Антибиотикийг зөвхөн нянгийн халдвартай тэмцэхэд хэрэглэх нь зохимжтой байдаг. Вирусийн халдварын шалтгаантай ханиад, томуу, цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл, болон зарим чих хамар хоолойн үрэвсэл гэх мэт түгээмэл тохиолддог олонхи үрэвсэлт өвчнүүдийн үед антибиотикийг хэрэглэхэд:
- Таны болон хүүхдийн чинь зовиурыг багасгахгүй.
- Халдварыг эмчлэхгүй, устгахгүй.
- Вирусын халдварыг бусдад халдаахаас сэргийлэхгүй.
- Эмийн аюултай гаж нөлөө илэрч болно.
- Хэвийн бичил биетний Антибиотикийн нянгийн эсрэг үйлдэлд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлснээр цаашдын эмчилгээний үр дүнд муугаар нөлөөлнө.
Юу хийх ёстой вэ
Та болон таны хүүхэд вирусын халдварын зовиурыг бууруулахын тулд:
- Шингэн зүйл их уух хэрэгтэй.
- Сайн амрах шаардлагатай.
- Хамар битүүрсэн бол ууран утлага юм уу давсны уусмалын хамрын цацлага хэрэглэж болно.
- Хоолойны өвдөлтийг намдаахад хоолойны цацлага, хүлхдэг эмийг хэрэглэж болно.
Мөн та эмчээсээ жоргүй олгогддог, халдварт өвчний зовиур бууруулах эмчилгээний зөвлөгөөг аваарай.
Юу хийх ёсгүй вэ
- Эмч танд антибиотик зөвлөөгүй бол антибиотик эмчилгээ битгий шаард.
- Вирусийн халдварын үед антибиотикийг битгий хэрэглэ.
- Өөр хүнд зөвлөсөн антибиотикийг бүү хэрэглэ. Тэр антибиотик нь таны өвчинд тохирохгүй байж мэднэ. Буруу эмийг хэрэглэснээр зөв эмчилгээ хийх цагийг алдуулах, нян үржих боломжийг бүрдүүлдэг.
Хэрвээ эмч танд халдварын эсрэг антибиотик зөвлөсөн бол:
- Эмчилгээний тунг алгасахгүй цагт нь ууж хэрэглэх.
- Эмч зөвлөөгүй бол антибиотик эмчилгээг эрт зогсоож болохгүй.
- Антибиотикийг дараа дахиад өвдөхдөө хэрэглэх зорилгоор бүү хадгал.