Хөдөлмөр, нийгмийн хамгааллын шинэ сайд С.Чинзориг ажлаа авсныхаа дараа салбарт нь тулгамдаад буй зарим асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Хөдөөгүүр явахад иргэд эрүүл мэндийн даатгалын шимтгэлтэй холбоотой асуудлыг байнга тавьж байгаа. Шимтгэл нэмэгдсэн нь тогтмол орлогогүй хөдөөгийнхний хувьд хүндрэл учруулж байна” гэсэн юм.
Тиймээс тэрбээр 2018 оны төсвийн тухай хуулийн төсөлд сайн дурын даатгалын шимтгэл төлж байгаа иргэдийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулах заалт оруулахаар ажиллаж байгаагаа дурдсан юм.
Мөн "Энэ асуудлыг шийдэхэд айхтар их хөрөнгө зараад, үг хэл гаргаад байхааргүйгээр зохицуулчих боломж бий. ОУВС-тай байгуулсан гэрээний дагуу иргэдийн цалин тэтгэврийг нэмэгдүүлэх боломж хомс байгаа ч эрүүл мэндийн даатгалд төлж буй шимтгэлийг бууруулах, эрүүл мэндийн үйлчилгээний зардлыг багасгах замаар орлогыг бууруулахгүй, амьжиргааны чанарыг муутгахгүй байхад чиглэсэн тодорхой зүйл хийх хэрэгтэй байна" гэв.
Сайд цааш нь, “Өнгөрсөн хугацаанд бидний гаргасан нэг том алдаа бол ОУВС-тай эдийн засгийн хямралын үед орлого багатай иргэдийн амьжиргааны түвшинг дордуулахгүй, амьдралын чанарыг нь муутгахгүй байхад анхаарсан арга хэмжээ аваагүйтэй холбоотой. Тиймээс энэ хэсгийн иргэдийг хямралыг хохирол багатай давахад туслах, амьжиргааны чанарыг дордуулахгүй байхад чиглэсэн нийгмийн хамгааллын тодорхой бодлогыг хэрэгжүүлж, зарим бодлогыг зөөллөх арга хэмжээ авах ёстой” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж, энэ чиглэлд илүү анхаарч ажиллана гэдгээ амалсан юм.