Төрийн үйлчилгээний нэгдсэн системийн шинэчилсэн, хиймэл оюунд суурилсан, иргэнээ хамгаалдаг E-Mongolia 4.0 хувилбарыг “И-Монгол академи” УТҮГ хөгжүүлэн өнөөдөр нээлээ. E-Mongolia 4.0 нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал болон УИХ-ын гишүүд, Монгол Улсад суугаа Элчин сайдууд, төр болон хувийн хэвшлийн төлөөлөл 200 гаруй зочид, төлөөлөгчид оролцов.
Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-г 2020 оны аравдугаар сард төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх боломжтойгоор анх олон нийтэд танилцуулж байсан. Тэгвэл өнөөдөр 86 байгууллагын 1233 үйлчилгээг E-Mongolia системд нэвтрүүлсэн төдийгүй 1.8 сая хэрэглэгчтэй болсон нь Монгол Улсын насанд хүрсэн хүн амын 70 гаруй хувийг эзэлж байна.
Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-гаар үзүүлсэн нийт үйлчилгээ нь 922 тэрбум төгрөгийн шууд бус зардлыг хэмнэсэн бол 2024 онд 144 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ "E-Mongolia төрийн үйлчилгээ цахим, шуурхай, мэдээлэл ил тод болсон. Үр дүнд нь тухайлбал, далд эдийн засаг ил болж эдийн засаг 43 их наядаас 69 их наяд болж тэллээ. Мөн нийгэмд авлигыг үл тэвчих сэтгэл зүй бий болжээ. Монгол Улсын иргэн бүр баялгийнхаа үр өгөөжийг хүртэх Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталсан. “E-Mongolia 4.0” Үндэсний баялгийн сангийн мэдээлэлтэй мөн холбогдож буй" гэлээ. "E-Mongolia 4.0” хувилбараар дараах үйлчилгээг хурдан шуурхай авах боломжтой болжээ
-
Зээл авах, виз мэдүүлэх, бичиг баримт захиалахад шаардлагатай лавлагаа болон тодорхойлолтуудыг нэгтгэжээ.
-
Хүссэн үйлчилгээгээ дуу хоолойн тусламжтай хайх, авах
-
Замын хураамж, тээврийн болон жолоочийн торгууль, үер, угаарын хийн мэдрэгчийн мэдээллийг гар утас,ухаалаг төхөөрөмжийн тусламжтай хаана ч байсан хүлээн авах
-
Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд “Монголнэт” ХХК-тай хамтран E-Mongolia системийн хэрэглэгчид хоорондоо чат бичих боломжтой болсон
-
Өвчний оношинд тохирсон эмнэлгийг сонгох, шинжилгээ болон дүрс оношилгооны хариу харах, эмийн жорын түүхээ харах, AR технологи ашиглан эмийн танилцуулгыг үзэх зэргээс гадна жирэмсэн үеийн бүхий л үйл явцаа хянах боломжтой болсон.
-
Дархлаажуулалтын мэдээллийг хянах хэсгээр дамжуулан заавал хийх үндэсний төлөвлөгөөт дархлаажуулалтаа хянах боломжтой
Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал "2019 онд Л.Оюун-Эрдэнэ сайдаар ахлуулж, ажлын хэсэг байгуулж, Истонд очиж байсан. Л.Оюун-Эрдэнэ энэ ажилд улс төрийн манлайлал үзүүлж маш хурдацтай урагшлуулсан. Истоны цахим засаглалын академ бидэнд "Цахимжилтыг урагшлуулахад технологиос илүү улс төрийн манлайлал чухал" гэж хэлж байсан. Улс төрийн манлайлал гэдэг нь төр өрөө үүнийг хүсэх ёстой. УИХ, Засгийн газар манлайлал үзүүлэн ажиллах ёстой. Засгийн газар Цахим хөгжил харилцаа холбооны яамыг байгуулж, бодлогын яамтай болсон. Цахим засаглалыг хөгжүүлэх үйл хэргийг богинохон хугацаанд хийж 1200 үйлчилгээг нэвтрүүллээ " гэлээ.
Эрүүл мэндийн үйлчилгээг цахимжуулах ажлын хүрээнд E-Mongolia 4.0 хувилбараар эрүүл мэндийн цогц үйлчилгээг нэвтрүүллээ. Өвчний оношид тохирсон эмнэлгийг сонгох, шинжилгээ болон дүрс оношилгооны хариу харах, эмийн жорын түүхээ харах, AR технологи ашиглан эмийн танилцуулгыг үзэх зэргээс гадна жирэмсэн үеийн бүхий л үйл явцаа хянах боломжийг бүрдүүлэв. Түүнчлэн дархлаажуулалтын мэдээллийг хянах хэсгээр дамжуулан шинээр төрсөн нярайгаас эхлээд заавал хийх үндэсний товлолт дархлаажуулалтаа хянах юм. Тухайн иргэний E-Mongolia системд нэвтэрсэн түүх, бүртгэлтэй төхөөрөмжийн мэдээллийг “хандалтууд” хэсгээс он, сар, цаг, минуттай нь харах боломж нэмэгдлээ. Мөн “туслах цонх” хэсэг нэмэгдэж системээс гарах болон dark mode тохиргоог хийхэд илүү хялбар болсон. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд “Монголнэт” ХХК-тай хамтран E-Mongolia системийн хэрэглэгчид хоорондоо чат бичдэг болсноор E-Mongolia 4.0 хувилбар иргэд олон нийтийн хэрэглээнд амжилттай нэвтэрч байна.
Эх сурвалж : itoim.mn