Шүүх эмнэлэг насанд хүрээгүй хүнд үнэгүй үзлэг хийхээр боллоо
Саяхан бэлгийн хүчирхийлэлд өртсөн таван настай охиноос Шүүхийн шинжилгээний үндэсний төв 10 мянган төгрөг нэхэж, төлбөрөө төлөхгүй бол үзлэг хийхгүй гэсэн нь нийгмийг цочроосон.
Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн, яам, Сангийн яамны сайд нарын хамтарсан тушаалыг цуцлахаа мэдэгдэв.
Гурван сайдын хамтарсан тушаалын дагуу шүүх эмнэлэг хүүхдээс гэмтлийн зэрэг тодорхойлоход хураамж авдаг байсан бөгөөд жилдээ нийслэлийн хэмжээнд таван сая, улсын хэмжээнд найман сая төгрөг төвлөрдөг байжээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ “Бид өвдөж зовсон, хүчирхийлэлд өртсөн хүүхдээсээ мөнгө аваад яахав. Бид гараа сунган туслах ёстой. Засаг бүрэлдэнгүүт хамгийн түрүүнд энэ асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн юм.
Энэ дагуу Хууль зүй, дотоод хэрэг, Эрүүл мэнд, Сангийн сайдын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/263 А/406 А/321 дугаартай тушаалаар “Шүүх эмнэлгийн төлбөрт үйлчилгээний журам”-д өөрчлөлт орлоо.
"Шүүх эмнэлгийн төлбөрт эмчилгээний журам"-д өөрчлөлт орсноор насанд хүрээгүй иргэнийг шүүх эмнэлгийн үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах, яаралтай үзлэг шинжилгээ хийхэд тодорхойлолт шаардахгүйгээр шуурхай үйлчлэхээр болов.
Дашрамд дурдахад, 2017 оны эхний найман сарын байдлаар 1188 хүүхэд Шүүхийн шинжилгээний хүрээлэнд хандсан талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлсэн юм.