1. Ухаалаг сонголт
Гэр бүлийн амьдралд юу чухал байдаг вэ гэвэл хүмүүс ажил, албан тушаал, хүсэл зорилго, санхүүгийн байдал, хоол цагийг зугаатай өнгөрүүлэх гэх мэт урт дараалал нэрлэх байх.
Тэгвэл гэр бүлийн харьцаанд гэр бүлийн гишүүнээс, өөрөөр хэлбэл хань, үр хүүхдээс илүү чухал зүйл байдаггүй. Сайн эцэг, сайн эх, сайн хань гэр бүлээ бүхнээс бас өөрөөсөө дээгүүрт тавьдаг байх ёстой. Харин ажил төрөл, албан тушаал, эд хөрөнгө, хүсэл зорилго зэргүүд нь "хань, үр хүүхэд"-ийн дараа орно. Эхнэр нөхөр болон эцэг эх болгон энэхүү ухаалаг сонголтыг хийвэл тухайн гэр бүлд аз жаргалын гэрэл гэгээ цацарч жаргалтай байх болно. Та болон таны хань тэрхүү сонголтоо зөв хийсэн үү.
2. Баталгаа
Та өөрийнхөө гэрлэлтийг насан туршийнх гэж бодож байна уу? Энэхүү асуултанд "тийм" гэж хариулахад маш амархан. Харин асуудлууд ундрахад "тийм" гэсэн хариултандаа баталгаа өгч чадах уу? Гэр бүлийн зөрчил, маргаан, асуудал гарахад та яах вэ? Зугтах уу, орхиод одох уу? Ханьдаа үнэнхүү хайртай, ханийнхаа төлөө байж чаддаг уу? Асуудлыг олон өнцгөөс харах нь асуудлыг улам хүндрүүлэх биш харин шийдэх гарцыг нээдэг. Алберт Эйнштэйн "Асуудлын дунд түүнийг шийдэх гарц нь оршдог" гэж хэлснийг санаарай. Амьдралын хос тулгуур багана тус бүр гэр бүл, гэрлэлтэндээ бат итгэлтэй бол хосуудад нэг нь нөгөөдөө итгэх, нөгөөгөөрөө бахархах мөнхийн наран гэрэлтэж байдаг байна. Та гэр бүлийнхээ амьдралд, гэрлэлтэндээ, бүр ханьдаа баталгаа өгч чаддаг уу.
3. Гал халуун гэр бүл
Үүнийг нэг онигоогоор тайлбарлая.
Вовка ээжээсээ:
-Ямар хүнийг Ерөнхийлөгч гэх вэ?
-Манай гэрт бол аав чинь
-Та?
-Ээж нь Засгийн газар
-Эмээ?
-Үйлдвэрчний эвлэл
-Дүү бид хоёр?
-Ард түмэн.
Удалгүй амралтанд явсан ээждээ Вовка захиа бичив.
Захианд: "Ерөнхийлөгч шинэ Засгийн газартай болж, үүнийг Үйлдвэрчний эвлэл тоохгүй байгаад Ард түмний сэтгэл санаа үймэрч байна" гэжээ. Амьдралтай л онигоо.
Том жижиг гэлтгүй ямарваа бүтцэд (бизнес, албан байгууллага, төр засаг, улс орон гэх мэт) заавал удирдлага буюу хариуцлага хүлээсэн этгээд байдаг. Үүнтэй адил гэр бүлд ч бас бүтэц, гишүүдийн үүрэг роль гэж байдаг. Эр нөхөр бол дээрх онигоонд дурьдсан шиг гэр бүлийн Ерөнхийлөгч. Ард түмэн нь Ерөнхийлөгчтэй гэдгээ, нөгөө талаас Ерөнхийлөгч нь ардаа Ард түмэнтэй гэдгээ ухамсарлан ойлгож байвал амьдрал зохистой байна. Тэгэхээр гэр бүл нь нэг ёсны хамт олон. Тэрхүү сайхан хамт олныг "нэгэн гал халуун гэр бүл" гэнэ.
Эхнэр нөхөр бүр гэр бүл, гэрлэлтээ "би", "минийх" гэж ойлгох бус "бид", "биднийх" гэж ухамсарлах хэрэгтэй. Нэгэнт ганцаараа байхгүйн тулд гэрлэдэг тул зүрх чинь бас "гэрлэсэн" байх хэрэгтэй. Тиймийн тул нэгэн гэр бүл болж хамтарч амьдарч сурах хэрэгтэй. Зүрх сэтгэлдээ та ганц хүн үү, эсвэл нэгэн гал халуун гэр бүлийн баттай гишүүн үү. Та зүрхээрээ гэрлэсэн гэдгээ ойлгох хэрэгтэй.
4. Хүндлэл
Гэр бүлд "улстөржих" хэрэггүй. Өөрөөр хэлбэл хэлэх ярих зүйлээ, бодол санаагаа тод бөгөөд тодорхой, ойлгомжтой, бас зөв хэлж занших хэрэгтэй. Ил болон далдаар янз бүрийн ойлгогдох, ойлгогдохгүй утга агуулан ярьж хөөрөх, өөнтөглөх, тохуурхах, доромжлох, дайрах, хараах, муулах нь гэр бүлийн харьцааг муутгадаг. Ямарваа нэгэн асуудал үүсэхэд бие биенээ харилцан хүндэтгэн энх тайванч замаар нээлттэй шийдэх хэрэгтэй. Асуудалд хандах нь бас өөр өөр байдаг. Жишээ нь, царай гарган хандах, хэт туйлширч хандах, огцом ширүүн хандах, эсвэл дуугай намуухан хандах гэх мэт. Гол нь гэр бүлийн аливаа асуудалд үнэнхүү сэтгэлээр хандах хэрэгтэй. Та гэр бүлийнхээ асуудлыг хэрхэн зохицуулдгаа бодоод үзээрэй.
5. Учир утга
Хэн нь мундаг, хэн нь сайхан, хэн нь намхан, хэн нь залуу, хэн нь тарган? гэх мэтээс авахуулаад бүхий л зүйлд утга учиртай хандах хэрэгтэй. Хэн ч төгс төгөлдөр биш. Юм болгонд учир утга байдаг. Хэн нэгэн алдаа хийгээд уучлалыг хүсч байхад бусад нь түүнд тодорхой хэмжээгээр буулт хийдэг байх хэрэгтэй. Нэгэнт төгс төгөлдөр биш тул бие биенээ хүндлэн нөхрөө уучилдаг, эхнэрээ өршөөдөг байх хэрэгтэй. Хүүхдээ загнах болохоороо хэт хатуудуулсны хэрэггүй, бас хэт зөөлдүүлсний хэрэггүй. Гэр бүл нь нийгмийн адил тодорхой хэмжээнд "дүрэм журам"-тай оршин тогтнодог. Тэрхүү "дүрэм журам" нь утга учиртай, бас ухаалаг байх шаардлагатай. Та гэр бүлдээ хэр ухаалаг, утга учиртай ханддаг вэ.
6. Өршөөл уучлал
Уучилж өршөөх нь хүсэхэд-хамгийн амар, өгөхөд-хамгийн хэцүү эд. Уучилж өршөөхөд амархан байдаг гэж бодож байна уу? Амархан гэж үү? Амархан юм бол яагаад "Чи үргэлж оройтдог" эсвэл "Чи хэзээ ч сонсдоггүй" эсвэл "дандаа л залхуурч байх юм" гэх мэт илэрхийллээ гаргаад байгаа юм. Хэрвээ хэзээд ийм үгнүүдийг хэрэглэх юм бол уучилж өршөөсний хэрэг байна гэж үү. Эдгээр үгнүүд мартагдах ёстой өнгөрсөн болгоныг, алдаа болгоныг эргэж сануулдаг. Өнгөрснийг битгий сөх. Өнгөрснөөсөө суралцан урагшаа алхах хэрэгтэй. Ухарч алхаад барианд хэзээ ч орохгүй. Хэн ч өнгөрсөн алдаагаа санахыг мөн сануулахыг хүсдэггүй. Та өнгөрснөөсөө салж, бас өнгөрснөөс нь салгаж чадсан уу.
7. Бат бэх суурь
Гэр бүлийн оршин тогтнох байдал нь цаанаасаа зүгээр бий болчихдог, тэгээд хадгалагдаад байдаг зүйл биш. Байшин барилга, машин техникт тогтвортой, ажиллагаатай байлгахын тулд бат бэх суурь эхэлж тавьдаг. Үүнтэй адил гэр бүлд бат бэх суурь хэрэгтэй. Мөн байшинд, машинд засвар үйлчилгээ хийдэгтэй адил гэр бүлд ч бас арчилгаа тордолгоо шаардлагатай. Тиймээс тэрхүү бат бэх суурь, арчилгаа тордолгоог хаа нэгтэйгээс олох бус дотроосоо хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөн амьд цэцгийг байнга усалж торддогтой адил гэр бүлийг ч бас тордож, арчилж, хамгаалж, бэхжүүлж, гэрэлтүүлж байх хэрэгтэй.