"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой
Соёлын яамнаас санаачлан Монголын урчуудын эвлэлтэй хамтран хэрэгжүүлж буй "Дүрслэх урлагийн долоо хоног ARTWEEK 2024" үзэсгэлэн, арга хэмжээ өчигдөр /2024.05.04/ Пассаж урлагийн орон зайд нээлтээ хийлээ. Их хотын залуус, урлагт хайртай хэн бүхний хүсэн хүлээдэг баяр болсон "Artweek 2024" энэ жил хотын төв цэгт МУЭ-ийн хуучнаар Монументаль чимэглэлийн үйлдвэр байсан Пассаж төв, Чингис хаан Үндэсний музей, МУЭ-ийн Арт галерей болон уран бүтээлчдийн Нэгдсэн урлан, Хүүхдийн урлан бүтээх төв зэрэг 4 обьектoд зохион байгуулагдаж жилээс жилд хүрээгээ тэлсээр байна.
"Artweek 2024" арга хэмжээнд Пассаж урлагийн орон зайд 25 уран бүтээлчийн 90 бүтээлийн үзэсгэлэн, МУЭ-ийн Арт галерейд долоон уран бүтээлчийн 10 бүтээлийн үзэсгэлэн 2024 оны тавдугаар сарын 5-12-ны өдрүүдэд 10.00-22.00 цагийн хооронд олон нийтэд хүрэх юм.
"Artweek" урлагийн долоо хоногийн хүрээнд "Artfair" үзэсгэлэн худалдааг Хүүхдийн урлан бүтээх төвд нээж, МУЭ-ийн хөдөө орон нутгийн салбараас нийт 14 аймгийн 35 уран бүтээлчийн 300 гаруй бүтээл олон нийтэд хүрсэн бол МУЭ-ийн нэгдсэн урланд 132 уран бүтээлчийн 500 гаруй бүтээлийг нээлттэй урлан хөтөлбөрөөр үзэгчдийн хүртээл болж байна.
Эх сурвалж: Eagle.mn