ОХУ-ын Засгийн газрын өнөөдрийн шийдвэрээр Орос-Монголын хилийн автозамын боомтоор хорио цээрийн хязгаарлалтгүй зорчих болж, хилийн зурвасыг өнөөдрөөс нээхээр болсон.
Гэтэл Буриад улсын Гаалийн албанаас Монгол Улсад зорчих иргэдэд зориулан тусдаа шинэ журам баталжээ. Тус шинэ журмаар АНУ болон Барууны улс орнуудын ОХУ-ын эсрэг авч буй эдийн засаг, улс төрийн хориг арга хэмжээ, түүнээс үүдэлтэй эдийн засгийн хүндрэлтэй холбогдуулан Монгол Улсын хил гаалиар нэвтрэх дотоодын болон гадаадын бүх иргэдийг элсэн чихэр, үр тариа авч гарахыг хориглоно гэжээ.
Зөвхөн Монгол Улсын иргэдэд төдийгүй Евразийн Эдийн Засгийн Холбооны орнууд ч эскпортлохыг хориглосон байна. Хэрвээ хоригт багтсан эдгээр бүтээгдэхүүнүүдийг хувийн зорилгоор бага хэмжээгээр авч гарахыг оролдвол хураан авч, зохих торгууль ногдуулахаар заажээ.
Үр тариа гэдэгт тариа улаан буудай, хөх тариа, арвай, эрдэнэ шиш багтаж байгаа юм. Хоригийг зургаадугаар сарын 30 хүртэл, харин элсэн чихэр, чихрийн нишингийн хоригийг наймдугаар сарын 31 хүртэл тогтоохоор болсон байна.
Өдрийн сонин