Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 188 орноос 88 дугаар байрт жагсжээ
"Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг энэ жил "Эх дэлхийнхээ төлөөх хэвлэл мэдээлэл: Байгаль орчны доройтолтой нүүр тулж буй сэтгүүл зүй” сэдэв дор тэмдэглэн өнгөрүүллээ. Ардчилал, хэвлэлийн эрх чөлөө, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хөгжил өөр хоорондоо салшгүй холбоотой учир дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Хэвлэлийн хүрээлэнгээс “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн тухай эргэцүүлье” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэвлэлийн эрх чөлөө хангагдсан, сэтгүүл зүй эрүүл, хүчтэй байх үед эрэн сурвалжлах сэтгүүл зүй хүчтэй байна. Харин эдгээр нөхцөл үгүй бол хэрхэх талаар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн удирдлага, иргэний нийгмийн идэвхтнүүд, судлаачид санал бодлоо солилцов.
Энэхүү хэлэлцүүлэг нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилттэйгээр Азийн сан, Олон улсын судалгаа, солилцооны хүрээлэн (IREX)-тэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь” (MACSS) төслийн хүрээнд Хэвлэлийн Хүрээлэнгээс хэрэгжүүлж буй “Хамтын эрэн сурвалжилга” Үндэсний тэтгэлэгт хөтөлбөрийн үйл ажиллагааны нэг хэсэг аж.
“Зууны мэдээ” сонины сэтгүүлч Ц.Мягмарбаярын багийн бүтээл шилдгээр шалгарлаа
Хэлэлцүүлгийн үеэр “Цахиур-VI” эрэн сурвалжлах уралдааны шилдгүүдийг шалгаруулан шагнал гардууллаа. Эрэн сурвалжлах сэтгүүлчдийг дэмжих, тэднийг урамшуулах зорилгоор Хэвлэлийн хүрээлэнгээс энэхүү уралдааныг зохион байгуулдаг юм. Энэ удаагийн эрэн сурвалжлах төрлийн шилдэг бүтээлээр Эргэлт.мн сайтын сэтгүүлч Д.Чанцалдуламын “Цалам ажиллагаа” цуврал нийтлэл шалгарав. Дэд байранд Монголын дата төвийн сэтгүүлчдийн “Тэнцүү олгосон С зөвшөөрлийн ард сингапур, хятад ноёд туйлж байна” нийтлэл шалгарчээ. Энэхүү нийтлэлийг “Зууны мэдээ” сонины эдийн засгийн сэтгүүлч Ц.Мягмарбаяр, “Өдрийн сонин”-ын сэтгүүлч Б.Энхзаяа, залуу сэтгүүлч А.Маралмаа, санхүүгийн шинжээч Д.Энхдулам нар хамтран бичжээ.
Ардчилал гэдэг бол үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, мэдээлэл авах, шийдвэр гаргахад оролцох эрх, эрх чөлөө. Авлигагүй, эрүүл нийгэмд, аюулгүй амьдрах, сурч боловсрох эрх. Бидний үндсэн эрх, эрх чөлөөг хүчтэй, хараат бус хэвлэл мэдээлэл хамгаалж, авлигыг илчилж, албан тушаалтны гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж, эрх мэдлийг хянах үүрэгтэй. Энэ бол эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үүрэг. Манай улс дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр 188 орноос 88-р байрт жагссан байна. Мөн эдийн засгийн хараат бус байдлаар 180 орноос 129-рт бичигджээ. Энэ бүхэн манай улсын нээлттэй байдал улам хаагдмал болж байгааг илэрхийлж буй үзүүлэлт” гэдгийг Хэвлэлийн Хүрээлэнгийн захирал, доктор М.Мөнхмандах нээлтийн үгэндээ онцолж байлаа.
МУСГЗ, доктор Т.Баасансүрэн “Өнөөдөр бол тэмцлийн өдөр. Тэмцлийн үр дүнгээ ярилцах өдөр. Хэвлэлийн эрх чөлөө хэзээ ч өөрөө ирдэггүй. Үүнийг хамгаалах хэрэгтэй. Хэвлэл мэдээлэл төртэй хэзээ ч янагийн харилцаа тогтоож болохгүй. Мөн сэтгүүл зүй нь нийгмийн шинжлэх ухааны нэг салбар мөн. Гэтэл ШУА-д сэтгүүл зүйн нэг ч судлаач байхгүй. Бүх төрлийн контентыг эрэн сурвалжилсны үр дүнд бичдэг. Мэдээг ч эрэн сурвалжилж бичдэг” хэмээв.
Эх сурвалжаа нууцлах эрхийг сэтгүүлчдэд хуулиар олгоогүй
Сэтгүүлчид улс төрчид, бизнесийн томоохон байгууллагуудаас эдийн засаг, санхүүгийн хувьд хараат бусаар ажиллах ёстой юм. Өөрөөр хэлбэл сүнсээ худалдахгүйгээр буюу нэр хүнд, итгэл үнэмшил, мэргэжлийн ёс зүйгээ мөрдөж ажиллах учиртай. Тэгвэл манай улсад сэтгүүл зүй “сүнстэй” байна уу гэсэн сэдвээр Хэвлэлийн хүрээлэнгийн удирдлагууд, МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор С.Амартүвшин, “Зууны мэдээ” сонины ерөнхий эрхлэгч, доктор Д.Отгонбаяр, “Эгүүр.мн” сайтын эрхлэгч Ж.Мядагбадам нар байр сууриа илэрхийлэв.
Манай улсын хэвлэлийн эрх чөлөөний индексийг хойш татдаг бас нэг үзүүлэлт нь улс төрөөс хараат байдал юм. Мөн Эрүүгийн хуулийн 13.14-т худал мэдээлэл тараавал хуулийн хариуцлага хүлээнэ гэснийг үндэслэн сэтгүүлчдийг хуулийн байгууллагууд шалгах, мэдүүлэг авах нь нэмэгджээ. Энэ онд л гэхэд 20 орчим сэтгүүлчийг дээрх заалтаар шалгаж байна. Энэ нь эрэн сурвалжлах сэтгүүлчид ихээхэн бэрхшээлтэй тулгардгийг харуулна. Эх сурвалжаа нууцлах эрхийг сэтгүүлчдэд хуулиар олгоогүй. Сэтгүүл зүйтэй холбоотой хуулиудыг батлахад хууль тогтоогчид зориуд хойрго ханддаг талаар хэлэлцүүлэгт оролцогчид хөндөв.
Сэтгүүлчид тайван жагсаал өрнүүлэв
1993 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр жил бүрийн тавдугаар сарын 3-ныг дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон зарлаж 1994 оноос тэмдэглэсээр ирсэн билээ.Энэ өдөр МСНЭ-ээс "Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Жагсаалд хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд “Иргэд мэдэх эрхтэй”, “Хэвлэн нийтлэх эрх чөлөө үгүй бол бусад эрхээ хамгаалах боломж үгүй”, “Үг хэлэх эрх чөлөө”, “Амаа үдүүлсэн хэвлэлийн эрх чөлөө” гэсэн бичсэн лоозонг барьж, Сүхбаатарын талбайд тайван жагсаал өрнүүлэн байр сууриа илэрхийллээ. Олон нийтийн мэдэх эрхийг ханган ажилладаг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн 13, 14 гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэх, шууд яллагдагчаар татах, дээрх зүйл ангиар шалгаж байгаа нэрийдлээр сэтгүүлчийг цагдан хорих, ажил үүргийг нь гүйцэтгэх боломжийг нь хязгаарлаж байгаа зүй бус үйлдэл их гарах болсон. Эрүүгийн хуулийн энэ зүйл заалтуудаас болж хэвлэлийн эрх чөлөө ухрах, хумигдах гол үндэс болж байгааг сэтгүүлчид онцоллоо.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин