Сүүлийн үед гадаад уруу, тэр дундаа Япон, Солонгост иргэдийг хурдан шуурхай гаргана гэх зар фэйсбүүк, твиттер болон зарим мэдээллийн хэрэгслээр байнга гарах болсон.
Иргэдийн гадаадад гарч ажиллах хүсэл дээр дөрөөлсөн иймэрхүү зараар иргэд нэлээдгүй хохирч байгаатай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас дараах албан ёсны зөвлөмж гаргажээ.
Монгол Улсын хувьд Япон, Өмнөд Солонгос Улсад доорх хоёр албан ёсны зөвшөөрлөөр ажиллах хүч гаргаж байгаа ба Япон Улстай "Дадлагажигч ажилтны хөтөлбөр", Өмнөд Солонгос Улстай "Хөдөлмөрийн гэрээ" байгуулан Монгол иргэдийг тус улсуудад ажиллуулж байгаа юм. Ингээд энэ хоёр хөтөлбөрт хэрхэн хамрагдах талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллийг хүргэе.
Япон Улсад дадлагажигч ажилтны хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ
Одоогоор Япон Улсад дадлагажигч ажилтан зуучлах зөвшөөрөлтэй 54 байгууллага байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.mlsp.gov.mn линкээс үзэх боломжтой.
Иргэн та Япон Улсад дадлагажигчаар ажиллахын тулд дараах шаардлагыг хангасан байх ёстой.
Хэрэв та:
- - 18 нас хүрсэн,
- - Дадлага олгох мэргэжлээр ажилласан туршлагатай,
- - Япон хэлний тодорхой түвшний мэдлэгтэй бол Япон Улсад дадлагажигч зуучлах эрхтэй байгууллагад хандаж болно.
Зуучлагч байгууллага таныг япон компаний ярилцлагад оруулж, болзол хангаж чадвал эрүүл мэндийн үзлэгт оруулна. Ингээд эрүүл мэндээр тэнцсэн хүнд Японы компаниас оршин суух зөвшөөрлийг авч ирүүлнэ. Үүний дараа та зөвшөөрлөө Японы ЭСЯ-нд хүргүүлэн визээ хүснэ.
Бүгд Найрамдах Солонгос Улсын хөдөлмөрийн гэрээнд хэрхэн хамрагдах вэ
БНСУ (Өмнөд Солонгос)-руу ажилтан илгээх ажлыг Монгол талаас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Солонгос талаас БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газар удирдан зохион байгуулж байна.
БНСУ-д ажиллах иргэнд:
- - 18-39 настай байх,
- - Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх,
- - Өмнөд Солонгос Улсаас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх шаардлага тавигддаг.
БНСУ-д ажиллах иргэдийн бүртгэлийг жилд нэг удаа зохион байгуулж, бүртгүүлсэн иргэдээс солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авдаг. Солонгос хэлний шалгалтанд тэнцэж, БНСУ-д ажиллах шаардлага хангасан иргэдэд ажил эрхлэх визийг БНСУ-ын ЭСЯ-наас олгодог.