Европын холбоо Улаанбаатар хотод Төлөөлөгчийн газраа нээхээр болжээ. Европын холбоо Монгол Улсын нийслэлд Төлөөлөгчийн газартай болсноор дэлхий даяар нийтдээ 140 төлөөлөгчийн газартай болох юм.
ОХУ, БНХАУ-ын дунд орших стратегийн ач холбогдол бүхий байршилтай манай орныг Европын холбоо "чухал түнш" гэж үзэж байгааг Европын комиссын ерөнхийлөгч Жан Клод Юнкер онцолсон юм. Тиймээс ийнхүү Төлөөлөгчийн газраа нээж харилцаагаа улам батжуулах хүсэлтэй байгаа аж. Мөн Европын холбоо Монгол Улстай "Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр" хэрэгжүүлж байгаа юм. Харин энэхүү хэлэлцээрийн дүнд Европын холбоо Улаанбаатар хотод Төлөөлөгчийн газраа нээж, Төлөөлөгчийн газраар дамжиж Европын холбоо, Монгол Улсын хоорондох улстөрийн түвшний яриа хэлэлцээр, хамтын ажиллагаа өргөжих боломжтой юм.