Мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд пестицид, хүнд металлууд, өвчин үүсгэгч нян, вирус, зарим байгалийн хорт бодис, гаднын бохирдлоос гадна малын өвчнийг эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний үед хэрэглэсэн эм, био бэлдмэлийн үлдэгдэл агуулагдаж мах, сүүгээр дамжин хэрэглэгчдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлдэг.
Иймд мал, амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүн, сүү, цагаан идээг шинжилгээ, баталгаажилтгүй, гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдан авах, хүнсэнд хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Нийтийн хүнсэнд хэрэглэх малын гаралтай мах, сүү, цагаан идээг сонгон авахдаа дараах зүйлсийг анхаарах шаардлагатай.
-Чанар, аюулгүй байдлын шинжилгээний бичигтэй байх,
-Мах эсвэл малыг нядалсны дараа гулуузыг сэрүүн газар хөргөөж, сэврээхэд өнгөн хальс тогтож хуурай
гадаргуутай болж хуруугаар дарж үзэхэд үүссэн хонхорхой анхны байдалдаа хурдан эргэж орж, өнгө өөрчлөлтгүй байх,
-Үхэр, хонь, ямаа шувуу, гахайн махыг -18-аас доош хэмд 6 сараас илүүгүй хугацаагаар хадгалах,
-Загасны махыг хөргөгчид 1-2 хоног, хөлдөөгчид 2 сараас илүүгүй хугацаагаар хадгалах,
-Үнэрлэхэд чанараа алдаагүй, махны өнгө харлаж бүдгэрээгүй, гадаад байдал цэвэр, элдэв бохирдолгүй, өөх алагласан, зөөлөн биелэг, шүүслэг байдалтай байх,
-Өвчтэй, үхсэн малын мах нь хэт улаан өнгөтэй, нэлэнхүйдээ цус харвалттай, гулууз махны хаа, гуяны дотор хэсгээр цусархаг толбо үүссэн байх бөгөөд сайтар шалгах,
Дээрх шинж тэмдэг бүхий мах худалдаанд гарч байгаа нөхцөлд харьяа дүүргийн мал эмнэлгийн алба, худалдааны төвүүдийн дэргэдэх мал эмнэлэг, ариун цэврийн лаборатори, Мэргэжлийн хяналтын байгууллагад даруй мэдэгдэх хэрэгтэй. Хэдийгээр малаас хүнд халдварладаг өвчний үүсгэгч 60 хэмд устах боловч зарим өвчин үүсгэгчийн хоруу чанар хэвээр хадгалагдаж үлддэг учир өвчилсөн малын мах, сүүг хүнсэнд ашиглахгүй байх нь зөв юм.
Харин сүүний тухайд сүү нь ус ба хуурай бодисоос бүрэлдэх бөгөөд үнээний сүүнд дунджаар 87.5 хувьд нь ус агуулагдаж байдаг.
Сүү олон төрлийн бичил биетэн өсч үржих таатай орчин болдог төдийгүй ариун цэврийн шаардлага хангаагүй бохир орчинд бэлтгэн, зориулалтын бус саванд хадгалж тээвэрлэснээс нянгаар бохирдох нөхцөл бүрддэг. Эрүүл малын 36-37 хэмтэй, шимт бодис хангалттай сүүнд орсон нянгууд тодорхой хугацаанд үрждэггүй. Ямартай ч, сүүг худалдан авахдаа:
-Чанар, аюулгүйн баталгаатайг нь сонгох,
-Сонгосон үедээ малын гаралтай сүүг 5 хэмд 30 цаг, -10-аас доошгүй хэмд 10 хүртэл хоног, савтай сүүг -17-аас доошгүй хэмд 3 сар хүртэл хугацаагаар хадгалах,
-Мах, сүү хадгалсан хөргөх төхөөрөмжийн температурыг өдөр тутам хянаж байх,
- -Хоолны махыг гүйцэт болгох, сүүг 100.2-100.5 хэм хүртэл буцалгаж хэрэглэхэд анхаарах ёстойг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зөвлөв.