"Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийн нэг болон хоёрдугаар шатны үнэлгээг тогтоов
Жэофф Готтлийбээр ахлуулсан Олон улсын валютын сан /ОУВС/-гийн ажлын хэсэг 2017 оны 10-р сарын 18-наас 30-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж, 2017 оны 5-р сарын 24-ний өдөр батлагдсан гурван жилийн хугацаатай “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-ийн нэг болон хоёрдугаар шатны үнэлгээний яриа хэлэлцээг хийжээ. Хөтөлбөрийн хүрээнд ойролцоогоор нийт 434.3 сая ам. долларын зээл олгогдох юм.
Ажлын хэсгийн айлчлалыг дүгнэж, ноён Готтлийб дараах мэдэгдлийг гаргав. Үүнд: “Эдийн засаг тооцоолж байснаас өндөр өсөлттэй байна. Нүүрсний экспорт нэмэгдсэн, үйлчилгээний салбар эрчимтэй сэргэж байгаа, ОУВС-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн багц батлагдсаны дараагаар эдийн засагт итгэх итгэл сэргэсэнтэй холбоотойгоор ДНБ-ий өсөлт энэ онд 3.3 хувьд хүрэх төлөвтэй байна. 2018 онд эдийн засаг сэргэн идэвхжиж, өсөлт илүү өргөн цар хүрээтэй болох боловч нүүрсний салбарын үр дүнгийн үзүүлэлт муудах эрсдэл байна."
“Хөтөлбөрийн хүрээнд тавьсан тоон шалгуур үзүүлэлтүүд бүгд хангагдаж, хэрэгжилт эерэг байлаа. Төсвийн орлогын төлөвлөгөө давж биелэн, зарлага санхүүжилтийг хатуу хяналттай гаргаж байсны үр дүнд төсвийн үр дүнгийн үзүүлэлтүүд тооцоолж байснаас өндөр гарсан. Төсвийн нийт алдагдал 2016 онд ДНБ-ий 17 хувьд хүрч байсан бол энэ онд ДНБ-ий 7.5 хувьтай тэнцүү гарахаар байна. Эрх баригчдын УИХ-д өргөн барьсан 2018 оны төсвийн төсөл нь хөтөлбөрийн хүрээнд тохирсон үзүүлэлт болох ДНБ-ий 6.5 хувиас хэтрэхгүй алдагдалтай байх шалгуурыг хангаж байна. Эрх баригчид төсвийн орлого давж биелсэн тохиолдолд давсан орлогын тал хувиар хуримтлал үүсгэх тууштай байр суурьтай байгаа бөгөөд ингэснээр зээллэг хийх хэрэгцээ шаардлагаа багасган, өрийн тогтвортой байдлыг хангаж ажиллах нөхцөл бүрдэж байна. Давсан орлогын үлдсэн хэсгийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтэнд зориулан үр өгөөжтэй, нэг удаагийн арга хэмжээнүүдийг санхүүжүүлнэ. Эрх баригчид нэг удаагийн урамшууллыг төсвийн ажиллагсдад энэ онд болон ирэх онд олгохоор шийдвэрлэсэн. Гадаад валютын цэвэр нөөцийн хэмжээ нэмэгдсэний зэрэгцээ 2017, 2018 онд эргэн төлөгдөх ёстой байсан гадаад бондыг өндөр биш хүүтэйгээр дахин санхүүжүүлж чадсанаар гадаад секторын орчинд тулгарч байсан гол эрсдэл ариллаа."
"Эрх баригчид бүтцийн шинэчлэлийн том зорилтуудаа эхнээс нь хэрэгжүүлээд байна. Бүтцийн шинэчлэлүүд эдийн засгийн өсөлтийг дунд хугацаанд тогтвортой хадгалах, эдийн засгийг төрөлжүүлэх, өрсөлдөх чадварыг дэмжих, тэлэлт-агшилтын мөчлөгийг таслан зогсооход чиглэх юм. Банкны салбарыг эрүүлжүүлэн бэхжүүлэх ажил хийгдэж байна. Нарийвчилсан Активын чанарын үнэлгээний үр дүн энэ оны 12-р сарын дундуур тодорхой болох бол санхүүгийн системийг бэхжүүлэхэд чиглэсэн хууль эрхзүйн шинэчлэлүүдийн төслийг боловсруулж дуусгасан. Мөн түүнчлэн, зохицуулалт, хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох ажил явагдаж байна."
"Төсвийн тал дээр татварын удирдлага, бодлого, төсвийн гүйцэтгэлийн хяналтыг бэхжүүлэх чиглэлээр ахиц дэвшил тогтвортой гарч байна. Энэ хүрээнд төсвийн зөвлөл, татварын бодлогын орчинд үнэлэлт дүгнэлт өгөх үүрэг бүхий дээд хэмжээний ажлын хэсэг байгуулна. Шинэчлэлийн эрч хүчийг 2018 онд бүрэн хадгалж, хүртээмжтэй бөгөөд тогтвортой өсөлтийн эдгээр бодлогын урт хугацааны үр өгөөжийг бататгах нь чухал болж байна. Энэ хүрээнд шинээр байгуулагдсан засгийн газар хөтөлбөрийн хүрээнд дэвшүүлсэн бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө хатуу бөгөөд тууштай байр суурьтай байгаа нь сайшаалтай байна."
"Эрх баригчид ОУВС-гийн ажлын хэсэгтэй өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн нэг болон хоёрдугаар шатны үнэлгээг дүгнэж ажлын хэсгийн түвшинд тохиролцоонд хүрлээ. Энэхүү тохиролцоог ОУВС-гийн “Захирлуудын Зөвлөл”хэлэлцэж баталгаажуулна. Ажлын хэсэг Монгол Улсад байх хугацаанд хамтран ажиллаж, бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлэн, зочлон хүндэтгэсэн эрх баригчдад талархал дэвшүүлье.” гэжээ.
Ажлын хэсгийн айлчлалын төгсгөлд гаргаж байгаа энэхүү хэвлэлийн мэдээлэл нь ОУВС-гийн мэргэжилтнүүдийн багийн гишүүн оронд ажиллаж гаргасан урьдчилсан үр дүнг танилцуулдаг болно. Энэхүү мэдээлэлд илэрхийлсэн байр суурь нь ОУВС-гийн мэргэжилтнүүдийн байр суурь бөгөөд тус сангийн “Захирлуудын Зөвлөл”-ийн байр суурийг заавал илэрхийлэхгүй. Үнэлгээний урьдчилсан үр дүнд үндэслэн ажлын хэсэг тайлан боловсруулж, ОУВС-гийн удирдлагаар батлуулсны дараа “Захирлуудын Зөвлөл”-өөр хэлэлцүүлэн шийдвэр гаргадаг юм.