүү туранхай нэгэн байна. Тэрбээр: 
- Уучлаарай даргаа! Би дөнгөж сая сонсоод л шууд давхиж иртэл хожимдчихлоо. Үгүй, манай дарга мөн хачин хүн шүү. Мэдсээр байж сая хэлж байдаг. Үүнээс л болж манай ажил... дарга минь уучлаарай. Эвгүй юм боллоо гэж зогсоо зайгүй гуншиганаж байлаа. Удирдах газрын Ухнаа гуайг онгоцны шатнаас газар гишгүүлэлгүй гарыг нь бариагүй гэмээ л тэр наминчлаад байгаа хэрэг аж. Би “энэ нөхөр лав нөгөө “хачин” даргынхаа орлогч байх. Энэ байгууллагад ажил явдал базаахгүй байгаа хэрэг болов уу “хачин” даргын оронд энэ “гэмгүй” эрийг л тавьчихвал ажил гэдэг тэнгэрт гарчих хэрэг байх нь л дээ ухаан нь” гэж бодоод авлаа. 
Тэгтэл сүрхий гандсан дүрэмт хувцастай сэргийлэх албаны өндөр дэслэгч өөдөөс хурдан хурдан алхан айсуй. “За энэ ч лав намайг угтахаар ирлээ. Бас л хожимдож дээ, хөөрхий. Эндхийнхэн зориуд хожимдож байж л хүндэтгэлээ бүрэн илэрхийлдэг юм болов уу?
Залуу дэслэгч мөн л намайг давуулан харцаараа хэн нэгнийг эрэлхийлэв. Тэгснээ нөгөөх тохилог эрд хандан: 
- Сэргийлэхийн Буд гэж та юу? гэж асуухад цаадах нь яггүй дурхийгүйлхэн: 
- Яаж байна? Би цагдаа баймаар харагдав уу? гэв. Дэслэгч бүр сандарч орхилоо. Би алба нэгт залуу нөхөртөө тус болъё хэмээн бодоод шалавхан: 
- Би байна гэлээ. Дэслэгч итгэж ядан намайг харж нэгэн агшин гайхахад удирдах газрын тохилог эр “чи ч цагдаа л байж таарна” гэсэн жишүү харцаар намайг ороолгов. 
Хуучивтар шар савхан хилэн хүрэм задгай сэлбэгнүүлсэн, өвдөг өгзөг холцорсон жинстэй, шалчгар цагаан даавуу малгай хэлтгий дарж, жү-до бөхийн зурагтай хөх цүнх үүрсэн намайг залуу дэслэгч андуурах нь ч аргагүй, өрнөд хийцийн сайхан костчоомт эр басамжлах нь ч хэр байсан биз. Ер нь намайг энэ үед сэргийлэх албаны хошууч гэж зүүдлэх ч хүн лав олдохгүй байсан байх. Гэвч сайхан цэнхэр костчоомт бид хоёр хэн хэн нь удирдах газрын төлөөний эрхмүүд байлаа. Түүгээр ч барахгүй би бол бүр Ерөнхий газрынх шүү. Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрынх. Онц ноцтой гэмт хэрэг мөшгөн илрүүлэхээр ирж байгаа хүн шүү бүр. 
 
Нэг.


- Хэргийн газар эндээс хэдэн километр вэ? 
- Бүтэн хагас. Бүр тодорхой хэлбэл 1494м. Бид үзлэг бол сайн хийсэн. Протокол нарийн бол хөтөлсөн. Дахин бол очоод илүү юм илрүүлнэ гэж бол бодохгүй байна, нөхөр хошууч аа. Тэгээд ч хэргээс бол хойш бүтэн хоёр хоног цас бороо бол хольж орсон. Манай нутгийн бол борооны шамарга ямар бол байдаг гэж санана. Ингэхэд бол хошууч аль нутаг билээ? 
- Шаргын говийнх
- Өө тэгвэл та чинь бол манай аймгийн хүн байх нээ. Хэргээ нэг тийш болгоод нутгаараа бол орох юм байгаа биз дээ? Бид унааг бол зохион байгуулнаа. Манай аймагт ч уг нь бол гэмт хэрэг цөөхөн бол гардаг газар л даа. Онц ноцтой учрал бол ер гарахгүй шүү... 
- Тийм шиг байна. Гэгээн цагаан өдөр хүн буудаж алчихаад байгаа нь танай аймгийн хувьд онц ноцтой учрал биш биз дээ? гэхдээ би “Танай аймаг” гэдэг үгийг утга өргөж хэлэв. 
Нар, салхинд сахал нь хүртэл онгосон туранхай хөх хурандаа гэмшин дуугүй болоход нь би “Дэмий юм хэлж, хүйтэн хөндий зан гаргаж настай хүн гомдоочихлоо байна. Ажлын төлөө нас биеэ зориулсан энэ өвгөнд ямар гэм байх вэ дээ” гэж гэмшисхийв. Би ер нь голдуу хожуу гэмшдэг хүн. Нэг л мэдэхэд гэмшмээр юм хэлчихсэн зогсож байна. 
- Хурандаа! Манай хэлтсийн хамгийн залуу ажилтан хэн бэ? гэж асуухдаа би “Манай хэлтэс” гэсэн үгийг аль болох эрхэм дотно өнгөөр хэлэх гэж оролдов. Энэ нь үнэндээ хоёрдмол утгатай байв. Идэр залуугаасаа төрсөн нутагтаа аж төрсөн өвгөн хурандаагийн хувьд бол “Нутаг” гэсэн утгатай бууж, цэхэртэж яваа хоёр хөх нүд нь гялалзаад ирлээ. Гэтэл “манай сэргийлэх” гэсэн ондоо нэг утгаар ч бас ухаж болох байсан юм. 
- Дэслэгч Лхасран. Өнгөрсөн жил “хойно” төгсөж бол ирсэн хүү. 
- Хурандаа! Лхасранг надтай хамт ажиллуулчихгүй юу? 
- Ээ, хошуучаа хэрэг байна уу даа? Тэр чинь юу ч бол мэдэхгүй хүүхэд. Түүнээс гадна бол хошууч Халтар энэ хэрэг дээр бол хоёр мөрдөн байцаагчтай хамт эхнээс нь ажиллаж бол байгаа...
- Хурандаа! Хэрэг илрүүлэх л гол нь шүү дээ. Сэргийлэхийн ажилтанд өчүүхэн гоморхол огт хэрэггүй гэдгийг хошууч Халтар мэдэхтэйгээ хүн байх гэж би итгэж байна. Тэгээд ч бүтэн долоо хоног хөөцөлдөөд хэрэг илрүүлж чадаагүй юм чинь... Хүн амины хэргийг шүү. Лхасран энэ хэргийг мөрдөхөд огт оролцоогүйн хувьд гэвэл тус болохоос саад болохгүй бол уу? Би ч гэсэн энэ хэргийг одоо л мөрдөж эхлэх гэж байна шүү дээ. Нэг хэргийг удаан мөрдсөн хүнд шинэ санаа, таамаг төрхөө болиод хуучин бодолдоо баригдаад байдаг гэж миний багш Сапунов гэдэг хүн ярьдаг байсан юм. Намайг ирүүлсэн явдал ч гэсэн энэ хэргийн хувьд шинэ толгойгоор л бодуулах гэсэн хэрэг гэж би бодож байна. Түүнээс биш, мэдлэг чадвар, тэр тусмаа дадлагын хувьд би танаас байтугай хошууч Халтараас ч хамаагүй дор гэж ярьж байхдаа үнэндээ би тэгж л бодож байлаа. 
Сэргийлэхийн тэмдэг зүүсэн хугацааныхаа хагасаас илүүг нь танхимд өнгөрөөсөн над жаахан хуурай онолоос өөр юу байх билээ. Академид дөрвөн жил, адъюнктурт гурван жил сурч, дундаа тасалдалтай дөнгөж зургаан жил мөрдөн байцаах ажил хийсэн санаатай. Тэгээд бас олон хүнтэй төв газарт шүү. Энэ тухайгаа хурандаа Дашдоржид үнэн сэтгэлээсээ ярьсан юм. Намайг ний нуугүй ярьсанд ч тэгсэн юм уу, эсвэл төвөөс ирсэн хүнтэй зөрөөд хэрэггүй агаад ашиггүйг мэддэг хашир ухаан нь ч дийлсэн юм уу, маргааш өглөө нь сэргийлэхийн дан цагаан байшингийн зүг юм бодоод явж байтал минь: 
- Нөхөр хошуучид илтгэхийг зөвшөөрнө үү? Би дэслэгч Лхасран. Намайг тантай хамт ажилла гэсэн хэмээн хэн нэгэн дээр дээрээс чанга илтгэхэд нь харвал нөгөө намайг угтсан өндөр дэслэгч байлаа. 
Би үнэнээсээ баярлан:
- Их сайн байна, нөхөр дэслэгчээ! гэвэл тэр харин: 
- Хошууч аа, та худлаа хэлж байна гэх нь тэр. 
- Юу гэнээ. Би яагаад заавал худлаа хэлж байдаг билээ? 
- Би сургууль төгсөж ирээд жил ч болоогүй байгаа хүн. Тэгээд бас энэ хэргийг огт мэдэхгүй. Хошууч Халтар бол хорин жил мөрдөн байцаагч хийсэн, туршлагатай хүн. Энэ хэргийг ч эхнээс нь мөрдөж байгаа... Манай дарга танд найдаад, Халтар хошуучаар өөр хэрэг мөрдүүлэх гэж л өөрчилсөн байх... Гэхдээ би таны хий гэснийг олигтой хийж тус болохыг бодноо гэхэд нь би зориуд дургүйцсэн дүр үзүүлээд: 
- Нөхөр дэслэгч ээ! Надад зарц огт хэрэггүй. Дээд боловсролтой дэслэгч зарц хэрэглэх түшмэл би арай биш. Хамт хэрэг мөрдөх хүн л хэрэгтэй. Хэрэв та өөрөө юу ч санаачлахгүй миний амыг л хараад байх гэж бодож байвал явж ондоо юм хий гэж хэлсэн боловч “Сүрхий шулуун эр байна. Энэ ч сэргийлэхийн хүнд бас хэрэгтэй зан” гэж бодлоо... 
...Тэр бүсгүйг машины замын хажуухан бяцхан дэрсэн дотор алсан байжээ. Замаар явж өнгөрөхөд тэр дэрсэн дотор туяхан бүсгүйн цогцос байтугай үхсэн тэмээ хэвтэж байсан ч үзэгдэхгүйгээр газар байв. Тэгээд л тэр замаар хоёр хоногт явж өнгөрсөн хорин гурван машины жолоочийн нэг нь ч хараагүй хэрэг байлаа. Тэрнээс болоод л алуурчийн мөр баларчээ. Ариухан сэтгэлт, царайлаг бүсгүйг өрөвдөн газар тэнгэр гашуудан мэгших мэт. Алуулсны оройгоос зүс бороо, цас холин орж, хоёр хоног үргэлжилжээ. 
Би үүр цайтал хэд хэд уншсан хэргийн газрын үзлэгийн дэлгэрэнгүй тэмдэглэл, шинжээч нарын дүгнэлт, тодорхойлолт бас бус олон баримт сэлтийг толгой дотроо дараа дараагаар цувуулан “унших” гэж оролдон бүсгүйн цогцос байсан хоёр алд газрыг тойрон холхиж байв. “Толгой нь хоёр зуун арван зургаан градуст хандан түрүүлгээ харан унаж, агшин зуур үхжээ. Дөнгөж ганц хагас алхаад эргэж харж ч чадаагүй, яг унасан байна. Сум зүүн талын хоёр, гуравдугаар өндөр хавирганы толгойн завсраар орохдоо гуравдугаар өндөр хавирганы толгойг шүргэн чиглэлээ бага өөрчлөн зүрхний баруун сууриар дайрч, зүүн хөхний доод талаар нэвтлэн гадагш гарсан... Сумны анхны хурдыг туссан байдлаас нь барагцаалан тооцоход таван зуун метрээс ойргүй зайнаас буудсан бололтой” гэх мэт тасархай тасархай өгүүлбэрийг бодолдоо сэргээн дахин дахин уншлаа. 
- Аймгийн хэмжээнд байгаа бүх бууг шалгаж үзэх хэрэгтэй байна гэж намайг хэлмэгц дэслэгч Лхасран:
- Бүгдийг манайхан шалгаж үзсэн. Аль нь ч биш байгаа юм гэж уур хүрмээр итгэлтэй хариулав. 
- Сэргийлэхийн ажилд өөртөө хэт итгэхийн хортойг та мэдэхгүй байж болох юм...
- Гэхдээ, өөртөө итгэл алдахаас илүү хортой биш гэдгийг мэднээ. 
“Хүүе энэ чинь биеэ тоосон их зөрүүд нөхөр байх нээ” гэж дургүй хүрсэн боловч би уурласангүй. Нээрэн ч итгэлгүй бол юу хийж чадах билээ. 
- Та бүхэн сайн шалгасан гэдэгт би эргэлзэхгүй байна. Гэхдээ л бүртгэлээрээ дахин сайн шалгах хэрэгтэй байна. 
- Манайхан зөвхөн бүртгэлээр төдийгүй, бүртгэлээс хальж шалгасан. 
“Юу гэнэ вэ? Бүртгэлээс хальж шалгасан гэнэ үү? Юу яриад байгаа нөхөр вэ?” гэж бодсон боловч юу ярьсны нь учрыг өөрөө бодож олохоор шийдээд юм асуусангүй. Ер нь юмны учрыг өөрөө бодож олох нь асууж мэдэхээс илүү амттай шиг санагддаг юм. Саяхан түүнийг биеэ тоосон, зөрүүд хэмээн зэвүү хүрч байсан бол одоо нөхдийнхөө нямбай, хянуурт бүрэн итгэж байгаад нь баярлав. 
Гүвээн цаанаас ягаавтар тоос өндийн, төдхөн “Дөрвөн зуун жаран ес” тонгосхийн гарч ирлээ. Аймгийн цагдан сэргийлэх хэлтсийн дарга хурандаа Дашдорж малгайгаараа нүүрээ сэвсээр бууж ирээд: 
- За, ямар сонинтой бол байна даа, залуучууд аа? гэж асуулаа. Надад үнэндээ хэлэх юм байсангүй. 
Хурандаа дэмий юм асуусандаа дотроо гэмшив бололтой:
- Энэ муу бол пийшин бүр шарчих юм гээд машин руугаа толгойгоороо дохив. 
- Бүрхүүлийг нь авчихаж болно шүү дээ, хурандаа. 
- Та хоёр цангаж бол байгаа биз дээ. Би жаахан айраг бол авчирсан. Энэ жил онцгой бол эрт зун болж байна. Өдийд айраг бол гарна гэдэг санаанд оромгүй хэрэг. Дэлгэр сумын бол нэг айл хүүгээ гэрлүүлэх болж аминыхаа бол хэдэн гүүг барьсан юм гэнээ. Нааш ир гээд хурандаа машин руугаа явлаа. Булганы Сайханы айргийг манай нутгийн айраг гүйцэхгүй л дээ. Гэхдээ л хамраар сэнгэнэж, тагнай сэрүү татуулсан айраг байв. Тааны айраг гэж юу байдгийг говийнхон л мэднэ. 
Аймгийн төв рүү давхиж явахад дотор сэнгэнээд бодол хурдан солигдоод толгой зайтай болчихсон ч юм шиг сайхан. “За байз чимхээд авах учиг олдохгүй юм даа. Төвөөс зориуд “харанхуй хэрэг” мөрдөн илрүүлэхээр ирсэн эрхэм чинь шинэ юм юу ч хэлэхгүй эргүүтээд тэнээд байна гэдэг чинь шившигтэй хэрэг биш үү? Байз... Өө хөөрхий, би гээч амьтан чинь хэдийгээс ингэж нэр хүнд хөөцөлдөх болчихсон юм бол оо? Энэ хэрэг илрүүлж чадах эсэх нь нэр хүндийн л асуудал байх нээ. Өөрөө мэдэлгүй ингээд бэртэгчин болчихсон зогсож байдаг юм аа? Мөн дөө энэ л чамд дутаад байсан юм” хэмээн хэзэрдхэн бодож дотроо бухимдав. 
- Долзодыг алуулах үед нөхөр нь хаана байсан бэ? гэж Лхасрангаас асуухад тэр:
- Нүүрсэнд явчихсан байсан. Яг алуулах үед нь эндээс зуу гаруй километрт явсан бололтой. Шинжээчийн тооцоолсноор шүү. Гурван цагийн дараа л лав эндээс гурван зуун километр газар нэг жолоочтой дайралдсан байсан. 
- Одоо хаана байгаа вэ?
- Нүүрсэнд өчигдөр яваад өгсөн. Тэр чинь гэртээ хэтээсээ тогтдоггүй хүн гэв. 
Сургууль төгсөж ирээд Хөвсгөлийн Рэнчинлхүмбэ суманд хэсгийн төлөөлөгчөөр очсоны минь нөгөөдөр нь сумын төвийн дархад хүүхнүүд намайг “Хэтээсээ төлөөлөгч” гээд хочилчихсон зүгээр ч үгүй нэг хошин дуурхуу юм зохиочихсон байсныг санаад өөрийн эрхгүй инээмсэглэчихэв. Тэгснээ жаахан зовлоо. Ийм юмны тухай ярьж яваад гэнэт балай өвчтэй юм шиг арзайтал инээнэ гэдэг юу гэсэн үг вэ...
 
...Зочид буудлын бяцхан өрөөнд орж ирээд гараа угаахаар цагаа мулталж “ингэхэд одоо чинь хэдэн цаг болж байдаг хэрэг вэ?” гэж бодоод харвал 0 цаг 13 минут болж байв. “Ус бол үнэт эрдэнэ” гэж зузаан цаасан дээр бичиж, угаагуурын дээр дүүжилсэн байх харагдана. Өчигдрөөс хойш би гараа угааж л байсан санагдах боловч энэ бичгийг олж хараагүй шиг. Өглөө цээжээ хүйтэн усаар шавшиж угаагуурын гадуур ус цацалж баахан бүтэлгүйтсэний үр дагавар яав ч энэ мөн бололтой байв. “Хэдэн өртөө газраас унд хоолныхоо усыг машинаар зөөдөг аймгийн төвийнхөн усанд хайртай ч байлгүй яах вэ? Бараг саахалтын цаана байгаа уулын өврийн салаа бүрээс садрах булаг шандын ус ёстой л нөгөө мөнхийн рашаан шиг сайн байхад ар хормойн нь ус хужир борзонгийн зутан байдаг мөн хачин юм шүү” гэсэн юм бодоод гар нүүрээ угааж байтал утас дуугарлаа. Өдрийн халуун, мухардмал бодол хоёрт нозоорсон би утасны хажууд яарамгүй очиж, нойтон гараа алчуурт шудрах зуур утас бараг цовхчих шахаж байх шиг санагдав. Тэгсэн: 
- Хошуучаа! Шинэ мэдээ авлаа. Долзодыг... бүсгүйг алсан хүний... үгүй би одоо үсрээд очих уу гээд Лхасран амьсгаадаж байна. Залуу мөрдөн байцаагчийн догдолсон сэтгэл л утас унагачих гээд байсан аж. 
- За, тэг тэг гэж хэлээд хүзүү толгойгоо арчиж байтал Лхасран ороод ирэв. 
Ширүүн гүйлт, шинэ мэдээ хоёрт оволзсон Лхасрангийн амьсгааг намжааж ярилцахаар би зориуд тайван байдал үзүүлэн:
- Алив дэслэгчээ тэр шилэн аяганд ус аваад ир. Хоёулаа кофе чанаж уугаад ярилцъя гэж хэлэхэд Лхасран дуртай дургүй шилэн аяга аван эргэв. 
Нэг нэг аяга өтгөн хар кофе зуурч аваад: 
- За, дэслэгчээ таны сонин мэдээг сонъё гэлээ. 

 

 
* * *


Аяга кофе, Лхасрангийн мэдээ хоёрын аль нь нойрыг минь залгичихсаныг бүү мэд. Ер нь унтах царай алга. “Нөгөө харанхуй хэрэг нь ийм амархан илэрчих гэж үү дээ?! Нэг л итгэмгүй байна. Царайлаг бүсгүй Цэнд-Аюушийн ерөөл бат оршив уу? Онгоцны үйлчлэгч бүсгүй аяга цай авчирч өгөөд дүрлэгэр нүдээр намайг зэрвэсхэн хараад өнгөрөх гэхэд нь би гараас нь аяархан бариад: 
- Уучлаарай. Намайг Буд гэдэг. Таныг? гэхэд тэрбээр:
-Цэнд-Аюуш гэж дуулдах төдий хэлээд хацар нь яагааран цааш эргэсэн юм. 
“Хэдийгээр тэр залуу алсан гэх хөдөлгөөнгүй баримт байхгүй ч гэсэн одоогоор хөөцөлдөж болох цорын ганц сэжиг төсөөлөл энэ л байна шүү дээ. Гурван жилийн өмнө мөрдөж шийтгэсэн хэрэгтэн нь хугацааны өмнө өршөөлөөр суллагдаж ирчихээд тэр бүсгүйг өширхөн алсан байж болохгүй гэх газаргүй биш үү?! Тэр этгээдийг ирсний маргааш Долзод нөхрөө тээврээс ирээгүй байхад гэнэт амралтаа авч Улаанбаатар очих зам явах авсан. Тэгээд явах өдрийнхөө өглөө алагдсан. Төмөр гэгч тэр өдөр сураггүй алга болсон байдаг. Энэ бүхэн хамгийн эцсийн логик хүрээнд ёсоороо багтаж байгаа бус уу! Энэ муу ор шүү юм нь гүдийгээд нуруу өвтгөөд байх...
Хэрэв тийм л бол Төмөрийг олоод л гүйцээ. Энэ хэрэгт би огт хэрэггүй. Эндхийн нөхөд элбэгхэн дөнгөнө. Ер нь ч миний оролцоогүй өөрснөө л ийм сэжим гаргаж чадлаа...” гэсэн бодол будантан сүүмийсээр байлаа. 
 
Хоёр.
 
Цэцэгбал чимээгүй ирээд дээрээс минь өнгийн инээмсэглэж байгаа бололтой аниатай нүдэнд минь шаргал гэрэл тусаж зовхи халуу оргиж эхэллээ. Би хүнд шархаджээ. Дуу гарахгүй, хамаг бие хөдлөхгүй болжээ. Долзодыг алсан Төмөрийг барих гэж уулын хадан дотор хөөцөлдөж явтал тэр алуурч нөгөө их холын тусгалтай том амтай буугаараа миний чээжний зүүн тал руу бууджээ. Миний зүрхний булчингаас сугалж авсан сумыг нь Цэцэгбал богинохон хуруутай хөөрхөн бондгор гарынхаа цулцгар алган дээр тавиад надад үзүүлж байна. Загалмай шиг дөрвөн салаа чагтан хошуутай зэс сум байв. Хортой болов уу гэмээр. Би өнгөрсөн бололтой. Цэцэгбалд “Хүүгий минь үзүүлээч” гэж бичив. Цэцэгбал харандаагий минь аваад “Үзүүлэхгүй, чиний хүү биш” гэж бичих нь тэр. 
Би үхэж байгаагаа мэдэрч эхэллээ. Амьсгал богиносон, ухаан бодол харанхуй оргиод хоёр шанаанаас хүйт даагаад ирлээ. Зүрхнээс минь сугалж хаясан хортой хүрэн сумнаас биш харин Цэцэгбалын бичсэн хүйтэн үг зүрх рүү минь шигдэн би үхэж байгааг мэдэрч байлаа. Тэгтэл үхмээргүй санагдаад “Эмчээ” гэж чанга хашгиртал зовхин доогуур минь гэгээ татан сэрлээ. 
Хэдэн агшин хөдлөхгүй балмагдан хэвтэв. Тэгтэл үүлэн сүүдэр өнгөрөн гэгээвчээр нүүрэн дээр өглөөний нарны халуун гэрэл туслаа. Цэцэгбалын инээмсэглэсэн харцанд зовхи халж, дараа нь шанаа сэрүү оргисны учрыг ойлголоо. Баруун гараараа зүрхээ дараад унтчихснаа ч мэдэв. “Зүүдлэхээс хамгаалдаг эм тариа байдаг болов уу. Харингуутаа л эмчид очъё байз. Миний энэ муу толгой дотор яав ч нэг гажиг орсон байх шүү. Ойрдоо зүүдэлж үхчих гээд байдаг боллоо. Тэгээд голдуу муухай юм зүүдлэхийг нь яана. Балай амьтан” гэж өөртөө унтууцан бодов. Тэгснээ ер нь яагаад зүүдлээд байдаг болсноо эрэгцүүлээд учрыг нь олсонгүй. Харин зүүд болгонд минь Цэцэгбал заавал ордгийг бодоход яавч түүнтэй л холбоотой бололтой. 
Нар гартал унтчихаад тэгээд бас босохгүй зүүдтэйгээ ороолдоод хэвтэж байгаагаа гэнэт бодон ичихдээ босон харайв. 
...Намайг ирэхэд сэргийлэхийнхэн бүрэн цуглачихаад яралзтал ажиллаж байв. Тэднийг харахад өнөөдөр ням гараг гэдгийг ор тас мартсан бололтой. Найман цаг хүртэл унтчихсандаа болоод хүний царай харахад бэрх байлаа. “Төвөөс ирсэн нэг их амьтан” гэж муу хэлбэл яана санаа зововч яах билээ. 
Олон хүнд харагдахгүйг хичээн хулмалзсаар хурандаа Дашдоржийн өрөөнд орвол дүүрэн хүн. Хурандаагийн өмнөх угтвар жижиг ширээний зүүн талд сууж байсан туранхай ахмад ухасхийн босож: 
- Хошууч аа, та энд суу гэх нь намайг ёжилж байх шиг. 
Дашдорж гуай хөмсөг зангидан:
- Чи чинь бол унтдаггүй хүн юмаа. Дөрвөн цагт өрөө чинь гэрэлтэй байсан. Өдөр шөнөгүй бол ажиллуулаад байвал наад толгой чинь тэсэхгүй шүү хэмээн намайг анх удаагаа “чи” гэж өөриймсөг нэрлэх нь сэтгэлд хичнээн дулаахан сонсогдсоныг хэлээд яах вэ. Бүр аавтай минь ч адилхан юм шиг. Энэ ч бас оргүй зүйл биш байв. Орчлонгийн олон зүйл муу сайныг үзэж элдвэр нь ханасан сур шиг болсон энэ туранхай хөх хүний ааш зан, хэл ярианд аавтай минь нутаг нэгтний ижил төс их байгааг би сая эргэцүүлэн бодлоо. Харин хурандаа Дашдорж миний бодлыг огт таасангүй. Тэр жижигхэн ногоон гартаам хөөргөө гаргах зуураа над хандаж:
- Төмөрийн тухай л бодоод байна уу? Бодох юм ч их байгаа юм шүү гэв. 
Надад суудлаа тавьж өгсөн ахмад: 
- За даа. Бодоод байх ч юм нэг их алга даа. Харин бодох юм гэвэл яаж түүнийг түргэн олох л байна гэхэд ондоо нэг хүн: 
- Улаанбаатар руу л буцаа биз. Төвд мэдэгдэхэд баривчилсан мэдээ өнөө оройдоо л ирнэ. Төвийнхөн чинь хэргийг өдөрт нь илрүүлдэг юм байгаа биз дээ гэхэд нь эргэж харвал намайг ирэхээс өмнө энэ хэргийг мөрдөх шуурхай бүлгийг толгойлж байсан хошууч Халтар байв. “Хоцрогдсон хурандааг” төвөөс сүрхий юм болж ирчихээд яахаа мэдэхгүй хоёр хоног “мунгинаж” байгаа “юу ч чадахгүй” надтай хамтад нь даапаалж байгаа нь тэр ухаантай юм биз дээ. 
Би урьд шөнө гэнэтийн мэдээнд балмагдаад асуугаагүй орхисноо санаж:
- Төмөрийг ирснийг Ариунболд яаж мэдсэн юм бол? гэж асуухад Лхасран гэмшин улайв. Би түүнийг удаан зовоохгүйг хичээн:
- Ариунболдыг юманд явалгүй хүлээж бай гэж хэлэхээ нөхөр дэслэгч та мартаагүй биз дээ гэвэл тэрбээр: 
- Тэрнийг ч яалаа гэж мартах вэ гээд сэргээд ирлээ. 
- Ариунболдтой одоохон уулзах хэрэгтэй юм даа гэж би ондоо хэнд ч биш өөртөө хэлэхэд Лхасран маань:
- Би очоод дуудаад ирэх үү, нөхөр хошууч аа! гэж байна. Би жаахан бодосхийснээ:
- Хэрэв хоёулаа гэрт нь очвол дургүйлхэх болов уу! Хэр зантай хүн бэ дээ гэж асуухад Дашдорж гуай бүр гомдсон царай үзүүлэн:
- Нөхөр хошууч аа! Та бол ер нь нутгаа нэлээд бол мартагнаж яваа хүн байна шүү. Манай бол нутагт хүн ирэхэд дургүйцдэг бол айл байхгүй шүү. Танай бол тэр хот газартай... гэснээ гэнэт чимээгүй болов. Би инээмсэглээд: 
- Уучлаарай хурандаа. Энэ нутгийнхны зочломтгой занг би мэднээ. Гэхдээ гэргий нь амь алдчихаад байхад очоод юм шалгаагаад байх нь хаашаа юм бэ гэж бодсон юм. Харин манай тэр хот газрын тухайд гэвэл.. гэтэл хэлэх юм олдохгүй болж би түгдчив. 
Хот газрын бид урилга зарлагагүй хүн ороод ирэхэд нэг их дургүйцдэггүй ч бас нэг их дуртай байдаггүй шүү. Жишээ нь, утасгүй байхдаа би солгой талынхаа айлд хааяа орж утсаар ярьдаг, таньдаг нөхөд, ажлын газрынхан маань тэдний утсаар дуудаж надтай ярьдаг байлаа. Тэгтэл сүүлдээ намайг ярья гэхэд “манай утас ажилгүй болчихсон” гээд босгоо алхуулахгүй гаднаас намайг дуудаж ярих гэвэл “гэртээ байхгүй, сая гараад явж байна билээ” гэж хэлээд тавьчих болсон юм. 
Есөн жил нэг давхарт суучихаад гурван айл бие биенээ хэнийх гэдгийг мэддэггүй. Энэ тухай түргэн зуур эргэцүүлэн бодоод би ичих шиг болов. Тэгснээ би энэ байдлаас гарах арга олж:
- Танай энд ч бас л хот газар шүү дээ гэж булхайцав.
...Бид хоёрыг шат өөд өгстөл сайхан хоолны үнэр хамар дэлсэж, ходоод тонгочуулав. Гурван давхарт гарч нэг айлын үүдэнд очиход хаалганы завсраар нарийн хоолны халуун үнэрээр салхилах шиг болов. 
Гэрийн эзэн дунд зэргийн нуруутай, өнгөлөг хар үстэй, аятайхан залуу байна. Харин хүзүү нь арай нарийдсан, төвөнх нь арай томдсон юмуудаа гэлтэй. Би хүнтэй танилцах болгондоо боддог заншлаараа “Ариунболд гэдэг чинь иймэрхүү хүн юм биз дээ” гэж бодлоо. 
Дунд зэргийн л айл. Хүрэн буйдан, хоёр хүнхэр сандал, ямаан ширээ, телевизор, гэгээвчний хар хилэн хөшиг, шилэн нүүртэй шүүгээ, дотор нь гурван мөнгөн аяга, хэдэн болор хундага, зургаан амны цайны хэрэглэл, хэдэн ясан савх, дээр нь хээтэй шаазан саванд шургуулсан тогосын өд. Илүү гарч сондойсон, дутаж хонхойсон юм ер үгүй. 
Бид хоёр цай амсаж, зүгээр байсаар атал хоолойгоо ээлжлэн тус бүр нижгээд засчихаад өөрсдийнхөө амьсгааг чагнах мэт чимээгүй болов. 
Хэдэн агшин өнгөрсний дараа Ариунболд:
- Та Лхасран даргатай явааг бодоход төвөөс ирсэн сэргийлэхийн хүн биз дээ. Надаас юм асууж лавлах гэж ирсэн бол би бэлэн байна гэж их л албархаг хатуу янзаар хэлээд над руу эгцлэн харлаа. 
Би аль болох дулаан зөөлөн дуугарахыг хичээн: 
- Ариунболдоо, бид чамтай жаахан ярилцаж, зарим нэг зүйлийг тодруулахаар ирлээ гэвэл тэрбээр гунигтай дорой дуугаар:.
- Би та бүхний ажлыг гадарлана, зовох хэрэггүй. Асуу асуу. Би түүнийхээ, гээд хэсэг зуур түгдэрснээ:
- Түүнийхээ төлөө та бүхэнд тус болж, тэр бузар алуучныг түргэн олоход туслахад бэлэн байна гэв. “Түүнийхээ өшөөг авахын тулд гэж хэлэх шахваа даа” хэмээн би бодоод авлаа. 
- Ариунболд оо. Төмөрийг ирснийг Дол... талийгаач чинь мэдэж байсан болов уу?
- Нэг орой ажлаас их оройтож ирсэн. Арван нэг өнгөрч байхад орж ирээд хоолоо ч идэхгүй, юм бодоод ч байх шиг, нэг л хачин байсан л даа. Чи яагаав? Бие чинь зүгээр үү? гэж асуухад юу ч хэлэхгүй, ухасхийн босож миний тамхинаас нэгийг аваад гал тогоонд ороод таг болчихсон. Тиймэрхүү байх үед нь юм хэлбэл бүр уцаарладаг болохоор би хаширлаад араас нь ороогүй юм л даа. Тэгээд би унтчихаж, өглөө сэрсэн чинь толины өмнө суугаад нүүрээн янзалж байсан. Тэр шөнө унталгүй хоносон байх. Уйлсан ч юм шиг. Нүд нь хавдаж улайсан байсан. Тэгээд дуугаралгүй гараад явчихсан л даа. Гал тогооны өрөөнд ороход хайрцаг янжуур бараг дуусгасан байсан. 
Одоо бодоход... Одоо бодоход тэр урьд өдөр нь заналхийлсэн ч юмуу, ямар ч гэсэн талийгаач минь муу юм зөгнөөд байсан хэрэг байж л дээ гээд Ариунболд хоолой нь зангиран буруу харав. “Аргагүй шүү дээ. Хайрлаж дурлах, ханилан аж төрөхийн амтыг жинхэнэ ухааран жаргадаг гучин насандаа хүсэл сэтгэлийн охин тэнгэрээсээ хагацахын зовлонг үзнэ гэдэг юутай гашуун бэ? Гэтэл би сэтгэлийн нь шархыг онгичоод байдаг. Эрхэм нөхөр минь ийм л албатай намайгаа өршөөгөөрэй” гэж Ариунболдод дотроо наминчлаад: 
- Төмөрийг ирснийг та яаж мэдэв? гэж асуухад Ариунболд: 
- Өчигдөр ажлын газрын нь нэг цэвэрлэгч авгай манайд ирсэн юм л даа. Тэгээд тийм хөөрхөн ааштай хүнд тусч сайхан амьтныг ямар хар нүгэлтэн хорлодог байнаа гэж гасалж байснаа гэнэт “Үгүй Ариунболдоо, хүүхээ хэзээ ч билээ талийгаачийн чинь мөрдөж шүүхэд шилжүүлсэн Төмөр гэж нэг хүүхэд саяхан ирчихсэн манай конторын хайсан дээр хоёр өдөр сууж өнжсөн. Арай тэр... гээд над руу харсан. Тэгээд л би тэр этгээдээс зайлахгүй гэж бодоод сэргийлэхэд мэдэгдсэн юм л даа гэж сандарсан янзтай гар хуруу нь чичигнэн ярив. Би “Хайртай хүнийхээ алуулсан тухай, алсан заналт этгээдийн тухай яаж ч тайван ярьж болох билээ дээ” гэж бодлоо. 
- Төмөрийг мөрдөж байхдаа талийгаач чинь түүний тухай юм ярьдаг байсан уу? Та ямар нэг юм санаж байвал хэлж өгөхгүй юү? гэж би зориг муутайхан асуулаа. 
Ариунболд санаа алдаж хэсэгхэн зуур бодолхийлснээ ингэж ярилаа. 
- Сургууль төгсөж ирээд удаагүй байсан болохоор итгэж хэрэг мөрдүүлсэнд баяртай байсан л даа. Эхэндээ “Хүний нүд тэс цохисон танхай этгээдээр хийсэн хэргийг нь хүлээлгэж хуулийн өмнө бөхийлгөнө дөө” гээд хэрэгтэнг жигшиж байсан л даа. Гэхдээ угийн зөөлөн сэтгэлтэй хүн болохоороо түүнийг өрөвдөж, аль болох хөнгөн ял оноогоосой гэж бодож байгаагаа над ярьдаг байсан. Тэр ч байтугай хэргээ хүлээж үнэн сэтгэлээсээ гэмшиж байна гэж их л урамтай байсан. Тэгээд ч том хэрэг хийсэн этгээдийг хууль өршөөж их хөнгөн шийтгэсэн байх. Түүнийг тэгж өрөвдөж байхад тэр этгээд амь насыг нь сүйтгэж байдаг... Тэр алуурчийг олох талаар та нар их л алгуур байх шиг... гэснээ:
- Уучлаарай! Би түүнээ бодохоор...
- Зүгээр зүгээр. Таны зөв. Алуурчийг бид аль болохоор түргэн олохыг хичээхээ танд амлая.. Харин танаас нэг зүйл асуумаар байна. 
- Тэг л дээ. 
- Талийгаач нэг дүүтэй юмаа даа. Хэл дуулаагүй юм болов уу? Яагаад ирээгүй юм бол доо. 
- Би ажил руу нь утасдсан л даа. Тэгсэн чинь амралтаа аваад явчихсан гэсэн л дээ. Манайд ирнэ гэж байсан юм хэлсэн. Одоо хүртэл алга. Амралтанд нэг тийшээ явчихсан юм байлгүй. 
- Гэрийнхэнтэй нь яриа биз дээ. Тэд нь...
- Өнгөрсөн хавар нөхрөөсөө салчихсан юм. Ганц охинтой. Тэр нь зун болохоор нөхрийн нь хөгшчүүл дээр очдог юм гэсэн л дээ. Өвөрхангайд байдаг байх. Тэгээд хаашаа явсан, яасныг нь мэдэх арга олдсонгүй. 
Ариунболдынхоос гараад сэргийлэх рүү явж байхад “Махчин араатан хүртэл хүний энэрлийг мэдрэн номхордог биш гэж үү. Гэтэл хүнийг буудан алж өрөвдсөн сэтгэлийг нь хариулдаг хүн бий гэж үү дээ?
Хэргээ хүлээж үнэн сэтгэлээсээ гэмшиж байсан хүн тэгнэ гэж үү? Үгүй яасан ч үгүй. Тэр этгээд үнэн сэтгэлээсээ гэмшээгүй. Хөнгөн ял авах гэж гэмшсэн дүр үзүүлж байсан хэрэг. Харин Долзодын сэтгэл түүнийг тэгж ариухнаар эндүүрсэн хэрэг. Тэгэхдээ Долзодыг тэр Төмөр гэгч алсан бол шүү дээ. Ингэхэд Төмөр алаагүй байвал яах вэ? Тэгээд хэн алсан байж болох вэ? Нэгдүгээрт, Төмөр ирээд л Долзод алагдсан байна. Ондоо хүн алсан бол заавал Төмөрийг ирэхээр алдаг нь юу вэ? Хоёрдугаарт Төмөрийг Долзод байцааж шүүхэд шилжүүлэн шийтгүүлсэн гэж байгаа. Энэ ч бодууштай л зүйл шүү. Хийсэн хэргээ хүлээгээд шийтгүүлсэн хүн мөрдөн байцаагчид өширч байсныг би ер дуулаагүй санагдана. Гэвч хүмүүс гэдэг янз янз шүү дээ...
Ямар ч гэсэн одоогоор гарт тэмтрэгдэж байгаа ганц утасны үзүүр бол Төмөр л байна” гэх мэт хоорондоо харшиж ороолдсон бодолд ухаан санаа минь эзлэгдээд сэргийлэхийн үүдэнд ирснээ ч мэдсэнгүй. 
- Хошууч аа гэх Лхарсангийн дуугаар сэхээ орон харвал өнгөрөөд алхаж байлаа. 
Бид хоёрыг орж ирэхэд хурандаа Дашдорж хэрэг гарснаас хойш онгоц, машинаар гадагшаа явсан бүх хүний нэрсийг надад өгөөд “Алга даа” гэсэн харцаар харав. Тэдний дотор Төмөрийн нэр алга. 
- Алуурчин нэрээ нууж болно. Ер нь ч тэгсэн байх гэж нэгэн туранхай хөх ахмад хэлээд мэргэн юм хэлэв гэж өөрийгөө урамшуулах маягтай сүрхий дөвийж байна. 
- Алах гэж ирэхдээ нуугаагүй мөртлөө юү? гэж би ёж өнгөөр хэлчихээд санаа зовлоо. Улаанбаатараас онгоцоор ирэхдээ өөрийнхөө нэрээр билээт бичүүлсэн байсныг бид нэгэнт лавлан мэдсэн байсан хэрэг. Манайхан бол бие биеэ энэ байтугай гашуунаар маажиж сурсан хүмүүс. Гэтэл би зангий нь мэдэхгүй хүмүүстэй ажиллаж байж... Тэгтэл тэнд байсан офицерууд: 
- Чогсом оо! Чи нойр муутай хоноо юу даа?
- Авгай нь олон хоног хөдөө яваад өчигдөр ирсэн юм чинь аргагүй шүү дээ, хөөрхий гэлцэн хөхрөлдөж миний зовиурыг сарниалаа. 
Төмөрийг харсан цэвэрлэгч авгайтай уулзаад ирсэн Лхасран Ариунболдын ярьсныг тэр авгай бараг үг дараалан давтаж мэдүүлснийг надад илтгэв. 
- Тэр этгээд яах гэж прокурорын гадаа суугаад байсан юм бол? Тэр авгай юу ч мэдэхгүй юм уу? гэж намайг асуухад Лхасран:
- Ажил тартал түүгээр эргэлдэж байгаад Долзодыг гарахад замыг нь тосоод байх шиг байсан. Долзод ч байшингийн буланд түүн дээр очиж байхыг нэг удаа харсан гэж ярьж байна. Яав ч сэжигтэй байна даа, хошуучаа гэв. 
 
Гурав.

 
-Чи ч их сүрхий эр байхнээ. Бос, энд суу гэж тэр хэлээд өөрөө бослоо. 
Костя босохдоо хивс рүү нь нулимаад... тэр эр рүү харав. Костягийн нүдэнд мунхаг зоригийн гал маналзаж байлаа. 
Тэр: 
-Алахаа л ална гэж заналтайяа хэлэв. Гэрийн эзэн түүнийг түлхэхэд Костя зөөлөн сандал дээр унаж, дагзаараа хана мөргөлөө. Гэхдээ гэрийн эзнийг занан ширтсээр:
-Буудаж...ална. Харуулдаж байгаад ална даа гэж давтсаар байв... гэж уншиж хэвттэл хаалга тогших чимээ гарлаа. Миний хаалгыг цохиж байна уу? эсвэл Костя хөвүүн очиж зодоон үүсгэн манан хутгасаар тэр чинээлэг айлын хаалгыг цохиж байна уу? гэдгийг Василий Мазарович Шукшины авъяасын ер бусын увидаст автсан ухаан санаа минь ялгаж чадахгүй хэдэн агшин алмайртал дахин хүчтэй цохиж намайг сая л Шукшины ертөнцөөс аймгийн зочид буудлын ертөнцөд авч ирэв. 
-Юу вэ? гэж би уцаарлавал:
-Тантай Улаанбаатараас ярих гээд байна гэх жижүүр охины нойрмог дуу хаалганы цаанаас гонгинолоо. 
Төлийн тасалгаа шиг хайсан дээгүүр тэгнэн утас авахдаа жижүүр охины яггүй задгай цээж рүү нь “наад энгэр заамаа” гэсэн дохиогоор зангахад тэр уласхийн ичиж, ухасхийн хумихын оронд “Үгүй ер өөрийгөө хичээ” гэсэн харц над руу шидэхэд нь би цамцаа задгай углан нүцгэн чээж гарган явснаа анзааран утсаар ярих зуураа тэмтчин товчлов. 
-Байна уу? Байна уу? Байна уу? гэж би дуугаа улам улам чангалан хэсэг орилтол арай гэж Улаанбаатар дуугарав. 
-Улаанбаатараас ажлаар очсон Будтай ярья гэх хижээл эмэгтэйн дуу гарав. 
-За би байна. Буд байна. 
-Амаржих газраас ярьж байна. Гэр бүл чинь ирж хэвтсэн! Хүндрэлтэй байна. Тэгэхдээ нэг их санаа зовох хэрэггүй. Ажлаа дуусгаад ир гэж гэр бүл чинь хэлж байна. 
-Өөртэй нь ярьж болохгүй юу?
-Яаж болох вэ дээ? гээд үл таних эмэгтэй инээмсэглэв бололтой. 
-Цэцэгбал одоо хаана байна вэ?
-Хаана гэхэв дээ чамд. Байдаг л газраа байгаа.
-Босож ирээд ярьчихаж чадахгүй юм бол уу? Явж чадахгүй байгаа юм уу?
-Залуу минь чи бүжиглэж байгаа гэж бодоогүй биз?
-Уучлаарай. За байз, би яах вэ?
-Чи яахыг би яаж мэдэх юм бэ? Эхнэр чинь ажлаа хийж дуусгаад ир л гэж байна даг. 
-Эгчээ Цэцэгээ... Цэцэгбал ...их ёолж байна уу?
-Үгүй. Дуу аялж байна.
-Уучлаарай! 
-Харчуулыг өөрсдийг нь ганц ганц удаа ч болсон төрдөг болгоод үзэхсэн. 
-Би ч орноос нь төрмөөр л байна л даа.
-Үгүй ердөө. Овоо л доо. Дараагийнх дээр нь болж үз. За залуу минь эхнэртээ хэлэх юм байна уу? Би яарч байна, ажил ихтэй хүн. 
Хэлэх үг олддоггүй шүү. Бага өвдөж, түргэн төрөөрэй гэлтэй нь биш. Тэвдэж балмагдахдаа:
-Би дахин яринаа эгчээ гэв. 
Харин тэр авгайн завгүй хүн гэдгийг би үнэн сэтгэлээсээ үнэмшиж байлаа. “Хүн төрөх үхэх хоёр шиг яаруу, сандруу юм хаа байх билээ. Тэгээд ер нь хүн голдуу санаандгүй байхад төрж, хүсээгүй байхад үхдэг байх шүү” гэсэн хачин юм бодоод авлаа.

 


* * *

 
Хэдэн зуун нүдний сониуч харцанд шүршүүлэн хөлс чийхруулж явсаар би сувиллын гурван давхар цагаан байшингийн босго алхав. Гуанзангийн хаалга онгойхыг хүлээн замын хоёр талаар суугаа амрагчдын дундуур хоёр залуу эр явж өнгөрөхөд ямар байдгийг би тэгэхэд л мэдлээ. Ялангуяа нас бие гүйцсэн, намба суусан хүүхнүүдийн харц ямар их илчтэйг мэдэрч хөлсөө арчаад нөхөр рүүгээ харвал тэр маань сэхээ орж амжаагүй бололтой байв. 
Сувиллын жижүүр энгэр дүүрэн одонгийн тууз ярайлгасан туранхай хөх өвгөн бид хоёрыг ойртон очтол:
-Үгүй, үгүй нөхөөр гадагш явахыг зөвшөөрөхгүй нөхөөр. Хоолны дараа амрагчид заавал унтах ёстой гэж захирав. Цүнх, цуваа барьсныг минь хараад бид хоёрыг гадуур тэнэх гэж байгаа амрагч гэж бодсон хэрэг биз. 
-Сайн байна уу та? гэвэл тэрбээр “Юу гэнэ вэ?” гэсэн янзтай бид хоёрыг ээлжлүүлэн харав. 
Амралтын даргын зурвасыг түүнд сарвайваас сайхь өвгөн сайтар хянан уншаад үхрийн шагай зүүлттэй түлхүүр ширээнийхээ нүднээс гарган бариад:
-За, нөхдөө миний хойноос гэж чанга захирав. “Чөлөөнд байгаа хурандаа байна даа” гэж би бодоод:
-Хурандаа бид танаас нэг юм... гэтэл
-Дэд хурандаа гэж залруулаад нүд нь очтон, хийморь нь сэргээд бүр жавхаа ороод явчихлаа. 
-Дэд хурандаа! Та хоолноос гарангуут нь бүх хүнээ түргэн унтуулахыг бодоорой. Хонгилд хүн үймүүлэхгүй, гадаа үүдэнд хүн байлгахгүй байвал зүгээр байна. Бид хоёр сэргийлэхээс явна. Энд жаахан ажилтай ирсэн.
-Мэдлээ гээд өвгөн арай л ёсолсонгүй. 
Би өглөөний онгоцоор тэр аймгийн төв дээр буугаад аймгийн цагдан сэргийлэх хэлтсийн нэг ажилтны хамт машинаар энд ирээд явж байгаа минь энэ. 
Төмөр энд байгаад эргэлзэх юм байсангүй. Төмөрийг улсын хэмжээгээр эрэн сурвалжлах зар тараасны шөнө л түүнийг энэ сувилалд ирчихсэн “сувилуулж” байна гэсэн мэдээг би төвөөр дамжуулан авсан юм. Тэнгэр царайчилж нэг бүтэн хоног алдаад арай гэж өнөөдөр ирсэн хэрэг. Тэгэхдээ Төмөр энд байнгын “хариулга” дор байгаа учир алдагдах тухай яриа байж болохгүй байв. 
Аймгийн сэргийлэхийнхэн энд авсан түүний зургийг хуучин хавтаст хэрэгт нь байсан зурагтай тулгаад бид мөн гэж таньсан юм. Шаргалдуу цув задгай өмссөн, тайранхай үстэй дунд зэргийн нуруутай хүүхэнтэй зэрэгцээд Төмөр гуанз руу явж байхад араас нь авсан нэг зурган дээр Төмөр хажуу тийшээ харан хүүхэнтэй юм ярьж явна. Харин хүүхэн нь эгц цаашаа харж явна. 
Бас нэг зурган дээр Төмөр нөгөөх хүүхнээ тэврээд тэнхээгээрээ инээгээд сувиллын урд талын бяцхан горхийг гаталж явна. Хүүхний нүүр мөн л харагдахгүй байв. Ногоорч гүйцээгүй цэцэрлэгийн нэг булан дахь сүүдрэвч дор Төмөр нэг бүдүүн эрийн хамрыг хөзрөөр шавхуурдан юм ярьж инээж байгаа нэг зурган дээр нөгөөх хүүхэн огт алга. 
Сувиллын ойролцоох уулын орой дээрх өндөр хадан дээр гараад Төмөр цуваа дэрвүүлэн хоёр гараа алдлан өргөөд хоолой мэдэн хашгирч байгаа бололтой нэг холоос авсан зураг байна. Наана нь эрэгтэй, эмэгтэй хэдэн хүн мацаж байвч танигдахааргүй байв. 
Манайхны мэргэжлийн нарийн аргаар авсан гэрэл зураг болгон дээр Төмөр инээсэн хөхөрсөн, орилсон хашгирсан, өөрөөр хэлбэл аз жаргал багтаж ядсан янзтай гарсан байв. 
Амрагчид байр байрандаа орж чимээ тасарсны дараа, гадаанаас хянаж байгаа нөхдөөсөө “Объект байрандаа” гэсэн орос, монгол хольсон дохио аваад аймгийн сэргийлэхийн залуу офицертой хамт сувиллын байшингийн хүйтэн хөх шатаар өгсөж явахдаа энэ бүх зургийг ахин сэтгэлдээ хараад “Цомирлогоо нээсэн цэцэг шиг сайхан эмэгтэйг хэдэн хоногийн өмнө буудаж алчихаад одоо хүүхэн тэврээд инээж хашгирч явдаг байнаа чи. Чам шиг алуурчид чөлөөтэй гишгэх хөрс байхгүй дээ. Хэдхэн мөчийн дараа чиний цуст хоёр саварт гав зүүхгүй бол би юуны хүү болдог бол” гэж бодохноо шанаа халуу оргин, нэг ёсны мэргэжлийн шунал хөдлөөд явчихлаа. 
Өрөөний үүдэнд очингуутаа “ингэхэд өрөөндөө хэдүүлээг асуугаагүй юм байна шүү дээ. За мөн ч ажиллаж байнаа. Сэргийлэхийн ажилд энэнээс илүү гологдол гэж байхгүй бизээ. Үнэндээ бол гэмт хэрэгтнийг баривчлах төлөвлөгөө боловсруулаагүй, зүгээр л өрөө рүү нь гүйж явна шүү дээ” гэж бодоход өөрийгөө болдогсон бол ажлаас халаад хаямаар санагдав. Уг нь гадна дотно ажиллах товч төлөвлөгөө хийж хамт яваа офицер, нутгийн хэсгийн төлөөлөгч гурвуул бараг хорин минут ярилцаж сүрхий юм болсон гэж байгаа. 
Гэвч би сэтгэн бодохын түр зөрчилд орсноо дороо ойлголоо. Энэ байшингийн зүүн талдаа гэгээвчтэй өрөөнүүд бүгд хоёр ортойг би ерөөс мэдэж байсан хэрэг юм. Өдий цагт сул ор байхгүй нь ч бас магад. Харин “За байз ямар юм дутуу бодсон байж болох билээ? Ямар алдаа гарч болох билээ?” гэж өөрөөсөө алдаа эрдэг нь бидний ажлын бараг журам гэсэн үг. Ингэж өөрөөсөө алдаа эрэхээр үнэхээр л алдаж байх шиг заримдаа бодогддог ёс бий. Гэхдээ хэн гэдэг ямар янзын хүнтэй хамт байгааг нь мэдэхгүй ажиллана гэдэг бас л бүдүүлэг алдаа яах аргагүй мөн байлаа. 
Хамт яваа нөхөр маань хаалганы самбарын талд аль хэдий нь зогсчихоод халаасандаа баруун гараа хийн намайг харж байв. Би бодолдоо ороолдон хэдэн агшин алгуурласан бололтой. Ийм үед эргэлзэж алгуурлана гэдэг түрүүчийнхээс ч аюултай алдаа мөн. “Нохой нэг бүдрэхээрээ...” гэж гүйцэд бодож амжаагүй байтал дотор талаас хаалганд түлхүүр эргэж эхэлдэг байна. “Ямар ч гэсэн зай өгч л болохгүй” гэх бодол толгойд гялсхийн гарч ирэх Төмөрийн (яагаад ч юм бэ Төмөр л баймаар санагдав) өөдөөс яг тулахаар дөхтөл, халимаггүй данхар толгойтой Төмөр биш халзан толгойтой, нүдэндээ шилтэй тарган бүдүүн эр цухуйж намайг мөргөх шахаад цочив. “Багтраа өвчтэй нөхөр юм” гэж бодож амжив. Цочиход амьсгаа нь бараг тасрах шахахыг нь ажигласан юм. 
Сайхь эр аахилан түнтэгнэх агшинд толгой дээгүүр нь давуулан харвал эр хүн бүр атаархмаар сайхан чийрэг чээжээ ил гаргасан залуу эр цаашаа хараад унтаж байв. 
 -Төмөр мөн үү? гэж би яагаад ч юм бэ? шивэгнэхэд “багтраа өвчит”:
-Мөн, мөн гэж аахилсаар цааш явлаа. 
Далны нь сайхан булчин гүрвэлзэн Төмөр эргэж эхлэхэд бид хоёр гүйгээгүй ч гэсэн агшин зуур түүний орны дэргэд очсон байв. 
Төмөр хэвтээгээр бид хоёрыг ээлжлэн харж гайхасхийх нь харин над гайхалтай санагдав. 
-Бид сэргийлэхээс явна. Төмөр та тайван томоотой байгаарай гэж намайг хэлэхэд хамт яваа нөхөр маань сандлын түшлэгнээс өмдийг нь авч шидээд:
-Дүрсгүйтэлгүй хувцаслаарай! гэж тушаав. 
Төмөр гайхаж бүлтийснээ гэнэт нэг юм санах шиг болоод:
-Та бүхэн Долзодын.... талаар... гэхэд би үгийг нь таслан:
-Тийм, тийм, таасанд чинь баярлалаа гэж хэгжүүн хэлээд үүд түгж гэж нөхөртөө зангав. 
-Төмөр нэг их сандарсангүй, харин ч шийдэж шулуудсан хүний шинжээр, зэвүү хүрэм итгэлтэй тайван хөдлөн хувцаслах зуураа бүр эвшээж ч чадаж байна. 
-Таны үдийн амралтыг бусниулсанд уучлаарай. Дараа танд нойроо хангах бололцоо олгохыг амлая гэж би тэсэлгүй егөөдөв. Энэ үгийг сонсонгуут Төмөрийн нүдэнд гайхал, түгшүүрийн сүүдэр буугаад явчих шиг. 
Төмөр хувцаслаж дуусаад бид хоёрыг харснаа,
-Та бүхэн суугаач дээ гээд сандал руу ухасхийхэд нь би:
-Зүгээр гээд өөрөө сандал шүүрэн авлаа. Төмөр зовсхийв бололтой орон дээрээ суугаад. 
- Би бүх үнэнээ яръя... гэхэд нь би:
- Бараг ярихын ч хэрэггүй. Бид бүгдийг мэдэж байна. Гэхдээ яах вэ та ярихыг хүсэж байгаа бол сонсож болох л юм гээд цүнхээ онгойлгон соронзон бичлэгийн жижигхэн аппарат гарган та бэлэн үү? гэвэл Төмөр надаас илүү аппараатаас минь айсан янзтай хараад:
-Энэний хэрэг байгаа юм уу? гэв.
-Байнаа. За та ярих уу? Эсвэл ондоо газар очиж нэгмөсөн ярих уу?
-Би одоохон... одоохон ярилаа гээд толгойгоо халимаггүй удсан хүний зуршлаар урагш нь илээд:
-Юу гэмээр юм бэ дээ. Ер нь хүн үнэмшмээргүй л юм болсон юм...
-Тэр ч үнэн шүү. Ерийн хүний санаанд багтамгүй л юм хийсэн хүндээ та гэж би тэсэлгүй үгийг нь таслав. 
-Яг үнэн. Мөрдөгдөж байхад л Долзод над нэг л сайхан харагдаад байдаг байсан. Над их зөөлөн сайхан ханддаг байсан. Би нэг их гүрийгээгүй болохоор тэр биз гэж тэр үед бодож байсан. Өдөр болгон л Долзодод мөрдөгдөж баймаар санагддаг болчихсон. Мөрдөгдөж байгаад сүүлдээ буу халаад...
- Юу халаа даа?
- Уучлаарай! Ам халаад ирэхээрээ хэрэггүй ч юм хэлдэг байсан байх. Тэгэхэд Долзод уурлахгүй, тэгсэн мөртөө элдэв юм ч ярихгүй, асуултаа л үргэлжлүүлдэг байлаа. 
-Хэрэггүй юм гэдэг чинь юу ярьдаг гэсэн үг вэ?
-Үгүй яахав дээ. Та их хөөрхөн хүүхэн юмаа ч гэх юм уу, эсвэл танаар мөрдүүлж байх над сайхан байх юм ч гэх юм уу.
-Мөн. Мөрдөн байцаагчийг тохуурхдаг байсан гэсэн үг үү? Та ч тэгвэл бүр тэр үеэс юм бодож эхэлж байсан байх нээ?
-Өөрөө ч мэдэлгүй тэгж л байсан байна билээ. Би тоглоом тохуу хийж байгаагүй л дээ. Үнэхээр Долзод над их сайхан санагддаг байсан юм. Тэгээд л яахав дээ. Уншуулчихаад... Уучлаарай. Хэргээ таслуулчихаад явахдаа Долзодтой дахин уулзахгүй гэж ямар их харамссан бэ? Аавынд очсон хойноо...
-Хэнийдээ?
-Уучлаарай! Шоронгийн балагт ярианаас салж чадахгүй юм. Хориход очсон хойноо би Долзодыг шөнө болгон шахуу зүүдэлдэг боллоо. Нэг өдөр хулгарууд “гэзэг ороох” зуураа нэг юмны тухай завьжаа зулгаацгааж байхад нь тэсэлгүй Долзодын тухай ярьсан чинь тэд угжны амьтан байгаа байлгүй, чи түүндээ захиа бичиж, амь оруул гэж хэл. Юу... эргэлт ирүүл гэсэн үг л дээ. Тэр ундаа ахтайгаа хуваахгүй бол ах нь буу алдаж сурсан хүн шүү энээ тэрээ гэж элэг доог хийсэн. Түүнээс хойш Долзодыг тэдний бузар ярианы бай болгож дооглуулахгүй гэж шийдээд ярихаа больж, дотроо бодож явдаг болсон. Нэг шөнө Долзодыг зүүдэлж хоноод тэр орой нь харандаагаар зурж үзсэн чинь яг гарсан шүү. Түүнээс хойш янз янзаар зурдаг болсон. Тэгтэл нэг хулгар Долзодын нэг зургийг надаас булааж аваад буу алдаж байгаа нь энэ гэж дээр нь муухай юм сараачиж доромжлоход миний уур хүрээд гутлаараа цохичихсон чинь төмөр тахны үзүүр толгойгий нь хагалчихдаг байна. Тэгээд би хэд хоног чангалуулж ч үзсэн. 
Тэгээд айж айж анхныхаа захиаг бичсэн. Хариу ирээгүй. Дахиад л бичсэн. Олон захиа бичсэн хариу ирэхгүй л байсан. Тэгээд нэг өдөр тэсэлгүй мордохоор... юу... оргохоор шийдэж байтал гэнэт хариу хүрээд ирдэг байгаа. Би хичнээн их баярласан гэж санана. Тэгээд би Долзодоос минь хариу захиа ирлээ. Би одоо мордохоо болилоо гэж орилж нааран дээр бүжиглэн цовхочсон чинь манай нэг атгадаг Долзодын захиаг булааж аваад, намайг бусдаараа бариулчихаад жорлонд орно гээд гарсан. Би уурандаа орилж, цовхчиж тэр оройдоо халуурч эмнэлэгт хэвтлээ. Тэгтэл ашгүй хоёр дахь захиа нь ирж бие зүгээр болсон юм. Түүнээс хойш Долзодын захиа, өөрийнхөө зурсан зургуудыг Гүнсэн гэж манай улс төрийн орлогчид хадгалуулдаг болсон. 
Төмөр босон харайхад нь би:
-Суу гэж тушаав. Тэр учрыг үл ойлгон:
-Би танд зурагнуудаа үзүүлье гэж гэмгүй цагаан хэлэхэд нь:
-Түүнийгээ үзүүлэх цаг танд гарна гэж би болиулав. 
Төмөр эргэж суугаад:
-Тэгээд л захиа бичилцээд л байлаа. Долзод нэг мэдэхэд миний хамгийн ойр дотно хүн минь шиг л санагддаг болчихсон. Олон ч захиа би бичсэн. Долзод ч захиа болгонд минь хариу бичдэг. Тэгээд л аавынхаас... уучлаарай. 
-Зүгээр, зүгээр. Та сурснаараа ярихтун. 
-Хорихоос суллагдангуутаа л Долзод руу явсан юм. 
-Яах гэж?
-Үнэндээ тэр үедээ яая ч гэсэн бодолгүй л очсон гэснээ Төмөр:
-Аа гээд сайхан инээмсэглэн үүд рүү харахад нь би бас эргэж хартал бие муудаад явчих шиг болов. “Хүн ингэж л муужирч унадаг байхдаа” гэсэн юм толгойд орж ирж байна. 
-Амьд үеийнх нь хэдэн янзын зургийг хавтаст хэрэг дотроос олон дахин харж бүр танил болж, харах болгондоо “ямар аятайхан хүүхэн байгаа вэ” гэж бодон, хүүрнийх нь зурагны хувирч цэхийсэн нүүрийг хараад “сайхан хүн үхсэн хойноо ч гэсэн сайхан харагддаг юм байна шүү дээ” гэж гайхаж, бодож байсан Долзод хүүхэн энгэрийг нь задгай орхисон цагаан шаргал цувныхаа хоёр халаасанд гараа лав шургуулан дарчихаад (хүүхнүүд эрхлэхээрээ тэгдэг байх) миний ард зогсож байлаа. 
Тэрээр орж ирэхээсээ өмнө инээмсэглэж явсан бололтой, орж ирэнгүүтээ үл таних хоёр эрхмийг харан гайхахдаа ч эрхлэнгүй инээмсэглэл нь нүүр нүднээс нь арилахгүй байлаа. 
Харин миний эвгүй болсон нүүр царай төрх байдлыг ажиглангуутаа л баяр жаргалын хөөрхөн инээмсэглэл нь гайхаш, айдсаар солигдож байгааг би жаахан сэхээ орох зуураа ажиглав. 
 
Дөрөв.
 
Би онгоц ирэхийг тэсэж ядан хүлээж зогсов. 
Цэргээс ирэх нөхрөө угтаж байгаа хүүхэн л над шиг догдолж, элдвийг боддог байх. Одоогийн онгоцоор ирэх юм л, учир нь олдохоо бүр болин эргэж ээдэрсэн хэргийн ямар нэг сэжим гаргаж өгөх юм шиг санагдаад байлаа. 
Онгоц тэртээ алс тоос татуулан буугаад нэг их орилсноо дуу нь намдан нааш явгалан ирж явна. Би тэсэлгүй угтагчдаас урагш сугаран явахад нэг талд надтай хамт ирсэн тэр аймгийн сэргийлэхийн ажилтан, нөгөө талд Төмөр зэрэгцэн явлаа. Харин Долзод уйлж, улайсан нүдээ хэнээс ч нуухгүй хар торон алчуураар толгойгоо битүү зангидчихсан бидний ард мөрөө буулган гудайж гэлдэрнэ. 
Онгоцны дарга зөөлхөн дуутай намхан хөх хүн миний үнэмлэхийг сүрхий сайн магадлан үзэж байж дөрвөлжин төмөр хайрцагтай зүйлийг цоож, лацыг нь үзүүлэн над гардуулаад “Илгээлт хүлээж авлаа. 1426 тоот лац бүрэн. Хошууч Буд” гэсэн зурвас шаардаж аваад онгоцны буудлын бяцхан гуанз руу орлоо. 
Илгээлтээ өвөр дээрээ тавиад сувиллын бэсрэг автобусаар онгоцны буудлаас буцаж явахдаа би төвийн нэгэн сэтгүүлийн эрхлэгчтэй өчигдрийнхөө ярьсныг саналаа. Бага зэрэг паргиа дуутай тэр хүн миний овог нэр, ажил төрлийг минь сүрхий нарийн асуусны дараа “Олзод хөдөө явсан. Ээлжийнхээ амралтыг авсан. Эгчтэйгээ уулзах, манай одоогийн дугаарт хэвлэгдэж байгаа нэг найрууллынхаа талаар газар дээр нь бас жаахан тодотгох юм байсан юм. 
Би редакторлахдаа тодруулах үүрэг өгсөн юм. Ирэх арай л болоогүй бол уу” гэж ярьсан. “Юуны тухай найруулал юм бэ? гэж намайг лавлахадсэтгүүлийн эрхлэгч “нэг цэцгээр шинэ эм бүтээсэн эрдэмтний тухай юм. За ер нь тун сайн найруулал болсон доо. Та удахгүй уншина. Одоо манайх сэтгүүлийнхээ “боолт” уншиж байна гэсэн. “Тэр тодруулах зүйлээ...” гэж намайг лавлах гэтэл, мань эрхлэгч “Очсон шөнөө л утсаар хэлж бичүүлсэн. Ер нь Олзод их авъяастай, хөнгөн гартай, сахилгатай ажилтан. Ингэхэд таны цусны даралт их үү” гэдэг байна. Би учиргүй гайхан “Үгүй, юу гэж?!” гэвэл “Тэр залуу эрдэмтэн цусны даралт бууруулдаг эм хийсэн юм байна. Тэр эмийг нь өөр дээрээ турших санаатай хүрээлэн дээр нь очиж гуйсан чинь одоохондоо бөөнөөр үйлдвэрлэн эмчилгээнд хэрэглэх эцсийн шийд гараагүй гээд өгөөгүй шүү. Миний даралтыг л буулгаж чадвал ч тэр сайн эм байж таарна. Би ч хоёр зуутай л шудраад (цусныхаа даралтыг хэлж байна) байна шүү дээ. Ээдээ энэ даралт гэдэг ёстой бүр нэг салдаггүй ёрын өвчиндөө. Эм тариагаар түр буулгаж болно л доо. Тэгээд л дороо босоод ирнэ” гэж хөвүүлэв. 
“Тэр найрууллыг хэвлэхийг нь түр хойшлуулбал яасан юм бэ?” гэж би бодолдоо эргэлзэсхийн шийд муутайхан асуухад эрхлэгч “Яалаа гэж нөхөр минь. Манай сэтгүүлийн энэ дугаарыг амт шимт оруулж байгаа, юу гэмээр юм бэ дээ, гэрэл гэгээ нь байхгүй юу. Тэрнийг авчихвал хүн унших юмгүй, зүйрлэвэл... дан хатуу хар мах шиг л юм болчихно” гэж ихэд хэртхийн айсан хүний ёсоор учирлав. “Хэрэгтэй гэж үзвэл хойшлуулах л болно. Тэгэхдээ бид дахин ярилцъя” гэхдээ би өөрөө өөртэйгөө “ярилцахаа” хэлсэн хэрэг. “Юм бүхэн цаг хугацаатай шүү дээ. Ялангуяа үзэл суртлын ажилд бол цаг хугацаа гэдэг...” гээд цааш нэлээд хол явах төлөвтэй болоход нь би яриагий нь таслан “Ингэж тохиръё. Тэр найрууллынхаа “боолт”-ыг маргаашийн онгоцны нисгэгчдийн нэгээр надад явуулчих. Уншиж үзээд цаашид хэрхэхийг шийдэцгээе. Тэгэх үү?” гэвэл мань хүн “Маш зүйтэй. Тэгье. Тан шиг соёлтой хүн уншиж үзэнгүүтээ л түргэн хэвлээсэй гэж аяндаа бодно” гэж надад “цаасан малгай өмсгөдөг” байна. 
Надаас юм асуугаад тодорхой хариу сонсохгүй гэж тэр бодсон бололтой. Яагаад Олзодыг асууж, найрууллыг нь сонирхоод байгаа тухай лавласангүй. Үнэндээ бол яагаад Олзодын найрууллыг уншмаар санагдаад байгааг би өөрөө ч мэдэхгүй байлаа.
Бөөн алдаа мадагтай, бүр огт ондоо зүйлийн мөр өгүүлбэр ч хаанаас юм бэ, орчихсон, зарим мөрийн толгой уруугаа харсан тэр “боолт” гээчийг багагүй зовж байж ойлгоод би Долзод, Төмөр хоёрт өгөв. 
...Оюутан Гэндэн жил бүр зуныхаа амралтаар Хэнтий, Хөвсгөлийн уул, Алтайн нуруу, Галбын говиор тэнэж нутгийн настан буурлуудтай уулзан элдэв зүйл өвс ургамал цуглуулж ирээд бяцхан дөрвөн ханатаа том, жижиг дугуй, дөрвөлжин есөн шидийн шилээр дүүргэн нөгөө өвс ургамлаа уусгаж найруулж, урвалд оруулж, буцалгаж, хандалж нохойн гөлөг, туулай, усан гахай, хэрмэнд уулгаж заримыг хордуулж дахин сэхээх гэж сандарч, заримыг нь дийлэхгүй үхүүлж суудаг байжээ. Босоо ширхэгт зузаан шил зүүдэг, царай муутай энэ хачин оюутныг нөхөд нь “Профессор” гэж хочилж“энэ ер нь эрүүл биш шүү. Мөдхөн Шар хад руу очих байх” гэж хөхрөлдөн, хамгийн царайлаг дэгжин хүүхнүүддээ гэнэт чи Гэнэдэнд дурлачихвал яах вэ? гэхэд цаадуул нь “Пөөх, яанаа. Солиотой юм ярьж байх. Үгүй нээрээ тэгчихвэл яанаа та минь” гэцгээн ангалзаж, зарим нь бүр “Над Гэндэн л таармаар байна уу?” гэж уурладаг байсан аж. 
Гэндэн сургуулиа төгсгөн хөдөө гарч ажиллаад хэдэн жилийн дараа “Цасцэцэг” гэдэг ургамал цусны даралт ихсэх өвчнийг анагаах шинжтэй гэсэн наян хуудас зохиол бичиж, уг ургамлаар эм хийх санал тавьж, уг эмийн найрлага, тун, бэлдэх арга сэлтийг заасан төслийн хамт төвд ирүүлээд “Хөдөөгийн ард түмэнд эмнэлгээр үйлчлэх ажлаа хийдүүлэн энэ мэт зүйлээр хөөцөлдөх нь нийгэмд ч танд ч ашиггүй гэдгийг зөвлөе. Шинэ эм бүтээнэ гэдэг бол нарийн багаж хэрэгсэл, өндөр мэргэжилтэй эрдэмтдээр хангагдсан том лаборатори, эрдэм шинжилгээний байгууллагын хийх ажил. Таны бичсэн зүйл, төсөл гэгчийн хувьд бол үнэндээ унших нь ч цагийн гарз гэж бид үзэж байна. Үндсэн ажилд чинь амжилт хүсье” гэсэн егөө хариу авчээ. 
Гэндэн урам нь хугарсан боловч “Цасцэцэг”-ээ түүсээр, шинжилж оролдсоор байжээ. Багаж хэрэгслийн хувьд гэвэл тун ч ядуу, бараг хувиараа олж авсан зүйл, ердийн эмнэлгийн шинжилгээний хэрэгслийг л төлөв ашиглаж байжээ. Тэгтэл Гэндэнгийн өөрийн нь ярьснаар “Аз дайрч”, өөрийнхөө цусны даралт ихэссэнийг мэдээд айж сандрах бус үнэн голоосоо баярласан гэнэ. 
Тэр үед сорилтын хувилбар нь бэлэн болоод байсан шинэ эмээ өөрөө ууж туршихаар шидэж, хамгийн ашигтай гэж үзсэн тунгаар хэрэглэн даралтаа тогтмол хэмжиж хяналт үзээд ажиглаад байсан чинь буурч байгаа нь ажиглагджээ. Ингээд тодорхой хэмжээнд хүргээд тунгий нь багасгасаар хэрэглэхээ болиход даралт нь тогтсон байна. 
Энэ туршилтын тайлан, өөрийнхөө өвчний түүхийг “цасцэцэг”-ийн анагаах чанар, түүгээр эм боловсруулан, эмчилгээнд хэрэглэх арга зүй” гэсэн нөгөөх зохиолдоо хавсарган авч төвд ирэхэд нь зохиолыг нь хүлээж аваад “Чиний царай муу байх чинь ядаргаа болоо юу даа” гээд машин гарган мэдрэлийн диспансерт үзүүлэх гэжээ. Учрыг ойлгосон Гэндэн уурлан төвийн тэр даргын хэдэн товчийг тас татаж, шүүгээнээс нь зохиолоо шүүрч аваад дээшээ явж заргалдсан аж. 
Ингэсний эцэст сая комисс томилон Гэндэнгийн эрдэм шинжилгээний ажлыг газар дээр нь үзээд ямар ч гэсэн нарийн шалган шинжлэх хэрэгтэй хэмээжээ. Түүнээс хойш олон төлөөлөгч ирж, явж олон шат дамжлагаар дамжин байж даруй таван жилийн дараа Гэндэнгийн хийсэн ажлын үр дүн гарч “Цасцэцэг”-ийн анагаах гайхамшигт чанарыг хүлээн зөвшөөрч түүгээр эм бэлдэх шийдвэр гарчээ. Түүнээс хойш энэ асуудлыг сонирхох хүмүүс ч олширч, хамтран бүтээгч болох хүсэлтэй эрхэм ч гарч ирсэн гэнэ. 
Гэндэн одоо хөдөө нутагт ажиллан, шинэ эмээ бүтээх ажлыг удирдаж байна. Одоогоор уг эмийг боловсруулах ажил нарийн төвөгтэй шатандаа яваа тул нийтэд мэдэгдээгүй, ер нь нэг үгээр хэлэхэд шинжлэх ухааны нууц гэгч байгаа аж...
Олзодын найрууллаас ийм зүйлийг би мэдэж авлаа. Би хэсэг бодож байгаад мөнөөх сэтгүүлийн эрхлэгчтэй утсаар ярьж, Олзодын найрууллыг төлөвлөснөөрөө хэвлэж болно гэж хэлээд “Харин Олзодын нэрийг гашуудлын хар хүрээнд хийх нь зүйтэй” гэж зөвлөхөд мань хүн ихэд гайхан “Нөхөр минь, энэ чинь юу гэсэн үг вэ? Алив чи тодорхойхон яриад орхи” гэж гуйлаа. Би Олзод амь үрэгдсэн байна” гэсэн товчхон хариу хэлээд утсаа таслав. 
Хэргийн газар авсан гэрэл зургийг харангуут Долзод ихрийн өрөөснөө таньсан болохоор эргэлзэх болгоомжлох хэрэг нэгэнт байсангүй.
 
Тав.
 

-Төмөр та хоёрыг ийм болсон тухай Ариунболд мэдээгүй гэдэгт чи бүрэн итгэлтэй байна уу?
-Мэдээгүй ээ.
-Мэдэх боломжгүй юм гэж байхгүй шүү дээ. 
-Тийм ээ. Тэгэхдээ энэ бол хуулийн хувьд. Ариунболдын хувьд бол бид хоёрыг мэдээгүй байгаа. 
Сувиллаас аймгийн төв орох зуураа суудлын тэргэн дотор Долзод бид хоёр ийн ярилцаж, Төмөр нөгөө хамт ирсэн сэргийлэхийн офицер хоёр дуугүй явлаа. 
Дүүгээ амь үрэгдсэнийг мэдээд Долзод түргэн буцах болж, Төмөрийг үлдээд биеэ сувилуулаад араас оч гэхэд цаадах нь олон ч юм ярилгүй чемоданаа бэлдээд хамт гарсан юм. 
Нүцгэн ногоон ухаад дараалан нумарч, замын хажуугаар цэцэг алаглан ёстой л дуулж явмаар сайхан цаг. Гэвч дуулах сэтгэл бидэнд даанч байсангүй. 
-Нүүр царай бие бялдрын хувьд та хоёр ялгарах юм ер байхгүй юу?
-Байхгүй. Бид хоёр заримдаа өөрснөө зургаа танихаа больчихдог байсан. Хэн хаана яаж авахуулснаа санаж байж л хэний зураг болохыг мэддэг байсан. Хөөрхий муу ээжээ дөнгөх гээд бид хоёр дуугүй суучихаар ялгахгүй “Алив хоёр дамшгаа дуугараад өгөөч” гэж гуйдагсан. Бид хоёрыг ээж минь дуугаар л ялгадаг байсан юм. Авир араншингаар бол бид хоёр шал ондоо л доо. Дүү минь хянуур дуугүй, буурьтай ухаалаг хүн байсан юм. Над шиг ангалзсан амьтан бишээ. 
Би үүнийг Долзодоос зүгээр нэг сониуч зан гаргаж асуугаагүй, цаанаа юм бодож байлаа. “Тав зургаан жил ханилсан эхнэрийнхээ цогцос гэж ондоо хүнийхийг Ариунболд андуурлаа гэж үү? Яагаад ч ялгах аргагүй адилхан ихэр байдаг гэлцдэгдээ. Дуу, ааш зангаараа ялгаатай гэнэ ээ? Дуу хоолой, ааш араншингий нь алуурчийн хар сум унтраачихсан хүйтэн цогц болохоор таниагүй байж болох л юм. Хүн ер нь сайн сайхан юмнаас муу юманд итгэх нь хурдан байх шиг санагддаг. Тэгээд амь алдаад бороо цасанд зөндөө хэвтсэн юм чинь нүүр царай нь их өөрчлөгдөж таараа. Ер нь хүн нас барахаараа хачин ондоо болчихдог юм билээ” гэж бодоод би ааваа дурслаа. 
Аз дутаж толгойг нь түшиж, гэрээсийг нь сонсож чадалгүй ааваа алдчихаад нас барснаас нь дөрвөн цагийн дараа шарилыг нь үзээд танихгүй байж билээ. 
-Долзод оо! Ариунболд Олзодыг ирэх гэж байгаа гэж мэдсэн үү?
-Мэдээгүй. Бид хоёр хоорондоо бараг ярихаа болиод хоёр жил шахуу болж байгаа юм. Надад л цахилгаан өгсөн болохоор би онгоцны буудал дээр угтсан. Ер нь Олзодыг ирсэн гэж одоо хүртэл мэдээгүй байгаа байх. Хаашаа юунд явсан юм бэ, мэдэхгүй. Тэр шөнө алга л байсан. 
-Ариунболд чамайг гэж боддог аргагүй юмаа тэгвэл. 
-Долзод цүнхээ уудлан түрийвчин дотроосоо нэгэн гэрэл зураг гаргаад:
-Би аль нь вэ? Тань даа гээд над өгөв. 
Долзод, Олзод хоёрын хамт авахуулсан зураг аж. 
Яаж хараад ч ялгах арга алга. Гэхдээ би Олзодын тухай, өөрийгөө түүнтэй харьцуулан ярьснаар нь гол баримжаалан таамаглаад, тэр таамгаа ахин дахин эргүүлэн бодсоныхоо дараа зүүн талынхыг нь зааж: 
-Чи энэ байна гэвэл Долзод нүдээ дүрлэсхийлгэн гайхаад:
-Та яаж таниваа гэлээ
Би сулхан инээмсэглээд:
-Яахав дээ таних арга бий гэв. 
Хэдэн агшин эргэлзсэнээ Долзод,
-Аа би одоо мэдлээ. Намайг инээмсэглэж байгаа болохоор таньжээ. Нээрэн би л аальгүйгээрээ зургаа авахуулж байхдаа тэсэлгүй инээж таараа гэлээ. 
Долзод ихэр дүүгээсээ дутуугүй ухаалаг хүүхэн бололтой санагдав. 
Долзодын давхраатай бор нүдний нь гүнд гуниг бараантан, үе үе сэтгэл сэмэртэл санаа алдах нь зүрх шимширмээр. Намайг бага байхад манай нутагт ургадаг нэг хос цэцгийн өрөөсөн шиг хэврэг эмзэг санагдаад яагаад ч юм бэ сэтгэлд минь битүү түгшүүр хургаад байлаа. 
“Хорвоод төрөхдөө хамт төрсөн болохоор ихэр хүмүүс санаа бодол, хүсэл мөрөөдөл төдийгүй, бүр амь холбоотой байдаг бол уу” гэсэн юм бодогдоод байлаа. Ямар сайндаа энэ хорвоод цуваад ирчихэж түвдэхгүй хамт ирж байх вэ дээ. Ийм хоёр амьтны нэгийг хөнөөчихөөд байгаа тэр заналт алуурч хүн биш, ямар нэгэн гайт хар... зэтгэр шиг сэтгэлд буугаад байв. 
“Үгүй дээ, хүн л байгаа. Хараад бусад олон хүнээс ялгаж боломгүй, инээсэн, дуулсан хүн байгаа. Тийм ч учраас ялгаж олох гэж бид ингэж зовж яваа юм”.
Хүний үйлддэг хар нүгэл, хүний дуулдаг дуу хоёр хэзээ ч хамт байж боломгүй юм шиг санагдаад байдаг юм. Гэтэл хүний сэтгэлийн энэ хоёр туйл нэг хүнд хоршин байхыг яана. 
Хурандаа Дашдоржийн өрөөнөөс шууд зочид буудалд ирэнгүүтээ оронд ороод би “Та үүнийг уншвал унш л даа. Харин Долзодод хэлж болохгүй шүү. Тэгвэл толгойгүй болно гэсэн үг” гэж инээмсэглээд Төмөрийн над өгсөн хөх дэвтрийг авч уншлаа. Долзод Төмөрийг байцааж байхдаа эхлэн хөтөлсөн тэмдэглэл байв. 
Долдугаар сарын 8
Энэ Төмөр гэдэг ямар хачин хүүхэд вэ? “Чи Ононг зориуд санаатай зодсон юм уу, эсвэл дайралдсан хойноо л гэнэт уур чинь хүрээд зодчихсон юм уу?” гэж асуухнаа “Санаатай байлгүй яах вэ? Тэр муухай юмыг мэдсэнээсээ хойш л санаж яваад амралтаараа ирснийг нь дуулаад зориуд Ононг зодох гэж л хөдөөнөөс орж ирсэн юм байхгүй юу” гэж байгаа юм. Ийм гэмт хэрэгтэн байдаг л юм байж дээ. Өрөвдмөөр ч юм шиг. 
Долдугаар сарын 10
...Өнөөдөр Төмөрийг аягүй өрөвдлөө. Байцаалт дуусгаад явуулахад “Байцаагчаа танаас нэг юм гуйж болох уу?” гэдэг байна. “Юу юм бол доо, хуулиар хорьсон зүйл биш бол таны гуйлтыг сонсъё” гэсэн чинь “Аймгийн наадам яаж болж өнгөрсөн тухай та дараагийн байцаалтын сүүлд над ярьж өгөхгүй юү? Би аймгийн наадам үзээгүй юм байхгүй юу. Аав минь хүнд өвчтэй хэдэн жил хэвтэрт байсан болохоор жил болгон долоон сард би ааваа аваад Отгонтэнгэрийн рашаанд очиж сар болоод ирдэг байсан. Тэгээд энэ өвөл аав минь нас барсан. Уг нь энэ жил үзнэ гэж бодож байсан минь өнгөрлөө. Ер нь бас л нэлээн хэдэн жил үзэж чадахгүй болох байх” гэдэг байна. 
Ёстой элэг эмтрэх шиг боллоо...
Долдугаар сарын 13
Өнөөдөр Төмөрийг байцааж байхдаа түүнийг сайн ажиглалаа. Ер нь аятайхан залуу байна шүү дээ. Хүүхэд шиг зантай нөхөр. “Байцаагчаа намайг шийтгэхэд та намайг өмгөөлж өгөхгүй юү?” гэдэг байгаа. “Та чинь юу ярьж байнаа. Би чинь мөрдөн байцаагч болохоос өмгөөлөгч биш” гэсэн чинь “Тэгвэл та намайг таслан шийтгэх хуралд улсын яллагчаар оролцохгүй юу?” гэдэг байгаа. “Хэрэгтэн Төмөр та тохуурхахаа болино байгаа” гээд ширүүхэн харвал “Би үнэн голоосоо л хэлчихлээ. Уучлаарай байцаагчаа” гээд доошоо харах нь тохуурхсан шинжгүй ээ. 
Долдугаар сарын 21
Энэ Төмөр гэж ёстой дүүрсэн амьтан. “Ононг зодсондоо одоо харамсаж байгаа биз?” гэсэн чинь “Үнэнээ хэлэхэд үгүй шүү. Бодох бүр харин ч бах ханах шиг болдог. Харин нүдийг нь сохолчихдог л тусгүй юм болсон. Уг нь нүд рүү нь цохих гэж огт бодоогүй, дал мөрөөр нь ороолгож байсан чинь өөрөө над руу дайрах гээд ташуурын суранд нүүрээ оруулгуулчихсан юм” гэж байгаа юм. Протоколд хэлсэн чигээр нь бичиж орхисон. Бичихээс яах билээ. 
Долдугаар сарын 23
Хоёр жилийн өмнөх дээд сургуулийн элсэлтийн уралдаант шалгалтын материалыг Улаанбаатар хотын прокуроор шалгуулахад Ононгийн материалд сэжигтэй юм огт алга гэнэ. Гэтэл самбарт хадаж байсан дүнгийн нийлбэрээр Төмөр, Ононгоос гурван оноогоор илүү байсныг олон хүн гэрчилж байгаа шүү дээ. Хашрууд сүүлд нь мадаггүй л хийж дээ. Хэдийгээр Төмөрийн ялыг хөнгөлөхөд нэг их тус болохгүй ч гэсэн юмны үнэнийг олж, гэмт этгээдүүдэд арга хэмжээ авахуулбал цаашдаа хэрэгтэй юмсан. Ононгийн эцгийг л цохиж асуугаад сэтгэхүйн дайралт хийгээд үзэхээс. Эмзэг цэг дээр нь л дарчих юмсан. “Албан тушаалдаа авгайгаасаа байтугай аминаасаа ч илүү хайртай амьтан байгаа юм. Тэгэхээр чи албан тушаалыг нь хөндөх маягаар ярилц” гэсэн Зана прокурорын зөвлөлгөө ашигтай байж магадгүй. Тэр өвгөн учиртай л юм хэлж таараа. 
Долдугаар сарын 24
Намнанг ганц сайн дөнгөлөө дөө. Ээ Долзод минь муугүй мөрдөн байцаагч болох төлөв чамд байна шүү. ха, ха, ха, хэ, хэ, хэ. Чиний сайных бишээ. Намнангийн бэртэгчин зан л эзнээ дөнгөсөн хэрэг. Боловсон хүчний хэлтсийн даргын энэ ширээн дээрээ үлдэхийн тулд юугаа ч хүлээхэд бэлэн байх шив. Аягүй нарийн хийцгээсэн байна шүү. Муу юмны ухаанд мэргэшсэн этгээдүүд бололтой. Намын хороонд мэдэгдэж орвонгоор чинь онгилуулна даа. Албан тушаалаа ашиглан малчин айлын ганц хүүгийн оронд хүүгээ оруулна гэнээ. Энэ бузар хэргээс нь л болж гэмгүй хөөрхөн залуу ял эдлэх болж байна. Балагт этгээдүүд. 
Долдугаар сарын 28
Төмөрийг байцаагаад эцэст нь Намнан арын хаалгадан Онгонгоо оруулсныг илрүүлсэн, нам, захиргааны хувьд хатуу арга хэмжээ авах болно гэж мэдэгдэхэд “Өө байцаагчаа арга хэмжээ аваад яах юм. Би хувийнхаа арга хэмжээг бүр хэтрүүлээд авчихсан юм чинь” гэж байна. Ёстой сайхан сэтгэлтэй залуу юмаа. Аятайхан ч залуу. 
Наймдугаар сарын 3
Төмөрийг эцсийн удаа асуулаа. Яагаад ч юм бэ над хачин гунигтай ч юм шиг. Үнэндээ бол Төмөрийн хэрэг удаад байх хэрэг биш дээ. 
Тэр нөхөр ямар худлаа мэдүүлж, булзааруулах гэж оролдох юм биш. Өөрөө л яриад байна. Хэргээ бараг хэтрүүлж хүлээчих гээд байх юм чинь. 
“За хэрэгтэн Төмөр та бид хоёр өнөөдөр сүүлчийн удаа уулзаж байна. Таны хэрэг шүүхэд шилжүүлэхэд бэлэн боллоо. Та ялын төлөвлөгөөтэй танилцаа биз дээ?” гэсэн чинь тэр нөхөр харин өөдөөс “Тантай эцсийн удаа уулзаж байгаадаа л харамсаж байна” гэнэ шүү. 
“Ганц надтай ч биш ер нь мөрдөн байцаагчтай цаашдаа уулзахгүй л явбал зүгээр дээ” гэхэд “Тантай бол ч уулзаад баймаар байна” гэхэд нь би буруу ярьснаар мэдэж “Гэмт хэргийн учир уулзахгүй байхыг л хэлж байна” гэхдээ би инээмсэглэсэн юм байхдаа тэр өөдөөс хараад “та их аятайхан инээмсэглэх юмаа” гээд нэг л хачин боллоо. Эр хүн гэж, шоронд ороод явах гэж байж, хүүхэн инээхийг ажиглаж суудаг, хачин ч юмаа даа. 
Хавтаст хэргээ хумих зуураа би Төмөр рүү харалгүйгээр ажиглахад тэр босчихоод гарахгүй зогсоод байлаа. Би юмаа эмхэлж гүйцээд “За ийм байна. Би харгалзагч дуудъя даа” гэж асуух байдалтай хэлснийхээ учрыг олохгүй юм. Би шууд л дуудчихдаг болохоос хэзээ хэрэгтэнтэйгээ тиймэрхүү юм яриад зогсож байлаа даа. Би Төмөрийг өрөвдөөд л тэр юм байхдаа. Тэгтэл Төмөр “Танд хэлэх эцсийн гуйлт байна” гэхэд нь би “Эцсийн хүсэлтээ таслан шийтгэх хурал дээр хэлдэг юм” гэлээ. Тэр “Үгүй танд хэлэх гуйлт байна” гэж байна. Юу гэж хэлэхээ мэдэхгүй түүн рүү харахад: Төмөр зөвшөөрлөө гэж бодсон юм байхдаа “Би танд хааяа нэг захиа бичиж байж болох уу?” гэдэг байна. Хэрэгтнийхээ амнаас ийм үг дуулна гэж би зүүдлээгүй явсан юм байна. Би өөрөө ч мэдэлгүй нэг л мэдэхэд “яахав тэгээрэй л дээ” гэж хэлж байлаа. Төмөр өрөвдөж хайрламаар сайхан инээмсэглээд “Харгалзагч” гэж өөрөө дуудлаа. Харгалзагчийг орж ирэхэд над руу “Баяртай” гэсэн харцаар хараад харгалзагчийн өмнө ороод явлаа. Ямар эргэж харах эрх түүнд байх юм биш дээ. Босго алхахдаа зогсох гэхэд харгалзагч араас нь түлхээд гаргачихлаа. Ай хөөрхий хүний хувь заяа гэж хачин юм даа.
Наймдугаар сарын 9
Өнөөдөр Төмөрийн хэргийг тасалжээ. Өгөх ёстой л ялыг нь өгсөн байна. Зарим талаар хөнгөлсөн ч байна. Ингээд ийм нэг хөгийн ааштай залуу шоронгийн босгыг алхаж үзэж дээ. Ааш зан нь л битгий эвдрээсэй билээ. 
Амьдралынхаа ийм нэгэн зүсмийг алдана гэдэг ямар сайн байх билээ дээ. 
Чухам энэ зүсэм дээрээ л хамгийн сайхан, аз жаргалаа эдлэх ч байсан юм бил үү? Хайрлаж дурлах үе нь байсан ч юм бил үү? Ингээд л бодохоос Намнангийн худлаа инээсэн царай, халзандуу толгой нүдэнд харагдаж зэвүү хүрэх шиг болох юм. Амьдралын эрээн барааныг үзээгүй, элдэв хорон муу зангүй шулуун цайлган хөдөөгийнхний дунд өсөж торниод, хорвоог бүхэлдээ тийм л гэж санаж явсан гэнэхэн залуу гэнэт тийм хорт аргаар өөрийг нь хохироосныг мэдээд өширхөж бас л нөгөө цагаахан сэтгэлээрээ хариугаа авах гэсэн хэрэг. 
Муу хорын гай ийм л байгаа юм даа. Болдогсон бол бэртэгчингүүдийг бүгдийг нь барьж ирээд шоронд хийчих юмсан. Тэгвэл хүмүүст амьдрахад их л амар болно доо. 
Өнөөдөр чинь ажил хийх ч дур алга. Тэмээний хулгайчийн хэрэг мөрдөх юм гэсэн. Хоёр дахь удаагаа орох гэж байгаа сүрхий амьтан гэнэ билээ. Хэр зэрэг зовоодог юм бол доо. Төмөр шиг амархан хэрэгтэн ч гэж хаа байх вэ дээ. 
Наймдугаар сарын 18
Төмөрөөс өнөөдөр захиа авлаа. 
Хачин нөхөр шүү. Ер гутарч, гуньсан шинж огт алга. Халимаггүйдээ л их ичих юм гэнэ. “Миний толгой өнцөг булан олонтой, хүн харах болгондоо инээмээр эд байгаа юм. Мөрдөнгийн үед би таны өмнө дандаа малгайтай суудаг байсныг та санаж байгаа биз дээ” гэж бичжээ. Янзын юм ярьдаг амьтан шүү. Захианыхаа төгсгөлд бичсэн нэг мөрөө дарчихжээ. Юу гэж бичсэн юм болоо. Жаргалсайханд (Жаргалсайханд гэдэг нь сэргийлэхийн шинжээч хүүхэн гэдгийг би мэдэж байв) өгч боловсруулж уншиж үзэх юмсан.
Арваннэгдүгээр сарын 3
Их үнгэгдэж, төөрч удсан бололтой нэг захиа авлаа. Бүр бичихээ болио юу? гэж бодож байсан чинь...
Нэгдүгээр сарын 6
Өнгөрсөн сард Төмөрөөс хэдэн ч захиа авчихавдаа, гурав, дөрөв л байх.
“Миний захиа танд хүрч байгаа эсэхийг мэдэхгүй байх л над жаахан гомдолтой санагдаад байх юм даа. Та ондоо газар шилжээд явчихсан ч юм бил үү? Би энд ирснээс хойш хоёр жил болж байхад, юу эс болж өнгөрөх вэ дээ. Ядахдаа буцах хаяггүй бичсэн болохоор миний захиа буцаж ирэхгүй л дээ. Би таны нэрийг бузарлана гэж бодоод буцах хаяггүй явуулдаг юм” гэж Төмөр бичжээ. Намайг нэг сарын 9-нд төрсөн гэж хаанаас мэдээд авдаг байна аа? Ёстой чөтгөр шиг амьтан юм. Төрсөн өдрийн баяр хүргээд намайг зураад явуулсан байна шүү. Ямар адилхан зураа вэ? Арай зургийг минь олоод авчихаагүй баймаар юм. Яасан хачин юм бэ? Яг л зурсан байна. 
Би гэдэг чинь яасан хүн муутай новш вэ? Хүнээс өдий олон захиа авчихаад ганц ч хариу бичдэггүй. Ёстой эм шулам гэж л ийм юм байх биз. 
Одоохон хариу бичье...
За байз юу билээ. Хаяг нь хаана байгаа билээ. Хамгийн анхны захиан дотроо бичсэн байсан шүү дээ. 
Нэгдүгээр сарын 21
Миний захиаг хүлээж аваад Төмөр ямар их баярлаа вэ. “Танаас захиа аваад л байвал энд насаараа суусан ч чадна” гэнэ шүү. Яасан аймаар юм бичдэг амьтан бэ?
Ааш зан нь эвдэрч байгаа юм биш байгаа даа. Яанаа.
Дараагийнхаа захианд санаа авахуулах юм бичье байз. 
Миний зургийг зурахдаа намайг сэтгэлдээ харж байгаад зурсан гэнэ шүү. Нээрэн л намайг сэтгэлдээ харж явдаг юм бол уу. “Та миний сэтгэл дотор байнга харагдаж байдаг. Тэгэхдээ бүр инээмсэглэж, хөмсгөө зангидаж, нүднийхээ шилийг засаж, үзэгнийхээ ишийг хэмлэн юм бодож харагддаг юм чинь би зурж чадалгүй яах вэ. Миний тэмдэглэлийн дэвтэр дотор таныг янз янзаар зурсан бий. Энд ирээд хэд хонож байтал би нэг шөнө таныг зүүдлээд. Тэгээд л өглөө нь босоод зүүдэндээ үзсэнээр зурсан. Түүнээс хойш зав л гарвал зураад суудаг болсон юм даа. Бид нэг их завтай бишийг та мэдэлгүй яах вэ. Гэхдээ л таныг зурах цаг олддог л юм” гэж бичсэн байх юм. 
Уйлмаар ч юм шиг. Би муу дүүгээ их санаж байнаа. Олзод минь өдийд юу хийж дүнсийж суугаа бол. 
Гуравдугаар сарын 4
Төмөр ер нь их ухаалаг, хүнлэг залуу юм аа. Шоронд байгаа хүн гэхэд Мартын наймны баяр хүргэчихэж л байгаа юм даа. Тэгэхэд Ариунболд над баяр хүргэж үзээгүй шүү дээ. 
Хүмүүс гэж олон янз байдаг бололтой юмаа хөөрхий. 
Гуравдугаар сарын 6
Урьд шөнө Төмөрийг зүүдэлж хонолоо. Яасан муухайгаар зүүдлэв ээ. Захиа ирэх болоогүй юм бол уу? Би чинь юу болж байнаа. Уржигдар захиа авсан шүү дээ...
Дөрөвдүгээр сарын 13
“Та намайг шоронгийн араншинтай амьтан болчих байх гэж айж байнаа даа. Таныг энэ дэлхийд байхад яалаа гэж тэгэх билээ дээ” гэж Төмөр бичжээ. Өнчин юм даа хөөрхий. Айлын ганц хүү болохоор газар дээр санаж сарвайх хүн байхгүй л дээ. Хөөрхөн ааштай, аятайхан залуу шүү. Ер нь л хүний сэтгэл татмаар хүн дээ. 
Ингэхэд тийм хөөрхөн залуу хөдөө хэдэн жил болохдоо яагаад гэрлэчихээгүй юм болоо. Эргүүлдэг юм ч байхгүй юм бол уу! Ээ мэдэхгүй аягүй бол байж л таараа. Тэрнээс нь захиа очиж л байгаа даа. Харцуул гэдэг чинь ер балчирддаггүй улс байх шүү. Дараагийнхаа захианд асуух юм байна. Юм байвал хэлчихээр цайлган сэтгэлтэй хүн шиг санагдах юм. Гэвч бүү мэд дээ. 
Тавдугаар сарын 19
Төмөр хайртай, сэтгэлтэй хүүхэн байхгүй гэж их л наминчлан бичжээ. Үнэн ч байж болох л юм. Харин “Би танай нөхөрт атаархах юм. Тэр ёстой азтай эр дээ. Таниар хайрлуулж явдаг. Таныг ч ёстой нэг ухаангүй харддаг байх. Сайхан авгайтай хүн хартай байдаг гэж манай эндхийн хашрууд ярьдаг юм” гэжээ. Таар ч дээ. Ариунболд бид хоёрын бие биеэ хайрлана гэдэг ч ёстой энэ хорвоод бүтэхгүй юмны нэг байх аа. 
Миний яаж зовж явдгийг Төмөр мэддэг ч болоосой. 
Зургадугаар сарын 8
Хүүе яанаа, би чинь амьдралынхаа гуниг шаналлын тухай яагаад биччихсэн билээ. Би чинь Олзоддоо ч хэлж чаддаггүй шүү дээ. “Архи уудаггүй, тамхи татдаггүй, элдэв шалиг завхай зангүй, аж төрөх ухаантай, царайлаг ийм хүнийг чи юугаар нь голоо вэ? Чи өөрөө хэнээс сайхан юм бэ? Дэмий бодлоо наад толгойноосоо зайлуул. Чи ер нь гэр орон, амьдралынхаа тухай бодож бай. Тэгвэл наад толгой дотор чинь элдэв бодол орох зай гарахгүй” гэж загнана гэж айдаг байж. 
Тэгэхэд огт хамаагүй хүнд, шоронгийн хоригдолд тийм юм биччихдэг байна аа. Тэгээд бүр Ариунболдоос сална гэж бичиж байдаг. 
Төмөр “Хэрэв та минийх байсан бол би ямар их аз жаргалтай амьтан байхсан бол. Лав л энд сууж байхгүй байсан. Чамайгаа бодохоор гэмт хэрэг хийж яаж чадах билээ” гэж бичжээ. Нээрээ л хайртай хүнтэй бол хүн яаж муу юм хийх юм бэ?
Гэхдээ л би яагаад Төмөрт ингэж долоон булчирхайгаа тооччихдог билээ. 
...Долзод бүсгүй Төмөрт хувь заяаныхаа зовлонг яагаад бичсэнээ өөрөө үнэхээр мэдэхгүй байгаагаа гайхан гайхан бичсэн байв. 
Би бол эргэцүүлэн бодоод гадарлаж байх шиг санагдана. 
Хүний сэтгэлийн сав гэж байдаг бол хүн түүнээ бас дундалж байх нь ёс. Хүн жаргал, зовлонгоо уул хаданд хашгирч, ус мөрөнд юүлэхгүй шүү дээ. Хүн жаргал, зовлонгоо хүнтэй л хуваалцана. Долзодын хувьд тийм эрхэм дотно хүн нь Төмөр болсныг тэр бүсгүй өөрөө мэдээгүй байсан бололтой. Жинхэнэ хайр сэтгэл гэдэг “хайртай дуртай” гэж орилж хашгирч ирдэггүй, эздээсээ хүртэл нууц тансаг байдаг ажээ гэсэн юм надад бодогдож байлаа.
Би цааш нь Долзодын нийт далан есөн өдрийн тэмдэглэлийг уншлаа. Энэ бол зөвхөн Төмөртэй л холбоотой тэмдэглэл байв. Харин Ариунболдыг муулсан юм бараг алга. Долзод ер нь хүн муу хэлж чаддаггүй хүн бололтой. 
Тэмдэглэлийг уншиж үзээд Долзод, Төмөр хоёрын гайхмаар шийдэмгий байсныг би аргагүй ойлгож, “хайр сэтгэл гэж ингэж л хачин жигтэйхэн ирдэг байжээ хөөрхий” гэж бодлоо. 
Цаг харсан чинь хоёр цаг болж байдаг байна шүү. 
 
Зургаа.
 
Өглөө хурандаа Дашдоржийн өрөөнд шуурхай зөвлөлгөөн боллоо. 
Шөнөжин Долзодын тэмдэглэлийг уншаад бараг нойргүй хоносноо нуух гэж би сэргэлэн царай үзүүлэн суув. 
- За, хэн юу бол яримаар байна даа? гээд хурандаа Дашдорж өмнөх цааснаасаа нүд салган толгой өргөв. 
Ийм мухар битүүлэг үед хүмүүс ер нь эхэлж дуугарах дургүй байдаг хойно доо. Дуугарах зоригтон гарч ирэхгүй хэдэн мөч өнгөрөв. 
Хурандаа над руу “Та л ярьж дээ” гэсэн харц өгөхөд нь би босохоос аргагүй боллоо. Намайг: 
- Юуны өмнө... гээд бостол хурандаа:
- Та суугаад бол яриач дээ гэв. Би:
- Зүгээрээ хурандаа. Зогсож байгаад яривал арай дээр байх шиг санагддаг юм. Суугаад ярихаар санаанд юм орж ирдэггүй юм. Юуны өмнө өнөөдөр Долзодыг угтахад Ариунболдыг бэлдэх хэрэгтэй байна... 
- Урьдчилж хэлэх хэрэгтэй. Эс тэгвэл нас барсан хүн амь ороод ирэхийг гэнэт хараад зүрх нь хагараад үхчихэж ч магадгүй гэж хэн нэг нь санал гаргаж байна. 
- Яг үнэн:
- Зүйтэй,
- Тэгэлгүй болохгүй шүү гэж дэмжицгээж байлаа. Би анх санал гаргасан хүн рүү эргэж хараад: 
- Харин ээ. Яасан нь дээр вэ? Ярилцаж шийдэх л юм л даа. Нэг бол огт хэлэлгүй байж байгаад гэнэт уулзуулж болох байна. 
- Тэгэх нь манай бол ажилд хэрэгтэй байна гэж хурандаа Дашдорж эрсхэн хэллээ. 
Ондоо саналыг дэмжиж байсан хүмүүсийн зарим нь: 
- Тэгэлгүй яах вэ
- Даргын хэлдэг яг зөв гэлцээж байх юм. Би дахин ам нээж:
- Төмөр гэсэн таамаглал нэгэнт хүчингүй болсон учир ондоо таамаглал, чиглэл гарган түүнээ барьж ажиллах хэрэгтэй боллоо гэдгийг та нөхөд сайн мэдэж байгаа. Энэ асуудлаар л санал солилцмоор байна гээд суулаа. 
Дахиад чимээ тасран, хүмүүс суудалдаа займрахдаа ч больчихлоо. 
Хурандаа: 
- Гэндэн эмчтэй та өөрөө уулзах уу? Эсвэл... гэхэд нь би: 
- Би уулзъя... Танайхаас очвол хүмүүс таних учир тэр сонин зантай хүний тухай зарим хүмүүс элдэв юм ярьж мэднэ. Намайг бол таних хүн байхгүй гэж бодсоноосоо жаахан зөрүүлэн хэлэв. Үнэндээ бол Гэндэнтэй өөрөө л уулзаж ярилцана гэж хатуу шийдсэн байсан юм. Тэгэхдээ ингэж уулзаад хэргийн талаар ямар нэг хэрэгтэй юм олно гэж би огт итгэхгүй байсан л даа. 
Гэндэнг сонирхсон учир гэвэл амь үрэгдсэн сэтгүүлч эмэгтэйн сүүлчийн найрууллын хувьд л юм. Өөр юу ч байсангүй. 
Гэнэт миний толгойд “Долзодыг ирүүлэхгүй байзнавал яасан юм бэ? Алуурчин биднийг төөрч будилж байна гэж андуурч л байг. Ариунболдод бол Долзод явах гэж байсан ёсоороо амралтанд оччихсон байна гэж хэлье. Үгүй, Ариунболдод ч хэлэхээ түр азная. Харин өнөөдөр Ариунболдтой уулзаж нэг ярилцаж үзье байз” гэсэн бодол орж ирлээ. 
- Хурандаа над нэг санаа төрлөө. Долзодын тухай одоохондоо бид л мэдэж байвал яасан юм бэ? Алуурчин биднийг андуурч байна гэж бодож л байх нь бидэнд ашигтай. Та юу гэж бодож байна вэ? гэж би асуулаа. 
Мөрдөн байцаах ажлын олон жилийн туршлагатай тэр хурандаад миний бодол санаандгүй зүйл огт биш бололтой. Тэрээр хэдэн агшин бодолхийлэв. 
Дэслэгч Лхасран сая л ам нээж
- Маш зүйтэй. Тэгж байгаад алуурчийг барьсныхаа дараа гэнэт хүмүүст мэдэгдэх нь зүйтэй гэх нь адал явдалт зохиолын хорхой төдий над санагдав. 
Тэгтэл шуурхай зөвлөлгөөнд оролцож байсан ажилтан нар
- Маш сонин санаа.
- Болохгүй.Долзод сайндаа сар л болно шүү дээ. Тэгээд л ирүүлэхээс өөр аргагүй болно. Тэр хооронд алуурчныг бид олж чадахгүй бол яана гэж бодож байна вэ? Сэргийлэх байгууллагын нэр хүндэд хортой шүү дээ... 
- Яагаад? 
- Яагаад гэвэл, амьд мэнд явж байгаа хүнийг алуулсан гэж алуурчийг олох байтугай алуулсан хүнийг ч хэн болохыг тогтоож чадахгүй мунгинасан гэж олон түмэн биднийг... бид яах вэ гэхэд сэргийлэх байгууллагыг муу хэлэх болно. 
- Нэгэнт л алуурчийг барьж чадахгүйд хүрвэл тэртэй тэргүй ялгаагүй. 
- Гэхдээ алсныг байг гэхэд алуулсныг нь таньчихсан байвал зүгээр л юм даа. 
- Биднийг урьдчилан мэдсэн гэдгийг хэн мэдэх юм бэ? Долзодыг хүрээд ирэхэд л бид сая мэдсэн болж таарна...
- Ийм үед нэр сүрийн тухай бодлыг түр хойш тавьчихад бидэнд нэг их хохирол гарахгүй бол уу?
- Би нэр хүнд хөөцөлдөх гээгүй байна. Бидний ажлын бүтээмжийг хүмүүс мэдэж, бидэнд итгэж байх нь манай ажилд хэрэгтэй шүү дээ. 
- Бүтэл муутай байвал нуучихаад л уу?
- Дашрамд хэлэхэд бүтэлгүйтсэн, алдаж осолдсоноо ч хүмүүсээс нуух хэрэггүй юм шиг над санагддаг. Бидний алдаа дутагдлыг мэдвэл хүмүүс бидэнд тусална шүү дээ. Гэтэл бид яаж байна. Учир нь олдохгүй л нэг их нууц ажилтай ярвайсан амьтад хүмүүсээс холуур тойроод л... эцсийн эцэст манайх чинь ардын сэргийлэх. 
- Мөөн. Ард бүхэнд л хамаг байдгаа дэлгэж байх болж байна уу? Олзодыг ард биш хүн алсан гэж чи бодож байна уу? 
- Алуурчин ганц л байгаа шүү дээ. Гэтэл бүх хүнийг алуурчин юм шиг сэжиглэж болохгүй. Энэ бол бидний ажиллах барил яасан ч биш. 
- За тэгвэл үүдэн дээрээ том самбар гаргачихаад өдөр бүр хийсэн юм, алдаж оносноо бичиж байх болж байна уу? Эсвэл аймгийн радиогоор нэвтрүүлж байх уу? 
- Тэгсэн ч яадаг юм бэ? Тус л болно уу гэхэс лав ус болохгүй. Ер нь тэгж ажиллах цаг нэг их удахгүй гэж би итгэдэг. 
- Байзаарай, Тэр цагт чинь гэмт хэрэгтэн, жишээлбэл алуурчин “Би хүн алчихлаа намайг гавла” гээд хүрээд ирдэг болох юм биш биз дээ. 
- Тэр цагт байтугай, одоо ч гэсэн “Би эхнэрээ хардаад алчихлаа” гээд айлдаа орж хэлсэн явдал бий шүү дээ. 
- Тэр бол хамгийн зальтай хар алуурч. Гарцаагүй баригдахаа мэдээд хэргээ хөнгөлүүлэх гэж тэгж байгаа хэрэг гэлцэн маргаан сүрхий халж ирлээ. 
Маргалдана гэдэг сайн хэрэг. Хүмүүсийн сэтгэл буцалж эхэлж буйн шинж. Харин чимээгүй дүнсгэр оргих нь хүмүүсийн бодол санаа царцанги байгаа гэсэн үг. Тийм ч учраас түрүүнээс хойш хүмүүс идэвхгүй чимээгүй оргиод байхад би дотроо унтууцан бухимдаж сууснаа нуух юун. 
Хэдэн минут маргаж ярилцсаны эцэст миний саналыг баталж тэр дороо, тэр өрөөнөөсөө Долзод, Төмөр хоёртой утсаар ярьж амралтандаа эргэж очиж, эндээс дуудтал амрахыг гуйлаа. Долзод харилцуурт санаа алдаад: 
- Ажилд хэрэгтэй юм бол тэгэхээс яая гэх вэ? Харин нэг юм гуймаар байна. Алуурчийг барингуут над мэдэгдэхгүй юу? Би түүний нүүрийг хармаар байна. Та нар барингуутаа Улаанбаатар руу аваад явчихаж мэднэ гэж үнэхээр гуйсан өнгөөр хэллээ. 
Би ёс мэдэх тэр эмэгтэйг ихэд хүндэтгэж байлаа. Бидний хэлснээр тас зөрөөд тэр өдөртөө онгоцоор нисээд ирвэл бид үнэндээ яаж ч чадахгүй л байсан. 
Тийм ч учраас:
- Таны хүсэлтийг биелүүлнэ. Барингуутаа л танд мэдэгдэнэ. Ер нь тэгээд барихаас өмнө ч таныг энд ирүүлэх боломж гарч магадгүй. Одоохондоо л таныг энд ирүүлмээргүй байна гэж намайг учирлахад Долзод:
- Би тэгээд аль хэр удаан дүүгийн оронд “талийгаач” болж байх юм бол доо? гэж байна.
- Нэг их удаахгүйг бодноо. 
Шуурхай зөвлөлгөөн дээр хэргийн мөрдөх чиглэл, таамаг сэдэн гаргах зоригтой хүн олдсонгүй. Харин хурандаа Дашдорж:
- Одоогоор бол Гэндэн дээр л жаахан бол эргэлдэж болно гэж би бодож байна гэхэд хошууч Халтар: 
- Хэвлэлд магтаж бичсэний нь төлөө хүн алдаг мөн хачин хүн байж таарна даа, Гэндэн эмч гэдэг чинь гэж хэлэх нь энэ хэргийг мөрдүүлээгүйд гомдсон гомдол ньгарч ирж байгаа нь энэ бололтой. 
Хурандаа түүнийг нь анзаараагүй байдал зориуд үзүүлээд: 
- Гэндэн эмчийн тэндээс нэг сэжим бол гарч магадгүй гэж бол би бодох юм гэв. 
- Бодож эргэцүүлэхгүй, болчимгүй түргэн ажиллах нь яаж эндүүрч болохыг Төмөрийн асуудал бэлхнээ нотолж байгаа юм биш үү хурандаа? гэж Халтар шазалзаж хэлэх нь хурандаад биш надад хандсаныг мэдэхэд төвөггүй байлаа. 
“Зуны эхэн сар шиг залуу сайхан эмэгтэйг заналтайяа алсан алуурч чөлөөтэй зугаалж, магадгүй дараагийнхаа хар хэргийг үйлдэх гэж явахад түүнийг яаж барихыг бодохын оронд дотроо өөрийгөө өмөөрөн өчүүхэн гоморхол агуулж явдаг яасан шившгийн этгээд вэ? энэ Халтар гэдэг чинь” гэсэн бодол төрж, хоёр шанаа халуу оргиж эхэллээ. Би хоолойн дээр тулж ирсэн хорон муу үгийг уруул давуулалгүй хүчлэн залгив. 

 


* * *

 
Би Улаанбаатартай ярьж дуусаад гэгээвчний наана очиж аймгийн төвийн даржинхан өглөөг хараачлан бодолд автан зогслоо. Над үнэндээ бодох юм их байлаа. 
Улаанбаатараас дарга маань ярьж байв. 
Цэцэгбал амаржаагүй л гэнэ. Бага багаар дуншиж өвдөөд байгаа юм байх. Манай ажлын газрынхан өдөр бүр ээлжээр очиж Цэцэгбалтай зурвасаар ярьж биеийг нь лавлаж байгаа гэнэ. 
Дарга маань намайг хүсвэл ондоо хүн оронд минь ирүүлж, намайг хариулж болно энээ тэрээ гэсэн “манж үг” хэлсэнгүй харин “Буд аа нэгэнт эхэлсэн ажлаа чи л дуусгахаас өөр арга алга. Хэрэг болбол чамайг яаралтай ирүүлнэ. Гэхдээ тийм хэрэг гарахгүй бизээ. Цэцэгбал чамайг ажлаа түргэн дуусгаад ирээрэй гэж байна билээ. Ажлын чинь талаар аймгийн сэргийлэхийн шуурхай илтгэлээс би төсөөлөл авсан. Ажлыг чинь би огт мэдэхгүй байгаа болохоор юу ч зөвлөх юм билээ дээ. Цэцэгбалд хэлүүлмээр юм байна уу?” гэж урсгах нь утсаар албан хэрэг байнга ярьдаг болохоороо урьдаас бодсон зүйлээ түргэн хэлж мөнгө хэмнэж сурсан хүний зан биз ээ. 
Би олон юм асуусан ч үгүй. Харин сэтгүүлч Олзодын гэрт үзлэг хийж, тэмдэглэл сэлт байвал хүн томилж нарийн судлуулахыг хүсээд л утсаа тавиад юм бодон зогсож байгаа минь энэ. “За байз яадаг юм билээ. Цэцэгбал минь их зовж байгаа байх даа. Амаржихад нь хажууд нь байж чаддаггүй ийм ч нөхөр байх гэж. Тэнд хэвтэж байгаа хүүхнүүдийн нөхөр нь өдөрт хэд дахин ирж, биеийг нь асууж шалгааж, хайрласан энхрийлсэн үгтэй зурвас өгч, шинэ хүнээ гэгээвчээр харан гар өргөн далалцгааж байгаа даа. Тэгэхэд Цэцэгбалыг минь эр нөхөр нь гэж юм очиж асуух ч үгүй байдаг. Хүүхнүүд гэдэг хачин улс, өвдөж ярвайцгааж байж элдэв хов ярьж л байгаа. Цэцэгбалыг минь юу гэж байгаа бол. Нөхөртөө хаягдсан юм уу, эсвэл завхайрч явж хүүхэд олсон байх гэлцэн жиг, жуг хийж байж ч мэднэ. Ингэхэд Цэцэгбал минь амаржиж чадахгүй сүйд болох юм биш байгаа даа? Байгаль гэдэг хатуу жамтай шүү. Амаржиж чадахгүйг нь мэдээд уржнан намар ураг хөндүүлчихсэн байж мэднэ шүү. Бид хоёр ямар ч гэсэн анхныхаа үрийг харж чадаагүй үхэл зовлон үзсэн л улс. 
Гэтэл даан их удалгүй дахиад үр заяаж тэр минь орчлонд орьдуу болон ирэх гэж байхад би энд албаны хэнхэг оргиод жишимгүй тэнэж явдаг... Ер нь Цэцэгбал төрж чаддаггүй бүсгүй юм биш байгаа. Тийм хүн байдаг гэсэн. 
Тэгээд л хүүхэд олохгүй өчнөөн жил болж олдсон ганц нь хүн гэдгээ анх удаа мэдэгдэн хөдөлмөгцөө дутуу гарчихсан юм бол уу? Байгаль гэдэг ухаантай шүү” гэсэн юм бодогдон сэтгэл бүрхэж зогстол хаалга сандрангуй цохилоо. Би: 
- За гэсэн боловч хаалга цохисоор байв. Ариунболдтой ярьснаа эргүүлэн сонсох гэж хаалга түгжсэнээ гэнэт санаад шалавхан очиж онгойлговол Ариунболд зогсож байлаа. Тэр сандарч догдолсон, бүр баярласан ч юм шиг харагдав. Тэрбээр босго алхангуутаа хаалга тавхийтэл татан түлхүүр хоёр эргүүлж түгжээд:
- Энэ юу вэ? гээд дөрвөлжилж эвхсэн барааны боодлын хатуу бор цаас над өглөө. Түүний нь би ямар нэгэн ховор тансаг зүйл гардаж буй мэт сэтгэл догдлон авч задалбал: “Долзод борхиор тавтай нойрсож байна уу? Таныг эрлэг номын хаанд явуулсан тэр сайн эрийн аз хийморийн төлөө ганц галуу буудаж орхиё. Долзод борхиор эрлэг номын хаанд очих унаа хэрэгтэй бол ах нь дэмбээдсэн хэдээсээ нэгийг тохшилж өгч болно шүү. Ачаа бараа ихтэй бол бас нэгийг хомнож өгч ч болно” гэж тосон балаар муруй сариу бичсэн байна. 
Намайг уншиж дуусахад Ариунболд:
- Шарилын нь хайсанд хатгасан байна. Хөдөөнөөс ирж явтал, шарил дээр нь очиж жаахан уйлмаар санагдаад тэсэлгүй очсон чинь энэ... Би үгийг нь дутуу сонсоод утас руу ухасхийлээ. Хэдхэн минутын дараа дэслэгч Лхасран миний өрөөнд зогсож байлаа. 
- Юу хэлмээр байна даа? гэж намайг асуухад Лхасран: 
- Алуурчийг барихад арван алхам үлдлээ гэж бодож байна гээд хэргээ бүтээсэн хүний нүдээр инээмсэглэж байна. 
- За тэгвэл наашаа суу. Төлөвлөгөө зохиоё. 
Хаалга түншээд хариу дуугарахыг хүлээлгүй хурандаа Дашдорж орж ирлээ. 
Насны бус ажлын мөр нүүрэнд нь үлдсэн тэр өвгөн хурандаа бас л баярласан царайгаар бид хоёрыг хараад үл ялих салга гараар мэндлэв. 
Би юу ч хэлэлгүй нөгөө хачин бичгийг түүнд сарвайлаа. Хурандааг уншиж дуусахад би: 
- Энэ чиглэлээр дэслэгч Лхасранг ажиллуулах саналтай байна, хурандаа гэхэд хурандаа: 
- Тэг, тэг. Хэрэв дэслэгч Лхасран хүсвэл таны бол шуурхай бүлгээс нэг хүн нэмж бол өгч ч болох юм. 
- Баярлалаа, хурандаа. Одоохондоо хүний хэрэггүй. Харин баривчлах үед бол ч хүн хэрэгтэй л дээ. 
- Тэгэхдээ бол нөхөр дэслэгч. Яарч бол хэтээсээ болохгүй шүү. 
- Мэдлээ нөхөр хурандаа. 
Товчхон ийм яриа болоод бид гурав тус тусынхаа ажилд яарлаа. 
Намайг очиход Гэндэн эмчийг ид ажиллаж байгаа гэв. Гэндэнг дуудаж эмнэлгийн хашаан доторхи бэсрэгхэн цэцэрлэгт сууж ярилцах гэсэн чинь Гэндэн эмч “Надтай уулзах тийм л чухал хэрэгтэй юм бол ороод ир гэж хэл” гэж сувилагчаар хэлүүлсэн учир орохоос яая гэх вэ? Уг нь би эмнэлгийн үнэрт хар багаасаа дургүй болчихсон юм. 
 
... Би айлын эр ганц хүү. Аав, ээж хоёр минь өөрсдөөсөө хойш надад өнчрөн ганцаардахын зовлон амсуулахгүй гэж нэгэн ядуу бүсгүйн хоёр хүүхдийн отгоныг нь үрчлэн авч би гэдэг хүн “миний дүү” гэдэг үгийг хорвоод анх удаа хэлж үзсэн билээ. Энэ үгийн илчинд зожиг хатуухан зүрх минь дулаацан уярч ганцаараа ярин тоглодог байсан бүтэлгүй занг минь аажмаар хулжин, өргөмөл дүүтэйгээ хаврын үдшийн одод дор хотон дотор хурга эрхлүүлж, намрын өглөөний сэрүүн шүүдэр гишиглэн аавын чөдөртэй моринд гүйдэг байсан. Дүү минь морь хайхад нэмэр болох байтугай дорхноо эцэж над үүрүүлдэг боловч, намайг дагаад салахгүй, би ч дагуулж явмаар санагдаад болохгүй. 
Бодвол аав ээжийнхээ энэрэл дор байсан ч гэсэн хожим ирэх сэтгэлийн ганцаардлыг зөн совин минь надад сануулдаг байсан юм болов уу? Би Алтайн хадат их ууланд ногооны хонь хариулаад үдлүүлж ирэхэд дүү минь бүр саначихсан хотны хойд урд хамар дээр хүлээж зогсдогсон. Тэгээд л гэрт орж шинэ зөөхийтэй нойтон ааруулж үмхэлж, зэлгээхэн хярам залгилах хооронд намайг ноцон ноолж, улмаар дөрвөн хөллүүлж аваад морь болгон унаж гэрийн хоймороор баруун зүүн тийш “давхиж” хашгиралдан тоглоно. 
Зуны дэлгэр цагт үеийн хүүхдүүдтэй гадаа унтаж эр хүний ёсоор “дүрсгүйтэх” гэхэд дүү минь бас салахгүй. Хавьд унтахгүй, үнэгний нүд залгичихсан юм шиг, жоохон бор нүдээ тормолзуулаад бидний нууц яриаг сонсоод хэвтээд байна. Заримдаа худлаа унтаж сүйд хийчих гээд байна. Арай гэж унтуулаад сайн хучиж орхичихоод бид нохой шуугиулан хүүхэнд явахдаа дүүгээ сэрж айх байх гэж санаа зовоод би хамгийн түрүүн буцаж ирнэ. 
Зун бол бид хоёрын хамгийн жаргалтай цаг. Бусад улиралд би эхлээд сумын төвд, дараа нь бүр аймгийн төвд сургуульд суух тул хол салгуу байхын зовлонг хэрэндээ бид хоёр хэн хэн нь эдэлж явлаа. 
Дараа нь би аравдугаар анги төгсөж Зөвлөлтөд сургуульд явж бид хоёр бүр ч холдлоо. Дүү маань сургуульд орсон. Ээж минь хожим “богино настай болоод тийм байсан юм уу, даан ч ухаантай хүүхэд байсан шүү муу хүү минь” гээд чимээ тасран нулимс унагадаг байсан. 
Сургуульд очсоны минь хоёр дахь жилийн хавар яаралтай дуудлага очиж, би “Аав, ээж хоёрын л нэг өвдөж дээ” гэж бодсоор онгоцоор ирвэл дүү минь эмнэлэгт хэвтээд нэлээн удсан байлаа. Миний санааг зовоогоод хэрэггүй. Дүүг удахгүй эдгээд эмнэлгээс гарна гэж бодоцгоосон хэрэг биз. Тэгтэл хэрэг явдал ондооноор эргэж эмч нар “одоо горьдлогогүй” гэсэн аймшигт үнэнийг ирсэн өдөр минь над хэлсэн юм. Дүү минь зүрхний аймшигт хүнд өвчнөөр өвдсөн байв. 
Би шөнөд нь дүүгийнхээ дэрийг тохойлдон хааяа зүүрмэглэж өдөрт энэ тэр эмнэлгээр гүйж, нэр цуугийг нь хальт сонссон эмч, эрдэмтдийг гуйж гувшин, такси хөлслөн авч ирж үзүүлж, эмийн сан хэсэж, гадаад оронд хүртэл захиж элдэв ховор эм тариа олж хэрэглэсээр хоёр сар болоход дүүгээс минь хөөрхөн хоёр бор нүд, намайг хайрладаг сэтгэл хоёр нь л үлдэж, амь гарах найдвар үнэндээ бидэнд ч өөрт нь ч байхгүй боллоо. 
Тэгээд л нэг үүрээр дүү минь түр зүүрмэглэж ёолон сэрээд, турж эцсэн чөргөр гараараа хүзүүгээр минь тэвэрч “Ах минь ээ. Дүү нь үхэх байхаа даа. Таныг сургуулиа төгсөөд ирэхээр чинь аав, ээж хоёроо тантай орхичихоод би гадаадад сургуульд явна гэж бодож байсан юмсан” гэж амьсгаадан хэлээд хөхөрч хуурайшсан уруулаараа хацар дээр минь үнсээд уйлахад нүднээс нь нулимс гарахгүй, уруул нь л өмөлзөж байж билээ. Тэгээд л бага үдийн хэр хоёр сувилагч дүүгий минь цогцсыг хүүрийн байшин руу аваад явахад би нүүрээ даран уйлж дагаж яваад үүдэнд нь арга буюу хоцорсон доо. 
Түүнээс хойш эмнэлгийн үнэр над нэг л хачин санагдаж зүрхийг минь чимхэх шиг болдог болсон юм даа. Бодвол миний санаанд арилшгүй бараан мөр үлдэж, тархины аль нэгтээ хагацлын хар голомт үүсчихсэн хэрэг биз...
...Гэвч яая гэх вэ. Эмнэлгийн үнэр рүү шурган ороход загалмайт сүмийн гэлэнмаагийнх шиг дэрвэгэр цагаан малгайтай жижигхэн бүсгүй:
- Өнөөдөр эргэлтийн өдөр биш шүү дээ гээд зэвүүрхсэн бус сонирхсон янзтай жижигхэн шар нүдээ намайг гурвантаа буудаад авлаа. 
- Би Гэндэн эмчтэй уулзах гэсэн юм. Ороод ир гэж байна гэж сая нэг эмэгтэй хэлсэн юмсан,би надад хэл дамжуулсан хижээл сувилагчийг хараачлан эрэв. 
- Би ахлах сувилагч байна. Оруулах эсэхийг Долгоржав биш би мэддэг юм гэж шар нүдэт сувилагч хоёр гараа эцэнхий цээжиндээ зөрүүлэн их сүрхий эрх дархтай хүний галбир үзүүлэн өмнө минь хөндөлдөв. Хөндөлдөх өөр бие түүнд байхгүй тул, зүгээр л горзойсон хэрэг. 
Яггүй байдал нь дургүй хүргэсэнгүй харин ч зүгээр санагдаад би:
- Сургуулийн нь найз байна би. Гэндэнтэй уулзаад явах гэсэн юм гэвэл: 
- Болохгүй. Гэндэн эмч завгүй байгаа. Онц чухал ажилтай. 
- Үзлэг, эмчилгээ өнгөрөө биз дээ? Би тун яаруу...
- Гэндэн эмч чинь эрдэмтэн хүн. Оройн цагаар эрдмийн ажил хийдэг юм. Шинжлэх ухаанд шинэ нээлт хийж байгаа хүн...
- Аа тийм үү? За байз яах вэ?
- Өнөөдөр онц чухал зүйл хийж байгаа. Та удахгүй унших болно. Саяхан нэг сурвалжлагч хүүхэн ирээд бас баахан цагийг нь үрээд явсан. Сонин, сэтгүүлд бичих л юм гэсэн. Гэндэн эмчийн тухай бичихгүй юм бол хэний тухай бичих вэ? Хүүш ингэхэд та сурвалжлагч биш биз? гэж дуржигналаа. Би олзуурхан:
- Харин тиймээ. Би Улаанбаатараас яваа сурвалжлагч. Үүнийг хар гээд соронзон бичлэгийн жижигхэн хар аппаратаа үзүүлбэл тэр: 
- Пөөх яасан жаахан эд вэ. Сурвалжлагч нар чинь овоо том юм мөрөвчилсөн явдаг юм байсан гэж үгэнд дурлаж байна. 
Би “Бас их ажигч амьтан байх нээ” гэж бодож амжтал сувилагч:
- За, сурвалжлагч ах минь буцаж зочид буудалдаа очиж амар. Маргааш ажлын цагаар ирж уулз. Гэндэн эмч шинэ эм хийх ажлаа дуусгах гэж тун завгүй байгаа. Шөнө бараг унтахгүй байгаа юм байхгүй юу гэж мэдэмхийрэв. 
- Шөнө унтахгүй байгааг нь та бас мэддэг юм биз дээ? гэвэл сувилагчийн үсэрхэг шар хацар нь туяарсан боловч харин ичиж балмагдсангүй;    
- Тийм. Би мэддэг юм. Тэгээд юу гэж? гэж хэрэндээ хялав цалавхийх янз ороод ирлээ. 
Би маргаж зүтгэх ашиггүйг ойлгоод: 
- Би заавал өнөөдөр уулзалгүй бүр болохгүй. Та Гэндэн эмчээс асуугаад ирэхгүй юу? гэвэл:
- Би танд хүний хэлээр хэлж байна шүү дээ. Яасан хачин ах вэ? гээд уурлах янз ороод ирлээ. Би аль болох дулаахан нүүр үзүүлэхийг оролдоод: 
- Өө, уурлах хэрэггүй шүү. Уурлаж түрмэлзэх нь танд зохихгүй байна. Та бол инээж баймаар хүүхэн байна шүү дээ. 
Сувилагч тэсэлгүй инээд алдаад, аргаа барсан хүний ёсоор толгой сэгсрээд дугараг хондлойгоо сүрхий сурмаг холбилзуулан урт хонгилоор явж өглөө. 
Эмнэлгийн хамгийн мухрын сундлаа хоёр өрөөнд Гэндэн эмч суудаг аж. Мухрынх нь арай томхон бололтой өрөөнд лаборатори байна гэдгийг Гэндэнг тэндээс гарч ирэх агшинд ажиглаж амжив. 
Гэндэн эмч миний мэндийн хариуг дуртай дургүй өгөөд, суух ч үгүй цагаан өмсгөлийнхөө хоёр халаасанд гараа шургуулан “За юу гээв” гэсэн харц над өгөн зогсов. 
- Би Улсын эрүүгийн хэргийн эрэн сурвалжлах албаны ажилтан Буд. Тантай уулзаж ярилцах шаардлага гараад... 
- Надтай ярилцах ямар шаардлага сэргийлэхэд гардгийг мэдэхгүй...
- Та одоохон мэдэх болно гэж би яриагаа таслуулсны хариуг авч яриаг нь таслав. 
- Хн! Та хэдэн минут надтай ярих вэ? 
- Шууд хэлэхэд хэцүү байна. Уг нь... 
- Та хэдэн минут ярихаа төлөвлөж ирээд надтай уулз даа гээд Гэндэн шийдэмгий эргэхэд миний шанаа халуу оргин, зүрх ухасхийх шиг болов. 
- Тэгвэл арван зургаан цаг арван гурван минутанд аймгийн цагдан сэргийлэх хэлтэс дээр таныг очихыг шаардаж байна. Хэрэв та хүсвэл зарлан дуудах хуудас ирүүлж ч болно шүү гэсэн илүүц хатуу хөндий үг амнаас мултраад гарч явчихав.
Гэндэн хагас эргэн зэвүүрхэж, тохуурхсан эсвэл эмээж гэмшсэн ч юмуу нүдээ түргэн цавчлан зогсов... 
Намайг сэргийлэх рүү буцаж явахад оройн сэрүүн баруун уулнаас сэнгэнээд “Онгоцны” гэдэг шовгор хөх толгой дээр эрээн мяраан хувцас алаглан, тэр зүгээс гадаадын нэгэн шуугиант эстрад чуулгын дуу хангинаж байв. 
Гэндэнгийн зогсоо зайгүй татсан хатуу тамхины утаанд мансуурсан толгойгоо цэвэрлэе гэж бодоод онгоцны толгой дээр гарч ирлээ. 
Энэ жил аравдугаар анги төгсөх гэж байгаа бололтой хэдэн шавил охид тус бүр нэжгээд уранхай ном, бас дэвтэр цаас барьсан авч хичээлээс огт өөр юмны тухай ярьж маргаж байгаа бололтой харагдана. Цаахан талд хэдэн банди ном, дэвтрээ чулуугаар даран холоо гээч нь орхичихоод бөөгнөн сууж гитар хангинуулж байна. 
Хавчигийн давааны зүгээс ганц хөнгөн тэрэг шаргал тоосон хөшиг наран доогуур татан айсуй. 
Мотоциклийн шаахайнд хонь суулгасан хоёр хүн хотын зах руу орж явна. 
Хөдөөгийн борхон хот хэвийн амьсгалж, зүрх судас нь ерийн хэмээрээ лугшиж байгаа нь энээ. 
Хотын зүүн хэсэгт арай чуу цухуйж байгаа хоёр давхар цагаан байшин арван долоон жилийн тэртээ бол эндхийн хамгийн өндөр барилга, бид гэдэг тэр аварга сайхан барилгын эзэд нь байж билээ. 
Тэр байшинг хармагц сэтгэл алдарч, хоёр шанаа ирвэгнэн хоолой тороод явчихлаа. 
 
...Аяа, хөөрхий гэмгүй цагаахан бага насаа гэж. Пүрэв багшийн бичиж байсан зохиолын Товуу хүүгийн хөгтэй атлаа нэг л өрөвдөлтэй явдлыг сонсон жаахан бор зүрхээ уялган хайлган, Цэнд-Очир багшийн ярьдаг дэлхийн сонгодог золхиолын баатруудыг шөнөдөө зүүдлэн бахархаж, алгебрийн багш ширүүн Жаргалд хөлсөө гартал ээрэгдэж, тэгсэний хүчинд нөгөөх аюултай “хавсарсан бодлого” гэгчийг нь улсын шалгалтаар хамгийн түрүүн бодчихоод нэг охинд “туслах” гэж сарвайж байж баригдан дүнгээ даруулж... мөн ч сонин байж дээ. 
“Байз нэг охин гэхээс. Би Норовт бодож өгөх гэж эргэж зүтгэж байж л тэгж балрав шүү дээ”. Норов гэдэг царайлаг жорногор нүүртэй, өндөр хүзүүтэй, хөлийн нь булчин биендээ арай бүдүүдсэн тэр бор охин над байнга харагдаж байдаг болчихож билээ. Би түүнийг дагаад байдаг байсан юм уу, үгүй бол тэр намайг бараадаад явдаг байсан юм уу? Бүү мэд. Харах бүрийд л ойрхон харагдаж байдагсан. Уг нь манай сумын хүүхэд. Бид хоёр сумын бага сургуулиас нэг жил ирсэн боловч аравдугаар анги төгсөх хавар л тэр гэнэт над харагдсан юм. “За байз анх яаж.. Аа тийм. Аймгийн соёлын ордонд “Учиртай гурван толгой” үздэг орой. Дотуур байрны хүүхдүүд гэрээ санах зовлонгоос халшран, гадуур дэмий сэлгүүцэх дуртайсан. Хавар болоод ирэхээр гэрээ бүр ч их санана. Бусад маань чухам яадгийг бүү мэд. Би л тэгдэг байсан юмдаг. Нэг орой байрны мухар сандал булгиад бидний гурван хүүхэд гадаа гарч шал дэмий юм ярьсан болж тэнэлээ. Явдаг очдог газар тоотой. Бид “А” цэг гэж нэрлэсэн сургуулийн дотуур байрнаас гарч “Б” цэг болох аймгийн соёлын ордон, “В” цэг гэгдэх жижүүрийн дэлгүүр, за тэгсхийгээд л дуусна. Энэ гурван цэгийн хооронд бид тэгш өнцөгт гурвалжин үүсгэн холхидог байв. 
Оройн хоол өнгөрөөд нэлээд удаж, бидний бор ходоод хонгинох тийшээ хандаж байсны учир “А” цэгээс шууд, тулсан нум үүсгэн “В” цэгт очиж халаас хотоо ухаж байж бутархай мөнгө нийлүүлэн хоёр ширхэг тостой бор еэвэн авч үйрүүлэн байж хуваагаад явуут үмхлэн “Б” цэг тийш явлаа. 
Соёлын ордны жижүүр, мөнгө хураагч, журам сахиулагчийн үүрэг давхар гүйцэтгэдэг ёнхор хөх өвгөн биднийг харангуутаа л “Аа дотуур байрны нөгөө горзгор хөх моньд уу? Юу хийж энүүгээр эргэлдээд байна моньд оо? Захиралд чинь хэлнэ дээ, моньднуудыг хуухай” гэж намайг онцгойлон загнаж, би ч ёстой, сүүлээ хавчин байр руугаа сайрга сайрга гүйдэгсэн. Маргааш нь захирал багштай дайралдвал нүд хальтарч ондоо тийш гүйнэ. Гэвч тэр хөх өвгөн захиралд зарга мэдүүлсэн нь нэг ч үгүй билээ. 
Энэ удаад өвгөн харин жижигхэн гэгээвчээрээ биднийг харангуутаа “Хүүе горзгор хөх моньд, за хө өнөөдөр та нар над их хэрэг болно доо. Наашаа ороод ирцгээ моньднуудаа” гэж даллав. 
Өндөр хөх довжоогий нь гишгэн Соёлын ордонд орно гэдэг дотуур байрны “сахилгагүй” бидний хувьд өндөр их хувь заяа байхгүй юу. 
Бид гурав бие биеэ урагш түлхэн зориг алдсаар шагайвал өндөр хөх өвгөн “Ороод ир. За моньднууд минь би та нарын тэнхээг нэг үзээд орхиё. Тэр хуйлаатай дороожийг гадаа довжоон дээр гаргаж байгаад сайн гүвээд орхи. 
Та нарын хэн нь зургаан ханатын дээвэр цаваг өргөж чадахыг би одоо харъя. Сайн гүвбэл орой “Учиртай гурав” үзүүлнэ. За алив гэдэг байна. Эсгий хийх гэж байгаа юм шиг хуйлсан нарийхан урт улаан дэвсгэрийг хараад сүрдэх авч, орой “Учиртай гурав” үзнэ гэхээс тэрнийг байтугай Соёлын ордонг өргөөд гүвчихмээр байв. Бидний хамгийн намхан нуруутай “Дэлгэрийн дэлүү чихт” хэмээх Янсан хөвөнтэй хүрэн даалимбан дээлийнхээ хормойг хоёр тийш яран ёстой л нэг зургаан ханатын хөлдүү дээвэр өргөх гэж буй мэт таахалзаж очоод хуйлаастай дэвсгэрийн цаана наана нь гарч, дээрээс нь мордож өргөх гэж янз бүрээр оролдоход тэвэрт нь багтахгүй, барих ч юм олдсонгүй. Бид гурав дараалан хэд хэд дахин оролдсон боловч оролдлого бүр маань бүтэлгүй болж, арга барагдан гурвуулаа хуйлааст дэвсгэр рүү духаараа шагайн чимээ тасрахад өвгөн жижүүрийн хуучин хүрэн ширээн дээрээ тулан босоход ширээ тэр хоёрын аль алины нь үе мөч шат шут дуугарч байлаа. 
Тэрбээр ханиалгасаар бидний дэргэд ирээд “Даадаггүй юу моньднууд минь? Тэгээд хэзээ барилдах болж байна та нар чинь. Гэрлэвэл дээвэр цавгаа хүн гуйж гэр дээрээ тавиулах моньднууд уу» гэж инээгээд нөгөөх гайт дэвсгэрийг урт гараа алдлан тэвэрч «Чуу ай» гэж хэлэнгүүтээ өргөн мөрөн дээрээ тавиад ямар ч өндөр хүний толгой тулахааргүй тотготой хаалганд дагзаа дэлсэхээс болгоомжилсон янзтай бөхийсхийн гарав. Бодвол насаараа гэрт байсан болохоороо хаалга л байвал толгой тулна гэж бодож заншсан биз ээ, хөөрхий.
Бид гурав ч гүвнэ гэж ёстой нэг ноцолдож гарлаа. Захаас нь гурвуул зэрэгцэн барьж байгаад толгой дээрээ гартал сэгсрэн, өвгөний өгсөн нарийн бураагаар гуврууттал нь гуядаж, энд тэнд нь бөндөгнөн гарч, дөрвөн хөллөн мөлхөж, хялгас ноос, утас учиг түүн цэвэрлэж байхад өвгөн хааяа ирж бургасаар ороолгож үзчихээд “Тоос гарч байна. Болоогүй л байна даа, моньд чинь. Сайн гүв» гэчихээд тамхиа татаж довжоон дээр ханиалган сууна.
Ингэж оройжин пижигнэж байж гурвуул «Учиртай гурав» үзэх ам урилга өвгөнөөс аваад байрандаа гүйлдэн иртэл хэрэг мандсан байв.
Бид гурвын нэг болох Сүрэнхорлоо энэ орой тасгийн жижүүртэйгээ мартжээ.
Ингээд тэр нөхөр маань “ТЖ” гэсэн цаасан үсэг наасан хүрэн даавуугаар өрөөсөн атгаамал чөмгөө ороон байрны хатавчинд урвайн үлдэж, Янсан бид хоёр их сүрхий амьтад гарч явтал өмнөөс нэг хүүхэд гүйж явсан нь манай сумын Норов байлаа. Тэр охин “Та хоёр харанхуй болж байхад хаачих юм бэ? Багш нар харчихвал яана» гэж илүү үглэхэд нь мань Янсан “Бид хоёр Соёлын ордонд урилгатай. “Учиртай гурав” үзнэ гэж дөвийж байна. Тэгтэл Норовын нөгөө сүрхий албархуу зан оргүй арилаад “Пээ яасан сайхан юм бэ, тэр чинь. Би “Учиртай гурав” нэг ч үзээгүй” гэж хачин өрөвдмөөр хөөрхөн дуугаар хэлдэг байна. Нэг л мэдэхэд би “Чи хамт оч л доо. Уг нь бид гурвуул очих ёстой л доо” гэж хэлж байлаа.
Оройн үзвэрт хүүхэд орох ёсгүй тул жижүүр өвгөний тушааснаар бид гурав номын сангийн булангийн цаана ёстой тагнуул шиг нуугдаж зогсов. Бас Норов орох урилгагүй учир ёолуулан байж түүний хоёр салаа “сонжуу”-г дээш шуун миний саравчтай хар малгайг чихэн өмсгөв. Сүрэнхорлоо болгож байгаа нь тэр.
Хөдөөгийн голдуу хүмүүс уван цуван орсоор зарласан цагаас нэлээд өнгөрч байж Соёлын ордны хэдэн гэгээвч аних мэт харанхуй болоход өвгөн биднийг дуудаж орууллаа.
Бидэнд суудал яаж олдох билээ. Хүмүүсийн ард нуугдаж, хулмалзаж зогслоо. Утсан голдуу цөөхөн хөгжмийн дуун дотроос шударга хөгжмийн тожигносон дуу тодхон сонсдож байсан санагддаг юм.
Жүжиг үргэлжилсээр, би элдэв гоё сайхан тайз чимэглэлийг сонирхон харж, харин болж байгаа үйл явдлыг бүрэг бараг ойлговч нэг их анхааралгүй, чилсэн хоёр муу хөлөө ээлжлүүлэн сойж, урьд өмнө үзэж сонсоогүй тэр сайхан юманд балчир ухаан минь алмайран байлаа.
Тэгтэл Нансалмаа харгис ноён Балганд баригдан очсон хойноо хайртай Юндэнгээ санан уйлан хайлан дуулахад Норов:
-Яасан өрөвдмөөр юм бэ? гээд миний гараас аяархан барьж билээ. Ямар гээчийн халуухан гар байсан бэ? Хүний гар тийм илчтэй гэж би мэдээгүй явсан ажээ. Аль эсвэл Норовын гар л тийм халуун юм бол уу? Дахин тийм халуун гар атгаж үзээгүй шиг л бодогддог юм. Бүү мэд дээ.
Тэр шөнө бараг унтаагүй шиг л санагддаг. Чухам юу бодсоныг одоо санахгүй юм. Харин Норовын жижигхэн халуун гар л санагдаад байсан нь тодхон...
Үүнээс хойш л Норов миний нүднээс гарахаа больсон юм. Аравдугаар ангиа төгсгөөд би Зөвлөлтөд сургуульд явж Норов үлдэж билээ.
Бүтэн хагас сар нутагтаа байхдаа Норов бид хоёр уулзаж чадаагүй ээ. Харин Улаанбаатар руу явахынхаа шөнө би ааваасаа нуугдан хагас өртөө газар морины гүйхээр давхин ирж Норовтой уулзсан юм.
Ааваас нь эмээн хол буучихаад морио хөтлөн нохойгий нь царайчлан гэрт нь дөхөж иртэл Норов дан тэрлэг нөмгөн өмсөөд гараад ирж билээ. Тэр намайг ирэх бол уу гэж горьдон сэрүүн хэвтэж байсан юмсанж. “Сургуульд явах хүүхдүүд явах гэнэ гэж дуулаад чамайг би хэд хоног харсаан. Тэгээд морьтой хүн ирээд хотны захад буучихаар нь чамайг байж магадгүй гэж бодоод...” гэж Норов амьсгаадан шивнэлээ.
Бид хоёр Дунд Шарын голын эрэг дээр үүр хаяартал суусан. Юу ярьснаа би одоо санадаггүй юм. Норов чухам санадаг эсэхийг мэдэхгүй.
Намайг явах болоход Норов сандран “Яанаа ингээд л яваад өгөх хэрэг үү?” гэж уулга алдлаа. Би “Аавыг босохоос өмнө давхиж харилгүй болохгүй” гээд морь руугаа харахад саарал морь минь эмээлийн чийг унагаах гэсэн мэт даргитал шилгээж “Тэгэлгүй болохгүй” гэх шиг дохилзон толгой хаяж байж билээ.
Намайг мориндоо мордсон хойно Норов миний өвдөг дээр нөгөө жижигхэн халуун гараа тавиад морины чих ширтэн чимээгүй болчихлоо. Би цулбуур бариастай зүүн гараараа гарыг нь атгатал Норов аяархан дуу алдаад нулимстай нүдээрээ гарыг минь даран зогслоо.
...Хоёр жилийн дараа би зуны амралтаар нутагтаа очиж, сумын төв дээр шуудангийн машинаас буухад нэгдлийн жолоочийн эхнэр Норов өрөөсөн гартаа хүүхэд тэвэрчихсэн, эр хүний цагаан цамц угаачихсан хэцэн дээр тохоод зогсож байсан юм даа...
-Ах аа та гитар хөглөж чадах уу? гэх дуу хөгтэй атлаа өрөвдөм бага насны минь хөнгөн дурсамжийн цэнхэр хэлхээг дугтран тас татчихлаа.
-Аан гээд харвал нөгөө гитарч нар маань байв.
-Оролдоод л үзье гээд гитарыг нь авч үзвэл хоёр, дөрөв дүгээр утсыг нь буруу хөглөсөн нь учиргүй муухай солгой дуугарч хүүхдүүд өөрсдөө ч мэдэж хөхрөлдөв.
Тэдний гитарыг таамгаар ноцолдож байж хөглөж өгчихөөд би онгоцны толгойгоос бууж алхав.
 
Долоо.
 
-Та нар намайг яалаа гэж барьж байгаа юм бэ? Би Дамирангийн бүдүүний өгсөн мөнгөөр л уусан. Тэр чинь намайг очих болгонд нэг гожингийн мөнгө өгдөг юм. Би түүнд чинь хэрэгтэй шүү дээ, ха. ха. ха Дамиран өвгөн санаанаас өөр юмгүй, ган нь дуусчихсан хуучин хэт шиг гялсхийх юмгүй болчихсон амьтан. Мангар ч гэсэн тийм залуу сувай эхнэр цус нь дэвэрдэг байхгүй юу. Би л очиж цусыг нь жаахан хөргөж өгдөг юм. Оронд нь над нэг гожин...
- Иргэн Осор! Та дэндэж байгаа юм биш үү!
-Уучлаарай, нөхөр даргаа. Би хэтээсээ шударга хүн болохоороо үнэнээ л ярьж байна шүү дээ. Болохгүй юу?
-Иргэн Осор. Та ямар хэргийн учир цагдан сэргийлэхэд ирээд байгаа гэж бодож байна?
-Би юу? Би яагаа ч үгүй. Өчигдөр оройноос жаахан жаахан савсан л хүн. Хэрэг хийгээгүй...
-Та өөрийгөө хэрэг хийгээгүй гэж итгэж байна уу?
-Итгэж байна. Үгүй, дахин тэнд чинь хэтээсээ очихгүй. Би саахрын өвчтэй, хоолонд дуртай хүн. Тэнд чинь хэтээсээ цаддаггүй юм.
Намайг орж ирэхэд нүцгэн чээжтэй, шал согтуу бүдүүн улаан эр, дэслэгч Лхасран хоёрын хооронд иймэрхүү яриа болж байв.
Намайг хараад Лхасран босоход нь “Зүгээр, үргэлжлүүл” гэсэн дохио өгөөд сандал авч буланд тавьж суугаад ажиглав.
Лхасран Олзодын булшин дээрээс олсон нөгөө жигшүүрт бичгийг төмөр шүүгээнээс гарган согтуу эрийн нүүрэнд тулган бариад:
-Энэ юу вэ? Үүнийг юу гэж хэлэх гээ вэ? Иргэн Осор гэж хашгирав.
Мөрдөн байцаах ажлын дадлага суугаагүй залуу офицерын ийн зэвүүцэхийг нь би буруушаахгүй байсан юм. Бидний ажил юутай ч дайралдаж, ямар ч жигшүүртэй, бохир бузар юм үзэж болох авч, Лхасран түүнийг мэдэх хараахан болоогүй байгаа залуу хүн. Гэмт хэрэгтнүүд гэдэг ерийн хүний сэтгэлд буумгүй олхиогүй агаад хорсолтой юм хийж чадах амьтад.
-Аа, алагдсан борхиорын хүүрийг эргэж байгаа байх нээ. Алсан хүнийг нь олж чадахгүй, аргаа барж байна уу та нар?
-Харин олоод авсан биш байгаа гэж бодож байна гэхэд нь би “Зүйтэй. Халз дайраад үзэх нь зөв” гэж дотроо Лхасранг сайшаав.
-Аа тийм үү? Баяр хүргэе!. Ямар амьтан байна вэ, тэр чинь?
- Харин та юу гэж бодож байна даа иргэн Осор? гээд Лхасран нөгөө бичгийг дахин Осорын нүүрэнд ойртуулаад эгцлэн ноцтой гэгч нь ширтлээ.
Архины аагинд дэврэн бурж байсан Осорын толгойд гэнэт нэг юм оров бололтой, амаа ангайн босоод ирлээ.
Лхасрангийн нүд шалгалт өгч байгаад мартсан томьёогоо гэнэт санасан оюутных шиг гэрэлтээд явчихлаа. Тэрбээр балмагдаж ангалзах Осорын өөдөөс тулан дөхөөд:
-За, юу хэлмээр байна даа, иргэн Осор? гэж тулгалаа. Гэвч Осорын байдлыг хөндлөнгөөс харахад Лхасрангийн баяр одоохон харамслаар солигдоно гэдгийг мэдэхэд амархан байв.
Осор хэсэг ангалзаж, бүр над руу хүртэл өмгөөлөл эрсэн янзтай хальт хараад:
-Та чинь юу яриваа? Би... та... юу гэж хэлэх гээд байнаа? Арай Долзод борхиорыг... гээд дахин над руу аврал эрсэн нүдээр харав.
Лхасран улам ойртон:
- Харин та юу хэлмээр байна? Хэргээ шударгаар хүлээвэл ял хөнгөрнө шүү дээ гэж хэлээд горьдсон харцаар Осорыг харж байна .
“Яг энэ агшинд энэ хоёрын зургийг авчихаад олон улсын гэрэл зургийн үзэсгэлэнд “Үнэний төлөө яриа” гэсэн нэрээр явуулчихвал лав алтан медаль авах байх шүү. Малгайгаа шил рүүгээ түлхсэн дэслэгч, нүцгэн чээжтэй бүдүүн эр хоёр бие бие рүүгээ тэмүүлэн байгаа» гэж бодоод инээд хүрэв. Үнэхээр сонин зураг гарахаар харагдлаа. Хамгийн гол нь тэрхэн мөчид хэн хэн нь бие биенээсээ итгэл эрж байх нь сонин байв.
Хэн хэнийг нь тэсэж ядуулсан хэдэн мөчийг эвдэн Осор:
-Та минь ээ, энэ чинь намайг Долзод борхиорыг алсан гэж байна уу? гэж хамаг бие нь чичрээд сандал дээрээ хальт хульт суулаа. Суух ч гэж дээ уначихлаа.
-Энийг юу гэх вэ? гээд Лхасран нөгөө бичгийг дахин Осорт сануулахад цаадах нь хий залгиад:
-Энэ үү! Энэ ямар хамаатай юм бэ?
-Та бичээгүй гэх нь үү?
-Яалаа гэж дээ? Би бичсэн. Дамирангийн маанаг эхнэрийн өгсөн ганц байшинтаар...
- Юугаараа?
Шоронгийнхон зуутыг тэгж хочилдгийг Лхасран мэддэггүй бололтой.
-Байшинтаар...юу...зуун төгрөгөөр, гурван гожин аваад тэнд очсон. Би хэтээсээ тэнд л очиж юм нядалдаг юм. Хүн амьтан явж саад болохгүйамарбайдаг юм. Тэгээд нэгийгээ нядалчихаад босож... харсан чинь Долзод борхиорын шарил байж байна.Тэгээд, нөгөө хэдэн тэмээний явдлаа бодоод гожин боож очсон цаасан дээрээ үүнийг бичээд өлгөчихсөн юм. Нөхөр, даргаа би хэтээсээ Долзод борхиорыг алаагүй. Нээрээн шүү. Нээрэн.
Ингээд тэр хоёр нэлээд ярьсан боловч хэрэгт тус болохоор юу ч гарсангүй. Осор алаагүй гэж сандран хашгичиж, сүүлдээ бүр уйлж, уусан архи нь сураггүй гарчихав.
Эцэст нь Лхасран:
-Та хуурчилаа гэж битгий бодоорой. Иргэн Осор та хүн алаагүй юмаа гэхэд танхайрлын хэргээр Эрүүгийн хуулийн зохих зүйл ангиар шийтгүүлнэ гэж сана гэхэд цаадах нь бүр баярлах шахуу!
-Тэрнийг би хүлээнээ. Хийчихсэн юм чинь ялаа эдлэхгүй яахав гэж наминчилж байлаа.
Осорыг хорихоор явуулсныхаа дараа Лхасран:
-Хэдэн жилийн өмнө иргэдийн тэмээ хулгайлж зарах гэж байгаад баригдаж, Долзод мөрдөж, шийтгүүлсэн юм байна.
Цаасан дээр үлдсэн хурууны хээг манай “цуглуулгад” байгаа хээтэй тулгаж энэ этгээдийг таниад Дамиран гэж дал гарсан өвгөнийд ухаангүй хэвтэж байхад нь очиж авчраад сэхээсэн юм. Өршөөлөөр хугацаанаасаа өмнө суллагдаж ирсэн юм гэнэ. Архаг архичин. Ажил байхгүй хөдөө төв хоёрын дунд тэнэж явдаг этгээд гэж амьсгаадан ярив.
Би алба нэгт нөхрийнхөө харамслыг хуваалцан сэтгэлийг нь засахыг оролдон:
-Хэдийгээр бидний мөрдөж байгаа хэрэгт холбогдолгүй ч шударга ажиллаж байсан хүний нэр төрийг доромжилсон танхай этгээд, гэмт хэрэгтнийг таилрүүллээ. Заавал шийтгэх хэрэгтэй гэхэд Лхасран“Аа түүнийг шийтгэнэ лбиз” гэсэн янзтай гарзангав.
- Лхасран хоёулаа Гэндэн эмчийн яриаг сонсъё гээд би соронзон бичлэгийн аппаратаа гаргаж залгав.
Гутранги сэтгэл ямар ч ажилд саад л болохоос тус болно гэж ер үгүй. Тэр тусмаа харанхуй далд хэрэг мөрдөхөд илрүүлж чадна гэсэн найдвар, өөдрөг сэтгэл зайлшгүй хэрэгтэй гэж би бодсон хэрэг.
Лхасран сая л санасан мэт малгайгаа авч ширээн дээрээ хаяад, хайрцагтай янжуур гарган өөрөө нэгийг аваад над өглөө. Би татдаггүй ч гэсэн мөн л нөхрийн сэтгэлийг бодон нэгийг сугалж авлаа. Би авахгүй бол Лхасран тамхиа таталгүй буцааж хийх байсан. Гэтэл энэ үед түүнд тамхи татчих тун ч хэрэгтэй байгаа юм бил үү.
Би тамхи асааж сортол утас дуугарлаа Лхасран утас авч ярьснаа:
-Хурандаа тантай ярих гэнэ гээд над өглөө.
- Би тамхины утаа залгичихаад ханиалгаж цацан байж:
- Байна уу? гэж муухай дуугарчихаад шал дэмий юм хэлж байгаагаа ухаарч зовлоо. Утас дуугарсан л бол байж л таараа юмыг “байна уу” гэх нь тэнэг хэрэг. Тэр тусмаа “Хурандаа тантай ярих гэнэ” гэж хүн хэлсээр байхад шүү.
- Та салхи бол цохиулчихаа юу даа? Эм уух бол хэрэгтэй шүү. Зуны бол хатгаа хэцүү гэж эмч нар бол хэлдэг байгаа.
-Зүгээр хурандаа. Би тамхи татаж сурах санаатай дасгал хийх... гэтэл дахиад ханиалган бүр хоолой хоржигнон хий татаж нулимс гарч ирлээ.
Хурандаа намайг ярьж чадахгүйг мэдэв бололтой утсаа тавьчихаар нь зовохдоо очиж уулзахаар босож гартал урдаас хаалга түлхэн орж ирдэг байна.
Би Лхасрангаар ус хийлгэн балгаж байж арай гэж хахаж цацахаа больсон боловч бас л үе үе “хуцсаар” байв. “Хачин юм шүү. Аав минь ханиахаараа тамхи асааж сорж намтгадаг байж билээ” гэж бодсоноо би:
-Хурандаа! Лхасран бид хоёр Гэндэн эмчийн яриаг сонсох гэж байна гэхэд Дашдорж гуайн үрчлээт хүрэннүүрзальжининээмсэглэлээргэрэлтээд:
-Би бол гай болохоор зай болсон нь дээр үү? гэв. Бид хоёр зэрэг сандран:
-Яалаа гэж дээ?
- Хаанаас даа хурандаа .Та завтай бол хамт сонсоод зөвлөлгөө өгөөч гэцгээв.
Хурандаа дахин жуумалзаад:
- Хүмүүс хөгшрөөд ирэхээрээ бол янз янзын бол хэнхэг болдог бололтой юм. Зарим нь бол ярианы хэнхэг, зарим бол хөөрөгний хэнхэг, зарим нь бол сургаалын хэнхэг, зарим бол бүр авгайн хэнхэг ч болдог гэлцэх юм. Би бол ажлын хэнхэг болсон юм уу даа. Бүтээсэн бол юмгүй мөртлөө л нэг их ажилтай бол хүний царай гаргаж явдаг. Орой бол найм, есөн цагаас бол өмнө харьдаггүй гэж байгаа. Хөгшин маань бол бүр сурчихсан юм гэж ярихад нь би:
-Та ч тэгвэл хамгийн аятайхан хэнхэгийг сонгож авсан юм аа гэж тоглов.
Дашдорж гуай сандал авч ширээнд тулган сууж “за залга” гэж дохиод:
-Хүнхөгшрөөд бол ирэхээрээ хамгийн түрүүн чих л мууддаг юм шив дээ. Ингэж бол суухгүй бол сонсохгүй шүү дээ гэлээ.
Соронзон бичлэгийн аппаратын хонхор товрууг дарахад Гэндэн ярьж байлаа. Би багахан хождож бичсэн хэрэг. Тэрбээр бүдэг хөшүүн дуугаар:
-Танд юу ярихаа мэдэхгүй байна шүү. Ярилцахын тулд хүмүүс, ярилцаж байгаа юмаа ойлгодог байх хэрэгтэй. Та анагаах ухааны хэр мэдлэгтэйг би мэдэхгүй юм гэж байна. Энэ агшинд “их биеэ тоосон, хэгжүүн эр байх нээ» гэж зэвүүрхэн бодож сууснаа би саналаа.
- Анагаах ухааны анхны мэдэгдэхүүнгүй хүнд ойлгуулна гэж бодоод л та ярь л даа. Эрдэмтэд хүнд юм ойлгуулахдаа бусад хүмүүсээс хавьгүй илүү гэж боддог гэж би хэлж байна.
-Энэ бололцоогүй зүйл.Бололцоогүй зүйл гэж байдгийг шинжлэх ухаан хүлээдэг биз дээ.
-Тэгэхдээ, зөвхөн тухайн цаг үе, орон зайд л ...
-Чухам тийм учраас би ингэж ярьж байна.
-Би таны эрдэм шинжилгээнийажлын ерөнхий зүйлийг л сонирхож байна. Тусгай мэргэжлийн мэдлэг хэрэгтэй нарийн зүйл надхэрэггүйээ.
-Би тань шиг цэргийн хүн биш болохоор...
-Иргэнийхувьд төрийнхөө байгууллагын,шаардлага биш гэхэд хүсэлтийг хүлээж авах сэтгэл танд бий гэж найдаж байна.
Хэсэг зуур чимээ тасарлаа. Энэ үед Гэндэн зэвүүрхсэн, гайхсан алин болох нь үл мэдэгдэх харцаар намайг харж байсан юм. Би тэгэхэд нь “чамтай тэгвэл зориуд удаан ярина даа” гэж бодсон санагдана.
-Иргэн бүр ажлынхаа тайланг сэргийлэхэд тавьж байх үүрэгтэй гэж нэг л сонсоогүй санагдана.
-Ариун сэтгэлтэй, шударга үйлстэй хүний амь нас бүрэлгэсэн аюултай гэмт хэрэгтнийг хайж байхад өөрийнхөө өчүүхэн нэр төрийг тунхаглаад тэр хэрэгт тус болохоос татгалзах сэхээтэн бий гэж би нэг л санаагүй явсан санагдана гэж хэлээд би Гэндэнгийн жартгар ногоон нүд рүү харцаа тулгаад зориуд удаан харсан юм.
-Та прокурор Долзодын тухай ярьж байгаа бол түүний хүүрийг шүүхийн эмч үзэж, шинжилгээ хийсэн. Би ороогүй. Тэгэхээр энэ хэрэгтэй миний ажил ямар холбоотойг эхлээд над хэлчих гэж Гэндэн шаардангуй хэлж байна.
Энэ бол Гэндэнтэй ярилцахдаа огт бэлдээгүйн минь гай гарч байгаа хэрэг байлаа. Учир нь гэвэл хэрэв Олзод биш Долзод алдагдсан байсан бол Гэндэнтэй уулзах ямар ч хэрэггүй нь мэдээж. Тэгэхлээр энэ бол зүй ёсны сөрөг асуулт байв. “За байз юу гэх вэ? Тэнэг амьтан үүнийг бодож ирдэггүй .Тэгээд бас онц ноцтой гэмт хэргийн мөрдөн байцаагч гэж байгаа. За түргэн шийд яахыгаа” гэж өөрийгөө битүү хараагаад хэдэн агшинд тархиа буцалтал бодсон юм. Тэгэхдээ би Гэндэнг “ийм энгийн зүйлийг ойлгодоггүй. Тэгээд бүр эрдэмтэн болоход сөөмхөн дутуу гэж байгаа” гэсэн дооглонгуй ёж царай нүүрэн дээрээ албадан гаргаж суусан юм.
Гэндэнтэй сэтгэлээсээ ярилцъя л гэвэл үнэнийг хэлэхээс ондоо зам над олдохгүй байсан. “Гэндэн өөрөө алуурч биш гэдэг л эргэлзээгүй. Бас тэгээд дэмий чалчаа эр биш байна. Үнэнийг хэлээд нууц хадгалахыг тушаана» гэж бодож амжсан юм.
-Хэрэвалуулсанэмэгтэй Долзодбайсан болтаныг царайчилж цаг алдаж суухгүйсэндээ... Гэтэл...
-Юу гэнээ? гээд Гэндэн үнэн голоосоо гайхан харсан. Зөрүүдлэж уцаарлаагүй үедээ бол нүдэнд дулаахан эр болохыг нь би ажигласан юм.
-Тантай уулзаж сурвалжилж, сэтгүүлд найруулал бичсэнОлзодгэдэгсэтгүүлчэмэгтэй алагдсанбайна. Долзодын дүү нь. Тэр хоёр ихэр юм байна.
-Тэрчинь ямар хачин юм бэ?Долзодгээд л булшны нь чулуун дээр бичээстэй байж байна шүү дээ.
-Тэр бол яах вэ? Цагаа болохоор нэрийг нь солино. Одоохондоо андуурсан чигээрээ байх нь дээргэж бид үзсэн юм. Та ч гэсэн андуурч лбайхыг анхааруулъя.
-Ойлголоо. Аа би тэр сэтгүүлч эмэгтэйг хаа нэгтээ харсан санагдаад байсны учрыг оллоо. Долзод прокурортой адилхан байж.
-Нөхөрньч гэсэн эндүүрсэнхэвээрээлбайгаа шүү.
-Тэр сайн залуу. Түүнд хэлж болно. Ингэхэд Долзод хаа байгаа болж байна вэ?
-Долзодамралтаа аваадондоо газар явчихсан юм байна...
-За тийм, амралтаа авч байсан гэж Ариунболд над яриад уйлж байсан юм зайлуул. Чимээ тасрав. Энэ үед Гэндэн жаахан бодолхийлж байсан.
-За за хэрэг болох л юм бол ярья. Тэгэхдээ та сонирхсон зүйлээ асуугаад би хариулбал дээр биш үү? Би ч ярьж чаддаггүй хүн шүү дээ. Дахиад л бид хоёр хэдэн агшин дуугүй болох нь би “бараг тэр нь дээр байх” гэж бодож, Гэндэн хариу хүлээн намайг асуусан харцаар харж байгаа хэрэг.
-Та бүтээж байгаа шинэ эмнийхээ анагаах чадварын талаар товчхон ярихгүй юу?
-За энэ эм бол цусны даралт ихсэх гэж бидний нэрлэж заншсан өвчнийг анагаах юм. Цусны даралт ихсэнэ гэж яадгийг ярих хэрэг байна уу?
-Хэрэггүй. Тэртэйтэргүй анагаах ухааны тийм нарийн зүйлийг би ойлгохгүй.
-Тэгвэл  энэ  эм  ямар  арга  замаар хүний бие махбодод нөлөөлж, өвчин анагаахыг тайлбарлахад хэцүү дээ.
-Түүнийг тайлбарлах хэрэггүй. Таны энэ эм зарчмын хувьд цоо шинэ эм үү?
-Одоо дэлхийн анагаах ухааны практикт энэ өвчнийг анагаахад хэрэглэж байгаа эмийн зүйлсээс энэ эм ялгаатай. За шинэ л гэсэн үг юм даа. Эмчийн хатуу хяналтад тодорхой хугацаа, хэмжээгээр хэрэглэхэд цусны даралт ихсэх өвчнийг эргэлтгүй анагааж чадна. Юу шүү дээ. Одоогийн хэрэглэж байгаа эмийн зүйлс бол үнэндээ цаг зуурын л үйлчилгээтэй байдаг. Тодорхой хугацаанд давтан хэрэглэж байхгүй бол даралт дахиад лихсэнэ. Энэ бол эргэлтгүй эдгээж чадахгүй байгаа гэсэн үг. Харин энэ эм бол күүрс эмчилгээний журмаар хэрэглэсний үр дүнд уг өвчнийг эргэлтгүй эдгээж чадна гэж бид үзэж байгаа юм...
- Тэгвэл асуудал бүрэн шийдэгдсэний эцэст дэлхийн зах зээлд ч гарна гэсэн үг үү? Мэдээж хэрэг эмнэлгийнхээ л шугамаар шүү дээ.
Ингэж асуухдаа би тодорхой бодолтой байсан хэрэг.
-За тэгнэ гэж хэлж болно. Тэгэхдээ гол нь...
-Би ойлгож байна, Зүгээр л дэлхийд үнэтэй эм болох юм биз дээ л гэж байгаа юм.
- Тэгнээ. Бид бэлэн болгосон... юу гэх юм бэ дээ. Дээжээ Зөвлөлтөд аваачиж тэндэхийн эрдэмтэдтэй хамтран сайн лабораторит олон талаас нь нарийн шинжлэн туршиж тогтоогоод ирсэн л дээ. Тийм ч учраас бид баттай ярьж байгаа юм. Зөвлөлтийнхөн их сонирхож, хамтарч, тэнд үйлдвэрлэх санал тавиад байгаа.
-Энэ эмийг Цасцэцэг гэдэг ургамлаар хийж байгаа юм биз дээ...
-За, тийм гэх үү дээ. Гэхдээ ганцхан тэр цэцэг биш л дээ. Бусад олон зүйл орж байгаа юм. Тэгэхдээ анагаах гол бодис нь Цасцэцэг. Бусад зүйл нь зарим нь анагаах чадлыг нь ахиулах, зарим нь тэр цэцгийн хортой муу нөлөөг нь арилгах чанартай орж байгаа юм.
-Таны энэ ажилд нууц бий юү?
-Мэдээж хэрэг. Шинжлэх ухааны шинжилгээ судал­гааны ажил тодорхой хугацаанд улсын нууц байдаг шүү дээ. Тэгэхдээ одоо бол нууцлаад байх онц хэрэггүй гэж би бодож байна. Ажлын үр дүн нэгэнт тогтоогдсон болохоор.
-Таны ажлын нарийн зүйлийг олон хүн мэдэж байсан уу?
-За, ер нь Академи, хүрээлэнгийнхэн мэдэж л байсан. Гэхдээ нарийн зүйлийг бол эрдэм шинжилгээний дөрвөн ажилтан л мэдэж байгаа. Юу гэж?.
- Үгүй, зүгээр л дээ... Хэрэв цэвэр хийсвэр бодлын үүднээс үзвэл таны хийсэн эмийг хэн нэг хүн хулгайлахыг оролдож болох уу?
Мод чихрах чимээ гарах нь Гэндэн миний энэ үгийг сонсонгуутаа бараг цочих шахан над руу харахад нь хуучин матмал сандал эзнээ даган уулга алдах мэт шархийж байгаа нь тэр.
-Тийм бузар амьтан гэж хаа байсан юм бэ?
-Аа, хүн алж байгаа хүнийг та юу гэж хэлэх вэ?
-Нээрээ л тийм дээ.
Чүдэнз зурах чимээ гарч байна. Гэндэн надтай ярих хоорондоо хоёр дахь тамхиа асааж байгаа нь энэ.
-Ер нь тийм тохиолдол байж болох уу? Өөрөөр хэлбэл гадаадад аваачаад ашиглаж чадах уу?
-Чадалгүй яах вэ. Ямар ч шинжилгээ судалгаа хийж, цаг хөрөнгө зарахгүй бэлэн эм шууд үйлдвэрлэнэ гэсэн үг шүү дээ. Таны хэлдгээр дэлхийн зах зээл дээр худалдвал хэмжээгүй их ашиг олно. Түүнээс гадна хамгийн гол нь энэ эмийг тэнд л анх бүтээсэн гэж дэлхий дахинаараа үзэх болно. Тэгээд бэлэн эмээс гадна патентаар худалдаж ашиг олно шүү дээ. Цасцэцэг бод мөнх цастай уул болгонд бараг бий байх. Тэгэхдээ эмний найрлагад орох бодисын жор, хэмжээ, боловсруулж, бэлдэх журам, өөрөөр хэлбэл бүх л технологийг хулгайлах хэрэгтэй шүү дээ.
- Харин тийм. Тэгэхээр хэн тэр бүхнийг олж авах бололцоотой байсан бэ гэдгийг санахыг танаас гуйх байна.
-Бэлэн бэлдмэлийг олж аваад бараг юу ч хийж чадахгүй. Учир нь эмийн найрлагад хэд хэдэн зүйл бодис орж байгаа. Түүнийг шинжлээд тогтоож чадлаа ч гэсэн гол бодис болох Цасцэцгийг одоогоор хаана ч олж хэрэглээгүй байгаа гэж бодож байна. Тийм учраас Цасцэцгийн зургийг олж байж, эрж олох хэрэгтэй болно. Цасцэцгийн зураг байнга миний халаасанд байдаг юм. Ер нь тэгээд...
-Цасцэцгийн зургийг хэн үзсэн бэ?
-За, ер нь үзэхийн хувьд хүрээлэнгийн нөхөд, яамны ганц нэг хүн үзсэн байх. Гэхдээ ганцхан зургаар юм хийнэ гэвэл бараг бүтэхгүй. Түүнээс гадна манайхаас түрүүлж хийнэ гэж бодвол тэнэг явдал болно. Манайд эм бараг бэлэн болчихоод байгаа шүү дээ. Айх ч хэрэг байхгүй. Ингэхэд та яагаад тэгж бодов?
-Би юу ч бодоогүй байна. Хэн хэн гэдэг дөрвөн хүн таны судалгааг нарийн мэдэж байсан бэ?
Гэндэн дөрвөн хүний нэр хэлж байна. Би хурандаад хандан:
-Энэ дөрвөн нэрийг өнөөдөр төвд радиограммаар мэдээлсэн. Тэнд шалгана гэж хагас шивнээгээр хэлээд соронзон бичлэгийг цааш нь сонслоо.
-Ондоо нэг ч хүн мэдэхгүй юү?
Бичлэг хэдэн агшин чимээгүй болов. Гэндэн хөмсгөө зангидан эрүүгээ шувтран бодож байсан нь нүдэнд харагдах шиг боллоо.
- Лабораторит бол цөөн хүн орж ирж л байсан байх. Жишээ нь хамт ажилладаг эмч нар, зарим сувилагч... 
“Бүгдийг нь шалгах хэрэгтэй болох нь дээ” гэж би бодож суусан юм.
-Тэгэхдээ лабораториос юм олж аваад ашиглана гэдэг маш төвөгтэй...
-Таны эрдэм шинжилгээний тайлан, төрөл бүрийн тооцоо, баримт бичиг хэдэн хувь, хаана хаана бий вэ? Тиймэрхүү тооцоо, баримт бичиг бий биз дээ?
- Байлгүй яах вэ. Гурван хувь бичүүлсэн. Нэг хувь нь хүрээлэнд, нөгөөх нь улсын комист, гурав дахь хувь нь гээд сандал шажигнан, хатуу ултай гутлын чимээ таг таг хийж, нэг юм чар чар хийн дуугарч, төмөр хяхнах чимээ гарахад Дашдорж гуай над руу асуусан харц өгөв. Би хариу хэлэлгүй бичлэг рүүгээ дохилоо.
Ямар нэгэн зөөлөвтөр хүнд юм унах чимээ гараад
-Нэг хувь нь энэ байна. Энэ дотор миний ажлын бүх юм байгаа. Над байгаа хувиас хэн ч юу ч авч чадаагүй гэж баталж чадах байна.
- Цасцэцгийг та өөрөө түүж авдаг уу?
- Тэгэлгүй яах вэ? Тодорхой цаг хугацаанд, нарийн журам горимын дагуу түүнэ шүү дээ.
- Ганцаараа явж түүдэг үү?
-За, ер нь голдуу л ганцаараа явдаг. Намайг дагаад уулын хярд тэнэж явах завтай хүн хаа байх вэ?.Зүгээр ганц нэг хүн сонирхоод хамт явж л байсан. Би ч хүнтэй хамт явахдаа дургүй. Яагаад гэвэл энэ ургамлыг дангаар нь хэрэглэвэл уг өвчнөө анагаах боловч хүний зарим махбодод хор хүргэх аюултай. Ер нь хордуулах тунгийн хувьд их өндөр. Маш аюултай. Тийм учраас Цасцэцгийг хүмүүс танихгүй л байх нь дээр...
-Сонирхож хамт явж байсан ганц нэг хүн чинь хэн бэ?
-Энэ байцаалт уу?
-Үгүй ээ. Юун байцаалт байх билээ дээ. Манай гэмт хэрэгт ямар нэг хэмжээгээр холбогдсон юмуу үгүй дээ сэжиглэгдсэн хүнийг л байцаадаг. Та бид хоёр бол зүгээр ярилцаж байна.
-Байцаалт биш юм бол би танд хариулахгүй байж болох нь байна шүү дээ.
-Үгүй та хариулна.
-Та намайг албадах болж байна уу?
-Би биш. Таны сэтгэл чинь таныг албадна.
-Хн... Манай сувилагч Сэржмаа хоёр удаа хамт явсан. Тэгэхдээ тэр ухаалаг шударга бүсгүй. Түүнийг... 
-Өнөөдөр жижүүртэй байдаг уу?
-Тиймээ. Дахин хэлэхэд түүнийг...
-Ондоо хэн явж байсан бэ?
-Ингэхэд та ер нь намайг байцааж л байна шүү дээ. Энэнээс илүү яаж байцаах юм бэ... Тэр эмэгтэйг сэжиглэхгүй байхыг би танаас хүсэж байна.
-Би ойлгосон. Ондоо хүн хамт явж байгаагүй юү? Гэндэн хоёр хүний нэр хэлж байна.
-Тэд, таны лабораторит ордог уу?
-Хөөе эрхэм даргаа! Танд аргагүй л мэдлэг... юу мэргэжил дутаж байна. Тэд ороод ороод юу олж авч чадах юм бэ? Шинжилгээ судалгааны өчнөөн төчнөөн үе шат дамжсан янз бүрийн өнгө төлөвтэй, шингэн хуурай, хатуу, нунтаг бэлдмэлүүдээс тэд аль нь хэрэгтэйг яаж таних юм бэ? Тэд байтугай эмнэлгийн мэргэжилтэн, эрдэмтэн ч миний тайлбаргүйгээр аль нь юу болохыг мэдэхгүй. Мэдээж хэрэг, нарийн шинжилгээ хийхгүй бол.
-Цасцэцгийг таньдаг, түүж хэрэглэдэг хүн байгаа бол уу?
-Би л хоёр гурван жил сураглаад олоогүй. Зургий нь нутгийн настангуудад үзүүлээд мэдэх хүн олоогүй.. Харин олон жилийн өмнө манай нутгийн нэг өвгөн домог шиг юм ярьж байсан. Хэрэв та сонирхож байвал ер нь Цасцэцгийн тухай би товчхоон ярьж өгье л дөө гэлээ. Энэ үед Гэндэнгийн хоёр нүд ямар нэгэн ер бусын аз жаргалын гэрэл цацруулан нүүрэнд нь эелдэг дулаан ааш туяарч байсныг би санаж суулаа.
-Би энэ нутгийн хүн. Бага байхдаа нэг удаа уулын хярд адуу эрж явтал бороо ордог байна. Тэгээд морио тушчихаад ойролцоо байсан нэг том сэрвэн хадны хөндийд орж борооноос хоргодож суутал харанхуй мухарт нэг даавуу шиг юм харагдлаа. Авч үзэх гэсэн чинь гар хүрдэггүй. Тэгэхлээр нь хадныхаа мухраас гарч ташуураа авч гүйж ирээд хатгаж үзсэн чинь хатуу юм ташуурын үзүүрт дайралдаад төмөр харших чимээ гардаг байна. Нэг л хачин баяр баясгалан намайг тэрхэн агшинд эзэмдээд, за байз ямар нэгэн сонин хачин, үнэт зүйл байх. Шууд л аймгийн төв рүү аваад давхичихдаг хэрэг. Аймгийн музейд, магадгүй улсын музейд тавихаар ховор зүйл байгаа байх. Аягүй бол үнэт эрдэнэсийн зүйл ч байж мэднэ гэсэн бодол төрөөд би өөрөө ч нэг л үлгэрийн хүн шиг санагдаад явчихлаа. Айдасч хүрч байх шиг. Гар хөлрөөд ирлээ. Тэгээд ташуурынхаа үзүүрээр этэн дөхүүлээд гараараа татаад гаргаад ирлээ. Тэгсэн чинь маажинтай даргар даавуунд боосон нэлээд том юм байлаа. Би за байз дотроос нь юү гарч ирдэг бол гэж тэсэж ядан боолтны үзүүрийг олохгүй будлин тэмтчин байж задалсан чинь гурван мөнгөн цөгц, ганц эрхийн чинээ гуутай бурхан, нэг жижигхэн судар, хуучин үсгээр бичсэн бас нэг судрын хэдэн хуудас байлаа. Миний урам хугарч олсон зүйлээ дуртай дургүй боож, ганзаглаад хэдэн адуугаа олж туугаад гэртээ ирлээ.
Тэгээд манай нутагт дээр цагт сүрхий номтой гэгдэж явсан Луузан гэдэг өвгөнд олсон юмаа аваачиж үзүүлсэн чинь бяцхан бурхныг юу ч гэлээ дээ. Харин судрыг “Доржзовд” гэж тавьчихаад хуучин үсгийн судрыг уншаад чимээгүй суучихдаг байна. Хоёр, гурав дахин уншиж үзээд “Энэ чинь харин сонин зүйл байна даа. Монгол нутгийн Алтай, Хангай, Говьд байдаг олон зүйл эмийн өвсний тухай бичсэн байна. Хэн хэзээ бичсэн нь алга болжээ. Сүүлчийн хуудас нь утга төгсөөгүй байхыг бодоход хагас нь үрэгдсэн юмаа даа” гээд ямар өвс ургамал ямар өвчинд хэрэгтэй гэж бичсэнийг нь над хэлж өглөө. Тэр бичсэн дотор бидний мэдэх “Алтан гагнуур”, “Вансэмбэрүү”, “Царван”, “Арц” мэтийн анагаах чанартай ургамлаас гадна “Хөхзул”, “Цасцэцэг” гэсэн хоёр цэцгийн тухай яггүй дэлгэрэнгүй бичсэн байлаа. Тэр дороо би хуучин бичиг зааж өгөхийг гуйгаад амралтынхаа хугацаанд уншаад байдаг болчихсон юм. Эхлээд Үндсэн хууль, Жангарын тууль гэхмэт хэвлэмэл ном уншиж сурсан боловч, бичмэлийг гаргахгүй их зовсон. Намар буцахынхаа өмнө нөгөө олсон бичгээ арай гэж хальт хульт хэлтэлдэг болсон. Тэр бичгээ уншсаар байгаад бүр чээжилчихлээ. Түүн дээр эмийн ургамал болгоны ямар өвчнийг анагаах чанартай, хаана хэдийд ургадгийг тодорхой бичээд дүрс зургийг нь зурсан байсан. Тэр намраас л эмч болох хүсэл төрж, өдрийн бодол, шөнийн зүүд боллоо. Хүүхдүүдэд хүсэл мөрөөдлөө ярихаар чи химид муу байж яаж анагаахад тэнцэх юм бэ? Тэнд чинь амьтай амьгүй гээд өчнөөн олон хими үздэг гэх чинь билээ гэж урмыг минь хугалдаг. Тэгээд нэг өдөр химийнхээ багшид хүсэл мөрөөдлөө хэлээд нэмэгдэл хичээл хийе гэж гуйсан чинь багш маань их баярлаж, надтай орой бүр сууж, үзэж өнгөрсөн бүх хичээлээ дахин эхнээс нь давтдаг болов. Тэгсний хүчинд химид овоо боллоо шүү. Тэгтэл арав төгсөөд хувиар авсан чинь намайг орос хэлэнд гайгүй гээд гадаадад Багшийн дээдэд хуваарилчихдаг байна. Би нөгөө химийнхээ багш дээр уйлаад гүйгээд очлоо. Тэгээд яаж нэг юм болгосон юм бэ? Хуваарийг минь солиулж өгч, би Анагаах ухааны дээд сургуульд орсон ухаантай юм.
Би сургуульд оронгуутаа л эмийн ургамлын тухай элдэв ном цуглуулан уншиж, нөгөө Хөхзул, Цасцэцэг хоёроо хайж эхэлсэн. “Зуныхаа амралтаар Хэнтий, Хөвсгөл, Булган, Архангайн уулсаар явган нүцгэн тэнэж элдэв цэцэг, навч түүж явлаа. Хөхзул цэцгийг л эхэлж хайсан. Яагаад гэвэл дэлхийн анагаах ухааныг түгшүүлэгч ходоодны өмөн үүг эмчлэх арга нээх хүсэл ёстой л толгой дотор минь багтаж ядаж байсан юм. Нэг ёсны дон шүглэж, өвчин туссан ч гэж хэлж болно. 
-Оюутнууд намайг профессор гэж хочилдог байсан. Хөхзул цэцгийг хангай газар, модны тангаар ургадаг, нарийнтах өвчинд хэрэглэнэ гэж бичсэн юм. Харин Цасцэцгийг бол мөнх цастай уулын хярд зуны дунд сарын эхээр ургаад хорин нэг хоноод хатаж унана. Дөнгөж ургаж байхад нь түүх ёстой. Дайрлага дайрах, саа өвчинд хэрэгтэй гэж бичсэн байсан. Дайрлага дайрах, саа тусах гэдэг нь тархинд цус харвах бол уу гэж би анагаахад орсон хойноо л таамаглах болсон юм. Түүнээс гадна Цасцэцгийн тухай нэг домог маягийн юм нэг өвгөн ярьсан гэж би түрүүн хэлсэн шүү дээ. Манай нутгийн Гунгаа гэдэг өвгөн над нөгөө бичиг олдог зун нэг ийм юм ярьсан. Урьд Ундрах гэдэг баян айл Хасагт хайрхны өвөр Хорго, Шатын голоор нутагладаг байжээ. Ундрах баян морь ханаж, элдэв өвс ургамлаар мал эмнэдэг байсан гэнэ. Тэгтэл нэг хавар Ундрах баяны авгайг үхрийн зэлэн дээр дайрлага дайрч, арай л үхсэнгүй, саа өвчтэй болжээ. Тэгээд Ундрах баян тэр үед зуун найман настай байсан өвгөн аав Пулцайгийн зааж өгснөөр янз бүрийн өвс ургамал түүж уулгасаар байгаад авгайгаа эдгээжээ. Тэгээд Ундрах баян Цасцэцэг л аминд нь орлоо гэж ярьсан гэнэ. Гэтэл хэдэн жилийн дараагаар Далай Ээвд байгуулагдсан Даашинхүүгийн суурингаас нэг хятад Ундрахынд ирж, Цасцэцгийг зааж өгөхийг шаардаад эс дагаваас Улиастайн амбанд аваачиж ялд тулгана гэж заналхийлжээ.
Аргагүйдсэн Ундрах нөгөө хятадыг дагуулж хэд хоног яваад эс олоход, муу санаа гарган зориуд ондоо газраараа явж, дотор хүнийг чилээв гэж хятад омогдоод Ундрахын заасан газраар биш өөрөө дуртай газраар явж хайсаар цасцэцгийг олж тасдаж аваад хоёр гараараа барин өргөж “аа! фа цай лио, фа цай лио”* гэж шар шүдээ арзайлган орилоход нь Ундрах баян улаан сугаар нь буудан унагажээ. Дараа нь Ундрах баяныг Улиастайн амбанд аваачиж есөн эрүү гэгчийг тулган шүүхэд танай тэр хар хятад чинь Хорго, Шатын голын онгон дархан газрын цэцэг навч тастаад лусын хорлол болж дайрлага дайрч үхсэн гээд өчиг өгөлгүй үхсэн гэнэ. Далайн Ээвийн суурингийн хятадууд Ундрахын авгай, хүүхдийг барьж аваачаад хөөрөгдөн алж, мал хөрөнгий нь хурааж авсан юм гэнэ билээ гэсэн домог тэр өвгөн ярьсан юм. Үүнээс баримжаалж би цасцэцгийг Хасагт хайрхны өвөр, Хорго Шатын голын эхний хяраар хайсан. Тэгтэл Хасагт хайрхан уулын бүр ян оргилын баруун суганаас олсон шүү.
Тэгэхдээ олон цэцэг, навч түүж энэ мөн болов уу гэж шинжилж, их зовж байж олсон доо. Тэгээд олсон хойно шинжлэх ухааныхан тоохгүй хичнээн зовоосон гэж санана. Би гоомой юм хийгээгүй л дээ. Олоод хоёр жил шинжилж, туршиж байж төвд явуулсан чинь ажлаа хийхгүй дэмий юм хөөж байна гэж намайгий чинь шийтгэх, сүүлд нь бүр мэдрэлийн гажигтай амьтан гэж эмнэлэгт хүчээр хүргэх юм болсон. Миний уур ч хүрсэн. Дээшээ заргалдсан. Тэгсэн чинь дорхноо л комисс ирж миний ажлыг үзээд сая нэг юм ойлгож лабораторийн багаж, хэрэгсэл олгож, эрдэм шинжилгээний хэдэн ажилтан томилж туслуулах болсон юм. Уг нь тэгж цаг алдаагүй бол энэ эм маань лав бүтэн хагас жилийн өмнө үйлдвэрлэлд орчих байсан юм л даа гээд Гэндэн дуугүй болж, шархийн шүдэнз зурах чимээ гарлаа.
- Та тэгээд шинжлэх ухааны бааз сууриас хол энд ажилладаг нь юу юм бэ дээ. Улаанбаатарт Ардын эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн байдаг биз дээ? гэж би асууж байна.
-Шинжлэх ухааны үндэс суурь нь амьдрал биз дээ.
-Улаанбаатарт эмнэлгийн амьдрал байхгүй гэж үү?
-Үгүй л дээ. Гэхдээ Цасцэцэг маань ургадаг энэ газар над сэтгэлд ойр байдаг юм. Ажиллах цаг бололцоо ч энд илүү, Улаанбаатарт байх юм бол эрдэм шинжилгээний хуралд илтгэл сонсгол тавих, сонин, сэтгүүлд юм бичих, радио телевизийн сурвалжлагчийн түм буман асуултанд хариулах гээд ёстой зовно гэсэн үг. Энд үгүйдээ явж Цасцэцгээ түүхэд ч амархан шүү дээ. Ухаандаа би саяхан яваад хоёрхон хоноод л түүгээд ирсэн. Улаанбаатарт байгаа бол онгоцоор ирж, эндээс машин хөлсөлж авна... За ер нь тэгээд хэрэв Улаанбаатарт байсан бол Цасцэцгийг би хэзээ ч олохгүй байсан.
Энэ агшинд би Гэндэнг сүрхий ажигласан. Үрчийсэн хуучин саарал костюмтай, зах нь сэмэрсэн, шар цамцтай, монхор хамартай нөхөр байлаа. “Өмдөө худалдаж авснаасаа хойш нэг ч индүүдээгүй байх” гэж бодсоноо саналаа...
Соронзон бичлэгийг тас татах мэт утас хангинав. Лхасран ухасхийн утас авахад би соронзон бичлэгийг түр зогсоолоо.
Сэргийлэхийн нэг ажилтан утасдаж Арнунболд чөлөө аваад маргааш онгоцоор Улаанбаатар нисэх билет авсан байна гэж мэдээлсэн аж. Ээж өвчтэй гэсэн цахилгаан ирлээ гээд чөлөө авсан аж.
-Ариунболд нөхөр яагаад бидэнд хэлэлгүй явах гэж байдаг юмбэгэж Лхасран бүр уурсан түнхэлзэхийг хараад би:
-Бидэнд хэлж байж юманд яваарай гэж та хэлсэн юм уу, дэслэгч ээ! гэж битүү ёжлов.
-Тэр ч үгүй л дээ. Тэгэхдээ...
- Тэгвэл, бидэнд хэлэх ёстойгэж Ариунболд яаж мэдэх вэ дээ. Мэргэн хүн л биш юм бол.
- Тэгэхдээ бид дахин уулзана гэж та хэлээ биз дзэ.Тэгээд ч ер нь ийм хэрэг гарчихаад байхад...
-Дэслэгч ээ. Бидэнд хэлэлгүй явж байгаа нь биш, харин гэнэт яах гэж Улаанбаатар явах болсон нь сонин байна. Ээж нь өвдсөн бол явалгүй яахав, аргагүй л дээ. Гэхдээ ээж нь өвдсөн үгүйг шалгах л хэрэгтэй лээ. Тэгэхдээ Ариунболдыг явахаас өмнө шүү.
-Өнөө шөнө үү? Тэр нөхөр чинь маргааш арван цагт явна шүү дээ.
-Яг тийм, дэслэгч ээ.
-Яаж мэдэх вэ? Өөрөөс нь асуултай биш.
-Яагаад асууж болохгүй гэж хэмээн би ёжлов.
-Тэр нөхөр чинь хэрэв...
-За тайван бодож ярилцъя...
 
...Хурандаа Дашдорж сэхээвчээ модон шугамаар торхийтэл түлхэн онгойлгоод:
- За ямар олзтой ирэв дээ? гээд цугларагсдыг гүйлгэн харлаа.
Өрөөний энд тэнд таруун суусан зургаан офицер бүгд энгийн хувцастай байв.
Цагаан царайтай залуувтар бүдүүн эр сандарсан, баярласны нэгэн болсон бололтой амьсгаадан богинохон үстэй толгойноосоо уур савсуулан, бусад нөхдөө харан, нэг юм хэлэх гэж тэсэж ядаж харагдав.
Дашдорж гуай тэрнийг ажигласан бололтой:
-Ахмад Бортолгой юм хэлэх гээ юү? гэж асуулаа. Сайхь эр овосхийн босож хөлийг падхийтэл хавсраад.
-Сарын өмнө Ариунболдод нэг их зузаан захиа ирсэн байна. Буцах хаягийг нь шууданч мартчихсан байна. Тэрэнд ямарнэг учир байж магадгүй. Тун зузаан захиа байсан гэнэ гэж хэлэхэд нөхөд нь хөхрөлдөв.
-Сүүлийн арав хоногт Ариунболдыг ондоо хот, аймаг, сумаас утсаар дуудаагүй, цахилгаан ч ирээгүй байна. Гэхдээ ирсэн бүх цахилгаан бүртгэлээр хөөж үзэхэд есөн цахилгааныг хэнд хүлээлгэж өгсөн нь мэдэгдэхгүй байна. Бүртгээгүй, хүлээлгэж өгөхдөө гарын үсэг зуруулаагүй байна. Ер нь тэр цахилгаануудыг эзэнд нь хүргэсэн эсэхийг ч мэдэх арга алга.
-Ариунболд хаашаа ч утсаар ярьж, цахилгаан явуулсангүй. Захианы хувьд бол мэдэх боломж алга гэх зэргээр тэд ээлж дараалан илтгэлээ.
-Та нар бол шуудан, холбооны бол бүртгэлээр шалгасан уу? гэж хурандаа асуухад тэд:
- Тэгсээн гэж зэрэг хариуллаа.
-Сураггүй бол болсон есөн цахилгааны бол учрыг яаралтай ол. Түүнээс гадна бол Ариунболдын гэр, ажлын чиглэлийн бол шууданчтай уулзаж ярилц. Тэгэхдээ бол Ариунболдод захиа, цахилгаан ирсэн үү? гээд асуугаад унаж бол болохгүй шүү нөхөд минь гэж хурандааг хэлэхэд зарим офицерын харцанд дургүйцэл ажиглагдахад нь би:
-Үүнийг манайхан мэднэ биз. Харин би та нөхдөд нэг зүйлийг мэдэгдэхэд Гэндэнгийн ажлыг нарийн мэдэх эрдэм шинжилгээний ажилтан нарын талаар эргэлзэж, сэжиглэх үндэс алга гэж төвөөс саяхан хариу ирлээ. Улсыг аюулаас хамгаалах байгууллага, цагдан сэргийлэхийн ажилтнууд хамтран энэ асуудлыг шалгасан байна. Гэхдээ тэд үүгээр хязгаарлаад орхичихгүй байхаа. Сувилагч Сэржмааг ч гэсэн сэжиглэх шалтаг алга. Гэндэнгийн лабораторит орж байсан, эрдэм шинжилгээний нь ажлыг төсөөлөх хүмүүсийн нэг бол Ариунболд мөн. Хэдийгээр түүнийг дээр хэлсэн хүмүүсээс илүү сэжиглэх үндэс байхгүй ч гэсэн тодорхой хугацаанд хяналтаас гаргаж болохгүй биз дээ? гэтэл нөгөөх хошууч Халтар:
-Ер нь Олзодын алуулсан Гэндэнгийн эрдмийн ажил хоёрт ямар холбоо байгааг би лав олж харахгүй байна. Ингэж сүржигнэж сүржигнэж эцэст нь юу ч үгүй болох бий дээ гэж зовж байна хэмээн хэлээд хурандаа руу сүрхий гашуун харц шидэв.
-Энэ хоёрын хооронд холбоо байна гэж хэн хэлж байгаа юм бэ? Одоогоор лавтай чиг төсөөлөл нэгэнт байхгүй болохоор бид хэрэгтэй гэж үзсэн бүхнээ л шалгаж байгаа хэрэг биз дээ гэж хэлээд би зориуд Халтараас эхлэн хүн бүрийг харцаа тогтоон харвал тэд уван цуван:
-Тэгэлгүй яах вэ?
-Бидэнд ондоо зам алга байна шүү дээ хэмээлцэн миний хэлснийг өөр өөрийнхөөрөө зөвшөөрөв,
Би хэсэг зуур бодсоноо ам нээж:
-Ер нь яахав ярилцаж болох л юм.Би саналаа хэлье л дээ. Алуурч бол та бидэн шиг Долзод, Олзод хоёрыг андуурсан байх албагүй гэж бодож байна гэхэд хурандаагийн чих улайгаад ирэхийг би ажиглалаа. Зайлуул санаа нь зовж байгаа хэрэг.
- Тийм учраас бид Олзодыг алсан этгээдийг хайх хэрэгтэй гэж бодож байна. Тэгвэл Олзодыг Улаанбаатарт байхад нь биш, Гэндэнтэй уулзаж, түүний тухай сэтгүүлд бичих гэж ажил үйлсийг ньнүдээр үзэхээр энд ирээд байхад нь алдаг учир юу билээ?
Өвлийн цагт Олзод ням гараг бүр Богд ууланд гарч цанаар ганцаараа зугаалдаг, хавар, зунд явган явдаг байсан тухай төвөөс ирсэн Олзодын тухай материалд байгаа. Тэр үед нь яагаад алаагүй юм бэ? Тэгэхээр Гэндэнтэй уулзаж, түүний тухай бичих гэсэн л алуурчийн санаанд тохироогүй байна. Үүнээс өмнө Олзод Гэндэнтэй Улаанбаатарт уулзсаныг алуурч мэдээгүй байна. Тийм учраас анх удаагаа уулзаж байна. Бичихээс нь өмнө устгая гэж бодсон байж болох юм.
Бас нэг зүйлийг бодолцох нь хэрэгтэй гэж бодож байна. Юу вэ? гэвэл Олзодыг сэтгүүлч хүн, Гэндэнгийн тухай бичих гэж ирснийг мэддэг хүн л хорлосон байх ёстой. Гэхдээ энэ бол нэг их чухал зүйл биш л дээ. Хэрэв ингэж бодох юм бол Ариунболдыг сэжиглэдэггүй юмаа гэхэд хяналт тавих л хүний нэг гэж дэслэгч Лхасран бид хоёр үзэж байгаа юм. Энэ хяналтын үр дүнд Ариунболдын маргааш явах гэж байгааг мэдлээ. Тэгэхдээ Олзодыг ганцхан энэ шалтгаанаар л алсан гэж би хөдөлгөөнгүй баталж байгаа хэрэг биш шүү. Ондоо шалтгаан байж болно. Эрж хайх л хэрэгтэй. Энэ орчлонд ер юу эс байдаг билээ дээ. Харин алуурч Долзодыг гэж андуурч алсан гэж бодвол ондоо л замаар эрэх хэрэгтэй болно. Танхайрч, манай ёс суртахууныг доромжилж одоо мөрдөгдөж байгаа Осорыг ч сэжиглэх хэрэгтэй. Долзодод дурлаад нааштай хариу аваагүйдээ архи ууж нэг удаа эрх чөлөөнд нь халдах гэж оролдсон Соном эмчийг ч хянах хэрэгтэй болно. Ер нь ч энэ чиглэлээр бид ажиллаж л байгаа. Даанч магад багатай юм.
Хэдэн агшин тасалгаанд таг чимээгүй болж Бортолгойгийн цухалдуухан амьсгаа л сонсдож байв.
Онгорхой сэхээвчээр сэрүүхэн агаар урсан орж ирж байгаа нь бүх л биеэр мэдрэгдэн тэнгэр зүүн хормойноосоо бууралтан зэгийж байгаа нь гэгээвчээр харагдаж, байшингийн ёроол дахь зулзаган бургасны нүцгэн мөчрүүд салхи самнан сүүгж сонсдоно. Хүний нойрны булчирхай ид ажиллах үес.
Хурандаа Дашдорж имэрч суусан харандаагаа цаасан дээр шадхийлгэн унагаад:
- Ямар ч гэсэн энэ хэргийг бол мөрдөж байгаа хошууч Буд, дэслэгч Лхасран нарын бол саналын дагуу ажиллах нь бол зүйтэй.Хошууч Халтар сураггүй бол болсон есөн цахилгаан хэн хэнд очсоныг тогтоо. Ариунболдын бол гэр, ажлын чиглэлд бол шуудан хүргэгчтэй.. гэхэд нь би эвий нь олсхийн:
-Нөхөр хурандаа. Энэ асуудлыг дэслэгч Лхасран бид хоёр хариуцаж болох уу? гэж хүсвэл тэрвээр:
-Бололгүй яахвэ? Тэг, та хоёр бол тэр асуудлыг хариуцаж ав. Ингээд хэдэн цагт бол тус тусынхаа ажлын үр дүнг харилцан бол сонсох вэ? гээд над руу харлаа.
Би цагаа харахад дөрвөн цаг гучин минут болж байв.
-Арван цагт Ариунболд ниснэ. Тэгэхлээр түүнтэй холбоотой зүйлийг бол цаанадаж найман цагт хэлэлцээд шийдчихсэн байх хэрэгтэй байна, хурандаа гэж би хэллээ.
Хурандаа цагаа харж, нүдээ эргэлдүүлэн бодсоноо:
 - Долоон цагт бол бүгд ажлаа амжуулаад энд бол ирсэн байх хэрэгтэй. Гүйцээ! гэж тушаав.
Аз болоход өмнө зүг үүл сууж нар хүрээлсэн байв. “Хэрэв онгоц саатуулах хэрэг болбол “Агаар муу байна. Түр хүлээнэ” хэмээн зарлаж зорчигчдыг хуурч болох юм” гэж бодож суулаа. Тэгсний учир гэвэл ямар ч гэсэн би Ариунболдыг Улаанбаатарт угтах байсан хэрэг.
Хөдөө ажлын дуудлагын нэг суудлын тэргэн дотроос хурандаа Дашдорж, дэслэгч Лхасран бид гурав онгоцонд хүмүүс бие биенээсээ түрүүлж суух гэж шатны нь хажууд шахалдаж байхыг харж суув. Бидний ажиглан харж байгаа Ариунболд хамгийн ард зогсож байгаа харагдана. Түүний гэнэт Улаанбаатар явах болсон нь нэг л сэжигтэй байвч түүнийг шууд саатуулан байцааж бас болохгүй байсан юм. Сэжиглэх болсон гол шалтгаан бол тэрбээр баазын даргад «Ээж өвчтэй гэсэн цахилгаан авлаа» гэсэн атал түүний нэр дээр цахилгаан гардуулсан бүртгэл алга байгаа явдал байлаа. Гэвч хэнд өгсөн нь мэдэгдэхгүй есөн цахилгааны учрыг аймгийн холбооны газрынхан олж чадаагүй болохоор түүний нэгийг Ариунболдод хэн нэг нь өгчихөөд бүртгэж, гарын үсгийг нь зуруулаагүй байхыг хэн байг гэх вэ? Холбооныхны хариуцлагагүйд л арга барагдаж байв.
-Юу ч бариагүй байх юм гэж Лхасран урамгүй хэлэхэд хурандаа:
-Юу барьж бол явах ёстой юм бэ? гэж ёжлон асуулаа. Залуу дэслэгч юу ч хэлж чадахгүй дэмий утга учиргүй инээмсэглэв.
- Хэрэв бидний хэргээр л явах гэж байгаа бол ч тээштэй байгаа. Харин тэгэхдээ тэр тээшээ үүрч явахгүй бол уу? Шаахайны уланд ч юмуу... дашрамд хэлэхэд шаахай нь их зузаан ултай юм байна шүү гэж хэлээд би, Лхасранд нүдээ ирмэхэд тэр баярлаж байгаа бололтой.
Хоолоо идэж халууцсан нисгэгчид ногоон хүрмээ барьцгаан буудлын гуанзангаас гарч ирээд “нисэх байхыг бид л мэдэх юм чинь” гэсэн янзтай онгоц руугаа аажуухан дөхлөө.
Онгоцонд суух хүмүүс шоргоолж шиг бужигналдаж эхэллээ... Төдхөн хамгийн сүүлчийн зорчигч онгоцонд орж шат татах гэж байхад улаан мотоциклтэй хүн хар хурдаар давхин ирж модон хашааны гадаа буугаад чамин хар цүнх өрөөсөн гартаа дээш өргөн онгоц руу гүйхэд нь буудлын нэг ажилтан хажуугаас нь гүйцэн очоод хэдэн юм ярьснаа цүнхийг нь аван эзнийг нь дагуулан явсаар байшинд ормогц тэндээс радиогоор «Мөн» гэсэн дохиог бидэнд өглөө. Сэжиг авахуулахгүйн тулд онгоцны буудлын хүнийг гүйлгэсэн хэрэг. Энэ үед Ариунболд онгоцон дотроос харж байгаа нь гарцаагүй. Тэгэхээр сэргийлэхийн хүн очиж болохгүй. Харин онгоцны буудлын ажилтан очиход хиллүүлээгүй гар тээш оруулах гэлээ хэмээн саатуулсан байж магадгүй гэж бодох ёстой байв.
Бид ч машинаа асааж буудлын байшингийн араар онгоцноос далд оронгуут буун харайж тусгайлан бэлдсэн өрөөнд гүйж орвол сэргийлэхийн хоёр ажилтан цүнхийг онгойлгох гэж оролдож байлаа.
Өрнө зүгийн чамин хар цүнх нууц тоогоор онгойдог цоожтой харагдана.
Халаасны радиогоор онгоцны буудлын холбоон дээр байгаа сэргийлэхийн ажилтанд “Онгоцонд хиллүүлээгүй гар тээш оруулах гэснийг хиллэж байж оруулах гээд түр саатуулж байна гэж онгоцон дотор яаралтай зарлуул” гэж хэлээд би эргэж харвал хар цүнхний ам ангайж байлаа...
...Хэдхэн мөчийн дотор эгзэгтэй асуудлыг мадаггүй зөв шийдэх хэрэг боллоо. “За, байз яаж шийдэх вэ? Ариунболд бол могой барьж байгаа бусдын гар. Энэ хэргийн жинхэнэ эзэн нь ондоо хүн гэдэг гарцаагүй. Хөдөөгийн нэг жолооч эрдэм шинжилгээний нарийн ажлын үр дүн, үйлдвэрлэж эхлээгүй шинэ эмийн дээжээр юу хийж, яаж ашиг олох юм бэ? Энд яавч өөр ямар нэгэн учир байж таарна. Яахав, Ариунболдыг барьж хэргийг нь хүлээлгэн шийтгээд, улсаас гарах гэж байгаа асар их хохирлыг гаргалгүй зогсоож болж л байна.
Одоо Ариунболдыг бариад шууд тулгах уу? Энэ чинь тэртэй тэргүй эх орны эрх ашгийг хөндсөн том хэрэг үйлдэж, хүн алсан ялтан. Үнэндээ бол илрээ л бол хувь заяа шийдэгдээ гэсэн үг. Зориуд будлиулж, ажиллагааг нурааж болно... Ариунболд одоо сэжиг авч таараа. Мэдээж хэрэг. Түүний сэжгийг сарниаж болох уу? Аль эсвэл онгоцонд амиа хорлоод үхчихвэл аль ч үгүй юм болох бол уу? Үгүй ээ. Хүн аминдаа хайртай. Тэр тусмаа ийм жигшүурт амьтан нүгэлт хар аминдаа бүр ч хайртай. Усанд живж байгаа хүн хөвж яваа мөчрөөс зуурах гэж зүтгэдэг гэсэн. Ариунболдод мөчрөөс хавьгүй бөх найдлага байна» гэж бодох зуур шанаа, хүзүүгээр хөлс дааварлаад ирлээ.
Удаан бодож, бусадтай маргаж зөвлөх цаг нэгэнт байхгүй учир би ганцаар шийдэн ухасхийн босоход Лхасран буугаа сумлан энгэрийнхээ халаасанд хийж байгаа харагдана.
- Цүнх авч ирсэн хүнийг дууд. Онгоцны буудлын хүнийг гэхэд Лхасран гайхасхийн гарав. 
Мотоциклээс цүнх хурааж авч ирсэн хүн хэдэн агшны дараа орж ирэхэд нь би түүнд хандан:
-Та энэ цүнхэнд гар тээшийн бичиг зүүгээд эзэнд нь хүргэж өг. Тэгэхдээ биднийг шалгасан гэж хэлж огт болохгүй. Харин гар тээшээ хиллүүлэхгүй авч явах гэж байсны хувьд сүрхий сайн зэмлэ. Онгоц гэдэг чинь ганц ч грамм ачаа илүү явбал аюултай. Манай энд газар өндөр учраас онгоц хөнгөн жинтэйгээр хөөрдөг юм. Харин таны аз болоход онгоцны жин хэмжээндээ хүрээгүй байсан учир цүнхийг чинь өгч байна. Дахин ингэвэл торгоно, энээ тэрээ гэж зэмлэ гэж хэлээд цүнхийг өгч гаргаад:
-Нөхдөө ингэхэд нямбай ажилласан биз? гэхэд цүнх онгойлгосон офицер:
- Онгойлгосныг яасан ч мэдэхгүй гэж итгэлтэй хариулахад нь тэдэнд баярлах сэтгэл төрлөө.
Хэрхэн шийдсэнээ нөхөддөө товчхон хэлээд, онгоцны буудлын даргын өрөөнд ороход Ариунболдын суусан онгоц дээгүүр нисэж өнгөрч байлаа.
Би буудлын даргад:
-Энэ нисэж байгаа онгоцыг би Улаанбаатарт угтах ёстой. Ямар арга байна вэ?гэхэд буудлын дарга гайхаж сонирхсон нүд гаргаад:
-Нөхөд чинь үдэлтээ жаахан хэтрүүлчихээ юу? гэж ёжилж байна.
Би үнэмлэхээ гарган ширээн дээр тавьж, аяархан түлхэж түүнд дөхүүлээд:
-Ойролцоо чиглэлээр Улаанбаатар руу нисэж яваа онгоц байна уу? гэлээ.
Дарга үнэмлэхийг маань сүрхий сайн үзээд, хурандаа Дашдорж, бид хоёрыг ээлжлүүлэн харснаа:
- Ховдоос нэг ачааны онгоц гарах гэж байгаа. Тэгэхдээ тэр онгоц Завханд бууж цэнэг аваад нисэх ёстой...
-Эндээс цэнэг авахуулж болно шүү дээ. Үүнийг төв диспетчер л мэднэ.
-Харин тэгээд төв диспетчертэйгээ яриад энд буулга л даа.
-Онгоцууд агаарт уралдаж явдаг гэж бодоогүй биз дээ?...
-Төв диспетчертээ хэлж, сая эндээс ниссэн онгоцыг аль нэг нөөц буудалд буулгаж саатуул. Улаанбаатарт агаар муу байна. Түр хүлээнэ ч гэдэг юмуу. Ер нь ямар ч хамаагүй аргаар...
 
Найм.
 
Буянт-Ухаагийн онгоцны буудал ирэх, явах, угтах үдэх хүмүүсийн сэтгэлийн баяр, гунигт умбан үйлзэсхийн байна.
Маалинган шуудайтай юм үүрсэн хүрэн дээлтэй өвгөнийг дун цагаан цувтай шаавай хүүхэн угтан үнсүүлээд ачаа тээшинд иь цэвэрхэн хувцсаа бохирдуулахаас болгоомжлон хөндийдүү зэрэгцэн явж байна.
Урт халимагтай өндөр залуу, богинохон үстэй хүүхэн хоёр төмөр хайсны буланд бие биендээ туньсан царайтай зогссоноо хүүхэн ухасхийн залуугийнхаа хацар дээр хальт үнсчихээд хариу авалгүй хормойгоо тоодогнуулан гүйж одлоо.
Сайхан бүрх малгайтай тохилог эр, дөрөв тав хэрийн насны хүүхэд хөтөлсөн намбалаг цагаан эмэгтэй хоёр холоос харцаараа салах ёс хийгээд эмэгтэй нь хааяа нэг сэмхэн эргэж харсаар дүмс дүмс алхлан онгоцонд оров.
Энэ бүхнийг суудлын тэрэгнээс хараачлан суутал «Ай хөөрхий угтах учрах, үдэх хагацахын орчлон юм аа» гэсэн хачин бодол сэтгэлд минь бууж ирлээ. Үдэх хагацахын нь гуниг шаналгааг үзсэнгүй. Харин угтан учрахын жаргалыг энд би нэгэнтээ амссан билээ...
 
 ...Тэнгэр орой өөдөө хүнхийн өндөрсөөд нар холдон жижгэрсэн намрын нэгэн анир намуухан өдөр байлаа.
Онгоцны лавлахын утсанд олон дахин залгаж, жижүүр эмэгтэйн уцаар дуунд зандруулахын төвөгтэйг би анх удаа үзээд «яршиг» эртхэн л очоод хүлээж байя. Энэ амьтан аягүй бол мэдэхгүй онгоц буулгачихаж ч байж мэднэ» гэж санаа зовоод Барилгачдын талбайгаас такси аваад давхин ирж хүлээсэн юм.
Сэтгэл гэдэг тогтож өгөхгүй яараад лавлахын бяцхан цонхонд очиж «Ховдын онгоц хэдийд ирэх бол?» гэж асуугаад «Ирэх цагт нь зарлана. Одоогоор цагаа өгөөгүй байна» гэсэн бүтэл муутай хариу сонсон буцаж гартал ачаа тээшээ үүрсэн, чирсэн хүмүүс төмөр хайсны хаалгаар чихэлдэн орж ирж харагдав.
Хүлээсэн хүний минь суусан онгоц нэгэнт «цагаа өгөөгүй» ирэх болоогүй тул, сараалжин сандал дээр очиж суугаад нүдээ анин наранд нүүрээ ээж байтал хажууд нэгэн хүн дулаахан амьсгаагаар чимээгүй инээд алдах шиг. Гараараа нар хаан нүдээ нээвэл Цэцэгбал толгойгоо гилжийлгэн, хөөрхөн инээмсэглээд зогсож байлаа. Хэд хоног догдолж, бэлдэж, хоёр гурван цагийн өмнө онгоцны буудал дээр ирчихээд угтахын дүрстэй угтаж чаддаггүй байна шүү. Би түүнийг харангуутаа «хүүе» гэж дуу алдсан боловч балмагдаад босож ч чадахгуй алмайрахад Цэцэгбал хажууд над руу харан жишүү суугаад инээмсэглэн зөөлөн санаа алдлаа. Торомгор бор нүдний нь жоготой харц талимаарч шантгар хамрын нь үзүүр дээр үл ялиг сэвх сүүдэртжээ.
Би учраа олохгүй маасайтал инээмсэглэн байгаагаа гэнэт мэдэн сэхээ орж, «Ядарч ирэв үү» гэхэд Цэцэгбал амьсгаагаа хүчтэй татаад «Онгоц чинь яасан удаан явдаг юм бэ дээ» гэлээ.
Тэр нэгэн орой санаандгүй өлмий дээр нь гишгэчихээд өшөөтэй болох нь байтугай амралтын хэдэн хоногийн дотор ухаангүй сайн болчихсон шантгар бор бүсгүйгээ би ингэж угтаж, нэг л өдөр өрхийн тэргүүнд өргөмжлөгдчихсөн билээ. Тиймээ өрхийн тэргүүн, Эр хүн эхнэр авахаараа л ёстой нэг өрхийн тэргүүн болдгийг би мэдсээн. Гоонь эр дотроо өөрийгөө сул чөлөөтэй бүрэн эрхтэй гэрийн эзэн гэж хичнээн тунхаглавч нэмэргүй. Харин чамайг өрхийн тэргүүнд өргөмжлөх эмэгтэй хүнгалыг чинь шилээхэд л эр хүн сая... 
Буянт-Ухаагийн буудалд би гэргий минь болохоор Ховдын хязгаараас ирсэн хонгор бүсгүйг ингэж угтаж байснаа нэхэн санагалзаж суутал
- Онгоц буухад хорин минут үлдэж байна гэж машины урд суудлаас улсыг аюулаас хамгаалах байгууллагын ажилтанхошууч Пэрэнлэй эргэн хэлэхэд уярч суларсан сэтгэлийн минь утас донхийн доргиод дахин чангарлаа. Зовхи чийг дааж байна. Ер нь Цэцэгбал бодолд унах болгонд ингэдэг юм.
Улсыг аюулаас хамгаалах, Улсын цагдан сэргийлэхийн ажилтнуудаас бүрдсэн шуурхай бүлэг намайг Буянт-Ухаад угтан авсан юм.
Манай шуурхай бүлгийнхэн таван минут цуглан миний саналыг сонсон, ажиллах төлөвлөгөө батлаад хэд хэдэн машинд хуваагдан сууж Ариунболдыг угтахаар хүлээж байсан юм.
Пэрэнлэй над руу дахин эргэж:
-Таны саналаар Ариунболдыг бага зэрэг судалж амжаад байгаа. Энэ тухай дараа тухтай ярья. Энэ хэргийг улс төрийн өнгөтэй байх гэж таны үзсэн тун зөв болсон байж магадгүй. Эрдэм шинжилгээний ажлын үр дүнг хулгайлна гэдэг ямар ч гэсэн улс төрийн хэрэг.
- Нөхөр хошуучаа! Гэндэнгийн ажилтай холбоотой эрдэмтдийг хянахаа больсон биз?
- Больсон. Өнөөдөр арван нэгэн цагаас. Аймгаас таны мэдээг авангуут...
- Ариун шударга хүмүүсийг сэжиглэн хянана гэхээс миний зүрх агшчих шиг болдог юм.
- Яая гэх вэ нөхөр хошуучаа. Бидний ажилтийм хойно. Энэ чинь эцсийн эцэст сайн үйлийн төлөө, шударга ариун хүмүүсийг хар муу зүйлээс хамгаалахын төлөө л хийж байгаа ажил. Гэхдээ гэмгүй хүний сэтгэл шархлуулахаар бүдүүн хадуун хийж болохгүй л дээ гээд Пэрэнлэй дахин над руу харахад иь урьд зүс л харсан энэ эрийг «ухаалаг хүн байна шүү. Ийм хүнтэй хамт ажиллахад аятайхан байх биз» гэж би бодоо давлаа. “Анхаараарай. Алтай Улаанбаатарын чиглэлийн онгоц Буянт-Ухаагийн буудалд арван таван цаг дөчин гурван минутад бууна. Дахин зарлая...” гэх эмэгтэй дуу хоолойгоо их л маяглуулж зарлав.
Цагаа харвал онгоц буухад есөн минут үлдэж байлаа. Хошууч Пэрэнлэй энгэртээ гараа хийгээд:
- Би зургаа байна, сонсож байна уу? гээд чагнахад:
- Би хоёр байна.
- Би арван гурав байна.
- Би долоо байна... гэж дараалан илтгэх нь миний энгэр доторхи бяцхан хүлээн авагчид сонсдов.
Пэрэнлэй:
-Хорин дөрвийг анхааралтай сонсож байгаарай гэв. Хэдхэн мөчийн дараа онгоц халуун цементээс утаа манаруулан буугаад дээш жаал гүйснээ эргэн, эсгэрэх мэт дуугаран тайван явж ирээд тэртээ хол хөндлөн зогсов.
Том улаан автобус онгоцонд тулж зогсоод онгоцны хүмүүсийг суулган авчирч буулгахад Ариунболд дунд хэрд гарч ирлээ. Миний хүзүү, шанаа чийг дааж эхлэхийг мэдэрлээ. Би:
- Би хорин дөрөв байна. Хар цувтай, хар цүнх барьсан, толгой нүцгэн хүн «танил»(Ариунболдыг тэгж нэрлэхээр бид шийдсэн юм) гэхэд:—Би хоёр байна. Харлаа.
-Арван гурав танилцлаа.
-Долоо харлаа.
-Арван зургаа харлаа.
- Харлаа. Би арван найм... гэж манайхан хариулав. Пэрэнлэй: 
-- Аа, ийм эр юм бий гэв.
Ариунболд буудлын цаад хаалгаар орсны дараахан:
- Танил автомат утсаар ярих гэж байна... Хориор эхэлсэн дугаартай утсанд залгалаа... ярьж байхдаа цагаа хараад, утсаа тавингуутаа цагаа таарууллаа гэж арван гурав илтгэв.
Удсан ч үгүй «Танил» гарч ирээд шуудхан явсаар зүүн талд зогсож байсан «27—93 УБ» гэсэн хар тоотой шинэхэн улаан тэргэн дээр очиж, эзэнтэй нь хэдэн үг сольсноо тэрэгний урдуур тойрон суухаар явахад Пэрэнлэй:
- Арван гурав “Танил”-тай хамт яваарай гэж сандруухан хэлэв.
Тэр агшинд цэнхэр жинс өмдтэй туранхай хүүхэн мөрөн дэх цүнхэндээ гараа хийнгүүтээ өмнөх машинд гүйж очоод бараг явуут дунд нь арын суудалд орж суув.
Тэдний тэрэгний араас бид явлаа. Бидний араас манай бусад тэрэг явааг би мэдэж байв. Хэрэв танил машинаар удаан зугаалвал сэжиг авахуулахгүйн тулд солигдох гэж хэдэн тэрэгтэй ирсэн аж.
Хотын төв рүү орж иртэл «Танил» этгээд зан гаргасангүй, жолоо барьсан бүдүүн эртэй ганц нэг үг сольж явааг нь бид харж явлаа. Улаан тэрэгний эзэн тэр бүдүүн эр хөрөнгө зоориндоо тун гамтай хүн бололтой шулуун сайхан замд тавиас хэтрүүлэхгуй явна. “Танил” ч яаруулахгүй байгааг бодоход завтай бололтой.
Манай жолооч “Танил”-ын тэргийг ашигтай зайнд дагаж, дундаа хоёр тэрэг оруулчихаад явж байлаа. “Танилтай” “Арван гурав” хамт яваа болохоор заавал ойроос хянах хэрэгцээгүй байсан юм. Тэгээд ч хэдийгээр би зүсээ муугүй хувиргасан боловч их ойртвол “Танил” намайг таньж мэднэ. Юун төлөө “Танил” билээ дээ.
Хотын зах руу орж ирэхэд би жолоочдоо:
-Жаахан ойртоорой. Дундаа нэг л машинтай явъя. Гэрэлд хаагдан тасарч болохгүй гэхэд манай тэрэг навтасхийн хурдалж, арынхаа шилэнд “Аяар аяар” гэж дохьсон гар наасан хар тэрэгний хажуугаар шахаж ороход жолооч нь “Чи галзуурав уу?” гэсэн харц манай жолооч руу шидэж харагдана.
Автобусны буудалд зогсоо, замын хоёр талаар яваа хүмүүс тэр улаан тэргэн дотор хүн алсан, аюултай гэмт хэрэгтэн сууж явааг, араас нь бидний дагаж явааг даан ч мэдэхгүй, ерийн тайван бодолтой байгаа нь хачин санагдлаа. “Үгүй тэгэлгүй яахав дээ. Дэмий юм бодож байх юм” гэж өөрийгөө би дотроо зэмлэв. Улаан тэрэг “Энх тайвны өргөн чөлөө”-гөөр орон баруун тийш эргэн хэсэг давхиснаа баруун тийш салсан нэг том гудмаар эргэлээ.
-Танил маань шинэ хороололд морилох нээ дээ? гэжнамайг хэлэхэд Пэрэнлэй:
- Хөдөө гараад таван жил болж байгаа хүн Улаанбаатарын шинэ хорооллыг сонирхох гэж байж ч болно гэж хэлмэгц “Таван жил, таван жил. За байз юу билээ? Таван жил гэдэг чинь нэг л учиртай... шиг” гэсэн бодол толгой дотор манасхийв. Би нүдээ хагас аниад хөлсөө чийхартал ухаан санаагаа хөвчлөн бодлоо. Тэгтэл “Аа тийм. Гэндэнгийн ажил ашигтай зүйл болох нь мэдэгдээд таван жил гаруй болж байгаа шүү дээ. Энэ хэргээр зориуд тэнд очсон байх нээ” гэж ухаараад Пэрэнлэйд юм хэлэх гэтэл тэр:
-Баруун тийшээ эргээрэй гэж сандрангуй хэлэхэд нь харвал улаан тэрэг зогсчихсон “Танил” тооцоо хийж байгаа бололтой харагдана. Яг хажуугаар нь өнгөрвөл “танил” намайг таньж магадгүй гэж Пэрэнлэй болгоомжилсон хэрэг аж.
Биднийг баруун гар тийш салсан замаар эргэхэд манай нэг тэрэг шууд явсаар улаан тэрэгний хажуугаар тайван өнгөрч байна. Бид булан тойроод зогстол:
-Танил машинаас буугаад ресторан чиглэн явж байна гэж «арван зургаа» илтгэв.
-Хараанаас агшин ч алдаж болохгүй. Арван зургаа та “Танил”-д ойрхон явна уу? гэж намайг асуухад:
-Хориод алхам дагаж явна гэж “арван зургаа” хариулж байна. Пэрэнлэй цагаа харснаа:
-Би зургаа байна. Долоо намайг сонсож байна уу? гэмэгц.
- Долоо зургааг сонсож байна гэсэн хариу ирлээ.
-”Танил” хэрэв ресторанд орвол долоо дагаж ор. Арван зургаа гадаа хүлээ. Долоо “Танил”-д ойртож, хаалгаар ойрхон дагаж ор.
- Долоо ойлголоо.
-Арван зургаа сонслоо. 
Би жолоочийн мөрөнд хүрч:
“Танил”-даа жаахан ойртъё гэхэд Пэрэнлэй инээмсэглэн эргэж хараад:
-”Танил”-тай ярилцах юмсан гэж яарч байна уу хошууч аа? гэж асууж байна.
Тэгтэл бид хоёрын халаасанд хүлээн авагч зэрэг шийхэтнээд:
-Зургаа сонсож байна уу? Би арван гурав.
-Зургаа арван гурвыг сонсож байна.
-Жолоочийг хувийн тэргээр хүн тээж хөл савсан гэж саатуулаад байна.
-Танил юм дамжуулж өгөөгүй юу?
-Юу ч өгөөгүй. Сэжигтэй юм ч яриагүй. 
- Торгож явуулаад нарийн хяналтанд ав.
- Мэдлээ.
-Би арван зургаа. Долоо ойртоорой.
-Долоо ойлголоо.
-Зургаа би арван зургаа. “Танил” ресторанд орлоо. Хяналтаа долоод шилжүүллээ.
- Зургаа сонслоо гэх радио яриа минут хэртэй зогсоо зайгүй үргэлжлэв. Энэ зуур бид ресторанд дөхөж ирлээ. Пэрэнлэй над руу эргэн:
-Би “Танил”-ыг нэг сайн хармаар санагдаад тэсэж чадашгүй нээ. Ороод ирье гээд буулаа. Түүнийг яарамгүй алхах зуураа энэ тэр зураг, чимэглэлийг сонирхож явахыг харж сууснаа би гэнэт Цэцэгбалыг саналаа, “Өчигдөр орой Алтайгаас ярихад амаржаагүй л байна гэсэн одоо яаж байдаг бол” гэж зовнилоо. Манай дарга “Эрэгтэй хүүхэд эцгээ хүлээдэг юм гэсэн, эр юм байгаад л чамайг хүлээгээд муу эхээ зовоогоод байгаа юм байлгүй. Наад ажлаа түргэнамжуулаад ирж тэр хүүхнийг та хоёр нэг амрааж үз гэж хошигносноо эмч нар тариа мариа хийгээд гаргачих гэхээр авгай чинь гарах цагтаа өөрөө л гараг гээд дургүйлхээд байна гэнэ” гэж ярьсныг бодоод би инээмсэглэчихээд зовон жолооч руу харвал тэрбээр араа залгахад бэлэн сууж байв.
Хэдэн мөчийн дараа Пэрэнлэй гарч ирээд:
-”Танил” маань цангасан бололтой. Хоёр шил пиво аваад яаруу ууж байна. Удахгүй гарч ирнэ гэлээ.
Нээрэн ч удсангүй “Танил” гарч ирээд зүүн тийш сүрхий шуурхай алхав. Пэрэнлэй нөхөдтэйгээ ярьж эхэллээ:
-Хоёр, зургааг сонсож байна уу?
-Хоёр сонсож байна.
- “Танил” ресторанаас зүүн тийш явж байна.
-Харж байна.
-Одоо таны хяналтанд шилжүүллээ.
-Мэдлээ
-Арван зургаа тэргэндээ сууж цаагуур нь тос.
-Арван зургаа ойлголоо.
-Долоо манай машинд ирж суу.
-Долоо ойлголоо.
Бид “долоог” түр хүлээн зогсох хооронд “Танил” “Хоёр” хоёр цувран далд оров. “Долоо” нүдэндээ харааны шилтэй туранхай хөх залуу тамхи ханхлуулан орж суухад нь “ойрын хараа, лав дөрөв байх” гэж бодоод би:
-Долоо та ойрын харааных зүүдэг юмуу гэхэд Пэрэнлэй өрсөн:
-Дөрөв хагас. Тэгээд л ойрын хяналтыг наад нөхөрт чинь өгч байхгүй юу? гээд бас л инээмсэглэв. Тэгтэл:
-”Танил” Гандан чиглэн явж байна гэж “хоёр” илтгэв. Пэрэнлэй
- Зургаа сонслоо гээд за жаахан дөхье гэж жолоочид хэлэв.
Бид зөөлөн явсаар Гандандэгчилэн хийдийн арын хөндлөн зам руу орж явтал:
-”Танил” Ганданд дөхөж ирлээ гэх сонсдов.
-Орчны байдлыг ажигла гэж Пэрэнлэй хэлж байна. Гандангийн үүдэнд хоёр автобус гадаадын жуулчин ирээд бууж байна. Гурван хувийн тэрэг, нэг дөрвөн зуун жаран ес, нэг дипломат номертой хар тэрэг зогсож байна. Хашаан дотор хүн цөөн, төлөв гадаадынхан байна. “Танил”-ыг нэг жуулчин тосож уулзлаа...
-Бүгд анхаар. Ганданд дөхөж оч. Арван зургаа зүүн талд, арван найм өмнө талд нь оч гэж хэлээд Пэрэнлэй эргэн харж
-Та баруун талыг халхал гэж“долоо”-д тушаав. Нүдэндээ шилтэй туранхай залуу бараг машины явуут дунд гялсхийн бууж алга боллоо. Тэгтэл:
-Жуулчин “Танил”-ыг бас хоёр монгол хүний хамт авгай хүүхэдтэйгээ сүмийн үүдэнд зогсоон зургий нь аваад энгэрийн тэмдэг бэлэглэлээ гэж “хоёр” илтгэв.
-Арван зургаа байр эзэллээ.
-Арван найм заасан районд очлоо гэж сонсдоно.
-Танил хүрдэн дээр очлоо. За эхнээс нь хүрднүүдийг эргүүлж эхэллээ...
-Хоёрыг зургаа сонсож байна. Хажууд нь хүн байна уу?
-Хоёр хөгшин хүрд эргүүлж байна.
-Сэжигтэй хөдөлгөөн бүрийнх нь зургийг ав.
-Авч байна. За одоо “Танил” ганцаараа үлдлээ. Дахин хүрдний эхэн дээр очиж байна. Эргүүлж эхэллээ... Гурав дахь хүрдэнд очоод ийш тийшээ харж байна гэхдээ “хоёр” сандарч байгаа бололтой дуу нь цухалдуу сонсогдоно. Би харилцуурын товч даран:
- Тайван, тайван гэж хэлэхэд Пэрэнлэй толгой дохиж байна. 
- “Хоёр”-ын дуу дахин сонсдож:
-Цувныхаа халааснаас юм авч гурав дахь хүрдний ёроол өөд хийлээ гэж бараг хашгирлаа.
-Сонсож байна гэж Пэрэнлэй ер бусын тайван, бүр ямар нэг энгийн юм ярьж байх мэт хэлэв
-”Танил” өмнө зүг шууд явлаа...
-Сонсож байна.
-Хаалгаар гараад тэнд зогсож байгаа тэрэгнүүдийн хажуугаар өнгөрлөө.
-Ямар нэгэн дохио өгч байгаа янз байна уу?
- Үгүй. Юм мэдэгдэхгүй байна. Тэрэгнүүдийн хажуугаар өнгөрөхдөө цүнхээ баруун гараасаа зүүндээ шилжүүллээ.
-Арван найм “Танил”-ыг харж байна уу?
-Арван найм харж байна.
-”Танил”-ыг таны хяналтад шилжүүллээ. Арван зургаа машинаараа дага. Хоёр хүрдийг хяна. Та өөрөө далд байгаа юу?
- Хоёр далдаас хүрдийг хянаж байна. 
Одоо “Танил”-д үзэгдээгүй хүн бол манай шуурхай бүлгээс ганцхан “арваннайм” л үлдсэн тул түүнд хяналтыг шилжүүлж байгааг би ойлгож байлаа. Бусдыг нь ажигласан байж болох. Гэвч нэгэнт юмаа хийчихсэн хойно “сүүл” байгааг мэдсэн ч оройтсон. Тийм учраас...
- Дипломат номертой машинаас хоёр хүн гарч сүм рүү явлаа.
-Хоёр дипломатыг нарийн хяна гэж Пэрэнлэй хэлж байна. Ингээд л агшин зуур тэр хоёр бидний хувьд “дипломат” нэртэй болчих нь тэр. Үнэндээ бол тэд огт дипломат биш ч байж болно.
Яая гэх вэ манай ажил тийм хойно.
-Жуулчид хүрдний тэнд очиж, зарим нь хүрд эргүүлж, зураг авч байна.
-”Танил” Энхтайвны гудамжруу дөхөж ирлээгэж “найм”-ыг илтгэхэд Пэрэнлэй “яах вэ?” гэсэн харцаар эргэж харав.
Би толгой сэгсрээд:
-”Танил” бидэнд дахин хэрэг болж мэднэ. Хүрдэн дэх юмыг авахгүй бол яана? Сэжиг авчихсан бол авахгүй шүү дээ. “Танил” эргэн ирж, авсан эсэхийг шалгах ёстой гэж хэлээд давчуу цагт баахан нуршуу ярьчихсандаа зовсхийв.
Пэрэнлэй толгой дохиод холбоогоо чагнаж байна.
-Дипломатууд хүрд тийш явлаа гэх нь тэр.
-Арван найм хяналтаа үргэлжлүүл. Дуудтал холбоо битгий барь гэж Пэрэнлэйг хэлмэгц бид хэн хэн нь юм хэлээгүй ч зэрэг машинаас буун булан тойрч сүмийн зүүн талын хаалгаар орж ирэнгүүтээ хоёр“дипломат”-ыг төвөггүй олж харлаа.Учир нь тэд хэдийгээр ерийн европ хувцастай ч гэсэн үс толгой, алхаа гишгээ, за ер нь царай зүсээр нь ч гэсэн тэднийг танихад огт төвөггүй байв. Тэр тусмаа бидний мэргэжлийн хүмүүст.
Би агшин зуур хүрдний орчмыг ажиглаад авлаа. Урд талаар нь өнгөрөн араар нь тойрон хэрэгтэй цагт тулан гарч ирэх боломжтой харагдлаа.
Хоёр “дипломат” дуган, ганжрын зураг аван тун яарамгүй боловч хүрд рүү дөхсөөр байна.
Залуу “дипломат” очиж хүрдийг эхнээс нь эхлэн дуустал нэгэнтээ эргүүлчихээд инээмсэглэн юм ярьсаар ирэхэд ахмад “дипломат” инээсэн нүүр гарган юм хэлэх нь цаанаа нэг ондоо, инээдтэй хамт гардаггүй үг түүний амнаас гарсан нь илэрхий.
Энэ хооронд Пэрэнлэй бид хоёр харцаараа яриад нөхөр маань хойш эргэн далд орлоо. Энэ бол хүрдний хойгуур тойрон ахмад “дипломат”-тай тэнд уулзахаар явж буй хэрэг мөн. Үүнийг Пэрэнлэй ёстой мэргэжлийн хүний нарийн ухаанаар хийсэн тул хоёр “дипломат” сэжиг авсангүй.
Ахмад “дипломат” арай гэж хүрдний зүг дуртай дургүй зүглэлээ. Миний хүзүү шанаа сурсан зангаараа нойт оргиод ирлээ. Миний хувь бол залуу “дипломат” байв.
Пэрэнлэй бид хоёр харцаараа ярихдаа тэгж хувааж авсан юм.
Би залуу “дипломат”-ын нүдийг хариулаад халааснаас ганц ширхэг мөнгө гарган унагахад жингэнэн өнхөрсөөр түүний хажууд очиж тогтов. Залуу “дипломат” над руу харахад нь би инээмсэглэн очтол тэр соёлт хүний дүр үзүүлэн мөнгө рүү бөхийх агшинд ахмад “дипломат” ч хүрдний ёроол руу гараа явуулж, Пэрэнлэй ч яг ард нь тулан гарч ирж буйг би харж амжлаа. Харин залуу “дипломат” мөнгийг минь аван өндийж над инээмсэглэн бариад хариу инээмсэглэл бус миний шал ондоо болж хувирсан царайг олж хараад гайхан балмагдаж, нөгөө худлаа нялуун инээмсэглэл нь хийсэв. Яг энэ агшинд “Нинь ши да фа сы бэ ма?»* гэх Пэрэнлийн ёжлонгуй дуу сонсдон залуу “дипломат” бид хоёр тэр зүг зэрэг харлаа...
Би радиогоороо «арван зургаа»-г эргүүлэн дуудаж ирүүлэн машинд суугаад “танил”-ын араас явлаа.
“Танил” Улсын их дэлгүүрт ороод одоо Комиссын дэлгүүр руу явж байна гэж «арван найм» мэдээлж байна. Би дээд зэргийн хурдаар давхисаар “Танил”-ыг Д. Нацагдоржийн гудамжны хойд үзүүрт очиж тослоо. “Танил” маань сүрхий тэвдуү янзтай энд тэнд гишгэн ирж яваа нь машины урд талын жижигхэн зууван толинд харагдана. Цаана нь хүрэн цувтай залуу эр барьсан номоороо сэлэх мэт агаар цавчин санаандгүй дүртэй яваа нь “арван найм” байлаа.
“Танил”-ыг бидний хажуугаар өнгөрмөгц араас нь би гүйцэн очоод:
- Ариунболд уу даа?гэж асууталтэр давхийн цочиж, золтой л ойччихсонгүй. Би гайхсан, баярласан нүүр гарган:
- Яасан сонин хүн бэ? гээд түүнд гараа сунгавал Ариунболд инээх ярвайх хоёрын дунд царайлаад уруул нь чичигнэн гараа над өгөхөд би чанга атгаад зүүн халаасандаа бэлэн барьж байсан гавыг бугуйд нь оруулан дарахад европ хийцийн хөнгөн хөх гав дуулгавартай нь аргагүй “шаг хийн” үмхээд авлаа. Энэ бүхэн агшин зуур болж өнгөрсөн тул Ариунболдын нүүрэн дэх айдаст инээмсэглэл ч арилж амжаагүй харагдлаа...
- Хэрэгтэн Ариунболд та худлаа ярьж байна. Эцэг чинь танд монгол нэр өгч, сүүлд суусан монгол авгайгаараа овоглосныг бид мэднэ. Дашрамд хэлэхэд тэр эмэгтэй өнгөрсөн жил их сэжигтэй байдлаар нас барсан байна. Бид шалгах болно. Монголд төрсөн боловч та монгол хүн биш. Эрлийз ч биш.Тэгэхдээ үндэсний гарал бидэнд огт хамаагүй. Та яагаад манай эх орны шинжлэх ухааны ололтыг гадаадад гаргах гэж оролдсон бэ? Тэрнээ л ярь.
- Эцэгт л цаанаас нь өгсөн даалгавар гэсэн. Хэрэв биелүүлж чадахгүй бол манай ам бүлийнхэнд муу юм болно гэж сүрдүүлсэн юм гэсэн.
-Шанд нь юу авах ёстой байсан бэ?
-Эцэг над гучин мянган төгрөг өгнө гэж амласан.
-Танай эцэг тийм баян хүн юм уу?
- Юу гэх юм бэ дээ... Миний бага дүүгийн сүйд ирсэн мөнгө 
-Эрлийз үү?
-Үгүй, миний ээжээс гарсан юм
- Эхнэр богтлох бол манай улсын хууль социалист ёс суртахууныг ноцтойгоор зөрчиж байгаа гэмт хэрэг. Ариунболд юу ч хэлсэнгүй харц буулган тонгойв.
Пэрэнлэй, Ариунболдыг ингэж байцаахыг харж суутал Олзод бодогдож, залуугаараа нүдний нь доод зовхи шолхойж яваа энэ алуурч эрийг үзэн ядах сэтгэл дэврэн хоёр шанаа халуу оргиод ирлээ.
Би ухасхийн босож хоёр халаасандаа гараа хийн Ариунболдын өмнө очиж бөхийгөөд:
-Яах гэж та гэмгүй шударга бүсгүй Олзодыг алсан бэ? гэж жигшил зэвүүрхлээ барьж ядан асуухад Ариунболд цохиод авах нь гэж айсан бололтой гэдэсхийгээд:
-Гэндэнгийн лабораториос хулгайлж авсан эмийн дээжийг би халааснаасаа юмтай хамт санаандгүй гаргачихсан чинь Олзод таниад энэ эмээр яах гэж байгаа юм бэ гэж шалгаагаад, нэг л сэжигтэй болчих шиг санагдсан. Тэгээд манай гэрээт айлаас сүү авахаар явахаар нь... гээд тэр доошоо харан толгойгоо хоёр гараараа базлав.
-Олзодыг алчихаад гурван цагийн дараа та гурван зуун километрт явж байгаад нэг жолоочтой дайралдсан гэсэн тэр үнэн уу?
- Үнэн байх аа.
-Мөрөө булах гэж тэгж их давхисан юм биз дээ? Үнэнээ хэлэхэд юу ч бодоогүй. Нэг л мэдэхэд тэнд хүрчихсэн, хоёр гар руль бариад хөшчихсөн зогсож байсан. Би... би... Олзодыг буудчихаад цаашаа жаахан яваад нэг шил архи залгичихсан юм...
-Та Олзодыг алчихаад авгайгаа хүнд алуулчихаж гэж андуурсан дур үзүүлэхдээ Төмөр, Долзодыг гэж андуураад алчихаж гэж бидэнд яваандаа итгүүлэх гэсэн юм биз дээ?
-Тэгж бодсоон.
-Долзод хаана байгааг мэдэх үү? 
-Амралтаа аваад л явсан. Чухам хаашаа явсныг мэдээгүй...
...Дэлгэц дүүрэн элдэв зүйл томьёо, тоо, таблиц хөвөрнө. Тэгснээ асга хад бараалсан уулын энгэр, хөлс шиг дааварлан халимагтсан хөх цас дараалан гарч ирлээ. Тэгтэл хөгцтэй зузаан цасыг сүвлэн ургасан дэлбээгүй шахам цагаан цэцэг эхлээд холоос харагдсанаа томрон дэлгэц дүүртэл «хаан сүйх» гаргасан алтан бэлзэгтэй гар түүнийг эвтэйхэн таслан авлаа. Би бэлзэгтэй гарыг харангуутаа танилаа. Тэр бол Гэндэн эмчийн гар байв.
Гэрэл асахад манай дарга шилээ зүүгээд:
-Бүр өнгөт хальсаар авдаг байна шүү. Кино зураг авсныг Гэндэн огт мэдэхгүй байна уу? гээд над руу харахад нь би босоод:
- Ер сэжиг аваагүй байгаа юм. Бодвол хүчтэй дурангаар холоос авсан байна. Харин бичиг баримтыи хувьд гэвэл Гэндэнгийн лабораторит нууцаар орж авсан гэдгээ хэрэгтэн хүлээж байгаа юм гэлээ. Гэндэн нэг удаа Цасцэцэг түүхээр явахдаа Ариунболдтой хамт явснаа над ярьсан юм.
Тэр үед амралттай байсан Ариунболд хамт явъя гэж гуйхад нь сайхан сэтгэлтэй Гэндэн дагуулаад явсан ажээ. Би энэ тухай бодоод даргадаа ярих гэтэл тусгай холбооны офицер хуудас цаас авчирч өглөө.
“Хэрэгтний гэрт нэгжлэг хийв. Сэжигтэй зүйл олдсонгүй. Хэрэгтэн харин машиныхаа тэвшинд давхар шал хийж буу хадгалсан байна. Түүнээс гадна Ариунболдод 236 гэсэн дугаартай цахилгаан ирсэн нь нотлогдлоо. Цахилгааны агуулга ойролцоогоор, зургадугаар сарын 9-нд 16 цагт ээжид буян үйлдэнэ гэсэн байсан бололтой. Шууданг хүлээн авсан хүн хүргэгч нар яг санахгүй байна.
Танай ажил дууссан эсэхийг сонсохыг хүсэж байна.
Дашдорж гэсэн радиограмм байв.
Дашдорж гуай сэтгэл нь зовсоор л байгаа хэрэг.
Ер нь хуучцуул ажлын төлөө зүтгэхийн үлгэр болох улс шүү. Товч радиограмм явуулж тэр өвгөний сэтгэлийг амраая гэж бодов...
 
...Би огт танихгүй хүнтэй учрахаар хүлээж суув. Тэр хүн гуай чухам ямархуу нөхөр байхыг би үл төсөөлнө. Түүнтэй учраад яах ёстойг ч би бас үл төсөөлнө. Тэр эрхмийг Чинтөр гэдэг нэртэйг л мэдэж байв. Тэр эрийг залран ирэхээс нь аль өмнө би тийм нэр өгсөн юм. Эмэгтэй хүн “ирсэн” бол ондоо нэр бас л бэлэн хүлээж байсан хэрэг.
Миний ухаан дотор янз бүрийн эрээн цоохор бодол орж гарч холилдон байлаа.
Урт модон сандлын үзүүр дээр сандайлаад нам доогуур харан эрээн цоохор бодлоо сэтгэлийнхээ шүүлтүүрээр цувуулан шүүж суув. «Эрэгтэй хүүхэд эцгээ хүлээгээд гарахгүй уддаг гэдэг нь үнэн юм биш байгаа? Шал дэмий юм бодож байх юм. Өвдөж шаналсан нэг эхийг л саатуулах гэж зохиосон дом арга шүү дээ. Гэхдээ л заавал намайг Улаанбаатарт ирээд “Танил”, “Дипломат” нартай хөөцөлдөж явахад гардаг л сонин тохиолдол шүү. Ингэхэд “Дипломат” гэхээс, тэр эрхэмтэй үг солих юмсан. Ундрах баяны авгай эдгэсэл, Даашинхүүгийн пүүсний дамжлага суурингийн их өмдөт наймаа “Би баяжлаа, би баяжлаа” хэмээн орилоод бурхан болсон хуучин домог, өнөөгийн энэ “Дипломат”-ын бүтэл муутай оролдлого хоёрын хооронд ямар нэг хар утас татаатай байх шиг...”
“Алтан” шаахайтай хоёр хөл миний өмнүүр хойш урагш холхиж хурц төмөр өсгийгөөр хүрэн чулуун шал хэр хэр хийлгэн гишгэлэн зэвүүн муухай хахир чимээ гаргах нь зүрхийг минь зорох шиг... Би тэсэхээ болиод:
-Битгий холхиод байгаач гэж хоёр сайхан хөлний эзэн өөд нь харалгүй эгдүүцэн хэлэв. “Алтан” шаахайтай хөл над руу хагас эргэн зогтусаад,өлмийний нь шүрмэснүүд гүрвэлзэн,үсрэх гэж нумарч байгаа муур шиг болоод иртэл ашгүй:
-Өө найзаа чи хүрээд ирсэн юмуу гэх эмэгтэй хүний гунигтай сулхан дуу гарч “Алтан” шаахайт хоёр хөл цааш үсчин алга болов. Хүүхнүүдийн үнсэлдэх чимээ гарч шивэр авир гэсэн нууц яриа сонсдов.
-Одоо зүгээр найзаа. Сайн хоол унд идэж ууж, цусаа төлжүүлэх хэрэгтэй гэж сурмаг дадамгай сургаал айлдах нь “Алтан” шаахайт хөлийн эзэн бололтой. Тэр лав энэ хэргийг бэлтгэн зохион байгуулагч нь биз. Учир нь гэвээс амаржих газраас орь ганцаар гарч байгаа шаналангуй дуутай бүсгүйг тэр ятгах гээд үгээ олж ядаж байлаа.
-Эй, ааваа гэж нэг эмэгтэй дуудав. Би бөхийн суусан хэвээр“алтан”шаахайт хөлний ззнийг зэвүүрхсэн бодолдоо автаад сайн анзаарсангүй.
-Хүүе ааваа наашаа ирээч дээ гэж нөгөө дуу дахин гарлаа.“Энэ хүүхний аав хаана байгаа юм бол”гэж бодоод би эсрэг талын сандал дээр суусан хэдэн хүнийг харвал нас гүйцсэн хүүхний (дууны нь байдлаар)аав баймаар хүн алга. Тэгтэл:
-Будаа гэх нь тэр. Би ухасхийн босон харайгаад харвал шатны шувтарга дээр Цэцэгбал цэнхэр алчуураа эрүүвчлэн боочихсон ядрангуй царайтай инээмсэглэн зогсож байна шүү. “Эй ааваа, хүүе ааваа” гэж дун цагаан боодолтой юм тэвэрсэн эмнэлгийн эмэгтэй намайг дуудаад байсан хэрэг санж. Ээ дээ“ааваа”гэждуудуулж үзээгүй явсны харгай. Тэр цагаан боодолтой юм нь миний тэсэж ядан хүлээж суугаа нөгөө шинэ хүн гуай байх нээ. 
Яггүй сүртэй эр байлаа. Яагаад гэвэл би очиж, эмнэлгийн эмэгтэйгээс хоёр гардан тосож авахад миний хөл, гар аль аль нь чичирч байгааг мэдэрсэн билээ. Манцуйны гурвалжин онгорхойгоор өнгийн харваас бүрзийсэн духтай нөхөр байлаа. 
Эмнэлгийн бүсгүйд баяр талархал илэрхийлэн эргэхэд Цэцэгбал намайг сугадан авлаа. Урьд нь “ичиж байна” гээд өдрийн цагт сугадуулдаггүйсэн. Өнөөдөр намайг өөрөө сугадан түшихийг хүссэн хэрэг биз ээ. 
Муу улаан тэрэгнийхээ жолооны ард суугаад хамаг шилээ тултал хаахад (нярай хүүхэд, нялхарсан эх хоёр салхинаас айх ёстой гэдгийг бол ч би нэг муу мэдэж байсан юм) Цэцэгбал “овоо л доо” гэсэн харцаар намайг илбээд инээмсэглэв. 
Тэгтэл нөгөө Чинтөр гуай чинь эхийнхээ гар дээр ярвалзан шилээ шөргөөгөөд, манцуй дотроо тунтралдан янцаглаж эхлэхэд нь: 
-Бас их адармаатай эх байх нээ? гэвэл Цэцэгбал хүү бид хоёрыг ээлжлэн харж инээмсэглээд: 
- Зөрүүд гэж яанаа, муухай амьтан шүү! гэж өхөөрдөв. Ээж минь над хэцүүрхэхдээ “Үгүй энэ мөн зөрүүд амьтан шүү, та минь. Энүүнтэй суусан амьтны үр яасан их зовох бол” гэдэг байсан нь гэнэт санаанд буулаа… 
Цэцэгбал уг нь тормолзсон омголон нүдтэй, тас нясхийсэн чанга дуутай хүүхэнсэн. Гэтэл одоо нүдний нь харц тунаран урсгалтаж, дуу нь зөөлрөн ээнэгшээд улам ч хайр хүрэм болсон байлаа. 
Энэхэн агшинд урьд өмнө би үзээгүй энхрий хонгор үнэр муу шээзгий шиг “Москвич”-ийг минь дүүргээд ирлээ. Ай тэнгэр, үрийн минь үнэр ажээ. 

 

Л.Пүрэвдорж 

 

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Лувсан овогтой Пүрэвдорж нь 1937 онд Говь-Алтай аймгийн Хасагжаргалан суманд төржээ. Бага дунд сургууль төгсөж улмаар ардын армид алба хааж, ЗХУ-ын цэргийн дээд сургуульд суралцан төгсөж БХЯ-нд удирдах алба хашиж байв. 
Зохиолчийн олон роман уншигчдын талархал хүлээсний дотор тагнуулчдын сэдэвт “Цас чихрийн хэрэг” тууж хүндэт байр эзэлдэг юм.

 

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419