Беларусь Улс манай оронд тусгай зориулалтын автомашин нийлүүлэх хүсэлтэй
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд С.Чепурной тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Энэ үеэр Беларусийн тал манайд тусгай зориулалтын автомашин нийлүүлэх хүсэлтээ илэрхийлж, Онцгой байдлын ерөнхий газарт гамшигтай тэмцэх тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Ингээд хоёр тал харилцан зөвшилцсөний дүнд Монгол Улс Беларусиас гал унтраах, аврах ажиллагаанд зориулсан 12 төрлийн 39 автомашин авахаар тогтов.
Монгол Улсын хувьд Онцгой байдлын албаны техник, тоног төхөөрөмжийг сайжруулах зайлшгүй шаардлагатай байгааг Шадар сайд Ө.Энхтүвшин онцлоод энэ ажил жил гаруй хугацаанд яригдаж байгааг дуулгасан юм.
Дашрамд дурдахад, Монгол Улс Беларусиас нэг бүр нь 395 сая төгрөгийн үнэтэй 20 ширхэг угсраа худалдан авч нийтийн тээвэрт амжилттай ашиглаж байгаа юм.