МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн болон ОХУ-ын ҮОХ-ны ерөнхийлөгч А.Жуков нар хоёр улсын олимпийн хороод цаашид өргөн хүрээнд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд хоёр улсын олимпийн хороод спортын болон техникийн тал дээр туршлага хуваалцах, баг тамирчид болон багш дасгалжуулагчид, экспертүүд харилцан солилцох зэргээр хамтран ажиллах юм.
ОХУ-ын ҮОХ-ны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн А.Жуков энэ үеэр хэлэхдээ “ОХУ болон Монгол улс эртнээс нааш найрсаг харилцаатай, олон талт хамтын ажиллагаа өрнүүлж байсан арвин түүхтэй билээ. Спортын салбар, олимпийн хөдөлгөөнийг илүү өндөр түвшинд хүрэхэд бүх талаар тусалж дэмжин, туршлага солилцон үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн “Дэлхийн спортын хамгийн хүчирхэг улсуудын нэг ОХУ-ын ҮОХ-той хамтран ажиллах санамж бичиг байгуулж буй нь манай улсын хувьд ихээхэн чухал ач холбогдолтой үйл явдал бөгөөд цаашид олон төсөл хөтөлбөрүүд, хамтын ажиллагааг өрнүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн хэлсэн юм.
Чехийн Прага хотноо явагдсан ANOC буюу Үндэсний Олимпийн Хороодын 22-р чуулганы үеэр энэхүү санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа явагдсан бөгөөд МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган болон ОХУ-ын ҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч С.Поздняков нар байлцсан юм.
Сонирхуулахад, өнгөрсөн жилээс ОХУ-ын ҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллах болсон С.Поздняков туялзуур сэлэмний төрлөөр олимпийн наадмаас дөрөв, дэлхийн аваргаас 10 удаа алт медаль хүртэж байсан.