Биткойн мөнгөний ертөнц дэх ардчилал уу
Биткойн гэж юу вэ?
Биткойн бол товчхондоо банк, санхүүгийн байгууллага дамжихгүй солилцдог мөнгө юм. Жишээ нь, төгрөг, доллар, юанийн ард тухайн улс орны төв банк байдаг бол биткойны ард банк, санхүүгийн байгууллага байдаггүй зүгээр л хүмүүс байдаг.
Биткойн нь биегүй ч биетэй юм шиг худалдан авалт хийж болдог байдлаараа үнэ цэнэтэй зүйлд тооцогдож, тэр хэрээрээ хүмүүсийг өөртөө татаж байна. Учир нь, аливаа мөнгөн гүйлгээний ард банк, санхүүгийн байгууллага байж, татвар хураамж зэрэг зүйл авдаг бол биткойны ард тийм зүйл байдаггүй.
Зүгээр л хүмүүс хоорондоо интернэт ашиглан биткойн солилцож, түүгээрээ юм худалдан авах, эсвэл эргүүлээд зарах гэх мэт арилжаа наймаа хийж байна. Гэхдээ мэдээж биткойныг худалдан авахыг тулд та өнөөгийн зах зээлийн ханшын дагуу биткойныг төгрөг, ам.доллар гэх мэт мөнгөн тэмдэгтээр худалдан авна. Нэг үгээр таны төгрөг, ам. доллараар баталгаажсан цахим мөнгө юм. Биткойн нь электрон хэлбэрээр хийгддэг, ард нь заавал баталгаажих валют байх ёстой, эргүүлээд үүнийг мөнгөн дэвсгэрт рүү хөрвүүлэх боломжтой байдлаараа улс орнуудын төлбөрийн системийн хуульд заасан цахим мөнгө гэх ойлголтыг хангаж чадаж байна.
Тиймээс улс орнууд энэ цахим мөнгө /биткойн/-ийг хориглолгүй харзнаж, цаашид албан ёсоор хүлээн зөвшөөрөх эсэхээ тунгааж байна. Хэдийгээр улс орнуудын төв банк, томоохон банк, санхүүгийн байгууллагууд биткойны талаар тасралтгүй судалж, энэ цахим мөнгөнд итгэж болно гэж мэдэгдээгүй ч хүмүүс биткойныг ихээр сонирхож, үүнийг дагаад биткойны арилжаа өссөөр байна. Одоогоор биткойны ганц сул тал нь үнийн хөөсрөлт байна. Үүнээс болж зарим нь алдагдал хүлээхээс эмээдэг бол зарим нь хэрэгцээ багатай зүйлд мөнгөө түгжихээс болгоомжилдог аж.
Ямартай ч, чинээлэг, биткойны талаар тасралтгүй судалдаг хүмүүсийн хувьд биткойны бизнесийг ашиглан хөрөнгө чинээгээ өсгөсөөр байна. Нөгөө талаас биткойны ханшийн өндөр савлагаа, цаашид найдвартай эсэх байдлаас болж энэ бизнест хүмүүс их хэмжээгээр хөрөнгө оруулахаа хүлээж байна. Юутай ч, биткойн бол интернэт ертөнцөд бий болсон цахим мөнгө бөгөөд цаг үеэ дагаад ийм төлбөрийн систем зайлшгүй гарч ирэх байсан гэдэгтэй албаны хүмүүс албан бусаар санал нэгдчихээд байна.
Хэрвээ биткойн энэ чигээрээ амжилттай явж, дэлхийг хамарвал хүмүүс өөрийн мөнгөө цахим хэлбэрт шилжүүлж, цаасан мөнгө үгүй болж, гар утас, таблетандаа суулгасан “түрийвч” гэх программан доторхи цахим мөнгө /биткойн/-өөрөө төлбөр тооцоогоо төлдөг болно. Бас цалин тэтгэврээ ч цахим хэлбэрээр авдаг болох нь дамжиггүй. Гэхдээ одоогоор биткойн 100 хувь найдвартай биш учраас яарч их хэмжээний мөнгө оруулж, биткойн болгох нь эрсдэлтэй.