Уилл Смит Америкийн кино академиас өөрийн хүсэлтээр гарчээ
Өнгөрсөн амралтын өдөр болсон Академийн шагнал гардуулах ёслолын үеэр хөтлөгч Крис Рокыг тайзан дээр алгадсаны дараа кино академийн удирдах зөвлөл энэ сард хуралдаж түүнд ямар шийтгэл оноохоо хэлэлцэх байсан бөгөөд академийн гишүүнээс хөөж магадгүй байв.
Тэгвэл Уилл Смит өнгөрсөн өнөөдөр мэдэгдэл хийж Америкийн Кино урлагийн академиас өөрийн хүсэлтээр гарч байгаагаа мэдэгдэв.
"Би Кино урлаг, шинжлэх ухааны академийн гишүүнчлэлээсээ өөрийн хүсэлтээр огцорч байгаагаа мэдэгдэж байна. Академийн удирдах зөвлөл ямар ч шийтгэл оногдуулсан би хүлээн зөвшөөрөх болно" гэж Смит өөрийн CNN-д өгсөн мэдэгдэлдээ дурджээ. Тэрээр мөн цаашид аливаа асуудлыг тайван замаар шийдэж хүчирхийлэл огт ашиглахгүй байхыг зорино хэмээв.
Ням гарагийн орой болсон Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр болсон эвгүй явдлын дараа Кино академи Смитийн эсрэг "сахилгын хэрэг үүсгэсэн" гэдгээ зарласан юм.
Уилл Смит гишүүнчлэлээ алдсанаар жил бүр болдог Оскарын наадамд нэр дэвшсэн бүтээлүүдээс шилдэгийг нь сонгох санал хураалтад оролцох эрхгүй болж байна. Гэсэн хэдий ч түүний ирээдүйн бүтээлүүд нь Оскарт нэр дэвших эрхтэй хэвээр аж.