Эмэгтэйчүүд мэдрэмждээ тулгуурлан сэтгэдэг бол эрчүүдийн уураг тархи баримтад тулгуурлан ажилладаг
Аз жаргалтай гэр бүл ямар байдаг вэ. Эл асуултад хүн бүр өөрийнхөөрөө хариулна. Гэхдээ гэр бүлийн аз жаргалыг зарим нөхөр, эхнэр өөрөөр төсөөлж тодорхойлох нь бий. Гэр бүлийн аз жаргалгүй байдал чухам эндээс л харагддаг гэж болно. Өөрөөр хэлбэл, аз жаргалын тухай ойлголтод эхнэр, нөхрийн санал зөрөлдөж байгаа нь тухайн гэр бүлд аз жаргал оршин тогтнох үндэс алга гэсэн үг. Гэр бүлийн аз жаргалтай харилцааг хамтдаа бүтээж, түүнийгээ хадгалж явахын тулд зөвхөн өөрийнхөө бус ханийнхаа юу хүсдэгийг мэддэг, мэдэрдэг байх ёстой. Гэр бүлийн аз жаргалтай харилцааны нууц болсон энгийн хэдэн зөвлөмжийг дэлхийн сэтгэл судлаачид санал нэгтэйгээр батлан толилуулсныг Танд хүргэе.
Гэр бүлийн аз жаргалын нууц нь үнэн хэрэгтээ энгийн зүйлээс эхэлдгийг хүмүүс төдийлөн анзаардгүйгээсээ болж алдаа гаргадаг. Энэхүү энгийн зүйлийг хэдхэн үгээр илэрхийлбэл, ярьж, сонсч, хүлээн зөвшөөрч, өгч, авч чаддаг байхад л оршино. Ялангуяа өөрийгөө бусдын байр суурин дээр тавьж гаднаас нь дүгнэж сурах хэрэгтэй. Дээр дурдсан хэдхэн үгэнд л аз жаргалын нууц оршдогийг сэтгэл зүйчид батлан өгүүлдэг. Эдгээр үгийг санаж, биелүүлэхэд хялбархан мэт боловч цаг нь тулсан үед тийм ч хялбар зүйл бас биш ээ.
Хань тань чухам ямар алдаа гаргаж Таныг гомдоосныг өөрөөр нь таалгах гэж битгий “гүрийгээрэй”. Зүгээр л юунаас болж гомдсон, ямар буруу зүйл хийснийг нь шууд хэлэх нь хамгийн зөв шийдвэр. Гэхдээ чанга хашхиралгүй, гомдол шүүмж тавилгүй эелдгээр тайлбарлаж сурах нь зүйтэй. Хань тань Таныг огт хүндэлдэггүй л биш бол эелдгээр хэлсэн үгсийг эргэцүүлж, алдаагаа засахыг хичээх нь гарцаагүй.
Хосууд ямар ч үед бүх зүйлийн талаар нээлттэй ярилцаж, санал бодлоо байнга солилцдог байх нь хамгаас чухал. Өдөр тутам ажил дээр, гэр бүлийн хүрээнд тулгарч буй асуудлуудаас гадна хүүхэд ахуйн нандин дурсамжуудаасаа ч эргэн дурсч сэтгэл зүйн дотнослоо ойртуулж байх нь зүйтэй. Таатай орчинд өрнөсөн харилцан яриа хүмүүсийг ойртуулаад зогсохгүй тэдний харилцааг улам дотно болгодог гэдгийг сэтгэл зүйчид сануулдаг.
Ханийнхаа дутагдалтай талыг байнга шүүмжилж, үргэлж бүх зүйлд сэтгэл дундуур мэт гомдоллож, янз бүрийн зүйл нэхэж шаардах эсвэл байнга түүнийг дорд үзэн шоолох, өөрийгөө зөвтгөн тэмцэлдэх зэрэг нь харилцааг сүйтгэгч үндсэн чанарууд юм. Иймэрхүү хандлага нь хосуудын харилцааг хүйтэн хөндий болгохоос гадна өөрийн санаа бодлоо ханьдаа илэрхийлж, итгэх сэтгэлийг нь хөсөрдүүлдэг хорт үр дагавартай. Бусдыг, ялангуяа ханийгаа уучилж сурах нь хамгийн гайхалтай чанар.
Хүн бүр нийгмийн амьдралд хөл нийлүүлэн алхахдаа элдэв асуудалтай байнга тулгардаг. Үүнээс үүдэлтэй гомдол, цөхрөл хуримтлагдсаар санаатай болон санамсаргүй байдлаар илэрхийлсэн таагүй үгсийн цогц болох нь бий. Тиймээс дэргэдэх хүнээсээ сонссон болгоомжгүй үгсийг уучилж сурах нь зүйтэй. Харин дараа нь бүх зүйл тайван болсон, нөхцөл байдал дээрдсэн үед энэ талаар ярилцахад гэмгүй. Ханиа сонсч мөн түүнд өөрийгөө бүрэн ойлгуулж чаддаг байх нь чухал. Зөвхөн өөрийн үзэл бодлоо тулган шаардах бус түүний юу гэх гээд байгааг ойлгох хэрэгтэй. Хэлсэн зүйлийг нь “чихнийхээ дэргэдүүр” өнгөрүүлж хэрхэвч болохгүй. Та түүний хэлсэн зүйлийн мөн чанарыг ойлгосноор гаргасан үйлдлийг нь ойлгоно гэсэн үг.
Харилцан ойлголцол нь дотно байдлын эхний алхам гэдгийг хүн бүр мэддэг. Аз жаргалтай хос үргэлж бие биедээ хайраа чөлөөтэй илэрхийлдэг. Та яагаад түүнийг сонгож, түүнтэй гэрлэснээ үргэлж санаж яв. Түүнийг бусдаас илүү онцгойлсон нь лав. Та хамгийн сүүлд хэзээ ханиа магтан урамшуулснаа яг одоо сана даа. Магадгүй Та ханиараа бахархдаггүй болохоор хань тань бас танаар бахархдаггүй байж болох. Хэн нэгнийг, ялангуяа ханиа “өөрчлөгд, шинэ хүн болооч” гэж ятган шаардаж болохгүй. Учир нь энэ бол бараг л боломжгүй зүйл. Нөгөө талаар ямар ч хүн өөрийнхөөрөө байх бүрэн эрхтэй. Тиймээс түүнийг өөрчлөх хандлагаа арай өөрөөр илэрхийлж байх нь зүйтэй. Тухайлбал, тэр найзууддаа Танаас илүү анхаарал, цаг зарцуулаад байгааг илэрхийлэхдээ “Хонгор минь чамайг найзуудтайгаа уулзахаар явахад надад уйтгартай байх юм. Хоёул хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлж болохгүй юу” гэх мэт.
Нөхөр, эхнэрийн аль нь ч энэ миний ач, гавьяагаар л өдий зэрэгтэй амьдарч байгаа гэсэн өчүүхэн атгаг бодлыг өвөртөлж болохгүй. “Надтай хамт байгаадаа талархаж явах ёстой” гэсэн увайгүй хандлага нь гэр бүлийн амьдралд төгсгөл авч ирэх нь түгээмэл. Харин ийм гайхамшигтай ханьтай учруулж өгсөн хувь заяа, эцэг эхдээ талархаж, ханиа улам ихээр хайрлаж явах нь өлзийтэй. Хамгийн гол нь өдөр бүр, цаг тутам гэр бүлийн харилцаандаа анхаарч, гаргасан алдаагаа засч, алдаагаа давтахаас зайлсхийж сурах ёстойг мартаж болохгүй. Эдгээр зөвлөмжийг Та бүхэн амьдралдаа хэрэгжүүлж чадсанаар хамтдаа “Бид хамгийн аз жаргалтай гэр бүл” хэмээн итгэл дүүрэн хашгирч чадна.