"Эрдэнэт" үйлдвэр, "Монголросцветмет" компанид ажлын хэсэг ажиллана
Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” компанитай холбоотой асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн.
Уг шийдвэрээр "Эрдэнэт" үйлдвэр, "Монголросцветмет" компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг шинэчлэн байгуулсан юм.
Ажлын хэсгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ахалж, гишүүдээр Хууль зүй, дотоод хэрэг, Уул уурхай, хүнд үйлдвэр, Зам, тээврийн хөгжлийн сайд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэт" үйлдвэр ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Монголбанкны дэд ерөнхийлөгч, ТЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлыг томилсон байна.
Ажлын хэсэг ажил, үүргийнхээ хүрээнд дэд ажлын хэсэг ажиллуулах боломжтой бөгөөд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, холбогдох шийдвэрийнхээ төслийг Засгийн газарт танилцуулах үүрэг хүлээжээ.